Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/713

 

 

 

 

  2024             06             20                                         2024/ДШМ/713

 

Г.Т ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Тамир /томилолтоор/,

хохирогч Э.Н-н  өмгөөлөгч Г.Бат-Отгон /цахимаар/,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Н-н  гаргасан давж заалдах гомдлоор Г.Т ид холбогдох 2411 00601 0422  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Т  нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 41 тоотод Э.Н-г нохойгоо салхилуулчхаад гэр рүүгээ орох гэж байхад нь “нохойгоо аваад зайл” гэж дайран гэр лүүгээ орсны дараа алхаар байрных нь хаалгыг олон удаа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирогч Э.Н д бага хэмжээний хохирлоос дээш буюу 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокуророос: Г.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийн хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Т ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, шүүдэгч Г.Т  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Н  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...анхан шатны шүүгчийн туслах нь надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцож шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг маань ноцтой зөрчсөн. Шинжээч манай бүргэд хаалгыг 480.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд зах зээл дээр бүргэд хаалга 1.500.000 төгрөгийн үнэтэй байгаа. Шүүх хуралдаанд биечлэн оролцоогүйгээс хохирлоо бодитоор нэхэмжлэх эрхийг минь зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирол төлбөрийг минь бүрэн гаргуулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бүргэд хаалгыг 480.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хохирогчоос судлаад үзэхэд 1.500.000 төгрөгийн үнэтэй хаалга байсан байдаг. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан боловч шүүхээс хурлын товыг мэдэгдээгүй. Ингээд 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж өгч чадаагүй. 480.000 төгрөг төлөгдсөн. Үүн дээр маргахгүй байгаа. Хохирлыг шүүгдэгчээс бүрэн гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Тамир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон Үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан буюу Эрүүгийн хуульд хохирлыг шууд учирсан үр дагавар гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд хохирогч Э.Н д учирсан хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг үндэслэн хохирлыг 480.000 төгрөг гэж тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дүгнэлтийг хохирогчид танилцуулсан. Шүүгдэгчээс хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:         

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгдэгч Г.Т ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч Г.Т  нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 41 тоотод Э.Н-г нохойгоо салхилуулчхаад гэр рүүгээ орох гэж байхад нь “нохойгоо аваад зайл” гэж дайран гэр лүүгээ орсны дараа алхаар байрных нь хаалгыг олон удаа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирогч Э.Н д бага хэмжээний хохирлоос дээш буюу 480.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Г.Т ид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Хохирогч Э.Н  “...надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй ба хохирлоо бодитоор нэхэмжлэх эрхийг маань ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх утга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ...” гэж заасан байхад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Т ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Э.Н д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй ба шүүх хуралдааны тов мэдэгдсэнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хохирогч Э.Н-г шүүх хуралдаанд биечлэн оролцуулж хохирол төлбөрөө бүрэн авсан эсэх талаар тодруулаагүй атлаа шүүгдэгч Г.Т ийг бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/368 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Э.Н-н  давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/368 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.БОЛОРТУЯА

 

                                            ШҮҮГЧ                                             Л.ДАРЬСҮРЭН

 

                                            ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ