| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02440/И |
| Дугаар | 192/ШШ2025/04131 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/04131
2025 05 15 192/ШШ2025/04131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр оффис, ***, ****тоот хаягт байрлах “О к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны үйлдвэрийн төвийн бүс, ****гудамж, ****дугаар байрны ***тоот хаягт оршин суух, Хэрэйд ургийн овогт М овогтой Мт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,890,586.74 /дөрвөн сая найман зуун ерэн мянга таван зуун наян зургаан төгрөг далан дөрвөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Г.Очирбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О к ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Хариуцагч М.М нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн №ЗГ202207-120 дугаартай гэрээ байгуулан, сарын 3,1% хүүтэй, 24 сарын хугацаатай, автомашин барьцаалсан хэрэглээний зээл зориулалтаар 13,000,000 төгрөгийн зээл авахаар гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн гэрээ байгуулсан өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх №ФГ-202207-120 дугаартай гэрээ байгуулан, Infiniti FX35 маркийн хар өнгийн евро стандартын ***УАХ улсын дугаартай, туулах чадвар сайтай автомашиныг барьцаа хөрөнгөд бүртгүүлсэн. Зээлийн барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр О.Ч гэх хүн манай байгууллагад хүлээлгэн өгсөн. Тухайн үед уг автомашины чанар байдал муу, баруун урд кирлон сэвтэй, урд болон хойд гупер салоны урд тал сэвтэй, яндан цоорхой, моторын чек гэрэл ассан байдалтай байсан. Машин хүлээлгэн өгсөн О.Ч нь автомашины үнэлгээг 10,000,000 төгрөгөөр үнэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Тусгай активын албаны хурлаар тухайн автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар шийдвэрлэн худалдаж, зээлийн төлбөрт төлүүлсэн. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 3,832,563.43 төгрөг, төлөх ёстой хүү 1,054,637.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,385.88 төгрөг, нийт 4,890,586.74 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
1.2. Зээлийн гэрээний хугацаа хэтэрсний улмаас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр барьцаа хөрөнгө болох машиныг үүргийн гүйцэтгэл хангуулахаар эрж хайсны үндсэн дээр О.Ч гэх иргэн авчирсан. Тухайн машиныг 10,000,000 төгрөгөөр үнэлж, энэ хэмжээгээр үндсэн зээлээс хасаж, үлдэгдлийг нь гаргуулахаар шаардаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуугдсан Д.Б түрээслэгчийнхээ дансаар дамжуулж урьдчилгааг буюу машины мөнгийг авсан гэж л харагдаад байна. Тэгэхээр уг зээлийн төлбөр төлөх ёстой хүн нь миний харж байгаа өнцгөөс бол Д.Б юм шиг харагдаж байгаа боловч зээлийн гэрээний үүргийг зээлдэгч М.Мээс шаардана...гэв.
2. Хариуцагч М.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, тайлбар татгалзлыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Миний бие 2022 оны хавар “О к ББСБ” ХХК-иас автомашины зээл авсан билээ. Ажил байдлын нөхцөлөөс шалтгаалж зээл төлөх боломжгүй болсон тул ББСБ-ын захирал Н.Штай уулзаж, нөхцөл байдлаа тайлбарласан. 2022 оны 10 дугаар сард машиныг ББСБ-д өгч зээлээ хаасан. Зээл хаах, гэрээ шилжүүлэх гүйлгээ нь оны сүүл болж байгаатай холбоотойгоор “эх үүсвэргүй” шалтгаанаар дараа хааж шилжүүлнэ гэж тайлбар өгсөн. Бидний зүгээс зээлийг бүрэн хаагдсан, нэр л шилжээгүй яваа гэсэн буруу ойлголттой өнөөдрийг хүрсэн байна. ББСБ-аас холбогдоход өөрийн тань ажилтан машин хураан авч зээл хааж, харицлан шийдвэр гаргасан гэж тайлбарласан боловч тухайн ажилтныг ажлаасаа гарсан тухай хэлж байсан. Мөн захирал Н.Ш гэх хүнээс гадна зээлийн ажилтан бас үүнийг мэдэж байгаа тул ББСБ нь дотоод үйл ажиллагаандаа болон ажилтнууддаа уг гомдлыг гаргах ёстой гэж үзэж байна. Бид хэдийгээр гэрээ байгуулж үүрэг хүлээсэн боловч ББСБ болон тэдний ажилтнууд бидний мэдээ мэдээлэл, мэдлэггүй байдалд тохируулан залилан мэхэлж, хуурах замаар биднийг сэтгэл санаа болон эд хөрөнгө, зээлийн муу түүх зэргээр хохироосонд харин ч гомдолтой байна.
2.2. М.М нь 2022 онд “О к ББСБ” ХХК-иас 13,000,000 төгрөгийн машиныг авч, зээлээ төлж байгаад 08 дугаар сард хамгийн сүүлийн төлөлтөө хийгээд, төлөх боломжгүй болсон учир 09 дүгээр сард машинаа хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхөд акт үйлдээгүй нь ББСБ-ын дотоод үйл ажиллагаатай холбоотой, цаашаа өөр хүнд шилжүүлэгдсэн байгаа учраас үлдэгдэл төлбөрийг зөвшөөрөхгүй. Хэрэг маргаанаас харвал М.М нь 2022 оны 09 дүгээр сард зээлээс чөлөөлөгдсөн гэж харагдаж байна. Хамгийн гол гэрч болох хариуцсан зээлийн эдийн засагч н.Т олдохгүй байна. Бусад бүх гэрчийг шүүхэд дуудаж асуусан байгаа. Гэрчүүдэд хууль сануулаад асууж байгаа юм. Тухайн үед салбарын захирал хийж байсан Н.Ш бол автомашин хураагдсан талаар мэдээд байгаа. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэрийн талаар, мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зээлийг эргэн төлүүлэхтэй холбоотой асуудал байгаа. Б.Болортуяа 19,000,000 төгрөгөөр Д.Бэс худалдаж авсан, урьдчилгаа 4,000,000 төгрөгийг төлсөн гэдэг мэдүүлэг өгдөг. Д.Б нь ББСБ-аас хураагдсан машин зарсан гэдгээ зөвшөөрч мэдүүлдэг юм. ББСБ-ын тухайн үед ажиллаж байсан салбарын захирал болон зээлийн эдийн засагч нар “О к ББСБ” ХХК-ийг төлөөлж, фидуцийн зүйлийг хүлээн авсан байгаа тул уг зээлийн гэрээний үүрэг фидуцийн зүйлийг шилжүүлснээр дуусгавар болсон гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-6-7/, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-8/, Зээлийн болон фидуцийн гэрээ /хх-9-15/, Харилцагчийн мэдээлэл, зээлийн өргөдөл, судалгааны тэмдэглэл /хх-16-20/, Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаа /хх-21/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн фото зураг /хх-21 арын нүүр, 22/, Тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа /хх-23/, Барьцаа хөрөнгө хүлээлгэн өгсөн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл /хх-24/, Тусгай активын албаны хурлын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл /хх-25/, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-26/,
4. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд:
5. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
5.1. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжаар Б.У, Г.Мнарыг гэрчээр асуух, нэхэмжлэгчээс хариуцагч зээлийн гэрээний дагуу төлбөр төлсөн баримт, тус компанийн ажилтнууд Н.Ш, Э.Т нарын ажилтны анкет зэргийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /хх-47/, захирамжийн дагуу “О к ББСБ” ХХК-иас Н.Ш, Э.Т нарын анкет, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал /хх-51-56/, мөн компанийн Хаан банк дахь харилцах дансны хуулга /хх-57-60/, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-78/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
5.2. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжаар Н.Ш, Э.Т нарыг гэрчээр асуух, Хаан банк ХК-иас лавлагаа гаргуулахаар шийдвэрлэж /хх-72/, Хаан банк ХК лавлагаа ирүүлсэн. /хх-82/
5.3. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Д.Б, Б.Болортуяа нарын оршин суух хаягийн лавлагаа гаргуулахаар шийдвэрлэж /хх-90/, лавлагааг ирүүлсэн. /хх-98-102/
5.4. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжаар Б.Болортуяа, Д.Б нарыг гэрчээр асуухаар шийдвэрлэсэн. /хх-117/
5.4. Гэрчүүд:
- Г.М 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр асуусан /хх-93-97/,
- Б.Б 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр асууж, гэрчээс иргэн НА Хаан банк дахь харилцах дансны хуулгагы нотлох баримтаар өгсөн /хх-129, 133-135/,
- Б.У 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр асуусан /хх-150-154/
- Д.Б 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр асуусан /хх-160-165/
- Н.Шыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр асуусан /хх-166-171/
- Э.Тийг гэрчээр асуулгах хүсэлтээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдааны явцад татгалзсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх “О к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. “О к ББСБ” ХХК нь М.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3,832,563.43 төгрөг, зээлийн хүү 1,054,637.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,385.88 төгрөг, нийт 4,890,586.74 төгрөг гаргуулахаар шаардсан.
2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “М.М зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас фидуцийн зүйл болох автомашиныг эрэн сурвалжилснаар О.Ч гэх иргэнээс 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хураан авч, автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан ба үлдэгдэл зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч М.М нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “зээлийн гэрээг 2022 оны 7 дугаар сард байгуулж, эхний хоёр сарын төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч зээл төлөх боломжгүй болсны улмаас 2022 оны 09 дүгээр сард фидуцийн зүйлийг зээлдүүлэгчид хүлээлгэж өгснөөр гэрээ дуусгавар болсон” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг болон зохигчдын тайлбар зэргээс тогтоогдсон үйл баримтууд:
4.1. “О к ББСБ” ХХК нь М.Мийн зээл хүсэх тухай хүсэлтээр, түүнтэй 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ЗГ202207-120 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн ФГ-202207-120 тоот Фидуцийн гэрээ тус тус байгуулж, 13,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3,1 хувийн хүүтэйгээр автомашин барьцаалсан хэрэглээний зээлийн зориулалтаар зээлдүүлж, Infiniti FX35 маркийн автомашиныг фидуцийн гэрээгээр барьцаалжээ.
4.2. Зээлийн гэрээний Хавсралт №1-т заасан эргэн төлөх хуваарийн дагуу зээлдэгч эхний төлөлт 775,908.93 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлөх үүрэг хүлээж, уг төлбөрийг 08 дугаар сарын 31-ний өдөр, нэмэлт 3,000 төгрөгийн хамт төлсөн болох нь нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдох бөгөөд үүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд уг зээлээс төлөлт хийгдээгүй байна.
4.3. Харин 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн 500,000 төгрөгийг 5058787855 тоот гэрч Д.Б данснаас, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хийгдсэн 776,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн 1,300,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн 550,000 төгрөгийг тус тус 5720805331 тоот гэрч Б.Б данснаас нэхэмжлэгч “О к ББСБ” ХХК-ийн 5037639471 тоот данс руу “6095уах” гэх гүйлгээний утгаар шилжүүлж, зээлийн төлбөрөөс хасагджээ.
4.4. Хариуцагч М.М 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлснөөс хойш дахин төлөлт хийгээгүй ба нэхэмжлэгч “О к ББСБ” ХХК-ийн зээл олгосон салбарын шаардсанаар фидуцийн зүйл болох автомашиныг 2022 оны 09 дүгээр сард тухайн салбарын эдийн засагч, мөн салбарын захирал нарт хүлээлгэн өгч, гэрээ дуусгавар болсон талаар тайлбарлаж, автомашиныг салбар дээр хүргэж өгсөн Б.У, Г.М нарыг гэрчээр асуулгасан ба тэд автомашиныг зээл олгосон салбарт хүлээлгэж өгсөн талаар гэрчилсэн.
4.5. Тухайн үед зээл олгосон салбарын захирлаар ажиллаж байсан Н.Ш шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ фидуцийн зүйл болох автомашиныг хариуцагч М.Мээс хүлээж аваагүй, хэн хүлээлгэж өгснийг мэдэхгүй, салбарын захирал тээврийн хэрэгсэл хураан авах ажиллагаанд оролцдоггүй гэж тайлбарласан бол зээлийн төлбөрт 500,000 төгрөг төлсөн Д.Б шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ “тухайн автомашиныг Н.Ш, Э.Т нар зараад өгөөч гэж авчирч өгсөн, машиныг өөр хүнд дамжуулж зарсан, хэнд зарсныг мэдэхгүй, машин алдангитай гээд мөнгө өгөөд, тэрийг нь О к ББСБ-ын данс руу хийж байсан санагдаж байна..” гэж тайлбарласан байна.
4.6. Фидуцийн зүйл болох автомашиныг худалдаж авсан Б.Болортуяа шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ “энэ тээврийн хэрэгслийг Болороо гэдэг хүнээс 19,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон, ББСБ-ын барьцаанд байгаа гэж хэлж байсан. Сар бүр төлөлтөө хувааж хийхээр тохиролцож авсан, төлбөрийг 2-3 сар төлж чадаагүй хоцроосон. ББСБ-аас нэг залуу ирээд манай гэрийн гаднаас хурааж аваад явсан. Төлбөр төлөх дансыг Болороо гэдэг хүн хэлсэн, 5076251712 тоот дансанд шилжүүлж байсан. Машины төлбөрийг төлөхдөө нөхрөөрөө цалингийн зээл авхуулж төлүүлж байсан. 3-4 удаа төлөлт хийсэн. Машиныг ББСБ-аас авч байна гэж ойлгосон. Машиныг авахдаа гэрээ хийгээгүй, аман хэлбэрээр тохирсон” гэж тайлбарласан байна.
4.7. Гэрч Б.Б нөхрөөрөө цалингийн зээл авхуулж автомашины төлбөр төлсөн гэх тайлбараа нотлохоор иргэн НАХаан банк дахь 5076251712 тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан. Уг баримтад 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *** тоот данснаас 4,000,000 төгрөгийн орлого “Насанбуянд зээл олгов Анхтамир ХХК” гэх гүйлгээний утгатай орж, мөн өдрөө *** тоот данс руу “Насанбуян машины урьдчилгаа” гэх гүйлгээний утгаар 4,000,000 төгрөгийг шилжүүлжээ. Энэхүү мөнгийг хүлээн авсан данс гэрч Д.Б мөн гэдгийг тэрээр гэрчээр мэдүүлэхдээ хэлсэн.
4.8. Улмаар нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр фидуцийн зүйл болох автомашиныг О.Ч гэх иргэнээс хураан авч “Барьцаа эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл” үйлдэж, 06 дугаар сарын 29-ний өдрийн Тусгай активын албаны хурлаар уг тээврийн хэрэгслийг 8-10 сая төгрөгийн хооронд зарах шийдвэр гаргаж, тэмдэглэл үйлдсэн байна.
4.9. Дээрх тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаж байсан гэрч Б.Б нь нэхэмжлэгч “О к ББСБ” ХХК тээврийн хэрэгслийг гэрийнх нь гаднаас хурааж аваад явсан, О.Ч гэх иргэнийг танихгүй талаар тайлбарласан.
5. Талууд зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан болон уг гэрээнүүдийн хүчин Т байдлын талаар маргаагүй. Харин тухайн гэрээ 2022 оны 09 дүгээр сард фидуцийн зүйлийг зээлдүүлэгчид хураалгаснаар дуусгавар болсон эсэх, хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээх эсэх талаар маргаантай байна.
6. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээ Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд, фидуцийн гэрээ нь мөн хуулийн 235 дугаар зүйлд нийцсэн хүчин Т гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна.
7. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж хуульчилсан.
7.1. Дээрх хуульд заасны дагуу хариуцагч М.М фидуцийн зүйл болох автомашиныг нэхэмжлэгч “О к ББСБ” ХХК-д 2022 оны 09 дүгээр сард хүлээлгэн өгч, улмаар уг автомашиныг нэхэмжлэгч байгууллагын ажилтнууд бусдаар дамжуулан гуравдагч этгээдэд худалдсан, тухайн худалдаж авсан иргэн нь төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэн төлж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
7.2. Хэдийгээр 2022 оны 09 дүгээр сард фидуцийн зүйлийг хүлээлцэхдээ тодорхой акт үйлдээгүй боловч фидуцийн зүйлийг зээлдүүлэгч талд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар “О к ББСБ” ХХК болон М.М нарын хооронд байгуулагдсан гэрээ 2022 онд дуусгавар болсон байна.
11. Түүнчлэн, фидуцийн зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хурааж аваад 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бодит баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд “О к ББСБ” ХХК нь ажилтны буруугаас байгууллагад учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулахаар шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мээс 4,890,586.74 /дөрвөн сая найман зуун ерэн мянга таван зуун наян зургаан төгрөг далан дөрвөн мөнгө/ гаргуулах тухай “О к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,199 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА