Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00252

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00252

 

 

 

 

********-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02879 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ********-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч хххххххххх ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********-ын нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга: *******2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хххххххххх" ХХК-д хүнд машин механизмын операторчноор ажилд орсон. Манай байгууллага Ковид 19 цар тахал гарсантай холбогдуулан ажилд гарахаас өмнө 14 хоног тусгаарлалтад орж ажилдаа гардаг журамтай, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажилд гарахын өмнө тусгаарлах байранд байхад миний нуруугаар татаж өвдсөн. Тухайн үед би тусгаарлалт хариуцаж байсан эмч, байгууллагын менежер Д.Т нарт нөхцөл байдлаа танилцуулан тусгаарлалтаас гарч эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаа мэдэгдсэн.

Гэтэл ажил олгогч 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг тусгаарлалтаас гарсан гэдэг шалтгаанаар ажлаас халсан гэж мэдэгдсэн ба би мөн өдөр ажлаас халсан тушаалтай танилцаж авсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, "Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.2, Сахилгын арга хэмжээний журмын 4.1.3, Хөдөлмөрийн гэрээний 11.1-д заасныг тус тус үндэслэн ******-ыг ажлаас нь халсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Миний зүгээс ямар нэгэн ёс зүйн алдаа гаргаагүй, мөн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг зөрчөөгүй, биелүүлэхгүй байх нөхцөл байдал үүсгээгүй байхад ажлаас халсанд гомдолтой байна. Иймд хххххххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б-6/125 дугаартай ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалин олгуулж, Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч хххххххххх ХХК-ийн тайлбарын агуулга: *******нь манай компанид 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хүнд машин механизмын операторчны албан тушаалд томилогдон ажилласан. Манай компани Ковид-19 цар тахал дэгдэж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17/650 дугаар захирамжаар Уул уурхайн ээлж солих, бүтээн байгуулалтын ажилтан хүлээн авах түр журам батлагдсан.

Уг журмын 3.29-т аж ахуйн нэгж байгууллага нь тухайн уурхайд ирсэн ажилчдыг 7-14 хоногийн хугацаанд ажиглалтад байлгахаар зохицуулсан. Дээрх журмын дагуу ***-ыг 2021 оны 06 дугаар сарын ээлжээр ажилдаа явах боломжтой эсэхийг тодруулж, компанийн зардлаар РСR шинжилгээнд хамруулан, шинжилгээний хариу баталгаажих хүртэл зочид буудалд байрлуулан хоол, буудлын төлбөрийг бүрэн хариуцаж, цалинтайгаар тусгаарласан.

Гэтэл *******нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр компанийн зүгээс өгсөн үүрэг даалгавар, дүрэм журмыг зөрчиж тусгаарлалтын байрнаас компанийн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй дур мэдэн тусгаарлах байрнаас гарч явж Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.4, 9.1.6 заасныг санаатай зөрчсөн.

Тусгаарлах байрнаас зайлшгүй шаардлагаар чөлөө авсан, өвдсөн ажилтнуудыг байгууллагын дотоод журмын дагуу өргөдөл, хүсэлт нь холбогдох удирдлагаар зөвшөөрөгдсөн тохиолдолд гаргадаг. *******нь тусгаарлах байранд удирдлагуудын хамт тусгаарлагдаж байсан ба тэрээр шалтгаан нөхцөлөө журмын дагуу гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.

Хэдийгээр *******нь тусгаарлах байранд байхдаа нуруугаар өвдсөн, тусгаарлалтын байрыг хариуцаж байсан төслийн менежер Д.Т зөвшөөрөл авсан гэж нэхэмжлэлд дурдсан ч энэ талаар холбогдох баримт гаргаж өгөөгүй бөгөөд манай компанийн төслийн менежер, хүний нөөц, бусад удирдлагын зүгээс ***-т тусгаарлах байрнаас гарах зөвшөөрөл олгоогүй тул хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан. Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд хандах нэхэмжлэл гаргах хугацааг 10 хоногоор хэтрүүлсэн гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч ххххххх ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч ********-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тусгаарлалтаас гарах гэж байгаа ажилтан нь хүсэлтээ бичгээр гаргах тухай зохицуулалт байхгүй байна. Мөн төслийн үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Т мэдэгдэж зөвшөөрөл хүссэн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг баримталж, ********-ын Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 6 дах хэсэгт заасны дагуу эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тусгаарлах байрнаас зөвшөөрөлгүй гарсан тул ажил олгогчоос зөвшөөрөл аваагүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2021 оны 05, 06, 07 дугаар саруудад Ковид 19 халдварын өндөр идэвхжилтэй үе байсан. Ажил олгогч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндээ хамгаалах эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Компанийн хүний нөөцөөс *******-ыг 2021 оны 06 дугаар сарын ээлжээр ажилдаа явах боложтой эсэхийг тодруулсны үндсэн дээр түүнийг тусгарлах байранд оруулсан. Гэтэл тухайн ажилтан тусгаарлалтад орсон өдрөө нуруу өвдсөн гэх шалтгааныг хэлж, тусгаарлалтаас зөвшөөрөлгүй гарсан. Мөн нэхэмжлэгчээс өвчтэй байсан талаарх баримт гаргаж өгөхийг хүссэн боловч өгөөгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч *******нь хариуцагч хххххххххх ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. хххххххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б-6/125 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2 дах заалт, Сахилгын арга хэмжээний журмын 4.1.3, Хөдөлмөрийн гэрээний 11.1 дэх заалтуудыг үндэслэн *******-ыг захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүргийн болон мэргэжил, ёс зүйн алдаа дутагдал гаргах буюу 2021 оны 06 дугаар 31-ний өдөр тусгаарлалтаас зөвшөөрөлгүйгээр дур мэдэн явсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүнийг хүнд машин механизмын операторын үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх21/ Уг тушаалыг *******эс зөвшөөрч, шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасанд нийцсэн байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, хэргийн 103-105 дах талд авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлжээ.

5.Талуудын хооронд 2019 оноос хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, тэрээр *******нь Өмнөговь аймгийн төслийн уурхайд ажиллаж байсан үйл баримтад гэрээний талуудын хэн аль нь маргаангүй, ажил олгогчийн Б-6/125 дугаартай тушаалд заасан сахилгын зөрчлийг *******гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ.

6.Хөдөлмөрийн гэрээний Арваннэгдүгээр зүйлд ажил олгогчоос өгсөн үүрэг болон гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, байгууллагын дотоод журамд захирагдаагүй, ёс суртахууны доголдол гаргасан ажилтанд уг гэрээний 11.1, 11.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах нөхцөлийг талууд харилцан тохиролцжээ. /хх-7-8/

7.Монгол Улсад Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/690 дугаартай захирамжаар Уурхайн ээлж солих, бүтээн байгуулалтын ажилтан хүлээн авах түр журам баталсан байна. /хх-53-54/ Уг журмын 3.29-т заасны дагуу хариуцагч хххххххххх ХХК нь уурхайн ээлж солих зорилгоор тандалтын шинжилгээ хийхээр компанийн ажилчдыг 7-14 хоногийн хугацаанд зочид буудалд байрлуулан тусгаарлаж байсан болох нь зохигчдын тайлбараар нотлогджээ. /хх-107-110/

8.Нэхэмжлэгч *******нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Амар зочид буудалд тусгаарлалтад орж, мөн сарын 25-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар буюу нуруу татсан, тариа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлээр тусгааралтын байрнаас гарч явсан байна. Ингэхдээ эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан гэж марган хариуцагч компанийн төслийн үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Т гэрчийн мэдүүлэг авахуулсан байна. Гэрч нь ... зөвшөөрөл авахаар над руу ярьсан, тухайн үед тусгаарлалтын байранд харилцаа холбоо үүсгэж чадахгүй байсан учир утсаар тусгаарлалтад орохоос 72 цагийн өмнө чөлөө авах ёстой, ... *******нь нуруугаа үзүүлэхгүй бол болохгүй эмч нь одоо завтай болсон гэж байсан ..., ... бичгээр хүсэлтээ өгөөгүй, ... би бичгээр хүсэлтээ өг гэж хэлж байсан .. гэж мэдүүлснийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байна./хх-90-91/

9.Түүнчлэн нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гарч явсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Грандмед эмнэлэгт 2021 оны 7 дугаар сарын 30, 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд үзүүлсэн тухай бичгийн нотлох баримтууд нь түүний 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нуруугаа үзүүлж тариа хийлгэх зайлшгүй шаардлагатай байсны улмаас тусгаарлалтаас гарч явсан гэх хүндэтгэн үзэх шалтгааныг эргэлзээгүй нотлохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Я.С-ыг ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, тусгаарлах байрнаас зөвшөөрөлгүй гарч ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний 11.1-д заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагч компанийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б-6/125 дугаар тушаалын

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасанд нийцсэн гэж үзнэ.

10.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02879 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД