2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/02227

 

 

 

 

  

    2025              03            24                                              192/ШШ2025/02227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 10 дугаар хороолол, ****дугаар байрны ****тоот хаягт оршин суух, Барнууд овогт Аын Ч /РД:*****/-ий нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, *****хаягт байрлах, ННт холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анужин нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч А.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлд: А.Ч би эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ****дугаар байрны 7 тоот хаягт байрлах 104.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч билээ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 69,646,482 төгрөгийг төлүүлэхээр, барьцаа хөрөнгө болох миний өмчлөлийн орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор НН нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 4-146/18937 дугаартай мэдэгдлээр 317,716,300 төгрөгөөр үнэлж, 70 хувь болох 222,401,410 төгрөгөөр албадан дуудлага худалдааны үнийг тооцсон. Тус үнэлгээний дүгнэлтийг хөрөнгийн өмчлөгч А.Ч надад мэдэгдээгүй ба төлбөр төлөгч Д.Ат мэдэгдсэн байсан. Д.А надад хөрөнгийг үнэлсэн талаар мэдэгдээгүй. Үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах гэж байгаа иргэд манай гэрт үзье гэж ирэхэд нь хөрөнгийг маань үнэлсэн гэдгийг мэдсэн. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үнэлгээтэй танилцсан. Тус хөрөнгийн үнэлгээг хийхдээ үнэлгээчин болон хөрөнгийн үнэлгээ хийх эрх, зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл байхгүй байсан. Үүнээс үнэлгээг тусгай мэдлэг, мэргэжил бүхий эрх бүхий этгээд хийгээгүй гэж үзэж байна. Мөн хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, хөрөнгийн үнэлгээний стандарт, журам, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл байхгүй байсан. Мөн хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулснаар албан ёсны болох ёстой гэж үзэж байна. Эдгээр нь үнэлгээний дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад бүрэн нийцсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Мөн үнэлгээ хийхдээ тухайн орон сууцны хотын төвд байрлалтай, сургууль, цэцэрлэг, үйлдвэр үйлчилгээнд ойрхон байршилтай, орон сууц нь дээшээ давхар руу байх тусам дуу чимээ бага байдаг, хамгийн эрэлттэй давхарт байрладаг, дуплекс пентхаус загвартай, супер засвар хийж модерн загвараар тохижуулсан, шинэ 3 давхар паркетан шалтай нөхцөл байдлуудыг харгалзаж үзэлгүйгээр энгийн орон сууцтай харьцуулж дүгнэсэн байгаад гомдолтой байна. Төстэй өөр байр болон ойролцоо байрлалд борлуулагдаж байгаа орон сууцуудын 1 м.кв-ын үнэ нь дунджаар 4,500,000 төгрөгөөр худалдаалагдаж байхад миний орон сууцыг зах зээлийн дундаж үнэлгээнээс бага 3,028,754 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс 32,7 хувиар бага үнэлсэн байна. Ингэж бага үнэлсэн үнэлгээнийхээ 70 хувиар дуудлага худалдаанд оруулж миний хөрөнгийг үнэлгүйдүүлж байна. Орон сууцнуудын үнийг зах зээлийн үнээс доогуур үнэлж байгаа нь орон сууцны үнэлгээг зөв тогтоосон эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлээ гаргаж байгаа ба дээрх үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур дүгнэсэн орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан байгаа. Талууд гэдэгт хоёр төлбөр төлөгчийг хоёуланг нь ойлгож байгаа. Нэгэнд нь, эсвэл талуудын төлөөлөлд мэдэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Хэдийгээр төлбөр төлөгч нар нэг хаягт амьдардаг гэж тайлбарлаад байгаа боловч Д.А 8 тоотод, А.Ч 7 тоотод амьдардаг гэдгийг хариуцагч мэдэж байсан бололтой. Төлбөр төлөгч нар нэг хаягт амьдардаг бол зөвхөн нэгэнд нь мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тэгэхээр талуудад бүгдэд нь мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна. Хэдийгээр шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ хийж байгаа байгууллага хаяг дээр нь очиж үзэж байна гэдгийг утсаар хэлсэн гэж байгаа боловч энгийн орон сууцтай харьцуулсан байна гэж хэлээд байгаа. Энэ давуу талуудыг шалгасан эсэх нь дүгнэлтэд байхгүй байна. Шинжээч очиж үзэхгүйгээр үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

            2. Хариу тайлбар:

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хажидмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/01918 дугаар захирамжаар А.Ч, Д.А нараас 69,934,674 төгрөг төлөх үүргээ эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд А.Чий өмчлөлийн эрхийн улсын Ү-***дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ****дугаар байрны 7 тоотод байрлах 104.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг ННт даалган шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг тус газар нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 23251338/146.1 тоот тогтоолоор битүүмжилж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23251338/02 тоот тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч өмчлөгч Д.А нар нь орон сууцаа 365,015,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч “Б” ХХК-иас төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Талууд үнэлгээн дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3/108 дугаар тогтоолоор “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 317,716,300 төгрөгөөр үнэлэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үнэлгээний тайланг ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад үнэлгээг ажлын 3 хоногт багтаан мэдэгдэх ажиллагааг явуулж, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4-146/8510 тоот мэдэгдэх хуудсаар үнэлгээний тайлангийн хуулбарын хамт төлбөр төлөгч Д.Ат 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн. Мөн төлбөр төлөгч А.Чд утсаар мэдэгдэж, мэдэгдэх хуудсыг нэг хаягт оршин суудаг аав Д.А нь танилцуулж, дамжуулан өгнө гэснийг тэмдэглэлд тусгаж баталгаажуулсан. Төлбөр төлөгч Д.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг үнэлэгдсэн үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулахаар хүсэлт гаргасан, мөн төлбөр авагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааг 4 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасны дагуу мөн өдрийн 146/23251338-4 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Төлбөр авагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзулаас 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах талаар хүсэлт ирүүлсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9/01 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахад санал ирээгүй тул 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10/01 тоот 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор 9 дүгээр сарын 27-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад мөн үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүнээс гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд гүйцэтгэсэн өдрөөс хойш, эсвэл олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болохоор зохицуулсан. Төлбөр төлөгч А.Ч, Д.А нар нь хуульд заасан хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үнэлгээг мэдэгдсэнээс хойш 5 сарын дараа 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч этгээдээс үнэлгээнд гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анужин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Д.А, А.Ч нар нэг хаягт хамт амьдардаг болох нь баримтаар тогтоогдсон. Төлбөр төлөгчид утсаар мэдэгдэж, Д.А нь А.Чд мэдэгдэхийг зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааг 4 сарын хугацаагаар сунгах хүсэлт гаргасны дагуу сунгасан байгаа. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах, хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах талаар заасан. Төлбөр төлөгч А.Ч хуульд заасан хугацаанд гомдлоо мэдэгдээгүй нь өөрсдийнх нь хариуцлагагүй алдаа гэж үзэж байна. 5 сарын дараа шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Өмчлөгчид мэдэгдэх үүргийг Д.А хүсэлт гаргасны дагуу мэдэгдэж явсан. Д.А нь хөрөнгийн өмчлөгчийн эцэг нь байгаа. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг утсаар болон бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч А.Чий утсанд мэдэгдсэн байдаг. Үүнийг нотлох баримтад хавсаргасан. Үнэлгээний хувьд очиж үзээгүй гэж байгаа боловч үнэлгээний тайланд тухайн орон сууцанд очсон, хавсаргасан зургууд байна. Үнэлгээг очиж үзэхгүйгээр дүгэнлт гаргах боломжгүй юм. Үнэлгээнд тухайн орон сууцны шинж чанар зэргийг л үндэслэж гаргахаас биш өмчлөгчийн өөрсдөө сольсон зүйлийг үнэлгээнд оролцуулахгүй...гэв.

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/01918 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх-5-6/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-7/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4-146/8510 дугаар, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4-146/18937 дугаар албан бичгүүдийн хуулбар /хх-8, 9/, Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /хх-10/,

4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-15, 115/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хуулбар /хх-27-93/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх А.Чий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хөрөнгийг үнэлсэн талаар өмчлөгчид мэдэгдээгүй, хамт амьдардаггүй өөр төлбөр төлөгчид мэдэгдсэнийг А.Чд мэдэгдсэн гэж үзэхгүй, үнэлгээ хийхдээ хөрөнгийг үзэлгүйгээр дүгнэлт гаргасан, давуу талуудыг нь дүгнэлтдээ оруулж тооцолгүй энгийн хөрөнгүүдтэй харьцуулсан, 4 дүгээр сард гаргасан үнэлгээг 9 дүгээр сард мэдсэн” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн, төлбөр төлөгч А.Чд мэдэгдлийг утсаар хүргэж тэмдэглэл үйлдсэн, төлбөр төлөгч А.Ч, Д.А нар хамт амьдардаг, аав хүү хоёр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.А хаяг өөрчилсөн талаар мэдэгдээгүй, А.Чд мэдэгдэхийг даалгаж байсан. Үнэлгээг шинжээч хийхдээ хөрөнгийг очиж үзсэн болох нь дүгнэлтэд хавсаргасан фото зургуудаар тогтоогдоно” гэж тайлбарлаж байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд зохигчдоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

            4.1. Д.А, А.Ч нарт холбогдуулан “Б” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 69,646,482 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг хувааж төлөх, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох А.Чий өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-000681675 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ****дугаар байрны 7 тоотод байрлах 104.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан, шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталсан байна.

            4.2. Хариуцагч Д.А, А.Ч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүсгэжээ.

            4.3. Шүүхэд хэрэг хянагдаж байхад хариуцагч нар Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 10 дугаар хороолол, ****дугаар байрны 7 тоот хаягт оршин суудаг талаар шүүгчийн захирамжид тодорхойлсон, уг захирамж 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарсан байна.

            4.4. А.Ч ННт 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг Д.Атай адил 365,015,000 төгрөгөөр үнэлэх талаар бичиж өгсөн байна.

            4.5. Төлбөр авагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх саналыг эс зөвшөөрч, шинжээч томилуулахыг хүссэнээр шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Итгэлт эстимэйт үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчин Э.Ганбаатарыг шинжээчээр томилж, шинжээч 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дүгнэлт гарган, маргаан бүхий хураагдсан орон сууцын зах зээлийн үнэлгээг 317,716,300 төгрөгөөр тогтоожээ.

            4.6. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4-146/8510 тоот албан бичгээр төлбөр төлөгч Д.А, А.Ч нарт хөрөнгийн үнэлгээ мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч мөн өдрөө тэмдэглэл үйлдэж “Д.Ат үнэлгээг албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний тайлангийн хураангуйн хамт гардуулав. А.Чд утсаар мэдэгдсэн бөгөөд аав нь болох Д.А танилцуулна гэсэн тул албан мэдэгдлийг хамтад нь хүргүүлэв” гэж тэмдэглэжээ.

            4.7. Улмаар төлбөр төлөгч Д.Аын хүсэлт, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор төлбөр төлөгч  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж, төлбөр авагчийн хүсэлтээр сэргээн, албадан дуудлага худалдаа явуулсан байна.

            4.8. Нэхэмжлэгч талаас Д.Аын иргэний үнэмлэхийн лавлагааг нотлох баримтаар гаргаж, уг баримтад Д.Аыг Баянгол дүүргийн ****дугаар хороо, ****дугаар байрны ****тоотод 2014 оноос хойш бүртгэлтэй амьдардаг талаар туссан байна.

4.9. Гэтэл шүүхэд хэрэг хянагдаж байхад Д.А, А.Ч нар Баянгол дүүргийн 28 дугаар хороо, ****дугаар байрны 7 тоот хаягт оршин суудаг талаар мэдээллэж, энэ хаяг шүүгчийн захирамжид дурдагдсан, тухайн хаягаар мэдэгдэл хүргүүлэхэд Д.А мэдэгдлийг хүлээн авч байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.  

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөр төлөгч А.Чд хураагдсан орон сууцны үнэлгээний талаар 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгджээ.

5.1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу, нарийвчлан тогтоосон хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч нарт маргаан бүхий хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн гэж үзэхээр байна.

5.2. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчид 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэнээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч А.Ч тухайн үнэлгээтэй холбоотой гомдлоо 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нь хуулиар тогтоосон гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээгээр маргаан бүхий орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон шинжээчийн дүгнэлтийг баримтаар няцаагаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ ханш хэдэн төгрөг болж байгаа талаар баримтаар нотлоогүй байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ННт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай А.Чий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА