Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/715

 

 

 

 

  2024             06             20                                         2024/ДШМ/715

 

П.Д т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энх-Амгалан,

шүүгдэгч П.Д ,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболорын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Д ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2410 00033 0071  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.Д  нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч С.Х , мэдээлэл хүлээн авагч А.М  нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн тус газарт нь мөргөж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокуророос: П.Д ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Д т оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч П.Д т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,                                                                                                                         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг шүүгдэгч П.Д т сануулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Д  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...миний холбогдсон асуудалд энэхүү гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Миний зүгээс хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлж байхад нь орж ирж, өөрөө очиж хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн зүйл огт байхгүй. Намайг халамцуу байдалтай орж ирэх үед цагдаа түлхэх, татахад зөнгөөрөө унахгүйн тулд зуурсан үйлдэл гаргасан. Хэрэв би зуураагүй, элдэв хөдөлгөөн гаргаагүй бол цагдаагийн газрын гулсамтгай плита нь дээр толгойгоороо унах аюултай байсан. Энэ үедээ халамцуу байсан тул унахгүйн тулд биеийн тэнцвэрээ олохдоо зуурсан, хөл хальтарч толгойгоороо мөргөлдсөн асуудал гарсан. Харин халамцуу байсан тул буруу зүйл ярьсан.

Би хууль сахиулагчийг үйл ажиллагаагаа явуулж байхад нь орж ирж эсэргүүцсэн зүйл байхгүй бөгөөд буруу ойлголцсоны улмаас энэхүү нөхцөл байдал үүссэн. Санаатайгаар зорьж албаар мөргөөгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас ийм асуудалд хүрсэн. Санаатай мөргөсөн бол хүний биед гэмтэл учирна.

Өөрөөр хэлбэл, миний холбогдсон асуудал бол болгоомжгүй нөхцөл байдал, хууль сахиулагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцээгүй, зууралдаж санамсар болгоомжгүйн улмаас үүссэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж үзэж байна.

Би цагдаагийн алба хаагч нартаа гомдолгүй бөгөөд алба хаагч нар ч надад гомдол, саналгүй болохыг дурдмаар байна.

П.Д  би анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас асуудал гаргасныг маань харгалзан үзэж цагаатгаж өгнө үү.

...мөн ял, шийтгэл эдэлж байсан гэдэг тодорхойлолттой болох гээд байгаа тул гомдолтой байна. Миний бие 2017 оноос хойш Баянхонгор аймагт ажиллаж байгаад ирсэн. Одоо мэргэжил дээшлүүлэхийн тулд Америк улсад 3 сарын хугацаагаар сургалтад явна. Буцаж ирэхэд менежерийн албан тушаалтай болох юм. Ял, шийтгэл эдэлж байсан хүн удирдах албан тушаалд томилогдох боломжгүй. ...” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдолд тэрээр гэм буруутай эсэх талаар маргаж байна. Тус давж заалдах гомдолд “гялгар шал дээр халтирч, цагдаагийн албан хаагчийг мөргөсөн. Миний бие тухайн гэмт хэргийг санаатайгаар бус болгоомжгүйгээр үйлдсэн” гэж дурдагдсан байна. Тэрээр таксигаар үйлчлүүлж байх явцдаа зүй бус үйлдэл гаргасны улмаас таксины жолооч шүүгдэгчийг цагдаагийн газар хүргэж өгсөн. Цагдаагийн газар үүрэг гүйцэтгэж байсан хохирогч С.Х , А.М  нар нь шүүгдэгчийн биеийн байцаалтыг шалгах, болсон явдлын талаар тодруулах зорилгоор шаардлага тавихад тус асуудалтай холбоогүйгээр маргаж, тухайн 2 албан хаагчийг мөргөсөн үйл баримт тогтоогддог. Тус үйл баримт нь 2 хохирогчийн өгсөн мэдүүлэг болон илтгэх хуудсаар тогтоогддог. Иймээс тухайн гэмт хэргийг санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэж байна. Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг байдаг. Хохирогч нар албан үүргээ буюу жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан болох нь даргын тушаалаар батлагдсан хуваариар тогтоогддог. Шүүгдэгч нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн буюу 2 албан хаагчийн нүүр хэсэгт мөргөсөн үйл баримт тогтоогддог. Тухайн гэмт хэрэгт хохирол учирсан байхыг шаардахгүй, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангасан гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүх П.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал гаргаж байсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч “Америк улс руу 3 сарын хугацаагаар сургалтад явах гэж байна. Би ял, шийтгэлтэй болох гээд байна” гэсэн тайлбар гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргаж байна гэж үзэж хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж, шүүхэд шилжүүлж байсан. ...” гэв.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч П.Д ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Д  нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч С.Х , мэдээлэл хүлээн авагч А.М  нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн тус газарт нь мөргөж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь:

2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дэд ахлагч А.М , дэд ахлагч С.Х  нарын бичсэн илтгэх хуудаснууд /хх-ийн 16-17 тал/, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямын баталсан жижүүрийн бүрэлдэхүүн /хх-ийн 33 тал/,

хохирогч А.М ын “...албан үүргээ гүйцэтгэж байхад иргэн П.Д  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэр бүлийн хүнтэйгээ таарамжгүй харилцаа үүсгэснийг таксигаар үйлчилж байсан иргэн ирж хүлээлгэж өгсөн. ...тайван байх талаар шаардлага тавихад шаардлагыг биелүүлэхгүй байсан. Тэгээд намайг дөхөж очиход нүүр нь тус газарт толгойгоороо мөргөсөн. ...” /хх-ийн 21-22 тал/ гэх мэдүүлэг,

хохирогч С.Х ын “...бид бүхэн уг иргэнийг албан үүргийн дагуу баримт бичгийг нь шалгах, болсон асуудлын талаар өөрөөс нь тодруулах зорилгоор ажиллаж байх үед уг иргэн уурлаж бухимдан, хамааралгүй зүйлийг ярьж тайван байх талаар анхааруулга шаардлагыг биелүүлэхгүй байсан. Тэгээд цуг үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.М ыг дөхөж очих үед нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх шиг болсон учраас би очоод туслахад бас миний хувцаснаас зуурч, бас мөргөх үйлдэл гаргасан. ...” /хх-ийн 27 тал/ гэх мэдүүлэг,

П.Д ын “...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас болсон зүйлийг бүгдийг нь санахгүй байна. Ямар ч байсан цагдаагийн алба хаагчийн мөргөсөн гэдгээ мэдэж байна. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” хх-ийн 40-41 тал/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Д ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Д  “...миний холбогдсон асуудал нь болгоомжгүй нөхцөл байдалтай. Хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцээгүй, зууралдаж санамсар болгоомжгүйн улмаас үүссэн тул гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Иймд цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан хэдий ч давж заалдах шатны шүүх хуралдаанд тэрээр “...гэм буруугийн үйлдэлд маргаагүй ба эрүүгийн хариуцлагын хувьд чөлөөлж өгнө үү. ...” гэсэн утга бүхий гомдлын тайлбар гаргасан тул дээрх нөхцөл байдал болон хохирогч нарын гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч П.Д ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч П.Д ын хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн маргахгүй байгаа зэргийг харгалзан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлж, дээрхи өөрчлөлттэй холбоотойгоор шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Д ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн тус шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...” гэж, “...яллагдагч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...” гэж тус тус хэрэгт хамааралгүй хүний нэр оруулсан техникийн шинжтэй алдаа гаргасан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...Шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.БОЛОРТУЯА

 

           ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ