Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 94

 

                       

                                                                                                 

 

               

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч: Б.Энхбат,

Шүүгдэгч П.Мийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

            Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан

            Шүүгдэгч, хохирогч: Т.О, П.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М нарт холбогдох 1728001480003 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч

         

 

                                                             Тодорхойлох нь:

          Шүүгдэгч Т.О нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багт П.Мийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

         Шүүгдэгч П.М нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багт Т.Оын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Шүүгдэгч П.М, Т.О нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч П.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр паркийн хашаанд машиндаа Дтай яриад сууж байсан. Утсанд нь 4, 5 удаа дуудлага ирсэн. Сүүлийн дуудлагыг нь аваад ярихад хаана байна, хүрээд очъё гэсэн. Төд удалгүй хүрээд ирсэн. Дроцов барьж бууж ирээд Дыг чирч гаргаад өөрийнхөө машин руу хүчээр оруулах гээд байсан. Хэсэг харж суугаад, бууж очоод наад хүн чинь суухгүй гээд уйлаад байна шүү дээ яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд хамар луу цохьсон. Тэр үед Д эрүүл байсан. Дроцовыг нь авч хаячихаад чи яагаад хамар луу цохиж байгаа юм бэ гээд толгой руу нь цохьсон. Босоод Дыг аваад явах гэтэл араас ирээд замын боржур луу түлхсэн. Эрхий хурууг арагш нь дарж хугалсан. Их л ууртай янз бүрийн юм яриад байсан. Бид 2 араас нь хөдөлсөн. Гар эвгүй болчихжээ хоёулаа эмнэлэг оръё гэсэн. Тэгтэл араас хүрээд ирсэн.

         Шүүгдэгч Т.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баяндалай сумаас ирсэн. 21 цагаас хойш Дын утсаар Мөнхдэлгэр 2 удаа залгаж 2-3 удаа дуудсан. Утсаа аваад хаана байгаа юм гэсэн. Хүүхдийн парк дээр байна гэсэн. Очоод хаалгыг нь татахад хоёулаа сууж байсан. Нэлээн согтсон шинжтэй байсан. Машинд оронгуутаа шилийг шидсэн. Мөнхдэлгэр миний машины банк эвдээд машины түлхүүр 2-3 алхмын цаана мурийлгаад шидсэн байсан. Утас байхгүй байсан. Машинаа асаагаад араас нь явсан чинь хашааны булан дээр зогсож байсан. Хүрээд очсон чинь Мөнхдэлгэр миний утсыг оролдоод сууж байсан. Утсаа аваад буудалдаа ирсэн. Маргааш нь цагдаа дээр дуудагдсан.

          Хохирогч Т.О шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэх зүйл байхгүй.

          Хохирогч П.М шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хамрын таславч хугалсан. 20.000.000 төгрөг нэхэмжилсэн. 2.500.000 төгрөгийг авсан. 17.500.000 төгрөгийг барагдуулж өгнө үү. Хохирол барагдуулах юм бол гомдолгүй. Одоогоор баримт 1.000.000 төгрөг шахуу баримт байгаа. Гар шуу, нарийн шууны хугарал байгаа. Хамар болон самалдаг, нүдний хараа муудсан, толгой гарын эдгэрээгүй байдлын хохиролд 17.500.000  төгрөг нэхэмжилж байна. Эмийн мөнгө төгрөгөө өгсөн. Гаргаж өгсөн баримт 1.000.000 төгрөг байгаа. Бусдыг нь баримтжуулаагүй. Цаашид гарах хор уршиг байгаа. Толгой янзлуулаагүй, гараа янзлуулаагүй. Хараа муудаж байгаа. Цаашид гарах хор уршигт нэхэмжилж байгаа.

        Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 19 минутаас хойш Мөнхдэлгэр Дын утсаар над руу залгаад байхаар нь би утсаа авахад тэр намайг ална хядна гэж янз бүрээр хэлээд энэ хүүхнээ ирж ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдийн паркийн зогсоол дээр яваад очиход Мөнхдэлгэр машинтайгаа зогсож байсан. Би машинаас буугаад жолоочийн эсрэг талын хаалгаар очиж Дыг өргөж машиндаа суулгах гэхэд Мөнхдэлгэр гарч ирээд яах гээд байгаа юм бэ миний явалддаг хүүхэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиндаа очоод суусан. Тэгсэн тэр миний нөгөө талын хаалгаар орж ирээд суусан. Тэр дотор талын толийг мултлаад над руу шидсэн. Тэгээд бид хоёр зууралдаж гараад машины өмнө тал руу гараад тэр намайг унагааж миний дээр гараад миний нүүр лүү 4 удаа цохьсон. Тэгснээ босоод машины банк руу хөлөөрөө өшиглөөд тагийг нь гаргаж ирээд машин дотор шидчихээд, гар утсыг машинаас аваад, машины түлхүүрийг мурийлгаж шидээд машинаа унаад яваад өгсөн. Би түүний хойноос явах гэхэд толгойноос цус гараад байсан. Би машиныхаа суудал дээр нэг хэсэг шокын байдалтай сууж байгаад машины түлхүүрээ олж аваад Дын гэрийг мэдэх болохоор түүний гэр лүү явсан байх гэж бодоод араас нь явсан. Хашааны үүдэнд нь очиход тэр хоёр байхгүй байсан. Тэгэхээр нь би эргээд явахад тэр хоёр машинтайгаа гудамжны үзүүр дээр сууж байсан. Хүрээд очиход Мөнхдэлгэр миний гар утсыг оролдоод сууж байхаар нь гар утсаа авна гэж хэлэхэд тэр миний гар утсыг өгсөн тэгээд салсан. Д бид хоёр хөдөө аж ахуйн мэргэжилтнээр ажилладаг болохоор найз нөхөд, Мөнхдэлгэрийг би танихгүй. ....Мөнхдэлгэр намайг янз бүрээр хэлээд байхаар нь би машины араас дугуйн дроцов бариад буусан. Гэхдээ би түүгээр хүн цохиогүй. Миний машинд Мөнхдэлгэр орж ирээд суухад нь би түүний хамар луу гараараа нэг удаа цохьсон. Миний санаж байгаагаар Мөнхдэлгэр гараараа миний машины банкийг цохьсон. Тэгэхдээ гараа гэмтээсэн байх гэж бодож байна. Тэр надаас салаад 1 цаг 30 минутын дараа эмнэлэгт хандсан байсан тэр эмнэлэгт хэлэхдээ нүхэнд унаад гараа гэмтээсэн гэж хэлсэн байсан. Мөнхдэлгэр миний машинд орж ирж суугаад голын толийг мулт татаад над руу шидсэн. ... 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой Мөнхдэлгэр миний эзэмшлийн 67-91 ӨМҮ улсын дугаартай corolla axio маркийн автомашины бензиний банкны тагийг салгаад миний машин дотор хийсэн байсан. Тухайн үед би П.М толгой руугаа цохиулаад шоконд орчихсон байсан юм. Одоо миний машины банкны таг яг тэр хэвээрээ байгаа, таг нь хаагдахгүй байгаа. Мөнхдэлгэр л тухайн үед гуталтай хөлөөрөө банкны таг руу өшиглөсөн юм шиг байсан. Гутлын мөр нь таган дээр байсан. Би гомдолтой байна машиныхаа банкны тагийг засуулах гээд засварын газарт очиж үзүүлсэн чинь 250.000 төгрөгөөр засна гэсэн уг засварын мөнгийг нэхэмжилж байна” /хх-ийн 05-06, 89-90-р хуудас/,

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Д бид хоёр Паркийн хажуу талын зогсоол дээр яриад сууж байхад Отгонбаатар Дын гар утас руу хэд хэдэн удаа залгасан. Сүүлийн 4 дэх залгалтад би утсыг аваад спикер дээр нь тавиад хэн бэ гэхээр нь Д байна гэж хэлсэн. Тэгсэн тэр хүрээд очъё хаана байна гэхээр нь байгаа газраа хэлсэн. Тэгсэн удаагүй машинтайгаа хүрээд ирсэн. Тэр машинаас бууж ирэхдээ дугуйн дроцов барьж миний хажууд сууж байсан Дын талаар ирээд хаалга нээгээд Дыг гарнаас нь татсан. Тэгсэн Д гарахгүй гэж хэлсэн. Тэгсэн Отгонбаатар түүний хоёр гараас нь татаад орилуулаад машинаас гаргаад машин руугаа чирч яваад жолоочийн эсрэг талын хаалгаа нээгээд машинд суулгах гэхэд Д суухгүй гээд орилоод байсан. Тэр хоёр хэсэг тэгж зогссон. Би харж сууж байгаад  иргэний үүргийнхээ дагуу тэр хоёр дээр очоод Дыг татаад Отгонбаатарын гарт байсан дугуйн дроцовыг салгаж шидчихээд Дыг татсан чинь Отгонбаатар Дыг тавиад ямар ч үг хэлэхгүй эргэж хараад миний хамар луу гараараа цохиод авсан. Би хамраа дараад хэсэг тонгойгоод цусаа тогтоогоод эргэж очоод Дыг татаж авсан чинь Дыг цааш нь Отгонбаатар чирээд аваад явсан. Тэгэхээр нь би чи яахаараа миний хамар луу цохиж байгаа юм бэ гэж хэлээд түүний толгой руу 2 удаа цохиод Дыг аваад машин руугаа эргэсэн. Араас Отгонбаатар намайг тэвэрч аваад замын боржур луу тонгорч унагаад дээр гараад толгой руу 3 удаа цохьсон. Д ирээд Т.О араас нь татаж авсан. Би босоод ирэхэд миний гар эвгүй болсон байсан. Тэгээд би түүнд больё гэж хэлсэн чинь Отгонбаатар миний эрхий хуруунаас барьж байгаад арагш нь дарсан. Би тухайн үед хуруу мултарчихлаа гэж бодсон. Отгонбаатар машиндаа суугаад яваад өгсөн. Би Дыг машиндаа суулгаад гар эвгүй болчихлоо гээд эмнэлэг орсон. ...Би эмнэлэг дээр очоод хүнд зодуулснаас болж гар гэмтсэн гэж хэлсэн. Надад учирсан гэмтлийг эдгээхээр эмчилгээ хийлгэж байгаа эмчилгээтэй холбоотой зардал энэ хугацаанд ажилгүй байсан зардал сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Одоогоор баримт цуглуулаагүй. Баримтаа цуглуулаад нэхэмжилнэ” /хх-ийн 10-11-р хуудас/,

           Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой ажил дээр байж байхад Мөнхдэлгэр намайг очиж аваад хүүхдийн паркаас хойш гарч машиндаа юм яриад суусан. Тэгж байтал миний гар утас руу Отгонбаатар залгасан. Би утсаа аваагүй тэр хэд хэдэн удаа залгасан. Хэд залгасан дараа Мөнхдэлгэр миний утсыг аваад Т.Оай ярьсан. Би машинаас буугаад явсан хоорондоо утсаар юу ярьсныг нь мэдээгүй. Буцаад машинд суухад тэр парк руу явъя гэж хэлэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэхэд тэр Отгонбаатар парк дээр хүрээд ир гэж байна гэсэн. Тэгээд бид хоёр парк дээр очиход Отгонбаатар бас ирж таарсан. Отгонбаатар машинаасаа бууж ирээд машины хаалга нээгээд намайг татаж буулгаад машин руугаа түлхэж авч явах гээд байхаар нь би явахгүй гэж хэлээд эсэргүүцсэн. Тэгсэн тэр намайг чирсээр байгаад машиныхаа жолоочийн эсрэг талын хаалга нээгээд суулгах гээд түлхэхээр нь би суухгүй гэж байтал Мөнхдэлгэр машинаасаа бууж ирээд Отгонбаатарын гараас нь татаад наад хүн чинь суухгүй гээд байна ш дээ гэж хэлсэн чинь Отгонбаатар эргээд Мөнхдэлгэрийн хамар луу гараараа цохиод авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад цаашаагаа явсан. Би тэр хооронд Мөнхдэлгэрийн машинд орж сууж байгаад эргээд гараад ирэхэд Мөнхдэлгэр газар дээшээ хараад хэвтэж байсан. Түүний дээр Отгонбаатар Мөнхдэлгэрийг заамдаад байж байсан. Тэгэхээр нь би Т.О боль гэж хэлээд татсан чинь Мөнхдэлгэр босоод ирсэн. Отгонбаатар над руу эргэж хараад элдвээр хэлж байгаад намайг машин руугаа суулгах гээд байсан. Тэгж байхад Отгонбаатарын нүүр нь цус болсон байсан. Мөнхдэлгэрийн хамар нь шалбарсан байсан. Мөнхдэлгэр намайг татаж машиндаа суулгасан. Би Т.О би чиний машинд суухгүй гэж хэлсэн. Тэгээд Мөнхдэлгэр бид хоёр манай гэр лүү явсан. Гэрийн гадаа ирэхэд Отгонбаатар машинтайгаа дагаж яваад ирсэн. Мөнхдэлгэр манай гэрийн гадаа ирээд миний гар хугарсан байна эмнэлэг ормоор байна гэж хэлэхээр нь бид хоёр хамтдаа эмнэлэг дээр очсон. Мөнхдэлгэр бид хоёр нэг газарт ажил хийдэг. Т.Оай өмнө нь нэг газарт ажиллаж байсан болохоор таньдаг байсан. Отгонбаатар луу утсаар залгасан хүн байхгүй. Харин тэр өөрөө миний гар утас руу залгаад байсан. Отгонбаатар машинаас бууж ирэхдээ дугуйн дроцов барьж бууж ирсэн. ...Отгонбаатар бууж ирээд утсаа авъя гэхээр нь юун гар утас вэ чиний утас энд байхгүй гэж би хэлэхэд тэр миний утас машинд чинь байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин доторхыг харахад голын хайрцаг буюу ус хийдэг нүхэн дээр Отгонбаатарын гар утас байсныг Т.О өгсөн” /хх-ийн 14-15-р хуудас/,

           Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 12 дугаар сарын 08-ны шөнө хүлээн авах дээр ээлжтэй байхад Мөнхдэлгэр гэгч залуу өөрийн биеэр ирээд хүн намайг нүхэнд түлхээд баруун гар гэмтсэн гэж хэлээд орж ирсэн. Тэгээд түүний гарыг үзэхэд баруун гар нь гэмтсэн байсан. Тэгээд рентген зураг аваад гарт нь шохой тавьж өгөөд явуулсан. Мөнхдэлгэр гэдэг залуу ганцаараа нэлээд согтуу орж ирсэн” /хх-ийн 16-р хуудас/

          Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”...Мөнхдэлгэр Т.О гараараа цохьсон байх. Гэхдээ би хараагүй болохоор мэдэхгүй байна. Отгонбаатар машинаас бууж ирсэн. Тэгээд дроцов барьж байсан. Түүнийг нь Мөнхдэлгэр аваад цаашаа шидэж байгаа харагдсан. Намайг машинд сууж байхад тэр хоёр паркийн зүүн талын цементэн шалан дээр зодолдоод байсан. Намайг очиж Т.О татаж босгоход Мөнхдэлгэрийн хамраас нь цус гарсан. Отгонбаатарын гар нүүр ам нь цус болсон байсан“/хх-ийн 75-р хуудас/

       Шинжээч эмч С.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Хуйхны язарсан шарх нь хатуу ирмэгтэй мохоо зүйлийн үйлчлэлээр уг гэмтэл үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь юмаар цохих эсвэл юмнаас унасан тохиолдолд мөн гэмтэл авах боломжтой” /хх-ийн 76-р хуудас/,

       Шүүгдэгч П.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн учраас нэмж  хэлээд байх зүйл байхгүй. Отгонбаатар намайг эхлээд цохьсон. Дараа нь тэр цохих гээд байхаар нь  би түүнийг цохьсон.  Би түүнээс Дыг хүч хэрэглээд авч явах гээд байхаар нь салгахын тулд түүний  толгой руу хоёр цохьсон” /хх-ийн 34-р хуудас/,

       Шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би өмнө нь гэр болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн болохоор одоо надад нэмж хэлээд байх зүйл байхгүй байна” /хх-ийн 32-р хуудас/,

       Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.12.13-ны өдрийн №8 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Т.Оын биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 18-р хуудас/,

       Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.12.19-ний өдрийн №10 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: П.Мийн биед тархины доргилт, хамар яс, баруун шууны чигчий талын яс, 1-р хурууны 3-р шивнүүрийн хугарал, хамрын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Шууны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тахир дроцов төмрийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 03-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 46-р хуудас/,

П.Мийн эмнэлгийн дуудлагын баримт /хх-ийн 43-р хуудас/,

Гар утасны ярианы лавлагаа /хх-ийн 51-р хуудас/,

П.Мийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 53-55-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2018.02.28-ны өдрийн №190 дугаартай автомашины техникийн үнэлгээний дүгнэлтэд: ...Т.Оын эзэмшлийн Тоёота королла аксио маркийн автомашины үнэлгээ нийт 50.000 төгрөг гэжээ. /хх-ийн 93-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн105-107-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.М нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Т.Оын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

        Шүүгдэгч П.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.12.13-ны өдрийн №8 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Т.Оын биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 18-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

   Хохирогч Т.Оын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан боловч хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч П.Мийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

         Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.О нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт П.Мийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

        Шүүгдэгч Т.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.12.19-ний өдрийн №10 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: П.Мийн биед тархины доргилт, хамар яс, баруун шууны чигчий талын яс, 1-р хурууны 3-р шивнүүрийн хугарал, хамрын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Шууны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Хохирогч П.М нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Хамрын таславч хугалсан. 20.000.000 сая төгрөг нэхэмжилсэн. 2.500.000 сая авсан. 17.500.000 төгрөг барагдуулж өгнө үү. Хохирол барагдуулах юм бол гомдолгүй. Гаргаж өгсөн баримт 1 сая төгрөг байгаа. Бусдыг баримтжуулаагүй. Цаашид гарах хор уршиг байгаа. Толгой янзлуулаагүй, гараа янзлуулаагүй. Хараа муудаж байгаа. Цаашид гарах хор уршигт нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг өгсөн боловч хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй, хохирогчид эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба энэхүү гэмт хэрэг гарснаас хойш 5 сар буюу 150 хоногийн хугацаа өнгөрсөн байна.

Түүнчлэн хохирогч П.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр болон хөнгөн гэмтэлтэй холбогдуулан цаашид эмчлүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр 17.500.000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ талаарх эмнэлгийн болон бусад холбогдох баримт бичгийг шүүхэд ирүүлээгүй, гэмт хэрэг гарснаас хойш шүүх хуралдаан болох хүртэлх хугацааны явцад 1 сарын хугацааны эмнэлгийн магадлагаа олгогдсоноос өөрөөр эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээ хийлгэх шаардлагатай талаарх эмнэлгийн баримт бичиг хэрэгт байхгүй байна.

Иймд хохирогч П.Мийн цаашид эмчилгээ хийлгэхээр нэхэмжилсэн 17.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Т.Оын зүгээс хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол буюу хор уршигт 2.500.000 төгрөг өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Оыг хохирогчид төлөх төлбөр хохиролгүй гэж үзэв.    

         Шүүгдэгч Т.О, П.М нарын бусдад төлөх хохирол төлбөргүй байдал, шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

        Шүүгдэгч П.Мийн өмгөөлөгчийн зүгээс шүүхээс оногдуулах торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэх санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгчийн зүгээс торгох ялыг биелүүлэх хугацааны талаар санал дүгнэлт гаргаагүй тул шүүгдэгчийн торгох ял биелүүлэх хугацааг шүүх тогтоож шийдвэрлэв. 

         Шүүгдэгч Т.О, П.М нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дроцов нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг хэрэгсэл биш байх тул дроцов төмрийг хууль ёсны эзэмшигч Т.От шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар

зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус

 удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Т.О хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар  шүүгдэгч Т.О нь 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж ялыг биелүүлэхийг даалгасугай.

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, П.М нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хохирогч П.Мийн цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал нэхэмжилсэн 17.500.000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, П.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дроцов төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид Т.От буцаан олгосугай.  

        9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О, П.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА

 

 

 

 

 

 

 

.