2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/00257

 

 

 

 

 

 

2025            01             15                                              192/ШШ2025/00257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, *** байрны ****, ***тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулах, ***** регистртэй “П Э” ХХК,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, ****дугаар байрны ***тоот хаягт оршин суух, ******регистртэй, Боржигин овогт Ө.З,

            Нэхэмжлэлийн шаардлага:

            Ө.Згоос ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд 29,830,672 /хорин есөн сая найман зуун гучин мянга зургаан зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай “П Э” ХХК-ийн үндсэн нэхэмжлэл;

            “П Э” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай Ө.Згийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгэрэл, гэрч Б.Лхагвасүрэн, Г.Мөнхбаяр нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага.

            1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П Э” ХХК нь Ө.Зтой 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, *** байрны ***, *** тоот 103 м.кв талбайтай байранд рестораны зориулалттай байрны дотор заслыг иж бүрэн зургаар, чанарын өндөр түвшинд, стандартын дагуу гүйцэтгэж, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажил хүлээлцэхээр харилцан тохиролцож 15,900,000 төгрөгийн хөлстэй барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, урьдчилгаа 8,200,000 төгрөгийг хариуцагчид олгосон ба талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Гэвч хариуцагч нь гэрээт ажлыг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 023/007 тоот мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн барилгын дотор заслын ажлыг стандартын дагуу гүйцэтгээгүйгээс хийсэн ажил нь маш бохир, өө сэв ихтэй, рестораны зориулалтаар ашиглах боломжгүй байсан ба өө сэвээ дарахын тулд ахин дахин барилгын материал худалдан авхуулж, нэмэлт зардал их гаргасан. Иймд нэхэмжлэгч нь тухайн газарт иргэн Р.Батсүрэнтэй 13,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож, дотор заслын ажлыг шинээр хийлгэж байгаа бөгөөд хариуцагчийн хийсэн заслын өө сэвийг дарах ямар ч боломжгүй байсан тул бүх хийсэн ажил, ханын хавтан зэргийг хуулж, маш их ажил болж, нэхэмжлэгч цаг хугацаа, эдийн засгаараа маш их хохироод байна. Нэхэмжлэгч нь тухайн газрыг иргэн Ч.Амаржаргалаас 1 сарын 8,000,000 төгрөгөөр түрээслэж байгаа бөгөөд 5, 6, 7 сарын түрээсийн төлбөр 24,000,000 төгрөгийг төлөөд байгаа юм. Дотор заслыг хийлгэхэд нийт 5,630,672 төгрөгийн бараа материал авсан нь баримтаар нотлогдох ба баримтгүй олон жижиг материалыг Ө.Згийн шаардсанаар авч өгч байсан. Гэвч уг материалаар хийсэн ажил чанарын шаардлага хангахгүй байгаа тул дахин материал авч бүх ажлаа шинээр хийлгэж байна. Хариуцагч гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бөгөөд чанаргүй ажил хийж гүйцэтгэснээс нэхэмжлэгчид 2 сарын түрээсийн төлбөр 16,000,000 төгрөг, барилгын материалын 5,630,672 төгрөг, ажлын хөлс 8,200,000 төгрөг, нийт 29,830,672 төгрөгийн бодит хохирол учраад байх тул дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.

            1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа: Ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй, хүлээлгэж өгөөгүй, гүйцэтгэсэн ажил бохир, өө сэв ихтэй, бүх зүйл доголдолтой байсан нь рестораны зориулалтаар ашиглах боломжгүй байсан учир Р.Батболдтой гэрээ байгуулж, хийсэн ажлыг нь дахин шинээр хийлгэсэн. Гал тогоо, 00 өрөөний засал, хана, тааз, шалнаас бусдыг дахин шинээр хийлгэсэн. Хуулж авсан бүх ажлын зардал 5,630,672 төгрөг болсон. Ажлын хөлсөнд 8,200,000 төгрөг өгсөн. Шинжээчийн дүгнэлт бодит байдлаас бага дүнтэй гарсан. Манайхаас гарсан зардлын плита нь ороогүй. Цахилгаан байгаагүй талаар хариуцагч тал өмнө яриагүй, үүнтэй холбоотой баримт гаргаагүй ба өнөөдрийн хуралд оролцсон хоёр гэрчийн мэдүүлэг бусад баримтаар давхар нотлогдохгүй байна. Барилгын заслын ажил гэрээ байгуулах үед Ө.Зд итгэл хүлээлгэсэн. Ажил хийж байх явц бүртээ алдаа дутагдал гаргаж байсан. Сар бүр 8,000,000 төгрөгийн түрээс төлж байгаа хүмүүс өөрсдөө ажлаа гацаагаад явуулахгүй байна гэдэг нь үндэслэлгүй юм. МДФ хавтангийн доголдлыг 2 удаагийн оролдлогоор дахин дахин засуулсан. Сүүлдээ аргаа бараад нураахаар болсон. Өөрөө ч гэсэн алдаа гаргасан гэдгээ зөвшөөрсөн хоолойн бичлэг нь авагдсан байгаа. Шинээр ажилласан Р.Батболд болохоор Ө.Згийн хийсэн ажлын өртгөөс хэд дахин бага үнийн дүнгээр маш гоё хийсэн байгаа. Ө.Згийн хийсэн ажлаас шалтгаалаад захиалагчид асар их хохирол учирч байгаа юм. 5 дугаар сарын 31-нд засварын ажил дуусаад 6 дугаар сард үйл ажиллагаагаа нээсэн бол орлого олох боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс гарсан зардлаа л авахыг хүсэж байгаа...гэв.

            2. Хариу тайлбар:

            2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгэрэл шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо *** байрны ***, *** тоот хаягт байрлах рестораны зориулалттай объектыг захиалагчийн гаргаж өгсөн заавар, зургийн дагуу засварлах ажил гүйцэтгэх гэрээг аман байдлаар тохирч байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 15,900,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд ажлын гүйцэтгэлээс хамааран хугацааг ярилцаж тохирсон. Гэрээний үндсэн эхийг гардуулж өгөөгүй бөгөөд гэрээтэй танилцах боломж олгоогүй, шүүх дээр ирээд гэрээтэй танилцсан. Миний зүгээс захиалагчийн өгсөн зааврын дагуу ажлыг хийж гүйцэтгэхдээ ямар нэгэн байдлаар цалгардуулж, доголдол гаргаж байгаагүй. Захиалагч Бат-Амгалан нь материалын хангамжийг бүрэн хариуцаж байсан ба цаг тухайд нь материал нийлүүлээгүй тул хэд хэдэн хоногоор хойшилж байсан. Тухай бүрт ажил хойшлох, эсхүл хийгдсэн ажлыг солих, өөрчлөх, материал солих зэрэг асуудлууд удаа дараа гарч байсан ч бидний заслын ажилд хүндрэл учруулж байсан. Байдал хэцүү байсан ч би болон манай багийнхны хувьд Монголын барилга, дотоод заслын салбарт хүлээн зөвшөөрөгддөг норм, стандартын дагуу заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. Заслын ажил, хийцлэл бүрийн гүйцэтгэлийг захиалагч Бат-Амгалан хянаж, хүлээн авсан. Захиалагчийн зүгээс ажлын гүйцэтгэлийг хүлээн авахдаа мэргэшсэн инженер гэх хүн авчирч шалгуулж байсан бөгөөд ажлыг хангалттай гэж үнэлсэн учраас үргэлжлүүлсэн гэж ойлгон ажилласан. Гэрээнд заасны дагуу гүйцэтгэлээр санхүүжилт олгох тул хийсэн ажлыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 8,200,000 төгрөг олгосон гэж үзвэл санхүүжилтийг зохих ёсоор олгоогүй. 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн захиалагчтай харилцсан мессеж дээр санхүүжилт олгох хийгдэх ажлын талаар тохирсон ба 8,200,000 төгрөгийн төлбөр нь 10,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлээр олгох санхүүжилт байсан. Бидний зүгээс захиалагчийн өгсөн зааврын дагуу заслын ажлыг гүйцэтгэсэн ба 5,630,672 төгрөгийн зардлын явган ханыг будсан. Захиалагчийн хүссэний дагуу явган хананы өнгийг дахин өөрчилсөн. Захиалагчийн бараа материал нийлүүлэлтийн зөрүү, хугацаа их алдсан байдал зэргээс шалтгаалан хугацаа хойшилсон нь үнэн ч нэхэмжлэлд дурдсан стандарт зөрчсөн асуудал байхгүй, зохих зааварчилгааны дагуу заслын ажлыг 90 гаруй хувьтай хийж гүйцэтгэсэн. Гэрээнд заасан ажлыг захиалагчийн гаргаж өгсөн материалын дагуу гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

            2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариу тайлбарыг дэмжиж гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрсөн. Захиалагч материалыг 100 хувь хариуцахаар тохиролцсон. Хариуцагч гэрээтэй танилцаагүй ч гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Харилцан тохиролцоод гэрээний хугацааг 6 дугаар сарын 26-ны өдөр болгосон. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь захиалагчийн өгсөн зааварчилгааны дагуу хийдэг. Гүйцэтгэгчийн хувьд захиалагчийн зааварчилгаа, өгсөн бараа материалаар хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Түрээсийн орлогын хувьд тухайн М***, *** тоотод ажилласан ажилчдыг өөр газар ажиллуулсан. Үүнээс болоод хугацаа сунжирсан. Бараа материал нь мөн хугацаандаа нийлүүлэгдээгүй, хоцролттой байсан учраас хойшилсон. Иймд түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэлийн болон бараа материалын үнэ нь шинжээчийн дүгнэсэн үнэлгээгээр тогтоогдсон учир зохих журмын дагуу ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Захиалагчийн өгсөн зааварчилгаа, нийлүүлсэн бараа материалын хүрээнд хийсэн. Доголдлыг бид хүлээн зөвшөөрсөн ба арилгах боломжтой байсан. Гэвч захиалагч доголдлыг арилгуулахаас татгалзсан. Хэрвээ засварласан бол 2,000,000 гаруй төгрөгийн зардал гарах байсан. Гэтэл өөр хүнээр нэмэлт зардал гаргуулан хийлгэсэн учир нэмэлтээр хийсэн ажил гүйцэтгэх гэрээний зардлыг төлөхөөс татгалзаж байгаа. Ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэгч үүргээ саадгүй биелүүлэх нөхцөлөөр захиалагч хангах ёстой ч энэ үүргээ биелүүлээгүй. Захиалагчийн зүгээс инженерийн хяналт л тавьж “болно, боломжийн байна” гэж хэлж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Шинжээчийн дүгнэлтийн дагуу ажлын хөлс болон материалын үнэ тогтоогдсон. Энэ дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага үндэслэлгүй байгаа нь тогтоогдож байна. Будгийн хувьд туршлага дутагдсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 2,000,000 төгрөгөөр засах боломжтой зүйлийг 13,000,000 төгрөгөөр өөр хүнээр хийлгэсэн нь захиалагчийн үзэмжийн асуудал гэж харж байгаа...гэв.

            3. Сөрөг нэхэмжлэл.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгэрэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний зөрүү 8,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Захиалагчийн буруутай зааварчилгаа, материал бэлтгэлийн алдаанаас болоод ажил хойшилж, зарим ажилчиддаа цалин өгч чадахгүй, өөрсдөө гар утсаа ломбарданд тавьж байж цалинг өгч байсан. Иймд олгогдоогүй ажлын хөлсийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг “П Э” ХХК-иас гаргуулан Ө.Зд олгоно уу...гэв.

            4. Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар.

            4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун сөрөг нэхэмжлэлд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хийсэн ажлын доголдлоос болж нэхэмжлэгчид нэмэлт зардал гарсан. Ө.Зд нэмж хөлс өгөх боломжгүй. Харин хийсэн ажлаас нь гал тогооны плита, заалны болон 00 өрөөний плита зэргийн зардлыг ажлын хөлсний зөрүүнд тооцогдоно гэж үзэж байна. Иймд хүлээн зөвшөөрөхгүй...гэв.

            5. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-4/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /1-р хх-5, 208/, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх-6-13/, “П Э” ХХК-ийн Хас банк дахь харилцах дансны хуулга /1-р хх-14-18/, иргэн Ч.Амаржаргалтай байгуулсан Түрээсийн гэрээний хуулбар /1-р хх-22-28/, Ө.Зд мэдэгдэл хүргүүлэх тухай 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 023/007 тоот албан бичгийн хуулбар /1-р хх-29-30/, Р.Батболдтой 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний эх хувь /1-р хх-32-45/, бараа материал худалдан авсан зарлагын баримтууд /1-р хх-89-101/, интерьерийн болон ажлын гүйцэтгэлийн зураг /1-р хх-232-239/, Ресторан ажиллуулсан хугацааны ашиг орлогын хүснэгт /1-р хх-245-250/ зэрэг болно.

            6. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Төлөөлөгчид олгосон итгэмжлэл /1-р хх-53/, “Z” гэх хаягтай харилцсан чатны фото зургийг гаргасан нь нотлох баримтын шаардлага хангаагүй /1-р хх-54-78/, ажил гүйцэтгэх үеийн фото зургууд /1-р хх-120-125/, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-218/ зэрэг болно.

            7. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

            7.1. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023.. оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19664 дүгээр захирамжаар шүүхийн журмаар үзлэг хийхээр шийдвэрлэж /1-р хх-104/, захирамжийн дагуу маргаан бүхий ажил гүйцэтгэсэн газарт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн. /1-р хх-106-116/

            7.2. Зохигч талуудын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21786 дугаар захирамжаар шүүхийн журмаар үзлэг хийж, Р.Б гэрчээр оролцуулахаар шийдвэрлэн /1-р хх-128/, захирамжийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Ө.Згийн гар утас, шүүхэд нотлох баримтаар гаргасан компакт диск зэрэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байна. /1-р хх-130-173/

            7.3. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00383 дугаар захирамжаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж /1-р хх-177-178/, шинжээч дүгнэлтээ 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн. /1-р хх-183-204/

            7.4. Шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21786 дугаар захирамжаар Р.Б /1-р хх-128/, шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18753 дугаар захирамжаар Г.М, Б.Ө, Б.Лнарыг /2-р хх-3/ тус тус гэрчээр асуухаар шийдвэрлэж, тайлбар авсан. /1-р хх-128, 212-215, 2-р хх-3, 22-23/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Ө.Згийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. “П Э” ХХК нь Ө.Зд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 29,830,672 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж доголдолтой ажил гүйцэтгэсэн. Нэмэлт хугацаа олгосон боловч доголдлоо арилгаагүй, гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсэн учир ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн. Тиймээс хариуцагчид төлсөн ажлын хөлс 8,200,000 төгрөг, доголдолтой ажлыг нураалгаж, ашиглагдахгүй хаягдсан бараа материалын зардал 5,630,672 төгрөг, хугацаандаа ажлыг хүлээлгэж өгөөгүй учир ажлыг бусдаар гүйцэтгүүлж хугацаа алдсан 2 сарын түрээсийн төлбөр 16,000,000 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “гэрээт ажлыг захиалагчийн зааврын дагуу хийж гүйцэтгэсэн боловч ажлын гүйцэтгэл 90 хувьтай байх үед захиалагч ажлыг зогсоосон. Гэрээний хугацаа 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл аман хэлбэрээр сунгагдсан. Захиалагч талын бараа материал нийлүүлэх, ажиллах нөхцөл боломжоор хангах үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлснээс болж ажил хугацаандаа хийгдээгүй. Доголдлыг засварлахад 2,000,000 төгрөгийн зардал гарахаар байхад захиалагч өөрийн сонголтоор бусдаар илүү зардлаар засварлуулсан” гэж тайлбарлан маргаж байна.

            4. Хариуцагч Ө.З нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, ажлын хөлсийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “шинжээчийн дүгнэлтээр ажлын хөлс болон материалын зардал нь нэхэмжилсэн үнийн дүнд дүйцэж байгаа учир ажил гүйцэтгэх гэрээнээс олох байсан ашиг буюу ажлын хөлсийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг гаргуулна” гэж шаардсан.

            5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “хариуцагчийн хийсэн ажлын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүй учир нэхэмжлэгч заслын ажлыг дахин шинээр өөр хүнээр хийлгэн цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хохирол амссан тул 8,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөхгүй” гэж тайлбарлан маргаж байна.

            6. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            6.1. Талууд 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр харилцан тохиролцож Барилгын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулан, уг гэрээгээр гүйцэтгэгч Ө.З нь захиалагч “П Э” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, *** байрны ***, *** тоот 103 м.кв талбайтай рестораны дотор заслын ажлыг гэрээ байгуулсан өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд интерьерийн буюу ажлын зургийн дагуу чанарын болон мэргэжлийн өндөр түвшинд, өнгө үзэмжтэй гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 15,900,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээнд гарын үсэг зурж, захиалагч компанийн тамга дарж баталгаажуулсан байна.

            6.2. Захиалагч тал гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын буюу интерьерийн зургийг гүйцэтгэгчид цахим хэлбэрээр өгч, тухайн зургийн дагуу ажил гүйцэтгэж эхлэн, гэрээгээр тохирсон хугацаанд ажил дуусаагүй ба талууд аман хэлбэрээр харилцан тохиролцож, ажил хүлээлцэх хугацааг сунгажээ.

            6.3. Гэрээний хугацаанд захиалагч талаас гүйцэтгэгч талд нийт ажлын хөлс 8,200,000 төгрөг төлж, засварын ажилд шаардагдах бараа материалыг гүйцэтгэгч тал явж цуглуулан, төлбөрийг захиалагчийн төлөөлөгч шилжүүлдэг байсан нь тэдний харилцсан чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр болон зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

            6.4. Маргаан бүхий засвар хийлгэсэн үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч “П Э” ХХК нь өмчлөгчидтэй байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Түрээсийн гэрээний дагуу ашиглаж, 2023 оны 5, 6, 7 дугаар саруудын түрээсийн төлбөрийг төлж, 2023 оны 8 дугаар сараас эхлэн рестораны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байна.

            6.5. Нэхэмжлэгчээс хариуцагчид 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажлын доголдол, учирсан хохиролтой холбоотой мэдэгдлийг 023/007 дугаар албан бичгээр мэдэгдэж, уг мэдэгдэлд ажлын гүйцэтгэлийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар дуусгаагүй талаар дурджээ.

            6.6. Захиалагч “П Э” ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэн Р.Батболдтой Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, *** байрны ***, *** тоот рестораны дотор заслын буюу “үндсэн ханын МДФ хавтан буулгах, ачих, хаях, тек болон ханын тэгшилгээ хийх, ДСП болон бусад холбогдох материалаар хийцлэлтэй хана босгох” зэрэг ажлыг 13,500,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, Ө.Згийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулсан талаар тайлбарлаж, Р.Батболд шүүхэд гэрчээр оролцож доголдолтой байсан ажлыг хэрхэн засварласан талаар мэдүүлсэн.

            6.7. Нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан зарлагын баримтуудад хариуцагчийн гүйцэтгэсэн, чанарын доголдлын улмаас нураалгасан ажилд ашигласан материалын зардал 3,372,919 төгрөг болсон байна. /1-р хх-89-101/

            6.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилж, шүүхээс томилогдсон шинжээч нь Ө.Згийн зарцуулсан материалын зардал 5,779,327 төгрөг, ажлын хөлсийг ажил гүйцэтгэлийн үнэлгээгээр бодож 7,414,320 төгрөг болохыг тогтоосон ба зохигчид шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн.

            7. Талууд ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр тохирсон ажлын хөлсийн хэмжээ болон гэрээний хугацааг аман хэлбэрээр сунгасан талаар, мөн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэлд ямар доголдол гарсан талаар, доголдлыг арилгахад нэмэлт 2,000,000 төгрөгийн зардал шаардлагатай талаар гүйцэтгэгч тайлбарласан зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

            8. Харин 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байсан, захиалагч өөр гүйцэтгэгчээр уг засварын ажлыг хийлгэх шаардлагатай байсан эсэх, захиалагчаас засварын ажилд шаардлагатай бараа материалыг хугацаа хожимдуулж нийлүүлснээс гэрээт ажлын хугацаа хойшилсон эсэх, гэрээг сунгасан хугацаа болон хариуцагч гэрээгээр тохирсон үлдэгдэл хөлс 8,000,000 төгрөгийг шаардах эрхтэй эсэх зэрэг үйл баримтын талаар харилцан өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

            9. Маргаан бүхий 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгүүдэд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гүйцэтгэгч Ө.З нь захиалагч “П Э” ХХК-иас авсан санхүүжилтийн дауу гэрээнд заасан рестораны дотор засал болон холбогдох засварын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээсэн байна.

            Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

            10. Гэрээнд заасны дагуу засварын ажлыг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцож, аман хэлбэрээр мөн оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг бол хариуцагч тал гэрээний хугацааг 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан гэж тайлбарлав.  

            10.1. Дээрх тайлбаруудыг шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн тэдний хоорондоо харилцсан чат, гэрчийн мэдүүлэг зэрэгтэй харьцуулан дүгнэвэл хариуцагч талын тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь чатад 2023 оны 6 дугаар сар гарсан байхад хариуцагч нь нэхэмжлэгчээс нэмэлт материал шаардаж, нэхэмжлэгч төлбөрийг шилжүүлэн, хийгдэх ажлын талаар болон ажилчдын талаар ярилцаж байсан байна. Иймд гэрээний хугацааг 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл аман хэлбэрээр сунгагдсан гэж үзэхээр байна.

            7. Талууд акт үйлдэж ажлын үр дүнг хүлээлцээгүй боловч 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хэн аль нь байлцаж, дүрс бичлэг хийн, гүйцэтгэгчийн ажлыг зогсоосон болох нь зохигчдын болон гэрч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг тайлбар, дүрс бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон гэж үзэв.

            8. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж, мөн зүйлийн 355.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 226 дугаар зүйлд заасан тохиолдлоос гадна ажил гүйцэтгэгч доголдлыг арилгахтай холбогдсон нэмэлт үүргээ гүйцэтгээгүй бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй” гэж тус тус хуульчилсан байна.

            8.1. Талууд харилцан тохиролцсоноор буюу хариуцагч гэрээт ажлыг тохирсон хугацаанд гүйцэтгээгүйн улмаас ажил гүйцэтгэх хугацааг сунгаж үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон байх боловч уг хугацаанд доголдлыг арилгаагүй бөгөөд засварын ажлыг бүрэн хийгээгүй, доголдлыг арилгахад нэмэлт 2,000,000 төгрөгийн зардал гарах талаар гүйцэтгэгчээс захиалагчид мэдэгдэж, энэ саналыг захиалагч тал хүлээн зөвшөөрөөгүй байна. Иймд 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс гэрээ захиалагч талын санаачилгаар цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.

            8.2. Хариуцагч тал нэхэмжлэгчийг бараа материал нийлүүлэх хугацаа хэтрүүлснээс ажил гүйцэтгэх хугацаа сунгагдсан гэж тайлбарласан боловч уг тайлбар болон гэрчийн мэдүүлгүүд баримтаар тогтоогдоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэв.

            9. “П Э” ХХК үндсэн нэхэмжлэлийн эхний шаардлагаар Ө.Зд төлсөн ажлын хөлс 8,200,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

            9.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй тохиолдолд ажлын хөлсийг төлсөн хэмжээгээр хариуцагчаас буцаан шаардах эрх үүснэ.

            9.2. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ 7,414,320 төгрөг болох нь тогтоогдож, зохигч талууд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Иймд захиалагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсанаар гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгоно.

9.3. Иймд Ө.Згийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 7,474,320 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрх үүсэхгүй тул ажлын хөлсөнд төлсөн 8,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зөрүү 785,680 төгрөгийг хангаж, 7,474,320 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            10. “П Э” ХХК нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар чанарын доголдлын улмаас ашиглах боломжгүй болсон бараа материалын зардалд зарцуулсан хохирол 5,630,672 төгрөгийг Ө.Згоос гаргуулахаар шаардсан.

            10.1. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.1, 352.2.2 дахь хэсгүүдэд зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.

            10.2. Нийт 5,630,672 төгрөгийн бараа материалуудыг ашиглах боломжгүй болсон талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй боловч тухайн шаардлагад хамаарах 1 дүгээр хавтаст хэргийн 89-101 дүгээр талд авагдсан зарлагын баримтуудад нийт 3,372,919 төгрөгийн бараа материалын зардал гарсан болох нь тогтоогдож, БНХАУ-аас оруулж ирсэн гэх МДФ хавтан худалдаж авсан болон тээвэрлэхэд гарсан зардлыг баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагаас 3,372,919 төгрөгийг хангаж, илүү шаардсан 2,257,753 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            11. Үндсэн нэхэмжлэлийн сүүлийн шаардлага болох засварын ажил хугацаандаа гүйцэтгээгүйгээс бусдаас түрээслэж буй үл хөдлөх хөрөнгөө рестораны зориулалтаар ашиглах боломжгүй байсан 2 сарын буюу 2023 оны 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөрт төлсөн 16,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

            11.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

            11.2. Гэвч талууд ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд сунгасан гэж шүүх дүгнэсэн учир нэхэмжлэгч нь 6 дугаар сарын түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй байна. Харин хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг бусдаар арилгуулахад 2023 оны 7 дугаар сарыг зарцуулсан гэж үзэхээр байх тул түрээслүүлэгчид төлсөн 2023 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөр 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрх үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн уг шаардлагаас 8,000,000 төгрөгийг хангаж, 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

            12. Ө.З нь сөрөг нэхэмжлэлээр “П Э” ХХК-иас гэрээгээр тохирсон ажлын хөлсийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэгч уг сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

            12.1. Хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд ажлын хөлсийн үлдэгдлийг нэхэмжлэгчээс шаардах эрх үүснэ. Гэтэл ажлын доголдлыг арилгах нэмэлт хугацааг захиалагчаас олгосон боловч биелүүлээгүйн улмаас захиалагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан байна.

12.2. Гүйцэтгэсэн зарим ажил доголдолтой байсан болох нь тогтоогдсон, уг ажлыг нэхэмжлэгч “П Э” ХХК нь бусдаар гүйцэтгүүлсэн нь мөн баримтаар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Ө.Згийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 7,414,320 төгрөгөөр тогтоосон учир хариуцагч нь нэхэмжлэгчээс үлдэгдэл хөлс 8,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

            12.3. Учир нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах үүрэгтэй. Гэвч ажил гүйцэтгэгч нь захиалагчаас ажлын гүйцэтгэлийн доголдлыг арилгахад нэмэлт зардал шаардсаныг захиалагч эс зөвшөөрч гэрээг цуцалсан байна.

 

            13. Дээрх үндэслэлээр шүүх “П Э” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлээс 12,158,599 төгрөгийг хангаж, үлдэх 17,672,073 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагч Ө.Згийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,103 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 209,487 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ө.Згоос 12,158,599 /арван хоёр сая нэг зуун тавин найман мянга таван зуун ерэн сөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “П Э” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 17,672,073 /арван долоон сая зургаан зуун далан хоёр мянга далан гурван/ төгрөг болон нэхэмжлэгч “П Э” ХХК-иас 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Ө.Згийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,103 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Згоос 209,487 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “П Э” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА