| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/00118/И |
| Дугаар | 192/ШШ2025/02958 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/02958
2025 04 15 192/ШШ2025/02958
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, *** дүгээр байрны *** тоот хаягт оршин суух, Д овогт Б.Дгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол улсын гудамж 17011, Моннис бюлдинг ** давхарт байрлах “Н” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн томилох, “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалыг хүчингүй болгох, Хөдөлмөрийн гэрээг одоо байгаа албан тушаалын нэр, цалингийн хэмжээгээр шинэчлэн хийх, бодитоор биетээр ажиллах хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахыг даалгах, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 12,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүдэрчулуун нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбар.
1.1. Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Би 2019 онд “Н” ХХК-д ажилд орж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ХАБЭАБО-ийн ахлах мэргэжилтэн албан тушаалд 4,000,000 төгрөгийн үндсэн цалинтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийсэн. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б23/153 дугаар захирлын тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/00561 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, намайг ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор хариуцагчийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болж 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б24/0924 тушаалаар намайг ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн авах тушаал гарсан боловч одоог хүртэл ажиллах нөхцөлөөр хангаагүй, ажлын байр гаргаж өгөөгүй, би ажилгүй, цалингүй хохирч байна. Иймээс хариуцагчид намайг ажилд биечлэн оруулж ажлын байр гаргаж өгөхийг даалгах, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4 сар 26 хоногийн цалин 20,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгч 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн тодруулж, ихэсгэсэн шаардлагад: Миний хөдөлмөрийн гэрээ “ЭТТ” ТӨХК-тай “Н” ХХК ажиллаж байх хугацаанд үргэлжлэх нөхцөлтэй байхад хариуцагч талаас намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Гэтэл хариуцагч тал одоо ч “ЭТТ” ТӨХК-тай үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Уг гэрээ нь 2024 оны 05 дугаар сарын 17-нд зурагдсан ба намайг ажилд томилох тушаал 2024 оны 08 дугаар сарын 07-нд гарсан. 2024 оны 12 дугаар сарын 16-нд гэрээ сунгагдаж үргэлжлүүлэн хийгдэх акт зурагдсан ба намайг ажлаас халах тушаал 2024 оны 12 дугаар сарын 22-нд гарсан. Миний ажиллаж байсан албан тушаал ХАБЭАБО ахлах мэргэжилтэн. Үүнийг ХАБЭАБО ерөнхий инженер болгож, үндсэн цалин 4,000,000 төгрөг байсныг 4,250,000 төгрөг болгож өөрчилсөн байгаа. Тиймээс энэ албан тушаал, цалин дээр гэрээг шинэчлэн хийх шаардлагатай. 2024 оны 08 дугаар сарын 07-нд ажидл томилогдох тушаал гарах үед цалин болон нэршил дээр өөрчлөлт орсон байсан бөгөөд гэрээг шинэчлэн хийхийг хүссэн имэйл бичиж, биечлэн уулзсан боловч хүлээж аваагүй. Хуучин гэрээгээр үргэлжлүүлнэ гэж хэлээд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийгээгүй буюу дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй гэж үзэж байна. Ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан боловч ажил үүрэг биечилж нэг ч гүйцэтгүүлээгүй, хөдөлмөрлөх нөхцөлөөр хангаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй гэдгээ имэйлээр бичиж миний ажиллаж байсан албан тушаалын нэр, цалинг өөрчилж өөр хүн авч ажиллуулсан. Иймд хариуцагчид холбогдуулан: ажилд эгүүлэн томилох, “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны Б24/1695 тушаалыг хүчингүй болгох, Хөдөлмөрийн гэрээг одоо байгаа албан тушаалын нэр, цалингийн хэмжээгээр шинэчлэн хийх, Бодитоор биетээр ажиллах хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 12,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна...гэжээ.
1.3. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн нэрийг барьж ажилтнууд хууль зөрчиж байна. Ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан боловч намайг нэг ч удаа ажилд явуулаагүй. Энэ нь намайг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахгүй байна гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор компанийн хүний нөөцийн менежер н.Энхманлай, ажилтан н.Баярмаа нартай 13 удаа имэйлээр харилцсан. Голчлон намайг ажил үүргээр хангахгүй байгаа шалтгаан, Хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийх, ингэснээр шийдвэр хэрэгжих талаар би хэлсэн. Гэвч хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийгээгүй. Албан тушаалын нэршил өөрчлөгдсөн. Хөдөлмөрийн гэрээний 9.1, 9.2-т буруутай тал хариуцлага хүлээх талаар зохицуулсан. Шүүх хариуцагчийг буруутай гэж үзсэн учраас намайг ажилд эгүүлэн томилсон.
Хөдөлмөрийн гэрээний 15 дугаар зүйлд зааснаар гэрээнд өөрчлөлт орсон бол шинэчлэн хийхээр заасан боловч надтай гэрээг шинэчилж хийгээгүй. 2022 оны 01 дүгээр сард хийсэн гэрээ л байгаа. 2022 оны 03 дугаар сарын 28-нд дахин гэрээг шинэчилж, үндсэн цалинг 4,100,000 болгож байсан. 2023 оны 01 дүгээр сарын 30-нд намайг ажлаас халснаас хойш цалин, ажлын нэршил, хөдөлмөрийн гэрээ өөрчлөгдсөн байна. Миний зүгээс өөрчлөгдсөн зүйлүүд дээр гэрээг шинэчилж хийхийг албан ёсны имэйл явуулж байсан. Гэвч гэрээг шинэчилж хийлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хэрнээ 12 дугаар сард гэрээ дууссан гэсэн мэдэгдэл ирүүлсэн. 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийгээд, намайг ажилд эгүүлэн авсан байсан бол энэ өдөр ажлаас халагдахад маргах зүйл байхгүй. Энэ компанийн Монгол талын ажилтнууд хуулийг хэрэгжүүлэх хүсэлгүй байна гэж харж байгаа. Ажилдаа орох гэхээр 09 дүгээр сарын 09-нд “зөрчилд дахин авч хэлэлцэнэ” гэсэн хариу имэйл ирсэн. Намайг хүний нөөцөөс уурхайд ажиллуулахгүй, Улаанбаатар хотод ХАБЭАБО АЙСО хариуцсан мэргэжилтнээр ажиллуулна гэсэн. Түншлэлийн гэрээ 3 жилээр сунгагдаж байгаа. 2021 оны 11 дүгээр сард сунгагдсан хөрс хуулалтын гэрээ 2024 оны 05 дугаар сарын 21-нд дараагийн тендерээ зарлан, тендерт шалгарч гэрээ байгуулах эрхээ авсан. Энэ эрхийнхээ дагуу 05 дугаар сарын 27-нд гэрээ нь байгуулагдсан. 2024 оны 10 дугаар сарын 18-нд “Эйг” ХК-иас “ТТүншлэл”-тэй хамтарч ажиллаад эхэлсэн, 12 дугаар сард хөрс хуулалтын ажил эхлүүлэхэд бэлэн байх талаар мэдэгдсэн байна.
Уулын ажлын гэрээ сунгагдсан байгаа нь хариуцагч талын гаргасан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хөдөлмөрийн гэрээний 3.1.1-т “...түншлэлийн гэрээ дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заасан байгаа. 2021 оны гэрээ дуусаж байх үед бүх шатны шүүхээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэр гарсан, хүчин төгөлдөр болсон байсан. Тушаал гаргасан боловч ажлын байраар хангахгүй байсаар 12 дугаар сард дуусгавар болгосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой. Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгчид ажлын байр гаргаж ажиллаагүй болох нь хангалттай нотлогдож байх тул хууль зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 3.1.1, 15.1-д зааснаар “Эй” ХК-тай хийсэн Хөрс хуулалтын ажил явагдаж л байх юм бол хөдөлмөрийн гэрээ үргэлжилнэ гэсэн агуулга харагдаж байна. Иймд хариуцагч талаас гаргасан нотлох баримтаар уг ажил 2024 оны 12 дугаар сарын 22-нд үргэлжлэн хийгдээд явсан болох нь харагдаж байх тул хөдөлмөрийн гэрээг одоо байгаа албан тушаалын нэр, цалингийн хэмжээгээр шинэчлэлт хийхийг даалгахаар шаардаж байгаа. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д зааснаар шаардаж байгаа...гэв.
2. Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүдэрчулуун шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2.1. Манай компани 2020 оны 03 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд “Эй” ХК-иас 2021 оны 03 дугаар сард зарлагдсан Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч сонгон шалгаруулах тендерт “Ттүншлэл”-ээр оролцон шалгарч, гэрээ байгуулах эрх авсны дагуу тус компанитай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЭТТ-2021/705 дугаартай “Тордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулан Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байх Тнүүрсний ордын Цанхийн зүүн уурхайд Ттүншлэлийн дагуу гэрээт гүйцэтгэгчээр хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх болсон. Энэ ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь дээрх гэрээний санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ, цаг хугацаагаар хязгаарлагдсан хугацаатай уялдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах болсон. Нэхэмжлэгчтэй 2022 оны 01 дүгээр сарын 01-нд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, ХАБЭАБО-ийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулах болсон. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б/23/153 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг мөн тушаалд заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч энэ нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдоогүй, өгсөн тайлбар нь үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг нөхөн гаргуулан төлүүлж, дэвтэрт нь бичилт хийлгэхээр дүгнэж, нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн талаарх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/00561 дугаартай шийдвэр, уг шийдвэрийн талаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 210/МА2024/00782 дугаар магадлал, хариуцагчийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан Монгол улсын дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 001/ШХТ2024/00805 дугаар тогтоолууд тус тус гарсан. Ажил олгогчоос гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б24/0924 дугаартай тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалин болон тушаал гарах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг мөн олгосон. Энэ талаараа нийгмийн даатгалын байгууллагад холбогдох тайланг хүргүүлсэн. Магадлалд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдагдсан “Б.Д өөрийн шууд удирдлага дор ажиллаж байгаа ажилтнууддаа ажлын байрны дарамт, шахалт үзүүүлсэн, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ханган ажиллаагүй” зөрчилд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсныг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хүчинтэй гэж дүгнэсэн болохыг мөн энд дурдах нь зүйтэй. “Э” ХК-тай байгуулсан ЭТТ-2021/705 дугаартай гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор ажил олгогч 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгох талаар бичгээр, цахимаар мэдэгдсэн. Улмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир Б.Дг 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, энэ талаарх шийдвэрийг мэдэгдсэн. 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинд 21,532,510 төгрөг олгож, энэ олговроос шүүхийн шийдвэр болон хуульд заасны дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсөн. Иймд ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг гэрээнд заасны дагуу хугацаа нь дуусгавар болж, түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гэрээг сунгахтай холбоотой ямар нэг зохицуулалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй бөгөөд энэ талаар шаардах эрхгүй гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон учир түүний 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 12,000,000 төгрөгийг олгох боломжгүй, ямар үндэслэлээр энэ мөнгөн дүнг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Манай компани гэрээгээр уул уурхайн олборлолтын ажил гүйцэтгэдэг тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.6-д зааснаар тухайн гэрээт ажлыг гүйцэтгэх ажилтнуудыг авч ажиллуулдаг. Ийм гэрээний дагуу нэхэмжлэгчийг авч ажиллуулж байгаад хөдөлмөрийн гэрээний маргаан үүссэн. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын байраар хангаагүй гэдэг. 2024 оны 08 дугаар сарын 07-нд шүүхийн шийдвэрийг биелүүлээд ажилд томилсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Б.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ сэргэсэн гэж үзээд, өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилсэн. Нэхэмжлэгчтэй нөхцөл байдлын талаар тохиролцох гээд тодорхой тохиролцоонд хүрэхгүй явсаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, 2024 оны 11 дүгээр сарын 22-нд мэдэгдэл хүргүүлж, 12 дугаар сарын 22-нд дуусгавар болсон.
“Эй” ХК нь төрийн өмчит компани бөгөөд хуульд зааснаар тендер зарлаад, шалгарсан компанитай гэрээ байгуулдаг. Энэ гэрээний дагуу манай компани гүйцэтгэгчээр ажилласан. 1171 дугаар гэрээг 2024 онд сонгон шалгаруулалтанд орж шалгараад байгуулсан. “Эй” ХК-иас 2024 оны 05 дугаар сард хуульд заасны дагуу тендерт шалгарсан учир гэрээ байгуулсан боловч 10 дугаар сард 705 дугаар гэрээний хугацаа дуусах болж байгаа тул 12 дугаар сард шинэ гэрээ эхлэх талаар мэдэгдсэн. Тендерт заасан ажил хийж гүйцэтгэхийн тулд тодорхой бүтэц орон тоотойгоор ажиллана. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 61.2-т зааснаар сэргэсэн байгаа бол гэрээний 3.1.1-д заасан хугацаа мөн сэргэсэн гэсэн үг ба гэрээний хугацаа 11 дүгээр сарын 22-нд дуусгавар болсон. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд бид нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргасан, баталгаажсан гэж бодож байсан. Баталгаажаагүй байгааг нь мэдээд шууд дахин албан бичиг хүргүүлсэн. 2025 оны 03 дугаар сарын 25-нд дахиад албан бичиг хүргүүлсэн. Ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Нөхөн бичилтийг баталгаажуулах эрх манай компанид байхгүй...гэв.
3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-5-7/, “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б24/0924 дугаар тушаалын эх хувь /хх-8/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/00561 дугаар шийдвэрийн хуулбар /хх-9-26/, Монгол улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/00805 дугаар тогтоолын хуулбар /хх-27-28/, өмгөөлөгчтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-29-30/, Б.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-132/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01902 дугаар шийдвэрийн эх хувь /хх-184-186/
4. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-32/, “Э” ХК болон “Ттүншлэл” хооронд байгуулсан ЭТТ-2021/705 тоот гэрээний хуулбар /хх-52-74/, “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б24/0924 дугаар тушаалын хуулбар /хх-75/, Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалын хуулбар /хх-76/, Б.Дд олгосон олговрын мэдээлэл /хх-77/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-78/, Мэдэгдэх хуудасны хуулбар /хх-79/, шуудангийн баримтын хуулбар /хх-80-81/, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдийн хуулбар /хх-84-89/, Б.Дд нийгмийн даатгалын зөрүү шилжүүлсэн цахим гүйлгээний баримт /хх-133, 139/, ЭТТ-2021/705 гэрээний ажил зогсоосон тухай актын хуулбар /хх-134-135/, ЭТТ-2024/1171 гэрээний ажил эхлүүлэх актын хуулбар /хх-136-137/, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү тооцсон хүснэгтийн хуулбар /хх-138/, “Э” ХК-иас “Т” ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-140-141/, “Н” ХХК-иас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт хүргүүлэх тухай албан бичгүүдийн хуулбар /хх-173-175/, Б.Дгийн 2023 оны 2 дугаар сараас 2024 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангийн хуулбар /хх-176/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00782 дугаар магадлалын хуулбар /хх-177-183/
5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
5.1. Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчаас “Э” ХК-тай 2024 оны 05 дугаар сард байгуулсан ЭТТ-2024/1171 дугаар гэрээг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /хх-97/, захирамжийн дагуу холбогдох баримтыг ирүүлсэн байна. /хх-103-125/
5.2. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Дгийн “Н” ХХК-ийн хүний нөөцийн ажилтнуудтай харилцсан цахим шууданд үзлэг хийх, хариуцагч талын хүсэлтээр тус компанийн хүний нөөцийн менежер Г.Энхманлайг гэрчээр асуухаар тус тус шийдвэрлэж /хх-144/, захирамжийн дагуу нэхэмжлэгчийн цахим шууданд үзлэг хийн тэмдэглэл үйлдэж /хх-149-168/, хариуцагч тал гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан байна. /хх-169/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Б.Дгийн “Н” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагчийг “шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилох тушаал гаргасан боловч Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй бөгөөд “Э” ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ үргэлжилсэн байхад хөдөлмөрийн гэрээний 3.1.1-ийг зөрчиж гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй учир 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, Хөдөлмөрийн гэрээг одоо байгаа албан тушаалын нэр, цалингийн хэмжээгээр шинэчлэн хийх, Бодитоор биетээр ажиллах хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахыг даалгах ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сарыг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилох гүйцэтгэх захирлын тушаал гаргаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалинг нэхэмжлэгчид олгосон. Ажилд эгүүлэн томилох үед албан тушаалын нэршил өөрчлөгдөөгүй байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар түүнтэй байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээ сэргэсэн. Энэ гэрээний хугацаа 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон тул тухайн үндэслэлээр гэрээний хугацааг дуусгасан” гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “Н” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу тус компанийн ХАБЭАБО-ны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байгаад ажил олгогчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.
4.2. Ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрөн Б.Д нь “Н” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/00561 дугаар шийдвэр гарч, Б.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, түүнийг ХАБЭАБО-ны хэлтэст ХАБЭА-н ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 59,384,639 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс 7,142,857 төгрөгийг хангаж нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,125,994 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.3. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, сөрөг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Дгээс 8,268,831 төгрөг гаргуулан “Н” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
4.4. Хариуцагч талаас магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байх бөгөөд Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/00805 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар уг хөдөлмөрийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
4.5. Хариуцагч “Н” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлж, гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б24/0924 дугаар тушаалаар Б.Дг мөн өдрөөс эхлэн ХАБЭА,БО-ны хэлтэст ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны олговорт 59,384,639 төгрөг олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр тооцон суутгаж, дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг, мөн магадлалын дагуу 8,268,831 төгрөгийг уг олговроос суутгахыг тус тус цалингийн нягтлан бодогчид зөвшөөрч, Б.Дгийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллахтай холбоотой уг тушаал, компанийн хөдөлмөрийн дотоод журам, бусад хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэхийг хүний нөөцийн мэргэжилтэнд даалгаж, шүүхийн маргаантай байх үед Б.Дгийн хөдөлмөр эрхлэлт тасалдаж ажиллаагүйтэй холбоотой захиалагч “Э” ХК-ийн зохих журмын дагуу Б.Дгээс холбогдох шалгалтыг зохион байгуулж авах, шалгалтын дүнгийн дагуу үнэмлэхжүүлж ажиллуулахыг хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хэлтэст даалгасан байна.
4.6. Дээрх тушаалын дагуу Б.Д урьд эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийгээгүй, харин “Н” ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Г.Энхманлай, н.Баярмаа нартай тушаал гарсан өдрөөс хойш 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 13 удаа цахим шуудангаар харилцаж, Б.Дгийн зүгээс “ажил олгогчийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа болон цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа талаар, мөн тушаал гарснаас хойш ажил үүргээр хангахгүй байгаа, сургалт ороогүй боловч шалгалт өгөхийг шаардсан талаар болон хөдөлмөрийн гэрээ хийх, ажлын байрны тодорхойлолт танилцуулах, ажилгүй байсан хугацааны цалин олгохгүй байгааг мэдэгдэж, Улсын дээд шүүхийн тогтоолыг хэзээ биелүүлэхийг тодруулсан” агуулгаар цахим шуудан илгээсэн. Харин “Н” ХХК-ийн ажилтнуудын зүгээс “ажилд эгүүлэн томилсон тушаал гарсныг, шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны болон тушаал гарсан өдөр хүртэлх цалин бодож олгох талаар мэдэгдэж, дэд захирлын шийдвэрээр ажлын хэсэг байгуулж дүгнэлт гаргасантай танилцахыг, мөн оффист ирж сургалтанд сууж шалгалт өгөхийг мэдэгдэж, шалгалт өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохыг сануулж, Б.Дг Улаанбаатар оффист ХАБЭА-н чиглэлээр ISO хэрэгжүүлэх ажлын байранд ажиллуулахаар бэлтгэл хангаж байгаа талаар, шийдвэрийн дагуу цалинг шилжүүлсэн талаар, мөн ажлаас чөлөөлөх тушаал хүргүүлж байгаа талаар” тус тус цахим шуудан илгээжээ.
4.7. Б.Дг ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарснаас хойш 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажил олгогч “Н” ХХК-иас Б.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа “Э” ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан ЭТТ-2021/705 тоот гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 21-ны өдөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, хөдөлмөрийн гэрээний 3.1.4-т заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болохыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, нэхэмжлэгчийн хаягт шуудангаар хүргүүлсэн байна.
4.8. Улмаар “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйлийн 83.4, хөдөлмөрийн гэрээний 3.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 3.7.3 дахь заалтуудыг үндэслэн ХАБЭА,БО-ны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон тул мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ.
4.9. Энэ хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэл хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 21,532,510 төгрөгийн цалин бодогдож, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цалин 17,150,644 төгрөг, нийгмийн даатгалын зөрүү 1,087,526 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 24,333,789 төгрөг тус тус дансаар шилжүүлсэн байна.
4.10. “Н” ХХК-иас Б.Дгийн 2023 оны 02 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан гаргаж, 2024 оны 08 дугаар сарын 29, 2025 оны 01 дүгээр сарын 17, мөн оны 03 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус тус Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт Б.Дгийн 2024 оны 08 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр суутган шимтгэл төлснийг баталгаажуулж, засах тухай хүсэлтийг хүргүүлжээ. Харин нэхэмжлэгч талаас гаргасан 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2023 оны 1, 2 дугаар сарын шимтгэл төлөлтийн мэдээлэл бүртгэгдсэн байна.
4.11. Хариуцагч “Н” ХХК нь уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, уг чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх, гэрээгээр уул уурхайн туслах үйл ажиллагаа явуулах, худалдааны зуучлал, машин тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байна.
4.12. “Н” ХХК нь “Т” ХХК болон “С” ХХК нарын хамт “Ттүншлэл”-ээр “Э” ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЭТТ-2021/705 тоот Тордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээнд ажил гүйцэтгэгчээр оролцон, захиалагчаас зарласан Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг 36 сарын хугацаатай гүйцэтгэхээр тохиролцсон байна.
4.13. Дээрх гэрээний талууд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “ажлыг зогсоох тухай” акт үйлдэж, мөн өдрөө ЭТТ-2024/1171 тоот Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний ажил эхлүүлэх акт үйлдсэнээр 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Э” ХК, “Ттүншлэл” нарын байгуулсан ЭТТ-2024/1171 дугаар гэрээний ажил эхэлжээ.
5. Зохигчид Б.Дг “Н” ХХК-ийн ХАБЭА,БО-ны ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, уг шийдвэрийн дагуу хариуцагч 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох тухай тушаал гаргаж, ажилгүй байсан хугацааны цалин олгосон, бодитоор нэхэмжлэгчийг ажиллуулаагүй бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор олгосон зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
Харин 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тушаал гарахад талууд Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах шаардлагатай байсан эсэх, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн эсэх, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа энэ өдөр дуусгавар болсон эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан маргаж мэтгэлцэв.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2 дахь хэсгүүдэд зааснаар ажил олгогч нь ажилтныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах үүрэг хүлээнэ.
6.1. Хуульд заасан дээрх үндэслэлээр ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх бөгөөд талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт хуульчилсан байна.
6.2. Хариуцагч “Н” ХХК нь шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлж гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б24/0924 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Дг ХАБЭА, БО-ны хэлтэст Ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 59,384,639 төгрөг олгох, хуульд заасан суутгал хийж нөхөн бичилт хийн баталгаажуулахыг нягтлан бодогчид зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны олговроос давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан 8,268,831 төгрөгийг суутгахыг нягтлан бодогчид даалган, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллахтай холбоотой тушаал, хөдөлмөрийн дотоод журам, бусад дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэхийг хүний нөөцөд даалган, хөдөлмөр эрхлэлт тасалдаж ажиллаагүйтэй холбоотой “Э” ХК-ийн журмын дагуу шалгалт зохион байгуулах, дүнгийн дагуу үнэмлэхжүүлэхийг хүний нөөцөд даалгажээ.
6.3. Ажил олгогчийн уг тушаалтай ажилтан 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр танилцаж гарын үсэг зурсан байх бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй цахим шуудангаар харилцаж, тэрээр ажил үүргээ гүйцэтгээгүй байна.
6.4. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилсон тухай ажил олгогчийн тушаал гарахад нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал өөрчлөгдөөгүй байсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан ба үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй бөгөөд “Н” ХХК нь Б.Дг ажиллах нөхцөлөөр хангаагүй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар уг тушаал гарснаар талуудын өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээ сэргэх тул ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.
6.5. Ажлын байр болон цалингийн хэмжээнд өөрчлөлт ороогүй үед дээрх хуульд заасан “Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно” гэсэн зохицуулалт нь ажил олгогчид үүрэг болгосон заалт биш учир хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.6 дахь хэсэгт зааснаар санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх үед хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаа заан байгуулж болохоор хуульчилсан.
7.1. Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн талуудын байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацааг “Н” ХХК болон “Э” ХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан ЭТТ-2021/705 тоот “Тавантолгойн ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаатайгаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт заасны дагуу тохиролцож байгуулсан талаар гэрээний 3.1.1 дэх хэсэгт тусгасан байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно.
8.1. Ажил олгогч “Н” ХХК-иас ажилтан Б.Дд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэл хүргүүлэн, “Э” ХК-тай байгуулсан ЭТТ-2021/705 тоот гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор 12 дугаар сарын 22-ны өдрөөс хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгохыг мэдэгдэж, улмаар гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.
8.2. Ажил олгогч уг шийдвэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасны дагуу бичгээр гаргаж, ажилтанд мэдэгдэн шуудангаар хүргүүлсэн байх тул тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт тус тус нийцсэн гэж үзэхээр байна.
8.3. Хариуцагч нь “Э” ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулсан нь Б.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаатай хамааралгүй байх тул “тухайн ажил гүйцэтгэх гэрээний гэрээт ажил үргэлжлэх хугацаанд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ үргэлжилнэ” гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй буюу талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ЭТТ-2021/705 тоот ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсноор Б.Д, “Н” ХХК нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болно.
9. Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллах нөхцөлөөр хангагдах болон 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.1. Хэдийгээр ажил олгогчийн зүгээс ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэр гаргасан ч бодитоор ажиллуулаагүй нь шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдийд биелүүлсэн гэж харагдаж байгаа, энэ нь харилцан бичсэн цахим шуудангуудаар тогтоогдох боловч ажлаас чөлөөлөх хүртэл хугацааны цалинг нэхэмжлэгчид олгосон, энэ цалингийн хэмжээний талаар нэхэмжлэгч маргаагүй, олгосон болох нь төлбөрийн баримтуудаар тогтоогдож байхын зэрэгцээ, нэхэмжлэгчийн зүгээс “хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулсан бол 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халагдахад маргаан үүсгэхгүй байсан” гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
10. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “Н” ХХК-ийг түүний 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сарыг хүртэл хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
10.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчид нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлвөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар Б.Дгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан байна.
10.2. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт хүргүүлж байсан албан бичгүүд зэргээр “Н” ХХК нь хөдөлмөрийн харилцааны маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаа болон ажилд эгүүлэн томилсон 2024 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд Б.Дгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь тогтоогдож байх тул ажил олгогчийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авсан бөгөөд дэвтэрт нөхөн бичилт хийгдэхгүй байгаа нь хариуцагчийн буруугаас шалтгаалсан гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг хуваарилахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 42 дугаар зүйлийн 42.1.2, 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.2.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Н” ХХК-д холбогдуулан “ажилд эгүүлэн томилох, гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалыг хүчингүй болгох, хөдөлмөрийн гэрээг одоо байгаа албан тушаалын нэр, цалингийн хэмжээгээр шинэчлэн хийх, бодитоор биетээр ажиллах хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахыг даалгах, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хуагцааны цалин 12,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Б.Д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА