| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 184/2024/02634/И |
| Дугаар | 192/ШШ2025/00562 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/00562
2025 01 23 192/ШШ2025/00562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах “Ж” /цаашид Ж гэх/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 6-126 тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн 5265526 регистртэй “П” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ****байрны ****** тоот хаягт оршин суух, Гал монгол овогт Ц.Ё,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, П.Жасрайн гудамж, ****байрны ***давхар, ***хэсэгт оршин суух, Гал монгол овогт С.Ц,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ***дугаар байрны *** тоот хаягт оршин суух, Цагаан согоот овогт Ц.А,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 294,569,088 /хоёр зуун ерэн дөрвөн сая таван зуун жаран есөн мянга наян найман/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Ж-ын үндсэн нэхэмжлэл,
Зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “П” ХХК, Ц.Ёнарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сугар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 49 дүгээр “Агентлаг байгуулах тухай” тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жт шилжүүлсэн. Тус сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн “П” ХХК, түүнийг төлөөлж захирал Ц.Ц, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Ёнар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 141/2018/З-18 тоот зээл болон 141/2018/Б-18 тоот барьцааны гэрээ байгуулан 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийг “Саалийн үнээний аж ахуйн” төслөөр 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд С.Цийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, П.Жасрайн гудамж ****байрны 1 дүгээр давхар Б хэсэгт байрлах, улсын бүртгэлийн Ү-***, ****гэрчилгээний дугаар бүхий 90 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Аөмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ***дугаар байрны **** тоот хаягт байрлах, 153 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан. Зээлдэгч гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Бидний зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Ц, Ц.А нарыг хариуцагчаар татсан. Иймд “П” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 196,379,392.13 төгрөг, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир гэрээнд болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги 98,189,696.07 төгрөг, нийт 294,569,088.20 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн төлбөрөөр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шаардаж байна.
Ж нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага биш бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ба үндсэн чиг үүрэг нь Засгийн газрын тодорхой чиг үүрэг зорилтыг санхүүжүүлэх, тусгай санг хуулиар байгуулж, хуулиар татан буулгадаг. Зээл олгох процессыг ямар нэгэн тусгай зөвшөөрлөөр зохицуулдаггүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулагддаг. Зээл олгох үйл ажиллагааны хувьд Монгол улсын Засгийн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор зээл олгодог ба Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар энэ талаар зохицуулсан байгаа. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх үүднээс байгуулагдсан тусгай сан учир Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авахгүй, ашгийн төлөө биш бодлого хэрэгжүүлэх зорилготой байгууллага юм. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон “П” ХХК, Ц.Ё, С.Ц, Ц.А нар нь 300,000,000 төгрөгийг жилийн 3,0 хувийн хүүтэйгээр 60 сар буюу 5 жилийн хугацаатайгаар авсан байна. Нэхэмжлэгч Ж нь Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 49 тоот тогтоолоор байгуулагдаж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн чиг үүргийг хүлээн авсан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Ж нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.2-т заасныг тус тус үндэслэн байгуулагдсан, жижиг, дунд үйлдвэрийн газруудад зээл олгох, төлүүлэхтэй холбоотой бүхий л эрх үүргийг Засгийн газраас авсан, зээлийн үйл ажиллагаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдах хуулийн этгээд боловч 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 141/2018/З-18 дугаартай зээлийн гэрээний 1.5 дахь заалтад “...зээлийг эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн аланги тооцно” гэж оруулсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.2 ба 21.2 дахь заалтуудыг зөрчсөн хууль бус заалт болжээ. Дээрх хуульд зээлийн гэрээний стандартыг хуульчилж өгсөн бөгөөд ямар нэгэн алданги тооцох тухай ямар ч зүйл заалт байхгүй, зөвхөн нэмэгдүүлсэн хүү тооцохоор заажээ. Зээлийн тооцооллыг анз тооцохгүйгээр тооцвол: үндсэн зээлийн үлдэгдэл 196,379,393 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 22,927,184 төгрөг, нийт 219,306,577 төгрөгийн тооцоо харагдаж байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 24,660 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 1,530,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад оруулалгүй орхигдуулсан байна. Дээрх хоёр төлбөрөөс бусад төлбөрийн тооцоон дээр маргаан байхгүй.
Зээлийн гэрээний дагуу “П” ХХК нь зээлдүүлэгчид нийт 131,537,449 төгрөгийг төлсөн байгаа. Ж нь үйл ажиллагааны үндсэн уриа лоозон нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготой гэдэг боловч хүү, анз тооцдог. Иргэний хуулийн 452 дугаар зүйлд захирагдах ёстой. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд орно гэж үзээд байна. Зээлийн үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг хэрнээ ордоггүй гэдгийг ямар ч хуулиар зохицуулаагүй. Эргэн төлөх хугацаанд Ковидын хямралын үе таарсан. Нэхэмжлэлд хавсаргасан баримтуудтай тооцоо нийлэхэд хоёр баримтыг хавсаргаагүй байсныг манайх нэмэлтээр оруулж өгсөн. Тооцоолол дээр ямар нэгэн маргаан байхгүй. Зээлийн гэрээ хугацааныхаа туршид байнга хүү авч байсан. Гэрээг цуцлаад нэхэмжлэл гаргахдаа ямар нэгэн тооцоолол хийхгүйгээр механикаар 50 хувь болгоод анз тооцсон нь асар өндөр байгаа учир зээлийн гэрээний дагуу ашигласан хугацааны хүү шаардах эрхтэй байсан гэж үзэж байна. Иймд анзыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
3. Хариуцагч “П” ХХК, Ц.Ёнарыг төлөөлөн тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон “П” ХХК, Ц.Ёнарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.5 дахь заалтад 0,1 хувийн алданги тооцохоор оруулж, алдангид 98,189,696 төгрөг нэхэмжилсэн нь шударга ёсонд харш, зээл авсан талдаа илтэд хохиролтой, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг зөрчсөн, хууль бус заалт болжээ. Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Ж нь зээлийн хүүнд нэг ч төгрөг нэхэмжлээгүй. Алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцоолоод шаардсан байна. Ж нь Засгийн газрын тухай хууль болон бусад хуулиудад үндэслэж байгуулагдсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар энэ байгууллагын үйл ажиллагаа явагдана. Тиймээс гэрээний 1.5 дахь хүчин төгөлдөр бус байна...гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сугар сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.8-д “эрх бүхий хуулийн этгээд” гэж хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. ЖДҮХСан нь Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос ямар нэгэн зөвшөөрөл авдаггүй бөгөөд Засгийн гарын тусгай сангийн тухай хууль болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг. Мөн Засгийн газрын тусгай сан гэж засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай данс бөгөөд тусгай санг хуулиар байгуулж, хуулиар татан буулгадаг. Үйл ажиллагааг нь тусгайлсан хуулиар зохицуулдаг тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй юм. Хуулиар эрх олгосон байгууллага гэдэгт ЖДҮСан хамаарна гэж үзэж байна. “П” ХХК нь 2018 онд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ гэрээний хугацаа 2013 онд дуусаж байгаа. Энэ хугацаа дууссанаас хойш хүү бодоогүй учир нэхэмжлэлээр хүү шаардаагүй. Нэхэмжлэгч нь ашгийн бус байгууллага бөгөөд зээлийн хүү болон алдангиар цалинждаггүй, улсын төсвөөс цалинждаг. Зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг дараа жилийнхээ зээлийн эргэн төлөлтөд улсын төсвөөс хуваарилуулдаг. Нэг ч албан тушаалтан урамшуулал хэлбэрээр авдаггүй. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр зохицуулагддаг. Хууль болон гэрээгээр алданги авахаар зохицуулсан байгаа учир анз нэхэмжилсэн...гэв.
5. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Зээлийн гэрээний хуулбар /хх-3-9/, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хх-10-18/, Ж-ын “П” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1/71 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-19/, Уулзалтын тэмдэглэлийн хуулбар /хх-20/, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-21-22/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-23-24/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-25/
6. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-38/, Баянгол дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-40-41/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-51-52/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч Ж-ын үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Ж нь “П” ХХК, Ц.Ёнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 196,379,392 төгрөг, алданги 98,189,696 төгрөг, нийт 294,569,088 төгрөг гаргуулах, хариуцагч С.Ц, Ц.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасан.
2.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ: “зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир үндсэн зээл болон алдангийг шаардана. Гэрээний хугацаанд зээлийн хүү төлөгдсөн учир шаардаагүй. Гэрээнд заасан сар бүрийн хуваарийн дагуу зээл буцаан төлөгдөөгүйгээс алданги тооцоход үндсэн үүргээс илүү гарсан учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алдангийг шаардсан” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 196,379,392 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, алданги 98,189,696 төгрөгийг эс зөвшөөрөн маргаж байна.
3.1. Хариуцагч тал дээрх татгалзлын үндэслэлээ: “Ж нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага учраас Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой боловч гэрээгээр анз тооцсон нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөрчсөн учир анзыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлав.
4. Хариуцагч “П” ХХК, Ц.Ёнар нэхэмжлэгчид холбогдуулан маргаан бүхий зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4.1. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “Ж нь Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.2-т заасныг үндэслэн байгуулагдсан, жижиг, дунд үйлдвэрийн газруудад зээл олгох, төлүүлэхтэй холбоотой бүхий л эрх үүргийг засгийн газраас авсан, зээлийн үйл ажиллагаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдах бөгөөд маргаан бүхий зээлийн гэрээний алданги тооцсон 1.5 дахь заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг зөрчсөн учир мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна” гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. ЖДҮХСан, Ж нь ийм зөвшөөрөл авдаггүй, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг учир анз тооцсон гэрээний заалт хүчин төгөлдөр байна” гэж тайлбарлан маргаж байна.
6. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
6.1. ЖДҮХСан болон “П” ХХК, Ц.Ёнарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 141/2018/3-18 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ЖДҮХСан нь 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, нэг жилийн 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч “П” ХХК, Ц.Ёнар нь гэрээ байгуулснаас хойшхи 12 сард үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөж, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт төлөх нөхцөлтэй, “Саалийн үнээний аж ахуйн” төслийн зориулалтаар ашиглуулахаар харилцан тохиролцож, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцох эрхийг зээлдүүлэгч эдлэхээр зааж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
6.2. Гэрээний талууд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 141/2018/З-18-1 тоот Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг бичгээр байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунган өөрчилжээ.
6.3. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр талууд 141/2018/Б-18 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж,
- С.Цийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/, П.Жасрайн гудамж ****дугаар байрны 1 дүгээр давхар Б хэсэгт байршилтай, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, ****дугаар гэрчилгээтэй, 90 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Ц.Аөмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө, ***дугаар байрны **** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэгдсэн, ***дугаар гэрчилгээтэй, 153 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалан, гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлжээ.
6.4. Гэрээний дагуу зээлийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 103,620,607.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 26,215,770.66 төгрөг, нийт 129,836,378.53 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 196,379,392.13 төгрөг төлөөгүй байна.
7. Талууд зээлийн болон барьцааны гэрээний гол нөхцөлийн хүчин төгөлдөр байдал, зээлийг бодитоор олгосон эсэх болон буцаан төлсөн зээл, зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч тал гэрээний дагуу алданги шаардах эрхтэй эсэх, зээлийн гэрээнд анз тооцохоор тусгасан 1.5 дахь заалт хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид өөр өөрийн үндэслэл заан маргаж, хариуцагч талаас гэрээний уг заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
8. Талууд маргаан бүхий зээлийн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 281-285 дугаар зүйл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 1.3, 2.4, 6.2 дахь заалтууд, Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан Зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэл болгосон байна.
9. Шүүх дараах үндэслэлээр талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж дүгнэв.
9.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь хэсэгт зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг “хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг хэлнэ” гэж тодорхойлон заасан байна.
9.2. Нэхэмжлэгч Ж нь дээрх хуульд заасан Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авдаггүй, “Төрийн удирдлагын үйл ажиллагааны чиглэл” бүхий төрийн байгууллага бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа нь зохицуулагддаг байна.
10. Маргаан бүхий гэрээ Иргэний хуулийн 281 дүгээрз үйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд заасан шаардлага хангасан, хуулийн этгээд хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 300,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
11. Зээлдэгч нар гэрээний дагуу зээлийн төлбөрийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээс үндсэн зээлд 103,620,607.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 26,215,770.66 төгрөг, нийт 129,836,378.53 төгрөг төлсөн талаар зохигчид мөн маргаагүй бөгөөд тэдний тайлбар нэхэмжлэгч талын гаргасан зээлийн дансны хуулгаар давхар нотлогдож байна.
12. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “П” ХХК, Ц.Ёнараас зээлийн үлдэгдэл төлбөр 196,379,392.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж-т олгох нь зүйтэй.
13. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар нь 60 сар буюу 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүү төлөх үүрэг хүлээж, 2021 онд байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу нийт зээлийн хүүгийн төлбөрт 27,770,430 төгрөг төлөхөөс нэхэмжлэгч талын тооцоолсноор 26,215,770.66 төгрөгийг зээлдэгч нар төлсөн байх боловч нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөр шаардаагүй тул гэрээний дагуу зээлийн хүү төлөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
14. Үндсэн нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох алданги 98,189,696.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь хариуцагч нарын гаргасан зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй харилцан тооцогдохоор шаардлага байна.
14.1. Нэхэмжлэгч нь төрийн удирдлагын үйл ажиллагааны чиглэлтэй төрийн байгууллага ба Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авдаггүй болох нь нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.1 дэх хэсэгт тус сангаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох талаар хуульчилсан байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Ж-ыг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.
14.2. Иймд дээрх үндэслэлээр шүүх хариуцагч “П” ХХК, Ц.Ёнарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
15. Талууд зээлийн гэрээний хугацааг 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр дуусахаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийг буцаан төлөх үүргээ зээлдэгч нар бүрэн биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч талд гэрээний 1.5 дахь хэсэгт зааснаар анз шаардах эрх 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үүснэ.
15.1. Ийнхүү зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 59 хоногийн хугацааны алданги 11,586,361 төгрөг /нэг хоногийн алданги 196,379 төгрөгийг 59 хоногт тооцох/ байгааг нэхэмжлэгч Ж нь Иргэний хуулийн 232.6 дахь хэсэг болон зээлийн гэрээний 1.5-д заасны дагуу хариуцагч нараас шаардах эрхтэй.
15.2. Харин зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй сар бүрийн төлөлтөөс 0,1 хувийн алданги тооцож, Иргэний хулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг болох 196,379,392 төгрөгийн 50 хувиар анзыг шаардсан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө алданги шаардсан байх тул илүү нэхэмжилсэн 86,603,335 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
16. Талуудын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд заасан болон хэлбэрийн шаардлага хангасан байх тул хариуцагч “П” ХХК, Ц.Ёнар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох хариуцагч С.Ц, Ц.А нарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
17. Нэхэмжлэгч Ж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч “П” ХХК, Ц.Ёнарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлснийг тус тус шийдвэрт дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээс хангагдсан шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамжид төлөгдөх 1,197,779 төгрөгийг хариуцагч “П” ХХК, Ц.Ёнараас, 70,200 төгрөгийг хариуцагч С.Ц, Ц.А нараас тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
12. Хариуцагч “П” хХК, Ёнар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц, А нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. ИХ-ийн 175.1
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “П” ХХК, Ц.Ёнараас зээлийн гэрээний үүрэгт 207,965,753 /хоёр зуун долоон сая есөн зуун жаран таван мянга долоон зуун тавин гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлээс 86,603,335 /наян зургаан сая зургаан зуун гурван мянга гурван зуун гучин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч “П” ХХК, Ц.Ёнар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Цийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /***/, П.Жасрайн гудамж ****дугаар байрны 1 дүгээр давхар Б хэсэгт байршилтай, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, ****дугаар гэрчилгээтэй, 90 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Ц.Аөмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /***/, Энхтайваны өргөн чөлөө, ***дугаар байрны **** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэгдсэн, ***дугаар гэрчилгээтэй, 153 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 202 дугаар үйлийн 202.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, “П” ХХК, Ц.Ёнарын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 141/2018/З-18 тоот зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “П” ХХК, Ц.Ёнарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг, хариуцагч “П” ХХК, Ц.Ёнарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлснийг тус тус дурдаж, хариуцагч “П” ХХК, Ц.Ёнараас 1,197,779 төгрөг, хариуцагч С.Ц, Ц.А нараас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА