2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/00267

 

 

 

 

 

 

   2025             01             15                                         192/ШШ2025/00267          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хороолол, ****дугаар байрны ***тоот хаягт оршин суух, Боржигон овогт Г.Э,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Баруун үйлдвэрийн гудамж-****, ****тоот хаягт байрлах “М” ХХК,

            Нэхэмжлэлийн шаардлага: “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/72 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Эг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар /ШТЭД:1202/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Г.Э шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Өртгийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 00807 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээгээр “М” ХХК нь Г.Э намайг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, цалин хөлсийг бодож олгох, мөн хуучин цалин хөлсөөр ажиллуулахаар харилцан тохиролцсон. Ийнхүү шүүгчийн захирамж гарсан боловч “М” ХХК нь захирамжийг сайн дураараа биелүүлээгүй ба намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тушаал гаргаагүй. Би энэ хугацаанд хуучин ажилдаа томилуулахаар очсон боловч хүний нөөцийн ажилтан н.Бямбадаш нь “захирал байхгүй” гэх шалтгаанаар байгууллага руу оруулаагүй. Улмаар намайг урьд эрхэлж байсан өртгийн нягтлан бодогчийн албан тушаалд бус өөр ажлын байранд ажиллуулна гээд хөдөлмөрийн гэрээнд “авлага барагдуулагч”, “тамхи борлуулсан хэмжээгээр цалинжина” гэж заасан байсан. Хариуцагч нь намайг урьд эрхэлж байсан ажлын байранд томилоогүй, ажлын байр цалин хөлсийг нэг талын санаачилгаар бууруулж 3,012,000 төгрөгийн цалинг 1,690,000 болгосон байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь “М” ХХК-иас ажилд томилох тушаал ирүүлсэн гэснээр 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/72 тоот тушаалтай би танилцсан. Уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх минь зөрчигдсөөр өдийг хүрээд байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд урьд эрхэлж байсан ажилдаа томилогдож чадаагүй ба 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хугацаанд цалин хөлс аваагүй, мөн дээрх хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгэж чадаагүй байна. Би Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан бөгөөд “М” ХХК-ийн зүгээс гомдлыг хүлээн зөвшөөрөөгүй тул тус хорооны 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлийг 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/72 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Э намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг “М” ХХК-д даалгаж өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгч Г.Э шүүх хуралдаанд өмгөөлөгч А.Зоригтбаатарын хамт гаргасан тайлбартаа: 2024 оны 2 дугаар сард бид эвлэрээд явсан. Тэрнээс хойш намайг огт дуудаагүй. Цалинтай тэнцэх тэтгэмжээ бол авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс яриад байсан учраас би очихоор болоход өөр газарт намайг дуудсан. Очиход “гэрээ хийе, ирж ажилдаа ор” гэсэн. Гэрээ хийхээр болоход захирлууд байгаагүй ба хүний нөөцийн менежер, орчуулагч нар байсан. Орчуулагч гэх хүүхэн нь намайг цохьсон. Гэрээн дээр миний үндсэн цалин байхгүй, мөн компанийн байран дээр суухгүй, хороололд суухаар байсныг нь зөвшөөрөөгүй учир алгадуулаад явсан. Ажилгүй байсан 11 сарын хугацааны цалин 33,264,000 төгрөг болохыг шаардаж байгаа. Миний сарын үндсэн цалин 3,024,000 төгрөг юм. Би өөрөө өртгийн нягтлан бодогч гэдэг ажил албан тушаал хийдэг байсан. Өртгөө боддог байсан. Гэтэл намайг дахиад очиход авлага барагдуулагч нягтлан бодогчийн ажилд томилсон байсан. Тийм учраас би очоогүй. Өртгийн нягтлан бодогч гэдэг албан тушаал байхгүй болсон гэдэг боловч н.О гэдэг хүнийг яг миний үндсэн цалингаар 40 хувийн нэмэгдэлтэй авч ажиллуулж байсан. Тэгсэн хэрнээ намайг болохоор өөр албан тушаалд томилно гээд байгаа.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж, шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо маргаж байгаа маргаан дээр ч захирамжийн талаар талууд маргадаггүй. Захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон. Захирамжаар 3 зүйл тогтоогдсон. Өртгийн нягтлан бодогчийн ажил алба хашдаг байсан, 40 хувийн нэмэгдэлтэй цалин хөлс авдаг байсан гэдэг нь тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу эдгээр үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм. Маргаан бүхий тушаалд “авлагын нягтлан бодогчийн ажилд томилно” гэсэн байна. Энэ нь өмнө ажиллаж байсан өртгийн нягтлан бодогчийн албан тушаал биш юм. Авах гэж байгаа албан тушаал нь өмнө ажиллаж байсан албан тушаалтай адил гэж тайлбарладаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “ажилд эгүүлэн томилсон шийдвэр хүчин төгөлдөр болсон гэдэг үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоогдсон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ” гэж заасан. Энд заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учир нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан өртгийн нягтлан бодогчийн ажил сэргэх ёстой. Харилцан тохиролцох процесс ажиллагаа хийгдээгүй учраас ажил олгогчийн 250 дугаар тушаал үндэслэлгүй гарсан байна. 1/250 дугаар бүтэц орон тоо батлах тухай тушаал гарсан гэдэг. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/250 дугаартай бүтэц орон тоо батлах тухай тушаал огт гараагүй буюу маргаан бүхий тушаалын үндэслэл болсон тушаал огт хэрэгт авагдаагүй байна. Нэгэнт авагдаагүй учраас огт ийм тушаал гараагүй гэж үзэж байна. Гэтэл хэрэгт 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/250 дугаарт тушаал авагдсан байдаг. Энэ тушаал нь маргаан бүхий тушаалын үндэслэл болоогүй, энэ маргаанд хамаарахгүй тушаалыг гаргаж ирүүлсэн байна. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр энэ тушаал гарсан гээд байгаа. Гэтэл бүтэц орон тоо батлагдаад өртгийн нягтлан бодогчийн орон тоо хасагдсан байгаа бол 2024 оны 2 дугаар сарын 15-нд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд өртгийн нягтлан бодогчийн ажилд авахаар хүлээн зөвшөөрч байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн цалинтай холбоотойгоор хариуцагч маргаан үүсгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

            2. Хариу тайлбар

            2.1. Хариуцагч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарантэмүүжин шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Манай компаниас Г.Эд өмнө гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, эгүүлэн ажилд томилох тушаал гаргаж, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэж, нэхэмжилсэн ажилгүй байсан үеийн цалинг нөхөж олгосны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гаргасан болно. Манай компаниас Г.Эгийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан гомдлыг шүүх хурал болсноос хойш ажилд нь буцаан авахаар удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр тодорхой хариу өгөлгүй өнөөдрийг хүртэл ажлын байранд ирж ажил үүргээ гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрч байна. Манай компаниас шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн байхад дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Ажилд нь эгүүлэн томилогдсон шийдвэрийг гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад Г.Э нь өмнөх шүүхийн шийдвэрийг өөрөө биелүүлэхээс татгалзаж байгаа тул шинээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

            3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийг хүлээгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-4/, мөн хорооны 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 33 тоот хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн эх хувь /хх-5-9/ зэрэг болно.

            4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-12/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-13/, “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/72 тоот “Шүүхийн шийдвэр биелүүлж, ажилд томилох тухай” тушаалын эх хувь /хх-28/, “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/30 тоот “Бүтэц, орон тоо батлах тухай” тушаалын эх хувь /хх-29-39/, Баримтжуулсан мэдээлэлтэй танилцсан бүртгэлийн хүснэгт бүхий хуудас /хх-40/ зэрэг болно.

            5. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд:

            5.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18220 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-45/, захирамжийн дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас “М” ХХК-д Н.О ажилласан мэдээлэл бүртгэлгүй тухай хариу албан бичиг /хх-61/, хариуцагч “М” ХХК-иас Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6/578 дугаар тогтоолын хуулбар /хх-62/, П.Оийн цалингийн хүснэгт /хх-63/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс М.Сд холбогдох зөрчлийн материалын хуулбар /хх-72-82/ зэргийг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Г.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Г.Э нь “М” ХХК-д холбогдуулан, тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/72 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33,264,000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

            2.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ: “М ХХК-ийн өртгийн нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халагдаж, шүүхэд тушаал хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэвч шүүгчийн захирамжийн дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүй, өртгийн нягтлан бус өөр ажилд томилсон тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “шүүхийн шийдвэрийг биелүүлэн Г.Эг ажилд нь эгүүлэн томилох тушаал гаргаж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгон, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэвч Г.Эг удаа дараа дуудсан боловч ирж ажиллаагүй учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан байна.

            4. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лувсанпэрэнлэй шүүхийн цахим шуудангаар өмгөөлөгч солих тухай хүсэлт ирүүлсэн байх боловч өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            5. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

            5.1. Г.Э нь “М” ХХК-ийн өртгийн нягтлан бодогчоор 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гүйцэтгэх захирлын 1/250 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, уг тушаалыг эс зөвшөөрөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “тушаал хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,072,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

            5.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э нь дээрх нэхэмжлэлийн “нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлагаас татгалзаж, хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулснаар шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00807 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

            5.3. Ажил олгогч “М” ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/72 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлж, ажилд томилох тухай тушаал гаргаж, уг тушаалд “...Г.Эг компанийн Санхүүгийн хэлтсийн нягтлан бодогч албан тушаалд эгүүлэн тогтоосон, мөн компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/250 дугаар Бүтэц орон тоо батлах тухай тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдсөн тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийн дагуу түүнийг нягтлан бодогч албан тушаалд эгүүлэн томилсугай” гэж тусгасан байна.

            5.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6/578 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгожээ.

5.5. Хариуцагч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/30 дугаар “Бүтэц, орон тоо батлах тухай” тушаалыг хариуцагч тал нотлох баримтаар гаргасан. Уг тушаалаар компанийн удирдлагын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, удирдлагын зохион байгуулалтын бүтцийг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ. Тушаалын хавсралт №2-т Санхүүгийн хэлтсийн удирдлагын зохион байгуулалтын бүтэцийг: санхүүгийн хэлтсийн дарга-1, кассын нярав-1, нягтлан бодогч-3, түүхий эд материалын нярав-1, бэлэн бүтээгдэхүүний нярав-1 байхаар тогтоосон байна. Гэвч дээрх тушаалаас хойш буюу 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс Г.Э нь тус компанийн өртгийн нягтлан бодогчоор томилогдсон байх тул энэ тушаал Г.Эгийн “М” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаатай хамаарахгүй гэж үзнэ.

            5.5. Г.Э нь ажилдаа орохоор 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК-ийн байранд очиход тус компанийн ажилтан М.С гэх иргэнтэй маргаж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 0777989 тоот Шийтгэлийн хуудсаар М.С 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдөртөө тэрээр торгуулийг төлсөн байна.

            6. Талууд Г.Эг “М” ХХК-ийн өртгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан, уг албан тушаалаас чөлөөлөгдсөнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын тушаал хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах зэрэг шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх шаардлагаас татгалзаж эвлэрсэн талаар, мөн Г.Эгийн авч байсан цалингийн хэмжээ, ажил олгогчийн шинээр гаргасан 1/72 тоот тушаалын дагуу Г.Э ажилд ороогүй зэрэг үйл баримтуудын талаар маргаагүй.

            7. Харин ажил олгогчийн 1/72 тоот тушаалаар Г.Эг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон эсэх, Г.Э уг тушаалын дагуу ажиллах үүргээ биелүүлээгүй эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан байна.

            8. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилтныг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох үүрэг хүлээнэ. Хуулийн мөн зүйлийн 61.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно” гэж хуульчилжээ.

            8.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00807 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч Г.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс “тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/250 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9,072,000 төгрөг төлөх”-ийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлээс татгалзаж, харилцан тохиролцож эвлэрснийг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

            8.2. Дээрх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

            8.3. Хэдийгээр уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, ажил олгогчийн 1/72 дугаар тушаалаар Г.Эг ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн байгаа боловч тушаалд “...компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/250 дугаар тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдсөн...” гэж дурдаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийн дагуу Г.Эг нягтлан бодогч албан тушаалд эгүүлэн томилсон байна.

            8.4. Энэ нь “М” ХХК-ийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00807 дугаар шүүгчийн захирамжийг буюу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

8.5. Учир нь Г.Эгийн нэхэмжлэлийн шаардлагын нэг болох “М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/250 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг “М” ХХК хүлээн зөвшөөрснөөр тухайн тушаалыг хүчингүй болгож, Г.Эг урьд эрхэлж байсан өртгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох үүрэг хүлээнэ.

8.6. Гэтэл хүчингүй болгохоор хүлээн зөвшөөрсөн тушаалыг үндэслэл болгож нэхэмжлэгчийг урьд эрхэлж байснаас өөр албан тушаалд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/72 тоот “Шүүхийн шийдвэр биелүүлж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах тухай Г.Эгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8.7.  Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33,264,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн хувьд хариуцагч тал Г.Эгийн нэг сарын цалинтай тэнцэх олговор 3,024,000 төгрөгийг эс зөвшөөрсөн тайлбар гаргаж маргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33,264,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг “М” ХХК-д даалгах нь зүйтэй.

9. Г.Эгийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас цалинтай тэнцэх олговорт гаргуулахаар шийдвэрлэсэн 33,264,000 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 324,270 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/72 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Эг “М” ХХК-ийн өртгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “М” ХХК-иас 33,264,000 /гучин гурван сая хоёр зуун жаран дөрвөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Эд олгож, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч “М” ХХК-д даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Э улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 324,270 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.САРАНТУЯА