Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 92

 

                       

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

 Улсын яллагч: С.Мөнхтулга,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

 Шүүгдэгч: О.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

       Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ш холбогдох 1728001030120 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                        Тодорхойлох нь:

Шүүгдэгч О.Ш нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэн хилийн боомтын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын шалган нэвтрүүлэх хэсэгт гар тээшиндээ З кг 454 грамм усан мана чулууг нууж, хуулиар хориглосон барааг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.Шийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:”... Чулуугаа хүнээс авсан байсан учраас түүсэн гэж хэлсэн байсан. Түрүүний мэдүүлэг дээр хүнээ танихгүй байсан учраас түүсэн гэж хэлсэн юм Тэгж л ойлгосон. Түүсэн гээд мэдүүлэг өгсөн байсан учраас ярьсан. Авч явж үзье л гэж бодсон Хүнээс чулуу авснаа санахгүй байж байгаад ингэж ярьж байгаа юм. Худалдаж аваагүй чамд хэрэгтэй бол ав гэхээр нь авсан. Буруу зүйл хийснээ ойлгож байна.

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Шивээхүрэн дахь Гаалийн газар дээр ажил дээр гаалийн шалган нэвтрүүлэх цогцолборын зорчигч шалган нэвтрүүлэх \зорчигчийн гар тээшийг\ шалгах хэсэг дээр байхад хар саарал өнгийн жижиг цүнхийг рентген аппаратаар шалгахад дотор эд зүйл байсан. Тэгээд уг цүнхийг задалж үзэхэд 5 ширхэг оймсон дотор хийсэн ногоон алаг, хүрэн бор өнгийн том жижиг хэмжээтэй чулуунууд байхаар нь оймсноос гаргаж хилэн дээр хиллэж үзэхэд нийт 12 кг чулуу байсан. Уг чулууг гэрэл зургаар баталгаажуулан хураан авч зөрчлийн материал бүрдүүлэн шилжүүлсэн. Шүрэнцэцэг гэдэг хүний чулуу байсан. Шүрэнцэцэг өөрөө надад хэлэхдээ байгалиас өөрөө түүсэн чулуу байгаа юм гэж хэлсэн. Боловсруулаагүй чулууны төрлүүд гаалийн тарифын бус хязгаарлалттай бараанд ордог учраас хураан авсан. Гаалийн тухай хуульд байдаг. Ер нь бол чулууг шинжилгээнд явуулаад ямар төрлийн чулууг нь тогтоогдсон дараа нь үнэлгээний журмаар торгодог. Байгалийн энэ чулууг шинжилгээнд явуулаагүй тохиолдолд тарифын бус хязгаарлалтын бараанд оруулж тооцдог. Шинжилгээнд явуулахаар дүгнэлт гарах гэж уддаг учраас уг чулууг нь хураан авч материалыг нь аймгийн прокурорт явуулсан. Шүрэнцэцэг нь тарифын бус хязгаарлалтын барааг \чулууг\ улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан” /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Өмнөговь аймаг Мэргэжлийн хяналтын газрын Шивээхүрэн дахь Экспорт, Импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай одоог хүртэл ажиллаж байна. Би энэ хоёр төрлийн чулууны шар өнгийн жижиг мана чулууг нь өмнө нь интернетээр харж байсан юм байна. Харин нөгөө чулууг нь харж байгаагүй юм байна. Би энэ чулууг хилээр гаргаж байхыг хараагүй. Надтай таарч байгаагүй юм. Ямар үнэтэй байдгийг нь мэдэхгүй байна” /хх-ийн 107-р хуудас/,

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би байгаль хамгаалагчаар 9 дэх жилдээ ажиллаж байна. Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газарт Байгаль хамгаалагчаар одоог хүртэл ажиллаж байна. Шүрэнчимэг нь Ноён сумын 2 дугаар багийн нутаг болох Улаан толгой гэдэг газар аав Оюун-Эрдэнэ, ээж Цэнд-Аюун нарын хамт амьдардаг. Шүрэнчимэг нь одоо Улаан толгой гэх газартаа байхгүй байгаа. Өмнөговь аймагт байдаг юм шиг байна. Ноён суманд байхгүй. Улаан толгой өвөлжөөнийхөө баруун хойд талд нь Улаан толгойтой хайрхан байдаг. Өвөлжөөний баруун урд талаараа сайртай хайлстай гол сайр байдаг. Хар улаан шар өнгийн янз бүрийн хэлбэртэй чулуунуудтай газар байдаг. Улаан толгой гэдэг газар Ноён сумаас 70 гаруй км-т байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас/,

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хүн Ноён сумын Ганзагад багийн нутаг болох Улаан толгой гэдэг газарт нутаглаж байсан. Аав Оюун-Эрдэнийн хамт амьдардаг. О.Шэй би ойрын 2 жил гаруй уулзаагүй, хаана байгааг мэдэхгүй байна. Байгалийн тогтоц нь өвөлжөөнийхөө баруун хойд талд нь Улаан толгойтой хайрхан байдаг. Тэр Улаан толгойны зүүнхэн талд нь өвөлжөө нь байдаг. Өвөлжөөний баруун талаараа сайртай хайлстай \ганц хоёр хайлстай\ гол байдаг юм. Улаан шөр өнгийн янз бүрийн хэлбэртэй чулуунуудтай газар байдаг. Тэр газарт ийм нэртэй чулуу байдаггүй юм. Би лав үзээгүй. Ийм нэртэй чулуунууд Ноён сумын нутагт байдаггүй. Би энэ хоёр төрлийн чулууг өмнө нь хараагүй юм байна. Гэхдээ ийм хэлбэр дүрсээ чулуу манай сумын нутагт байхгүй” /хх-ийн 110-р хуудас/,

Шинжээч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Манай байгууллагын дотоод журам дээр тодорхой заасан байдаг. Шинжээч бид нарт тамга байдаггүй болохоор байгууллагын захирал, дэд захирал нар нь шинжээчийн гаргасан дүгнэлтийг баталгаажуулан тамга дарж, гарын үсгээ зурдаг. Ш.Чимгээ гэдэг хүн бол манай технологи туршилт, эрдэс, чулуу судлалын тасгийн дарга мөн хянаж гарын үсгээ зурж, тамгаа дарж баталгаажуулдаг. Олон дамжлагатай байдаг. Би бол зөвхөн чулууны найрлага, бүтэц чулууны нэрийг тогтоож өгдөг. Энэ хоёр төрлийн чулуу нь Үнэт болон Хагас үнэт чулууны төрөлд хамаарахгүй, Ногоон хас чулуу нь өнгөлгөөний чулууны төрөлд хамаардаг, Харин мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд хамаардаг. Эдгээр чулуугаар ээмэг бөгжний шигтээ, гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэдэг” /хх-ийн 109-р хуудас/,

        Яллагдагч О.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн хилийн боомтон дээр замын унаагаар ирээд Гаалийн шалган нэвтрүүлэх хэсэг дээр шалгуулж байхдаа өөрийн барьж байсан цүнхэн дотроо 12 кг ногоон, улаан хүрэн өнгийн чулууг нууж гаргах гэж байгаад гаалийн байцаагчид баригдсан. Тэгээд гаалийн байцаагч Адъяахүү гэдэг хүн ирээд та цүнхэнд дотор байгаа эд зүйлээ гаргаж үзүүлнэ үү гэхээр нь би цүнхэн дотор хийсэн чулуугаа гаргаж үзүүлсэн. Тэгээд тэр гаалийн байцаагч ямар чулуу юм бэ гэж миний чулууг хураан авсан. Би энэ чулууг хүнээс аваагүй Ноён сумын нутагт хөдөө гэр болох Улаан толгойн өвөлжөөний хавиас ганцаараа малдаа явж байгаад түүсэн байсан. Ногоон, улаан хүрэн өнгийн жижиг бөөрөнхий, дөрвөлжин хэлбэртэй чулуунууд байсан. Хөдөө малдаа явж байгаад түүсэн. Хятад руу авч яваад хүнд үзүүлж ямар чулуу байна гэдгийг мэдэх зорилгоор авч явсан. Хилээр оруулаад хүн амьтанд үзүүлэх гэж байсан бусдаар бол зарах гэж яваагүй юм. Би гар цүнхэндээ авч явж байсан. Тэгээд Монголын гааль дээр хураагдсан. Зүгээр өнгийн чулуунууд байсан. Энэ чулууг байгалийн ямар нэртэй чулууг нь мэдэхгүй байна. Энэ чулууг улсын хилээр оруулахгүй хориотой эд зүйл гэж хэлсэн. Тэгээд уг чулууг надаас хурааж авсан. Би чихэр, ингэний айраг, сүү зэргийг Хятад улс руу гаргаж Цэхээ боомтон дээр үзэсгэлэн худалдаанд очих зорилгоор олон удаа хилээр орж гардаг байсан.

          ...Дүгнэлтийг уншиж танилцлаа ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Тухайн үед би энэ чулууг хүнээс нэлээн дээр авсан байсан. Тэгээд хөдөө гэртээ хадгалж байгаад хил рүү явахдаа аваад явсан байсан. Тэгээд би чулуу авсан хүнээ танихгүй учраас тухайн үедээ хөдөө гэрээсээ түүсэн гээд хэлчихсэн. Би чулуу түүгээгүй. Тэр хүн чамд хэрэгтэй бол авахгүй юу даа гэхээр би авчихсан. Надад чулуу түүх тусгай зөвшөөрөл байхгүй. Надад тийм зөвшөөрлийн бичиг байхгүй. Би чулуу түүгээгүй болохоор чулуу түүсэн газар байхгүй. Би тухайн үед танихгүй хүнээс энэ чулуунуудыг авсан юм.Тийм учраас хөдөө гэрээсээ түүсэн гээд мэдүүлчихсэн юм” /хх-ийн 50-51, 119-р хуудас/,

         Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Эд мөрийн баримтаар хураагдсан 100 гр чулуулаг нь ногоон хас /зелённая яшма/ бөгөөд өнгөлгөөний чулуунд хамаарна. Усан мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд хамаарна.  Уг чулуу нь эрдэнэсийн чулууны ангилалд багтах бөгөөд эрдэс болон байгалийн төрцөд хамаарагдахгүй. Эрдэнэсийн чулууны ангилал гэдэг нь эрдэнийн буюу үнэт, хагас эрдэнийн буюу хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу болон бүх хүдрүүд багтдаг. Энэ нь хүний ахуй амьдрал болон тухайн орны хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой ашигт эрдэс, өнгөт эрдэнэсийн чулуу, хүдэр зэргийн нэгдлийг нийлүүлээд эрдэнэсийн чулуу гэдэг. Эрдэнийн болон үнэт чулуунд 1. Очир эрдэнэ (алмаз) 2. Бадмаараг (рубин) 3. Маргад эрдэнэ (изумруд) 4. Цэнхэр индранил (сапфир голубой) 5. Натураль сувд (жемчуг натуральный) Хагас эрдэнийн буюу хагас үнэт чулуунд хувилгаан эрдэнэ (александрит), цэнхэрээс бусад индранил, эрдэнийн гэрэлт чимэг (опал) зэрэг 20-иод чулуу орно. Гоёл чимэглэлийн чулуунд мана \/ (хальцедон), пийсүү (жадеит), хаш (нефрит), шүр (кораль) зэрэг 30 гаруй чулуу ордог. Өнгөлгөөний чулуунд хас (яшма), боржин (гранит), чулуужсан мод (окаменлое дерево), жонш (флюорит), гантиг (мрамор), баргилт зэрэг 20-иод чулуу багтдаг. Эдгээр чулуулгууд нь говийн аймгуудад их тааралддаг бөгөөд говийн цөлжилтөд тодорхой хэмжээгээр нөлөөлнө /хх-ийн 23-24-р хуудас/,

        Геологийн төв лабораторийн 2017.12.07-н  өдрийн шинжилгээний дүнд:...Энэхүү шинжилгээний дүн нь захиалагчаас ирүүлсэн тухайн дээжид хамаарах бөгөөд зөвхөн эх хувь нь хүчинтэй гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27-р хуудас/,

         Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 297 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Танай байгууллагаас тодорхойлуулахаар ирүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Шивээхүрэн боомтын Авто замын шалган нэвтрүүлэх хэсэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12 кг байгалийн чулуу нь доорх 2 төрлийн чулуу байна. Үүнд: 2.5-8.5 см хэмжээтэй, янз бүрийн хэлбэртэй, 8.575 кг жинтэй ногоон чулуу нь ногоон хас чулуу байна. Жижиг, 1.0-4.0 см хэмжээтэй, янз бүрийн туяатай цайвардуу өнгөтэй, 2.315 кг жинтэй, 4 ширхэг том, 7.5-12.0 см хэмжээтэй, 1.105 кг жинтэй чулуунууд нь мана чулуу байна. Танай байгууллагаас тавьсан асуултад дараах хариултыг өгч байна. Үүнд: 1. Хураагдсан 12 кг чулууны 8.575 кг нь ногоон хас, 3.425 кг нь мана чулуу байна. 2. Дээрх чулуунууд нь эрдэс, байгалийн төрц, байгалийн өнгөт болон үнэт чулууны төрөлд хамаарахгүй. Ногоон хас нь өнгөлгөөний чулууны ангилалд, мана нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг. 3. Бусад асуултуудад (дээрх чулуунуудыг Монгол Улсын хилээр хориглосон, хязгаарласан бараанд багтдаг эсэх, Монгол Улсын хилээр гаргахыг зөвшөөрдөг эсэх) манай байгууллага хариулах боломжгүй. Дээрх ногоон хас, мана чулуунууд нь хэмжээ жижигтэй учир ээмэг, бөгжний шигтгээ зэрэг гоёл чимэглэлийн жижиг зүйлс хийж болно. /хх-ийн 110-116-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2018.03.12-ны өдрийн 65 дугаартай албан бичигт: Эрүүгийн 1728001090120 тоот хэрэгт холбогдолтой улаан ногоон хас, мана нь газар, газрын хэвлийд орших байгалийн баялаг билээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар байгалийн баялгийг төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байхаар зохицуулсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх ба тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгох /хуулийн 7.1/-оор хуульчилсан байгаа нь гадаад, дотоодын иргэнд тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй байна. Иймд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Оюу-Эрдэнэ овогтой Шүрэнчимэг /К386101200/-ердийн ашигт малтмал олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдоогүй, байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гараагүй байна /хх-ийн 120-р хуудас/,

         Эд мөрийн баримт хураан авсан 2017.11.21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-39-р хуудас/,

         Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-44-р хуудас/,

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Улсын яллагч шүүгдэгч О.Шийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэн хилийн боомтын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын шалган нэвтрүүлэх хэсэгт гар тээшиндээ З кг 454 грамм усан мана чулууг нууж, хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

        Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Шийг энэхүү гэмт хэрэгтээ гэм буруутай байна гэж үзэв.

        Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

         Монгол улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “газар” гэдэгт газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга”-ыг хэлнэ гэж томьёолсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн Төрөөс газрын талаар баримтлах зарчимд Монгол улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх, газар төрийн хяналт, хамгаалалтад байх хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх ойлголтууд тус тус хамаарч байна.

        Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд...геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэнэ гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн гэж тус тус хуульчилсан.

      Шүүгдэгч О.Шийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээ хүрэн хилийн боомтоор Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн 12 кг бүхий чулуу нь:

         Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 297 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...1. Хураагдсан 12 кг чулууны 8.575 кг нь ногоон хас, 3.425 кг нь мана чулуу байна. 2. Дээрх чулуунууд нь эрдэс, байгалийн төрц, байгалийн өнгөт болон үнэт чулууны төрөлд хамаарахгүй. Ногоон хас нь өнгөлгөөний чулууны ангилалд, мана нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг. 3. Бусад асуултуудад (дээрх чулуунуудыг Монгол Улсын хилээр хориглосон, хязгаарласан бараанд багтдаг эсэх, Монгол Улсын хилээр гаргахыг зөвшөөрдөг эсэх) манай байгууллага хариулах боломжгүй. Дээрх ногоон хас, мана чулуунууд нь хэмжээ жижигтэй учир ээмэг, бөгжний шигтгээ зэрэг гоёл чимэглэлийн жижиг зүйлс хийж болно. /хх-ийн 110-116-р хуудас/ гэснээр өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулууны ангилалд  хамаарч байна.

        Иймд шүүгдэгчийн  улсын хилээр нэвтрүүлсэн өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулуу нь аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалд хамаарч байх тул дээрх хуульд томьёолсны дагуу ашигт малтмал гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

        Монгол улсын Үндсэн хуулийн  6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж хуульчилсан.

         Иймд шүүгдэгч О.Ш нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчиж, тус улсын газар, түүний баялагт хамаарах өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулууг улсын  гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

         Монгол улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын гадаргуу, түүний хэвлий, газрын баялаг нь төрийн өмч мөн болох талаар Үндсэн хууль болон бусад салбар олон хуулиудад хуульчилсан бөгөөд газар, түүний баялгийн өмчлөгч болох төр, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрөөс улсын хилээр нэвтрүүлэх эрх олгоогүй байхад улсын гаалийн хилээр дээрх чулууг нэвтрүүлж буй нь шүүгдэгчийн үйлдлийн гэмт хэргийн шинжийг бий болгож байна гэж дүгнэв. 

       Улсын яллагч шүүгдэгчийг хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж байх боловч шүүх дээрх байдлаар тайлбарласан хуулийн дагуу төрийн өмчид хамаарах газрын баялаг /ашигт малтмал/ болох өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулууг Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлж байгаа нь хуулиар хязгаарлалт тогтоосон бус хориглолт тогтоосон бараанд хамаарна гэж үзэж шийдвэрлэв.

       Түүнчлэн шүүгдэгч О.Ш нь тус чулуунуудыг улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаа талаараа мэдүүлээгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг тогтоогдож байх бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан чулууг авч явж байгаа үйлдлээ нууж, гаальд мэдүүлээгүй байгаа нь гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хуульд заасан үндэслэл болж байна.

        Иймд шүүгдэгч О.Шийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэн хилийн боомтын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын шалган нэвтрүүлэх хэсэгт гар тээшиндээ З кг 454 грамм усан мана чулуунуудыг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

         Шүүгдэгч О.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй байна.  

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12 кг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэн, энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус

 удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч О.Ш хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шт оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн ялыг биелүүлж байхыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12 кг чулууг /2.5-8.5 см хэмжээтэй, янз бүрийн хэлбэртэй, 8.575 кг жинтэй ногоон чулуу нь ногоон хас чулуу, 1.0-4.0 см хэмжээтэй, янз бүрийн туяатай цайвардуу өнгөтэй, 2.315 кг жинтэй, 4 ширхэг том, 7.5-12.0 см хэмжээтэй, 1.105 кг жинтэй чулуунууд нь мана чулуу байна/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төрийн өмчлөлд шилжүүлэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА