2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/02277

 

 

 

 

  

    2025              03            25                                              192/ШШ2025/022********

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Туул ривер хотхоны ****дугаар байрны ****тоот хаягт оршин суух, Их Тугтан овогт П.Г /РД: ****/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А лакшери хотхон, ***дугаар давхарт байрлах, М ХХК /РД:*****/-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага:

- П.Гыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А-2 апартмент орон сууцны хотхоны ***дугаар блок, баруун талын орцны ****дүгээр давхар, ****4.****6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоох, уг орон сууцны өмчлөх эрхийг П.Гд шилжүүлэхийг “М” ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэл,

-  П.Г, “М” ХХК нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗГ21/06 дугаар “Орон сууц захиалгаар барих” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Удвал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие Ремакс зуучлалын төвийн зарын дагуу “М” ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А-2 апартмент хотхон бүхий орон сууцны **** дугаар блок, баруун орц, ***давхарт байрлах ****4,****6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулах болсон. Барилгын талбайд очиж байраа үзсэн тул “М” ХХК-ийн захирал гэж өөрийгөө танилцуулсан Б.Мтэй уулзаж 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ21/06 дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулж, нийт 120,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэрээ байгуулсан тул дотор засал хийгдэж эхэлмэгц өрөөний дотор талд тодорхой хэмжээний өөрчлөлтийг буюу үүдний ариун цэврийн өрөө, хувцас солих өрөөнүүдийг хооронд нь сольж өөрчлөн, хана шалны плита зэргийг өөрөө сонгон аваачиж өгөх зэргээр очиж үзэж, ажилд нь хяналт тавьж байсан. Ковидын хөл хорио зэргээс шалтгаалж барилгын ашиглалтанд орох хугацаа удааширсан ч хүлээцтэй хандаж өнөөдрийг хүрээд байна. Тэгтэл тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “М” ХХК гаргаж өгөхгүй байгаа төдийгүй, өөр хөрөнгө оруулагчдад давхардуулан борлуулсан болохыг мэдэж авлаа. Иргэн миний бие шударга хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгөөр тус орон сууцыг худалдан авах захиалга өгч төлбөрөө гэрээ байгуулмагц бүрэн төлсөн. Мөн орон сууцаа ашиглалтанд орохыг хүлээгээд бага насны 4 хүүхэд, эхнэрийн хамт орон сууц түрээслэн амьдарч маш их хохирч байна. Иймд П.Г намайг уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Би байраа томруулах зорилгоор байр хайж байгаад хариуцагчийн барьж байгаа байрны туслан гүйцэтгэгч компанитай уулзаж, Т.Б захиралтай “М” ХХК гэдгийг мэдсэн. Б.М гээд Т.Бы хүү нь хариуцдаг гэдгийг мэдээд түүнтэй уулзаж ярилцаад гэрээ байгуулахаар болсон. Б.М нь компанийн менежер гэж байсан. Гэрээ байгуулсны дараа Б.М нь төлбөрийг Б.Сд өгөөрэй гэж хэлсэн. Би компанийн гэрээ байгуулсан хүнд мөнгө болон машинаа тооцож өгсөн. Үүнээс хойш багагүй хэмжээгээр мөнгө гаргаж засвар хийсэн. Гэтэл удалгүй ковид гараад хорионд орсон. “Б” ХХК арматураа нийлүүлээгүйн улмаас асуудал үүслээ, түр хүлээж бай гэсэн. Би амьдарч байсан байраа зараад үлдэгдэл төлбөрөө өгсөн. 2021 оноос хойш нялх хүүхэдтэйгээ айлаар амьдраад, 4 дэх жилдээ байр түрээслээд явж байна. Гэрээ байгуулах үед намайг асуухад Б.М өөрөө компанийн захирлын хүүхэд гэдгээ хэлж байсан...гэв.

            1.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мг 2 удаа гэрчээр асуусан ба тэрээр сүүлд өгсөн мэдүүлэгтээ өмнө хэлсэн зүйлээ үгүйсгэсэн байдлаар мэдүүлсэн байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. Гуравдагч этгээдийн хувьд хариуцагчийн зүгээс оролцуулах хүсэлтүүдийг гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Гэрээний үнэ бүрэн төлөгдсөн учир өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

            1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 онд гэрээ байгуулсан. Б.Мг уг компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэдэг ойлголтыг төрүүлсэн ба түүний зөвшөөрсөн этгээдэд төлбөрийг төлсөн. Орон сууцны номер дугаараар төлбөр төлөгдөөд явж байсан. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар нэхэмжлэгчийн хувьд уг компанийг Б.М төлөөлөх бүрэн эрхтэй этгээд байна гэж ойлгоод гэрээ байгуулж, байрны дотоод зохион байгуулалтыг өөрөө хийсэн. Энэ үед орон сууц захиалагч гээд түүнийг нэвтрүүлж байсан. Салбар, төлөөлөгчийн газрын талаар Компанийн тухай хуулийн **** дугаар зүйлд заасан. Хуулийн этгээдийн эрх эдлэхгүй боловч хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрхтэй. Хэдий гэрээнд салбар төлөөлөгчийн газар гэсэн тамга дарагдсан байгаа боловч энэ хэлцлийн дагуу толгой компани хариуцах ёстой юм. БХХК нь “М” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг биелүүлээгүй нь П.Гтай байгуулсан гэрээнд хамааралгүй юм...гэв.

            2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “М” ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь компанийн захирал Түдэвийн Б юм. Тэрээр нэхэмжлэгчтэй “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулж байсан тохиолдол байхгүй. Хэн нэгэн этгээдэд итгэмжлэл олгох байдлаар эрхээ шилжүүлсэн зүйл байхгүй юм. Иймд нэхэмжлэлд хавсарган өгсөн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн огноотой ЗГ21/06 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг “М” ХХК-ийн зүгээс байгуулаагүй бөгөөд уг хууль бус гэрээнээс үүсэх үүргийг хариуцах учиргүй юм. Нэхэмжлэлд байрны үнэ 120,000,000 төгрөгийг бүрэн төлсөн гэжээ. “М” ХХК-д П.Гаас нэг ч төгрөг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн тохиолдол байхгүй бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан ***давхрын ****4,****6 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь 186,900,000 төгрөгийн үнэ бүхий байр юм. “М” ХХК нь орон сууцны зориулалттай байшин барих зорилгоор бусдаас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт авч, уг хөрөнгө оруулалтын хэмжээнд дүйцэх орон сууцыг хөрөнгө оруулагчид шилжүүлэн өгөх гэрээ хийж байсан. Энэ хүрээнд иргэн Э.Чойжилдоржтой 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХО/01А дугаартай Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулж байсан бөгөөд уг гэрээний төлбөрт нэхэмжлэлд дурдагдсан ***давхрын ****4,****6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шилжүүлэхээр тусгагдсан, уг орон сууц нь дээрх гэрээний дагуу иргэн Э.Чойжилдоржийн эзэмшлийн орон сууц юм. Иймд П.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

Хөрөнгө оруулагч Э.Чойжилдоржоос 800,000 ам.долларын хөрөнгө оруулж 22 орон сууцыг авахаар тохиролцсон. ****4.****6 м.кв талбайтай орон сууцны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг П.Г гаргасан байна. Үүнийг судлаад үзэхэд нэхэмжлэгч туслан гүйцэтгэгч гэж ярьж байна. “Б” ХХК нь “М” ХХК-д арматур нийлүүлж байсан ба гэрээний маргаантай байсан юм билээ. Тэр компанитай орон сууц захиалах гэрээг хийж тохиролцсон байдаг. н.Баярцэнгэл, Б.С нар өөрийн байр мэтээр П.Гд ойлголт өгч, тухайн үед “М” ХХК-ийг төлөөлөх эрхгүй Б.Мтэй хуурамч гэрээ байгуулаад П.Гаас байрны төлбөр 120,000,000 төгрөгийг шилжүүлж авсан байдаг. Хууль бус гэрээ байгуулсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсээд шүүхэд шилжсэн байгаа. Уг яллах дүгнэлт дээр энэ байр ороод 2 байрыг залилсан асуудал байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөллийн асуудал яригддаг. Н.Баярцэнгэл, Б.С нар яллагдагчаар татагдаж байгаа. Э.Чойжилсүрэн бол уг байрны шударга эзэмшигч ба түүний эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гээд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу оруулсан боловч ирэхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас орон сууцыг битүүмжилсэн байдаг. Бусдын өмчлөлд шилжүүлэх ёстой байрыг БХХК шилжүүлж, П.Гыг залилан мэхэлсэн байдаг. Иймд П.Г нь залилуулсан мөнгөө энэ хүмүүсээс шаардаж гомдол гаргах ёстой...гэв.

            3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь хувьцаа эзэмшигч Т.Б бөгөөд тэрээр өөрийн болон бусдын хөрөнгө оруулалтаар барьж дуусган ашиглалтанд оруулж байгаа А-2 орон сууцны барилгаас иргэн П.Гд ***давхрын ****4,****6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1****1,948,000 төгрөгөөр худалдан борлуулах гэрээ байгуулах итгэмжлэл, эрхийг хэн нэгэн этгээдэд олгож байгаагүй. Иргэн П.Г нь тус компанийн менежер албан тушаалтай Б.Мтэй байгуулсан гэх 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ21/06 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээг хавсаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Б.Мд компанийн зүгээс болон гүйцэтгэх удирдлагын зүгээс уг орон сууцыг худалдан борлуулах ямар нэгэн итгэмжлэл, эрх олгож байсан тохиолдол байхгүй. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно, 26.5-д хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно гэж заасан. “М” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичиг болох компанийн дүрэмд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь Т.Б болохыг тодорхойлсон. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж заасан. Төлөөлүүлэгч “М” ХХК-ийн зүгээс бусдад амаар болон бичгээр тухайн орон сууцыг худалдан борлуулах бүрэн эрхийг олгоогүй. Иймд “М” ХХК-ийн менежер Б.М, иргэн П.Г нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан гэх ЗГ 21/06 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү...гэв.

            4. Нэхэмжлэгч П.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийг үндэслэл болгон гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ тайлбарласан нь ойлгомжгүй байна. Хэрэв дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байгаа тохиолдолд “хүчин төгөлдөр бусд тооцуулах” шаардлага бус, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийнхээ үр дагаврыг арилгуулах боломжтой байдаг. Хоёр компанийн хооронд байгуулсан арматур нийлүүлэх гэрээ нь биелээгүйгээс болоод миний худалдаж авсан байран дээр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б.М нь компанийн тамга, тэмдгийг барьж ирж дараад, гарын үсэг зурчихаад явсан. Гэрээ нь биелээгүйгээс болоод би хохирох ёсгүй. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл бие даасан шаардлага бус, үр дагаврыг шаардах зохицуулалттай...гэв.

            5. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, П.Гын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-5/, Орон сууц захиалгаар барих гэрээний хуулбар /хх-6-9/, Г.Бгийн Төрийн банк дахь харилцах дансны хуулга /хх-5****/, П.Гын Хаан банк дахь харилцах дансны хуулга /хх-58-61/, П.Г Б.С нарын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-62-63/, П.Г Г.Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-64/

            6. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-16, 21/, “М” ХХК, Э.Чойжилдорж нарын байгуулсан Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хуулбар /хх-23-2****/, Т.Б, Э.Чойжилдорж нарын байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-46/, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-54/, “М” ХХК-ийн дүрмийн хуулбар /хх-55-56/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 0****-ны өдрийн 183/ШЗ2022/064****3 дугаар захирамжийн хуулбар /хх-121-122/, Б.Мг гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар /хх-123-126/, БХХК-иас “М” ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн 40 тоот албан бичгийн хуулбар /хх-12****/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 584 дугаар “Яллагдагч Г.Баярцэнгэл, Б.С, Ж.Золжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар” яллах дүгнэлтийн хуулбар /хх-146-180/

            ****. Зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд:

            ****.1. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ2022/196****8 дугаар захирамжаар Б.С, Г.Б нарыг гэрчээр асуухаар шийдвэрлэж /хх-41/, гэрч Г.Бг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, Б.Сыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус тус асууж тэмдэглэл үйлдсэн байна. /хх-138-140, 184-186/

****.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 0**** дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2023/13492 дугаар захирамжаар Б.Мг гэрчээр асуухаар шийдвэрлэж /хх-93/, гэрчийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр асууж тэмдэглэл үйлдсэн байна. /хх-133-13****/

            8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2023/033****4 дугаар захирамжаар тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Э.Чойжилдоржийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн /хх-****8/ боловч Э.Чойжилдорж 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр тогтоогдсон гэж дүгнэн, шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2023/22211 дугаар захирамжаар Э.Чойжилдоржийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. /хх-96, 98, 105/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх П.Гын “М” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч “М” ХХК-иас П.Гд холбогдуулан гаргасан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “зарын дагуу маргаан бүхий орон сууцыг очиж үзээд, хариуцагч байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдтэй байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж, уг орон сууцыг өмчлөх эрх үүссэн. Гэвч орон сууцыг хүлээлгэж өгөхгүй, өмчлөх эрхийг зөрчиж байна” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах итгэмжлэлийг аливаа этгээдэд амаар болон бичгээр олгоогүй, гэрээний дагуу төлбөр хүлээн аваагүй, уг орон сууц Э.Чойжилдорж гэх иргэний өмчлөлийнх учир П.Гыг өмчлөгчөөр тогтоох боломжгүй” гэж тайлбарлан маргаж байна.

            4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “П.Гтай байгуулсан гэх 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээг тус компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн байгаа учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэж тодорхойлсон.

            5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “гэрээг компанийн салбарын тамга дарж баталгаажуулсан, гэрээ байгуулсан Б.М нь хариуцагч байгууллагын захирлын хүүхэд, өөрийгөө төлөөлөх эрхтэй гэж ойлгуулсан, тухайн төлөөлөгчийн нэрлэн заасан этгээдэд төлбөрийг төлсөн учир гэрээ хүчин төгөлдөр байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус, бие даасан шаардлага гэж үзэхээргүй буюу хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг шаардаагүй байна” гэж тайлбарлан маргаж байна.

            6. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            6.1. П.Г нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ21/06 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг “М” ХХК-ийн төлөөлөгч Б.Мтэй байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй А апартмент-2 орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн **** дугаар блок, ***давхар, баруун орц ****4.****6 м.кв 3 өрөө орон сууцыг захиалж, гэрээний дагуу ****9,995,000 төгрөгийг дансаар, 40,000,000 төгрөгт тооцон тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг Б.С гэх иргэнтэй байгуулж шилжүүлсэн байна.

            6.2. Бичгээр байгуулагдсан гэрээнд “М ХХК-ийн Улаанбаатар салбар” гэх ХТО6691 4066294 дугаартай тамга дарагдаж, төлөөлөгч Б.М гарын үсэг зурж баталгаажуулан байгуулжээ.

            6.3. Хариуцагч “М” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХО/-01А дугаартай Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг иргэн Э.Чойжилдоржтой байгуулсан байна. Уг гэрээгээр: “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд А****, зоорь бүхий 16 давхар барилгыг барихад Э.Чойжилдорж нь 800,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх, “М” ХХК нь борлуулалтын цэвэр ашгаас хөрөнгө оруулалтын хувьд тэнцэх хэмжээний орон сууцыг зах зээлийн үнээр тооцон Э.Чойжилдоржид шилжүүлж өгөх, Э.Чойжилдорж нь эрх бүхий байгууллагаас батлагдсан эскиз зургийн дагуу браигдсан барилгын 16 давхрын орон сууцны баруун талын орцноос 1-16 дугаар давхарт 1,623.19 м.кв орон сууцны өмчлөх эрхийг эдэлж, гуравдагч этгээдэд худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй байх талаар тусгажээ.

            6.4. Э.Чойжилдоржийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн боловч тэрээр 2022 онд Монгол улсын хилээр гараад буцаж орж ирээгүй талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодорхойлж, шүүгчийн захирамжаар түүнийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгожээ.

            ****. Зохигчид маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хэн нэгний өмчлөл, эзэмшилд байхгүй талаар хэн аль нь тайлбарлаж, бичгээр хийгдсэн Орон сууц захиалан барих гэрээнд “М” ХХК-ийн Улаанбаатар дахь салбарын тамга дарагдсан, гэрээ байгуулсан Б.М нь “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Т.Бы хүү мөн зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

            8. Харин дээрх гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч П.Г нь маргаан бүхий орон сууцыг өмчлөхөөр шаардах эрхтэй эсэх, Б.М хариуцагч “М” ХХК-ийг төлөөлж П.Гтай гэрээ байгуулах эрхтэй байсан эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

            9. Компанийн тухай хуулийн **** дугаар зүйлийн ****.3 дахь хэсэгт “Компани нь Монгол Улсад болон гадаад улсад өөрийн салбар, төлөөлөгчийн газартай байж болно” гэж, ****.1 дэх хэсэгт “Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно” гэж, ****.4 дэх хэсэгт “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ гаргана” гэж, ****.10 дахь хэсэгт “Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцна” гэж тус тус хуульчилсан байна.

            9.1. Хариуцагч “М” ХХК-ийн дүрмийн 1.8-д “Компани нь Монгол улсад болон гадаад улсад өөрийн салбар, төлөөлөгчийн газартай байж болно. Компанийн тухай хуулийн **** дугаар зүйлд заасны дагуу салбар, төлөөлөгчийн газраа байгуулан, бүртгэх байгууллагад бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулна” гэж заасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс компанийн салбар байхгүй гэж маргаагүй, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж маргах боловч Орон сууц захиалан барих гэрээнд тус компанийн салбарын тамга дарагдаж, төлөөлөгч гэрээ байгуулан, түүний зөвшөөрсөн этгээдэд гэрээний төлбөрийг нэхэмжлэгч шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Орон сууц захиалан барих гэрээ, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн болон түүний эхнэрийн дансны хуулга, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            9.2. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан Б.М нь өөрийгөө “М” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг өгөх нөхцөл бүрдүүлсэн буюу компанийн салбарын тамга дарж баталгаажуулсан, тэрээр хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын төрсөн хүү гэдэг нь зохигчдын тайлбараар болон Б.Мгийн гэрчээр өгсөн тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр хэлцэл байна.

            10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Гэвч “М” ХХК-ийг төлөөлөн гэрээнд тус компанийн Улаанбаатар салбарын тамга дарагдсан байгаа нь гэрээний нөгөө тал П.Гд төлөөлөх бүрэн эрхтэй гэх ойлголтыг төрүүлсэн байх тул уг гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            11. Талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн байхад орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй учир өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг П.Г шүүхэд гаргасан байна. Талуудын хооронд хийгдсэн гэрээгээр захиалагч П.Г 1****1,948,000 төгрөг төлөх, гүйцэтгэгч “Мөст цэврлэг булаг” ХХК нь орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд барьж дуусгавар болгон хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

            11.1. Хариуцагч талын зүгээс иргэн Э.Чойжилдоржтой байгуулсан Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний дагуу тухайн иргэн өмчлөх эрхтэй гэж тайлбарласан боловч уг гэрээнд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах **** дугаар блок хамаарах эсэх нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч П.Г гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж, түүнтэй “М” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан Б.Мгийн заасан этгээдэд төлбөрийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

            11.2. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс төлөгдсөн төлбөрийг хариуцагч хүлээн авсан буюу төлбөрийн үүрэг гүйцэтгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

11.3. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байхад хариуцагч нь гэрээний зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А-2 апартмент орон сууцны хотхоны **** дугаар блок, баруун талын орцны ***дүгээр давхарт байрлах ****4.****6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг П.Г өмчлөх эрх үүссэн ба орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

12. Шүүх нэхэмжлэгч П.Гын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн **** дугаар зүйлийн ****.1.1, ****.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ****5****,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,01****,690 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас ****5****,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч П.Гын нэхэмжлэлийг хангаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А-2 апартмент орон сууцны хотхоны **** дугаар блок, баруун талын орцны ***дүгээр давхарт байрлах ****4.****6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.Гыг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч “М” ХХК-д даалгасугай.

            2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул П.Г, “М” ХХК нарын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗГ21/06 дугаар “Орон сууц захиалгаар барих” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “М” ХХК-ийн нэхэмжлэгч П.Гд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн **** дугаар зүйлийн ****.1.1, ****.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ****5****,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,01****,690 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас ****5****,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш ***хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА