| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/06916/И |
| Дугаар | 192/ШШ2025/01689 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/01689
2025 02 27 192/ШШ2025/01689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн Ө чөлөө, ****** цогцолборын ***дугаар давхарт байрлах “Н” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжав, *****дүгээр байрны ***тоот хаягт байрлах “Ө х” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 45,540,000 /дөчин таван сая таван зуун дөчин мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, уг шаардлагыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
“Ө х” ХХК болон “Н” ХХК нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр NH/21/241 дугаартай Харуул хамгаалалтын гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдаж, уг гэрээний дагуу бид Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ***** хотхоны талбай болон эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамгаалалтын алба хаагч ажиллуулж гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Хариуцагч “Ө х” ХХК нь гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу хамгаалалтын ажлын хөлсийг сар бүрийн 02-ны өдрийн дотор хамгаалагч талын дансанд шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй 2023 оны 6 дугаар сараас мөн оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацааны төлбөр 30,360,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Манай компанийн зүгээс хариуцагчид төлбөр төлөх тухай мэдэгдэл болон шаардлагыг удаа дараа тавьж байсан ч шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч “Ө х” ХХК-иас гэрээний үүрэгт төлөгдөөгүй 30,360,000 төгрөг, гэрээний 7.4 дэх хэсэгт заасны дагуу алданги 15,180,000 төгрөг, нийт 45,540,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Тус гэрээний дагуу манай компани хамгаалалтын албан хаагчийг ажиллуулан гэрээний үүргээ биелүүлж байсан. Гэвч хариуцагч тал гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Харуул хамгаалалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээгээр талууд харуул хамгаалалтын нэмэлт ажилтан ажиллуулах, нийт ажилтны ажлын хөлсийн хэмжээг харилцан тохиролцон нэмж, гэрээний бусад нөхцөл заалтууд үндсэн гэрээгээр хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж, нэмэлт гэрээний хугацаа үндсэн гэрээний хугацаатай хамт дуусгавар болохоор гэрээнд тусган, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний 2.1 дэх хэсэгт хугацааг заасан ба 2.2 дахь хэсэгт заасны дагуу талуудаас гэрээг цуцлах тухай санал гаргаагүй учир мөн хугацаагаар сунгагдсан. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд тооцон шаардаж байгаа. Хариуцагч тал нэхэмжлэлийг гардаж авсан боловч хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй учир хуульд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэж тайлбарлав.
2. Хариуцагч “Ө х” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий төлөөлөгч Б.Алтанзаяа 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Харуул хамгаалалтын гэрээний хуулбар /хх-7-12/, мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний хуулбар /хх-13/, “Н” ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Ө х” ХХК-нд гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн 03/472 дугаартай албан бичгийн хуулбар /хх-14/, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-15/, “Н” ХХК-иас “Ө х” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 03/277 дугаартай албан бичгийн эх хувь /хх-16/, шуудангийн баримт /хх-17/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагч талаас шүүхэд “Ө х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-23/-ыг нотлох баримтаар гаргаж, өөр бичмэл баримт гаргаагүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх “Н” ХХК-ийн “Ө х” ХХК-д холбогдуулан 45,540,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ: “гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй учир 2023 оны 6, 7, 8 дугаар сарын ажлын хөлсийн үлдэгдэл 30,360,000 төгрөг, алданги 15,180,000 төгрөг, нийт 45,540,000 төгрөгийг гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч “Ө х” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий төлөөлөгч Б.Алтанзаяа 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10693 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь харуул хамгаалалт эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг Цагдаагийн ерөнхий газраас 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр олгогдсон 202107000069 дугаар гэрчилгээгээр авсан байна.
4.2. “Н” ХХК, “Ө х” ХХК нар 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Харуул хамгаалалтын гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу хамгаалагч тал болох “Н” ХХК нь үйлчлүүлэгч “Ө х” ХХК-ийн заасан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ****** хотхоны барилгын талбай болон талбайн байрлах эд хөрөнгийг гадны этгээдийн гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр өөрийн хамгаалалтын алба хаагчийг ажиллуулах, Үйлчлүүлэгч нь гэрээнд заасны дагуу хамгаалалтын ажлын хөлсийг сар бүр төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг дуусах хүртэл хугацаатайгаар байгуулан, уг хугацаа дуусгавар болоход гэрээний талуудын аль нэг гэрээг цуцлах талаар санал гаргаагүй бол ижил нөхцөл, хугацаатайгаар гэрээг дахин сунгагдсанд тооцох, гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ үйлчлүүлэгч биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хамгаалагч талд төлөх болон талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага зэргийг харилцан хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр үйлдэн, төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
4.3. Гэрээний талууд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр буюу гэрээний хугацаанд харилцан тохиролцож Харуул хамгаалалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан, харуул хамгаалалтын нэмэлт ажилтан ажиллуулах, нийт ажилтны ажлын хөлсийн хэмжээг харилцан тохиролцон нэмж, гэрээний бусад нөхцөл заалтууд үндсэн гэрээгээр хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж, нэмэлт гэрээний хугацаа үндсэн гэрээний хугацаатай хамт дуусгавар болохоор гэрээнд тусган, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
4.4. Ийнхүү гэрээний хугацаа 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дуусахад талууд аль аль нь гэрээ цуцлах талаар санал гаргаагүй тул Харуул хамгаалалтын гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ ижил нөхцөл, хугацаатайгаар дахин сунгагдаж, нэхэмжлэгч “Н” ХХК нь гэрээнд заагдсан газарт харуул хамгаалалтын ажилтнуудаараа үүрэг гүйцэтгүүлж, хариуцагч “Ө х” ХХК-ийн зүгээс зохих төлбөрийг төлж байсан боловч 2023 оны 6, 7, 8 дугаар саруудын төлбөрийг төлөөгүй байна.
4.5. Гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дуусахад талууд мөн гэрээг цуцлах талаар санал гаргаагүй боловч нэхэмжлэгч “Н” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Ө х” ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлөгдөөгүй үлдсэн төлбөр төлөхийг шаардсан мэдэгдлийг хүргүүлжээ.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээг бичгээр байгуулж, бичгээр хийгдсэн гэрээнд анзын талаар тусгасан байна.
6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь төлөгдөөгүй хугацааны буюу 2023 оны 6, 7, 8 дугаар саруудын ажлын хөлс 30,360,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
7. Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дуусаж, хэн аль нь гэрээг цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдээгүй бөгөөд гэрээний харилцаа үргэлжилсэн болох нь зохигчийн тайлбар, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэргээр тогтоогдож байх тул Харуул хамгаалалтын гэрээний 2.2 дахь хэсэгт “Гэрээний хугацаа дуусгавар болоход талуудын аль нэг нь гэрээг цуцлах тухай санал гаргаагүй бол гэрээг ижил нөхцөл, хугацаатайгаар дахин сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээ 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг дуустал сунгагдсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсийн үлдэгдэл 30,360,000 төгрөгийг шаардах эрхтэй.
8. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох алданги 15,180,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 30,360,000 төгрөгийн 50 хувиар тооцон шаардаж байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан.
9. Талууд гэрээний 7.4-т анзын талаар тохиролцож тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах нөхцөлийг хангасан байх тул мөн хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд тооцон шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг хангав.
10. Хариуцагч 2023 оны 6 дугаар сараас эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл 3 сарын хугацааны ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй учир энэ үеэс эхлэн анз шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 7.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг шаардвал хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээр байх тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг 30,360,000 төгрөгийн 50 хувь буюу 15,180,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна.
12. Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 385,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө х” ХХК-иас 45,540,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 385,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө х” ХХК-иас 385,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА