| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05150/И |
| Дугаар | 192/ШШ2025/02792 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/02792
2025 04 10 192/ШШ2025/02792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ******хороолол, ****дугаар байрны ****тоот хаягт оршин суух, Боржигон овогт Н.Гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр зам гудамж, ***дүгээр байрны ***тоот хаягт оршин суух, Зэлмэ овогт О.Бд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, *** дүгээр байрны *** тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг О.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, О.Дөлгөөн, хариуцагч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нарандаваа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:
БНСУ-ын иргэн К м нь иргэн Д.Э Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгөөр Ү-****эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, *** дүгээр байрны *** тоот дахь 2 өрөө бүхий 29 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авсан. Улмаар орон сууцаа эзэмшилдээ авах гэхэд О.Б байсан ба түүнд хэд хэдэн удаа хандаж орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч суллаж өгөөгүйн улмаас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Н.Г нь К мгаас тухайн орон сууцыг худалдаж аваад, түүнээс хойш Н.Г мөн өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч К мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр би оролцож байсан. Нөхцөл байдлыг илүү сайн мэдэх учраас Н.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг хуульчилсан ба 106.1-д зааснаар өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр үүсэх ба өмчлөх эрхийн гэрчилгээгээр Н.Г тухайн хөрөнгийг өмчлөх эрхтэй байна. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, *** дүгээр байрны *** тоот дахь 2 өрөө бүхий 29 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч О.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар өмчийн зүйл Н.Гийнх гэдэг нь нотлогдож байна. Н.Г нь холбогдох байгууллагаар материалаа бүрдүүлээд өмчлөх эрхийг олж авсан хууль ёсны өмчлөгч юм. Өмчлөгч өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийнхээ дагуу шаардаж байгаа. Өмчлөгч биш хүн энэ байранд байх боломжгүй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу өмчлөгч нь өөрийн хөрөнгөө аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. О.Бд иргэн Д.Э мөнгө төлөөгүй гэдгийг нотлох баримтыг хариуцагч тал гаргаагүй. Мөн Н.Г, О.Б хоёрын хооронд эрх зүйн аливаа харилцаа үүсээгүй, танихгүй гэдгээ хэлж байгаа. Д.Эээс БНСУ-ын иргэн К мд хэдэн сарын дараа шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагч О.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь О.Б нь тус орон сууцанд 2011 оноос хойш амьдран сууж байгаа. Нэхэмжлэгч К м нь Д.Эт орон сууц худалдан авсан төлбөрийг бүрэн төлсөн эсэх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Би өмнөх шүүх хуралдаанд ч хэлж байсан. Хууль бусаар эд хөрөнгөө залилуулсан учир энэ орон сууцыг чөлөөлж өгөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй байна. Намайг мөнгө авчихаад ингээд байна гэж ярьж байна. Би мөнгө аваагүй. м К-ийн ээж гэдэг хүн гарч ирээд л надаас нэхээд байгаа. Д.Эээс 100,000,000 төгрөгөөр авсан гэхээр нь би Д.Э рүү бичихэд зараагүй гээд намайг блоклоод алга болсон. Энэ хүмүүстэй холбоо барьж уулзах боломжийг олгоогүй. Н.Г нь К мгаас худалдаж авсан гэдэг нь маргаантай байгаа юм. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэсээр байтал хурал хийж байгаа учир өөр хэлэх тайлбар байхгүй...гэв.
3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, БНСУ-ын иргэн К мгийн Монгол улсад оршин суух үнэмлэх, гадаад паспортын хуулбарууд /хх-4, 6/, К мгийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-5/, Н.Гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-39/, төлбөрийн баримтуудын эх хувь /хх-45-48/, К м, Н.Г нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-***-50/, Н.Гийн Хаан банк дахь 5006347101 тоот дансны хуулга /хх-51/,
4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичиг /хх-207/
5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2024/16893 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг, “К банк” ХК-иас уг орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ, зээл төлж хаасан баримтын хамт нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /хх-20/, захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагааг холбогдох баримтын хамт /хх-23-32/, “К банк” ХК-иас албан бичиг /хх-29/ тус тус ирүүлсэн.
5.2. Шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШЗ2025/11577 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, “К банк” ХК нараас нэмэлт нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-76-78/, захирамжийн дагуу шүүхээс шаардсан маргааны зүйл болох орон сууцны хувийн хэрэг /хх-94-205/, “К банк” ХК болон Д.Э нарын байгуулсан зээлийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, баримт бичиг хүлээлгэн өгсөн акт /хх-82-91/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Н.Гийн О.Бд холбогдуулан гаргасан, өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын иргэн К м нь Монгол улсын иргэн О.Бд холбогдуулан, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж /хх-1-2/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг орон сууцыг Н.Гт Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлснээр Н.Г нь тус хэргийн жинхэнэ нэхэмжлэгчээр солигдож оролцсон болно.
3. Нэхэмжлэгч Н.Г нэхэмжлэлийн үндэслэлээ: “хуульд заасан журмын дагуу худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлийн улмаас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учир хариуцагч О.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байна” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч О.Б нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “найз Д.Эийн мөнгө хэрэг болсон гэж гуйхад нь итгэж ээжээсээ өвлөж авсан орон сууцаа бэлэглэлийн гэрээгээр түр хугацаагаар Д.Эт шилжүүлсэн байсныг итгэл эвдэн бусдад худалдсан болохыг олж мэдсэн. Миний хөрөнгийг хууль бусаар залилж авсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргаж байна.
5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
5.1. Маргаан бүхий орон сууцыг анх 2000 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн У-ын Орон сууц эзэмших эрхийн бичгээр иргэн О.Батбаяр эзэмшиж, 2006 оны 10 дугаар сарын 09-нд Орон сууц бэлэглэлийн гэрээгээр Б.Бд, 2011 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Б.Бээс Д.От шилжүүлсэн байна.
5.2. Д.Оийн өмчлөлд байх хугацаанд 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хаан банк ХХК-иас авсан 40,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалагдаж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр барьцаа чөлөөлөгдөн зээл төлөгджээ.
5.3. Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө Бэлэглэлийн гэрээгээр Д.Оаас О.Бд, дахин 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө Бэлэглэлийн гэрээгээр О.Бгээс Д.Эт тус тус шилжсэн байна.
5.4. Орон сууц Д.Эийн өмчлөлд бэлэглэлийн гэрээний дагуу шилжсэнээс хойш түүний 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн К банк ХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр 50,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалагдаж, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээл төлөгдөн, барьцаанаас чөлөөлөгджээ.
5.5. Үүний дараа 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Д.Э нь БНСУ-ын иргэн К мд худалдаж, К м нь дахин 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг Н.Гт шилжүүлсэн байна.
5.6. Н.Гийн өмчлөлд уг орон сууц шилжсэнээс хойш 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн К банк ХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 50,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалагдсан байгаа болох нь үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
5.7. Нэхэмжлэгч Н.Г нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ***дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ.
6. Талууд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд нэхэмжлэгч Н.Г бүртгэгдсэн байгаа болон БНСУ-ын иргэн К м, Н.Г нарын байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, мөн тухайн орон сууц хариуцагч О.Бгийн эзэмшилд байгаа зэрэг үйл баримтуудын талаар маргаагүй. Харин тухайн орон сууцны өмчлөлийг хууль бусаар шилжүүлсэн эсэх талаар маргаж байна.
7. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт хуульчилсан.
7.1. Хариуцагч О.Б 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр иргэн Д.Эт маргаан бүхий орон сууцын өмчлөх эрхийг шилжүүлснээр улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7.2. Иймд шинэ өмчлөгч Д.Эт өмчлөх эрх үүсэж, О.Бгийн өмчлөх эрх дуусгавар болсон бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу Д.Эийг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг үнэн зөв гэж тооцно.
7.3. Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлдээ уг орон сууцыг Д.Эт түр хугацаагаар шилжүүлсэн учир Д.Эээс БНСУ-ын иргэн К мд өмчлөх эрхийг шилжүүлсэн Худалдах, худалдан авах гэрээ нь хууль бус, түүнийг залилсан гэх агуулгаар тайлбарлах боловч шүүхэд гаргаж буй тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу Д.Эт түр хугацаагаар шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.
7.4. Түүнчлэн, О.Бгээс Д.Эт орон сууцыг шилжүүлснээс хойш 5 сарын дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын иргэн К мд, К мгаас Н.Гт 1 жилийн дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тэдний байгуулсан гэрээ, үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Н.Г нь уг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч байна.
8. Иймд нэхэмжлэгч Н.Г нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч О.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
9. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Гт олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Гийн өмчлөлийн Ү-****эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, *** дүгээр байрны *** тоот хаягт байршилтай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Гт олгосугай.
3. Шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА