Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2026/0166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК,

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М, Д.Н нарын хоорондын татварын нөхөн ногдуулалтын актын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч татварын улсын байцаагч Ч.М, Д.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т ХХК нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М, Д.Н нарт холбогдуулан татварын улсын байцаагч нарын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газраас Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлд хийсэн гүйцэтгэлийн аудитаар тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг Татварын ерөнхий газарт бүртгүүлээгүй, татвар ногдуулаагүй зөрчлийг арилгах зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 08/1 дугаар бүхий Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамж-ийг баталжээ. Улмаар Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ч.М, Д.Н нар нь Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын баталсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22243 дугаартай томилолтын дагуу Т ХХК-ийн 2020-2022 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн хяналт шалгалтыг хийсэн байна.

Хяналт шалгалтын дагуу гарсан 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актаар Т ХХК-ийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого, 30 дугаар зүйлийн 30.2-т Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно гэж заасныг зөрчсөн үндэслэлээр 685,867,456 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

3.Нэхэмжлэгч нь маргаан бүхий татварын улсын байцаагч нарын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 48 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдвэрлэсэн.

Дээрх Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг нэхэмжлэгч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гардаж авч, шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

4.1. Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М, Д.Н нар тус компанийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн татварын хяналт шалгалтыг хийж 2024 оны 5-р сарын 31-ний өдрөөр НА-2 дугаар бүхий Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан Нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн юм. Уг төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтад хамрагдсан хүрээ нь Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тайлан, Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлан, Үнэ шилжилтийн ажил гүйцэтгэх зэрэг тайлангууд бүхэлдээ хамрагдсан ба манай компанийн зүгээс ямар нэг байдлаар Татварын Ерөнхий хууль болон холбогдох хууль түүнд нийцүүлэн гаргасан бусад дүрэм журмыг зөрчсөн Татвар ногдуулалт, төлөлтийн зөрчил гараагүй гэж үздэг.

"Т" ХХК-ийн 50 хувийн эзэмшигч Гийн Ц, мөн 50 хувийн эзэмшигч Г*******гийн Б******* нар өөрийн эзэмшилд байсан хувиас тус бүр 10, 10 хувийг буюу нийт компанийн 20 хувийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр компанийн одоогийн захирал болох миний бие худалдаж авсан бөгөөд энэ нь Татварын Ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48 дахь хэсэгт заасан "эцсийн эзэмшигч гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр хүлээн авах эрхтэй этгээдийг хэлнэ гэснээс үзэхэд уг компанид миний оролцоо тухайн үед түүний 30 хүртэлх хувьд хүрээгүй байгаа нь ил байгаагаас гадна уг 20 хувьд оногдох хөрөнгийг компани биш Г.Ц, Г.Б******* нар худалдан борлуулсан зүйл билээ. Ногдуулалт, төлөхтэй холбоотой энэхүү маргаан нь энэ хоёр хүний татвар ногдуулалт, төлөлттэй холбоотойгоор тэдгээрт тавигдах татвар юм.

Маргааны бодит байдал энэ бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар тодорхойлсон 7.4.3 дах хэсэгт заасан орлого, мөн хуулийн 10.1.2 дахь хэсэгт заасан орлого нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан эцсийн эзэмшигчтэй холбоотой асуудал бөгөөд тухайн үед уг компанийн эцсийн эзэмшигч нь одоо байгаа нэрээр нь "Т" ХХК нь төлөх ёстой гэсэн агуулга биш юм.

Иймд хуулийг зохицуулж буй шууд харилцаагаар биш худалдан борлуулж ашиг олоогүй компанийнх нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй этгээдийн нэрээр уг актыг тогтоож болохгүй ба энэ нь уг актын хууль бус болохыг харуулж байна.

Түүнчлэн нэг зүйл, манай компани нь хувьцаат компани биш нэг гишүүнтэй, нэг гишүүний хувь оролцооны асуудал бөгөөд компанийн 80 хувийн, 80 хувьд 176.862.637.3 төгрөгийн татварыг ашиглалтын тусгай зөвшөөрөл худалдан борлуулсны орлогод ногдуулан төлүүлсэн байхад уг шалгалтаар 20 хувийн хувь оролцоонд 446.336,000,00 төгрөгийн орлогын албан татвар төлүүлэхээр тооцсон, түүнчлэн өмнө нь 62.380,000,00 төгрөгийг татварын Улсын байцаагч 20 хувьд тооцон төлүүлсэн мөртөө уг мөнгийг хасаж тооцоогүй зэрэг хууль бус асуудлыг уг акт өөрөө агуулж байгаа нь уг захиргааны акт нь татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгааг харуулж байна.

Мөн маргаан бүхий захиргааны актаар компанийн хувь оролцооны 20 хувьд тооцооллын ямар аргаар тооцсон, уг тооцоолол нь энэ маргаанд зайлшгүй хэрэглэгдэх эсэхийг анхаараагүй, энэ маргаанд хэрэглэх ёсгүй хууль бус тооцооллыг ашиглан татварын тооцооллыг уг хяналт шалгалт хийх удирдамжид дурдаагүй хүнээр хийлгэсэн нь тодорхой байх ба энэ хоёр байцаагч уг тооцооллыг хийгээгүй, нягталж хянаж шалгаагүй болох нь татварын маргаан таслах зөвлөлийн хуралд оролцоход ил байсан юм.

Уг актыг үйлдэхдээ татварын улсын байцаагчид Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 тоот тушаалын Нэгдүгээр хавсралтын "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал" -аар тооцсон гэсэн байхад Нийслэлийн Татварын Газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 2025 оны 11 сарын 07-ний өдрийн 48 дугаар бүхий тогтоолдоо "...Татварын байцаагчид Эрх борлуулсан орлогод ногдох нөхөн татварыг Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсээс баталгаажуулж хүргүүлсэн татварын тооцооллыг үндэслэн нөхөн ногдуулалтын актыг хийсэн гэж дүгнэсэн нь уг актын болон маргаан таслах зөвлөлийн тогтоол аль аль нь хууль бус болохыг харуулж байна.

Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг орлогод суурилсан аргаар тооцоолох ба аргачлалын 4.6-д "Татвар төлөгч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрээний үнэ болон энэ аргачлалд заасан тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох аргын дагуу тооцсон тооцоолол. холбогдох баримт бичгийг татварын албанд мэдүүлнэ", 7.2-т "Мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар баталсан ордыг ашиглах техник эдийн засгийн урьдчилсан тооцоог ашиглах ба ашигт малтмалын үнэ болон ашиглалтын зардлыг үнэлгээ тооцож буй орны оны түвшинд шилжүүлж тооцно...", 7.2.2.1-д ...тухайн тусгай зөвшөөрөлд хамаарах талбайгаас сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэг ашиглалт борлуулалт хийгдээгүй тохиолдолд техник, эдийн засгийн үндэслэл болон түүнд туссан борлуулалтын борлуулсан, шилжүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэд үндэслэн тооцно" гэснийг тус тус анхаарч үзэхгүйгээр хэрэглэх ёсгүй тооцооллыг ашиглаж хийсвэр татвар ногдуулалт хийж түүнээс хүү, алданги тооцсон нь ойлгомжгүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, гэсэн үндэслэлээ Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М, Д.Н нарын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-2 дугаар бүхий Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

5.Хариуцагч татварын улсын байцаагч нар хариу тайлбартаа:

5.1. Нийслэлийн татварын газартай харьцдаг, 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй, РД:******* "Т" ХХК-ийн 2020 оны 1 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 22243 дугаартай томилолтоор "Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус - Иж бүрэн" хяналт шалгалтыг Татварын улсын байцаагч Ч. М, Д.Н нар хийж гүйцэтгэв. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2 тоот нөхөн ногдуулалтын актаар 4,463,660,000.00 төгрөгийн зөрчилд 685,867,456.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 240,528,648.14 төгрөгийн татвар ногдох орлоготой, 206,272,868.88 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 34,255,779.26 төгрөгийн татвар ногдуулах орлогоос 3,425,577.93 төгрөгийн албан татвар төлөхөөр, 2021 онд татвар ногдох орлогогүй, 23,402,529.96 төгрөгийн зардалтай, 23,402,529.96 төгрөгийн алдагдалтай, 2022 онд 63,636,363.64 төгрөгийн татвар ногдох орлоготой, 97,225,029.40 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 424,553.64 төгрөгийн татвар ногдуулах орлогоос 42,455.36 төгрөгийн албан татвар төлөхөөр тайлагнаж, төсөвт 3,849,456.54 төгрөгийн албан татвар төлсөн, 7,544.64 төгрөгийн илүү үлдэгдэлтэй.


2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2020 онд 240,528,645.75 төгрөгийн борлуулалтын үнэлгээнд 12,026,432.29 төгрөгийн АМНАТ ногдуулан, 2021 онд "Х"-ээр, 2022 онд 63,617,400.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээнд 3,180,870.00 төгрөгийн АМНАТ ногдуулан тайлагнаж, төсөвт 15,206,898.89 төгрөгийн албан татвар төлсөн, 1,130.00 төгрөгийн илүү үлдэгдэлтэй.

Татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаанд татварын албаны бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын 287,272,727.28 төгрөгийн үнийн дүнтэй 2 ширхэг, худалдан авалтын 181,391,332.89 төгрөгийн үнийн дүнтэй 369 ширхэг падааны мэдээлэл, хуулийн этгээдийн лавлагаа 1 ширхэг, гаалийн мэдээлэл 1 ширхэг, Үндэсний аудитын газрын 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 1082/A0160094 албан шаардлагаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт тодорхойлолтгүй бүртгэсэн боловч татвар төлөгдөөгүй ААН-ийн мэдээлэл, 2022 оны 11 сарын 01-ний өдрийн тус компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, тус компанид 2022 онд мөрдөж байсан техник эдийн засгийн үндэслэл, Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг өнөөгийн үнэ цэнээр тооцоолон баталгаажуулсан татварын тооцоолол, санхүү татварын тайлан, татварын удирдлагын нэгдсэн системийн тооцоолол, санхүүгийн анхан шатны баримтуудтай тулган шалгасан.

Тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Ц, 50 хувийн хувьцаа эзэмшигч Г*******гийн Б******* нар өөрийн эзэмшилд байсан хувьцаанаас тус бүр 10, 10 хувь буюу компанийн нийт хувьцааны 20 хувь болох 4,463,660,000.00 төгрөгийн үнэлгээтэй хувьцаа, хувь оролцоо болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н*******гийн М*******т хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн өгөхдөө эрх эзэмшигч компани нь эрх борлуулсан шилжүүлсний орлогод албан татвар ногдуулаагүй, суутган тооцоогүй, суутгагчийн үүргээ биелүүлээгүй зөрчилд Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 тоот тушаалаар "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын "4.2. Харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан, шилжүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэд үндэслэн тооцно 4.3. Энэ аргачлалын 4.2-т заасны дагуу татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэ нь орлогод суурилсан аргын дагуу тооцсон үнэлгээнээс 20 ба түүнээс дээш хувиар бага байх тохиолдолд орлогод суурилсан аргаар тодорхойлсон дүнгээр тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцно" гэсэн журмыг баримтлан татварын тооцооллыг хийсэн.

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйл Татварын хяналт шалгалт, 41.2-т Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ" гэж зааснаар Татварын хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 01 дугаар сарын 31-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн дагуу татварын хяналт шалгалт хийх томилолт үүссэн. Тусгай удирдамжийн 1.1-т Үндэсний аудитын газрын 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 06/86 тоотоор ирүүлсэн уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлд хийсэн гүйцэтгэлийн аудитаар тусгай зөвшөөрлийн шилжилт, хөдөлгөөнийг татварын ерөнхий газарт бүртгүүлээгүй, татвар ногдуулаагүй зөрчлийг арилгах албан шаардлагын биелэлтийг хангах ажлын хүрээнд дараах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад оршино" гэснийг үндэслэн татварын хяналт шалгалт хийгдсэн.

"Т" ХХК-ний 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.


Нэхэмжлэлд "Т ХХК-ийн 50 хувийн эзэмшигч Гийн Ц*******, мөн 50 хувийн эзэмшигч Г*******гийн Б******* нар өөрийн эзэмшилд байсан хувиас тус бүр 10, 10 хувийг буюу нийт компанийн 20 хувийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр компанийн одоогийн захирал болох миний бие худалдаж авсан бөгөөд энэ нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48. "эцсийн эзэмшигч" гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг хэлнэ гэснээс үзэхэд уг компанид миний оролцоо тухайн үед түүний 30 хүртэлх хувьд хүрээгүй байгаа нь ил байгаагаас гадна уг 20 хувьд оногдох хөрөнгийг компани биш Г.Ц, Г, Б******* нар худалдан борлуулсан зүйл билээ. Зүй нь Татварын ерөнхий хууль болон бусад дагалдах хуулиар тодорхойлсон татвар ногдуулалт, төлөлттэй холбоотойгоор тэдгээрт тавигдах татвар юм.

Маргааны бодит байдал энэ бөгөөд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар тодорхойлсон 7.4.3 дах хэсэгт заасан орлог, мөн хуулийн 10.1.2 дах хэсэгт заасан орлого нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дах хэсэгт заасан эцсийн эзэмшигчтэй холбоотой асуудал бөгөөд тухайн үед уг компанийн эцсийн эзэмшигч нь одоо байгаа нэрээр нь "Т" ХХК төлөх ёстой гэсэн агуулга биш юм.

Иймд хуулийг зохицуулж буй шууд харилцаагаар биш худалдан борлуулж ашиг олоогүй компанийнх нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй этгээдийн нэрээр уг актыг тогтоож болохгүй ба энэ нь уг актын хууль бус болохыг харуулж байна гэж дурдсан байна.

Т" ХХК нь гадаад худалдаа, ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000.00 төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулагдсан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт "С*******" нэртэй газарт MV-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Үйл баримтын тухайд "Т" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Ц, 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Б******* нар өөрийн эзэмшлийн хувьцаанаас тус бүр 10, 10 хувь буюу нийт 20 хувийг 2022 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр Н.М*******тэд худалдаж, шилжүүлсэн хувьцаанд хувь тэнцүүлсэн хэмжээгээр компанийн эрх болон компанийн бусад хөрөнгийг Н.М*******тийн өмчлөлд шилжүүлэхээр эрх шилжүүлэх гэрээ байгуулан холбогдох өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгажээ.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48. "эцсийн эзэмшигч гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно, 7.4.3-т хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 10 дугаар зүйлийн 10.1-т Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна 10.1.2. төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлог, 30 дугаар зүйлийн 30.2-т Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно, 30.11-т Энэ хуулийн 30.10-т заасны дагуу ногдуулах албан татварыг тухайн эрх эзэмшигч ногдуулж, 30 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ., 30.13-т Албан татвар төлөгч энэ хуулийн 26.1, 26.2-т заасны дагуу хүргүүлэх татварын тайланд энэ хуулийн 30.11, 30.12-т заасны дагуу ногдуулсан татварын тайланг хавсаргана гэх хуулийн зохицуулалттай байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч болох Г.Б*******, Г.Ц нар нь өөрийн эзэмшиж байсан хувьцааг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Н******* овогтой М*******тэд хэсэгчлэн шилжүүлсэн нь нотлогдож байх тул тухайн эрх эзэмшигч "Т" ХХК-д ногдуулж төлөх үүргээ биелүүлээгүй гэж төлбөр ногдуулсан.

2. Нэхэмжлэлд: Түүнчлэн нэг зүйл, манай компани нь хувьцаат компани биш нэг гишүүнтэй, нэг гишүүний хувь оролцооны асуудал бөгөөд компанийн 80 хувийн 80 хувьд 176,862,637.3 төгрөгийн татварыг ашиглалтын тусгай зөвшөөрөл худалдан борлуулсны орлогод ногдуулан төлүүлсэн байхад уг шалгалтаар 20 хувийн хувь оролцоонд 446,336,000.00 төгрөгийн орлогын албан татвар төлүүлэхээр тооцсон, түүнчлэн өмнө нь 62,380,000.00 төгрөгийн татварын улсын байцаагч 20 хувьд тооцон төлүүлсэн мөртөө уг мөнгийг хасаж тооцоогүй зэрэг хууль бус асуудлыг уг акт өөрөө агуулж байгаа нь уг захиргааны акт нь татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгааг харуулж байна гэж дурдсан байна.

 

Дээрх үйл баримтын тухайд компанийн үлдсэн 80 хувийг 2023 онд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн нь хяналт шалгалтын томилолтоор олгогдсон хугацаанд хамаарахгүй байна. Түүнчлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 62,380,000.00 төгрөг төлсөн нь татварын орлогын бүртгэлд бүртгэгдсэн байгаа ч тухайн эрх борлуулсны орлогод ногдуулж төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/262 дугаар тушаалаар батлагдсан "Татварын орлого бүртгэх, орлогын данснаас татвар хооронд суутган тооцох журам"-ын 5. Татварын суутган тооцооллын бүртгэл 5.4. Татвар төлөгч нь илүү төлсөн албан татварыг суутган тооцох хүсэлтийг харьяалах татварын албанд дор дурдсан хугацаанд хүргүүлнэ: 5.4.2. хяналт шалгалтын үр дүнгээр тодорхойлогдох татварын илүү төлөлтийн суутган тооцох хүсэлтийг нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид гардуулсан санхүүгийн жилд;" гэж зааснаар суутган тооцуулах эрх татвар төлөгчид нээлттэй байгаа.

3. Нэхэмжлэлд маргаан бүхий захиргааны акт /уг акт гэдэг нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн Ч.М, Д.Н нарын 2024 оны 5 сарын 31-ний өдрөөр НА- 2 дугаар бүхий татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актаар компанийн хувь оролцооны 20 хувьд тооцооллын ямар аргаар тооцсон, уг тооцоолол нь энэ маргаанд зайлшгүй хэрэглэгдэх эсэхийг анхаараагүй, энэ маргаанд хэрэглэх ёсгүй хууль бус тооцооллыг ашиглан татварын тооцооллыг уг хяналт шалгалт хийх удирдамжид дурдаагүй хүнээр хийлгэсэн нь тодорхой байх ба энэ хоёр байцаагч уг тооцооллыг хийгээгүй, нягталж хянаж шалгаагүй болох нь татварын маргаан таслах зөвлөлийн хуралд оролцоход ил байсан юм гэж дурдсан байна.

Эрх борлуулсан шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах татварын тооцооллыг хийхдээ Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн 3.12-т Татварын хяналт шалгалтыг Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтэстэй дараах байдлаар хамтарч гүйцэтгэнэ, 3.12.1. Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтэс нь улсын бүртгэлийн ерөнхий газраас эрх борлуулсантай холбоотой мэдээллийг нэгдсэн журмаар мэдээлэл солилцох байдлаар гаргуулан авна.

3.12.2-т Татварын хяналт шалгалтын нэгжийн татварын улсын байцаагчид шалгалтад хамрах хугацаанаас хамаарч Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 380 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын 5 дугаар хавсралтад дурдсан баримт бүрдүүлэн Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтэст цахимаар хүргүүлнэ,

3.12.3-т Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсээс хяналт шалгалтад хамрагдаж байгаа татвар төлөгчийн 3.12.2-д заасан баримт материалыг хүлээн авч нягтлан бүрдлийн шаардлага хангасан тохиолдолд аргачлалын дагуу тооцооллыг хийж нөхөн татварын дүнг баталгаажуулан бусад хяналт шалгалтад шаардлагатай зөвлөмжийг боловсруулан харьяалах татварын албаны татварын хяналт шалгалтын нэгжийн даргад ажлын 14 хоногийн дотор и-мэйл хаягаар хүргүүлнэ.

3.12.4-т Эрх борлуулсан орлогод ногдох нөхөн татварыг Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсээс баталгаажуулж хүргүүлсэн татварын тооцооллыг үндэслэн нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ. гэснийг үндэслэл болгоно гэсний дагуу эрх борлуулсан шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах татварын тооцооллыг хийхдээ Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн 3.12-т Татварын хяналт шалгалтыг Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтэстэй дараах байдлаар хамтарч гүйцэтгэнэ. 3.12.4. Эрх борлуулсан орлогод ногдох нөхөн татварыг Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялагийн татварын хэлтсээс баталгаажуулж хүргүүлсэн татварын тооцооллыг үндэслэн нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ гэснийг үндэслэл болгосон.

Татварын ерөнхий газар, Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсээс гомдол гаргагчийн 2022 онд шилжүүлсэн хувьцааны 20 хувьд ногдох эрх борлуулсны орлогыг тухайн үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу ашигт малтмалын үнэ болон ашиглалтын зардлыг 2022 оны түвшинд хөрвүүлэн тооцож 4,463,660,000.00 төгрөгийн үнэлгээнээс албан татвар ногдуулан төлөхөөр тооцооллыг ирүүлсэн байгаа нь хууль тогтоомжид нийцэж байна.

Татвар төлөгчийн гомдолд дурдсан 7.2.2.1-т тухайн тусгай зөвшөөрөлд хамаарах талбайгаас сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэгэн ашиглалт, борлуулалт хийгдээгүй тохиолдолд техник эдийн засгийн үндэслэл эсхүл техник эдийн засгийн урьдчилсан төлөвлөгөөнд туссан борлуулалтын үнээр гэсэн заалт нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар нэмэгдсэн тул 2022 онд эрх шилжүүлэхэд хэрэглэгдэхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт үнэлэлт, дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  2. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт нь Т ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Ц*******, 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Б******* нар өөрийн эзэмшилд байсан хувьцаанаас тус бүр 10 хувь буюу компанийн нийт хувьцааны 20 хувийн хувьцаа, хувь оролцоо, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг Н.М*******т хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн өгөхдөө эрх эзэмшигч компани нь хувьцаа, саналын эрх шилжүүлсэн, борлуулсны орлогод албан татвар ногдуулж, суутган тооцоогүй, суутгагчийн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гарсан байх ба нэхэмжлэгчээс тухайн үед Н.М******* эцсийн эзэмшигч биш байсан, 20 хувийн хувьцааг компани биш Г.Ц, Г.Б******* нар худалдан борлуулсан, тооцооллын алдаатай гэж, хариуцагчаас эцсийн эзэмшигч нар нь хувьцааг борлуулах, шилжүүлэх замаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлсэн тул эрх эзэмшигч компани татвар ногдуулж төлөх үүргээ биелүүлээгүй, тооцооллын алдаагүй гэж тус тус маргасан.
  3. Т ХХК-ийн эцсийн эзэмшигч буюу 50, 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Ц болон Г.Б******* нар нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр тус тус Н.М*******т нийт 20 хувийн хувьцаа, хувьцаанд ногдох эрх үүргийг шилжүүлсэн байна.
  4. Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ гэж заасан бөгөөд дээрх гэрээний дагуу Н.М******* нь Т ХХК-ийн 20 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болж, тус хувьцаанд үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах эрхийг авчээ.
  5. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т "Эцсийн эзэмшигч гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно гэж, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д эцсийн эзэмшигч гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг ойлгоно гэж тус тус зааснаас үзэхэд эцсийн эзэмшигч Г.Б*******, Г.Ц нараас Н.М*******т нийт 20 хувьцаа шилжүүлсэн нь эрх эзэмшигч Т ХХК-ийн хувьд Н.М******* эцсийн эзэмшигч биш болно.
  6. Мөн хуулийн 7 дугаар зүйлд албан татвар ногдох орлогыг зохицуулсны дотор хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого хамаарч байх ба хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна, 10.1.2-т төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого, 10.1.3-т хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого, 30 дугаар зүйлийн 30.2-т Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно гэж тус тус заажээ.
  7. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого болон хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого нь тусдаа, өөр өөр орлого байхаас гадна эцсийн эзэмшигчийн хувьцааг шилжүүлэх замаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг борлуулж, шилжүүлсний улмаас олсон орлогыг төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого-д тооцохоор хуульчилсан. Маргаан бүхий тохиолдолд эцсийн эзэмшигчээс өөр этгээдэд хувьцаа худалдаж, хувьцаанд ногдох эрх үүргийг шилжүүлсэн боловч тусгай зөвшөөрлийг борлуулж, шилжүүлээгүй тул төрийн байгууллагаас олгосон эрх борлуулж, шилжүүлэх харилцаа үүсээгүй байна.
  8. Тодруулбал, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т зааснаар эрх эзэмшигч гэж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу эзэмшдэг этгээдийг ойлгохоор, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж тусгай зөвшөөрлийн эрх авсан эсхүл хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг ойлгохоор байх бөгөөд хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн авсан тохиолдолд л тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу эрх эзэмшигч гэж үзнэ.
  9. Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Т ХХК-аас өөр хуулийн этгээдэд шилжүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, тусгай зөвшөөрлийн эрх эзэмшигч хуулийн этгээд өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа, тусгай зөвшөөрлийг худалдан борлуулж, шилжүүлэх харилцаа үүсээгүй тул хувьцаа шилжүүлснээр тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлсэн гэж үзэхгүй, хувьцаа шилжүүлэх болон тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хуулийн урьдчилсан нөхцөл аль аль нь хангагдсан тохиолдолд хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцох юм.
  10. Түүнчлэн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар хуулийн зорилго нь аж ахуй нэгж орлого олсон бол албан татвар ногдуулж, түүнийг төсөвт төлүүлэх, тайлагнах харилцааг зохицуулна, тус хуульд заасан татвар төлөгч нь аж ахуй нэгж байх ба эцсийн эзэмшигч буюу хувьцаа эзэмшигч нараас 20 хувийн хувьцаагаа шилжүүлснээр тухайн эрх эзэмшигч хуулийн этгээд болох Т ХХК-ийн хувьцааны нийт дүн хэмжээнд өөрчлөлт ороогүй, компанийн олсон ашгаас ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчийн тоо 1-ээр нэмэгдэж, эцсийн эзэмшигч нарын ногдол ашиг хүртэх хувьцааны тоо буурсан болохоос аж ахуй нэгж орлого олсон гэж үзэх үндэслэлгүй байна.
  11. Өөрөөр хэлбэл, эрх эзэмшигч Т ХХК-ийн нийт хувьцааны дүн, хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр компанийн саналын эрхийн бүтцэд өөрчлөлт орсныг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д зааснаар эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй.
  12. Иймд дээрх үндэслэлээр татварын улсын байцаагч нарын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 685,867,456 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байх тул Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
  13. Нэгэнт шүүхээс маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул тооцооллын хувьд дүгнэлт өгөх шаардлагагүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.12, 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.2, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т заасныг тус тус баримтлан Т ХХК-аас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М, Д.Н нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагч нарын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОДМАА