2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/04764

 

 

 

 

  

    2025              06            03                                              192/ШШ2025/04764

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: БНХАУ-ын ӨМӨЗО, Шилийн гол аймаг, Эрээн хот, Эрман замын урд, зүүн тойргийн баруун ****үйлдвэрийн ****тоот хаягт байрлах “И” ХХК,

            Нэхэмжлэгч: БНХАУ-ын Шандун муж, Жинин хот, Вэйшан сум, Фүуүн өргөн чөлөө, ****гудамж, ***тоот хаягт байрлах “Ли” ХХК,

            Хариуцагч: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, *****тоот хаягт байрлах “Г” ХХК,

            Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 977,862 юань буюу 456,386,195 /дөрвөн зуун тавин зургааан сая гурван зуун наян зургаан мянга нэг зуун ерэн таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ургаа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт:

            1.1. БНХАУ-ын ИХХК болон БНХАУ-ын “Ли” ХХК нь Монгол улсын “Г” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2021-05-20 дугаар Худалдах, худалдан авах, хамтран ажиллах эхний гэрээг ковидын нөхцөл байдлаас шалтгаалж цахимаар байгуулан, нийт 15 вагон 1,005 тонн хайлуур жоншны флотацийн баяжмал нийлүүлэхээр болсон. Гэрээгээр худалдагч тал “Г” ХХК нь баяжуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж, хайлуур жоншны флотацийн баяжмал худалдан авах үнийг худалдан авагч талаас урьдчилан авах, худалдагч нь бүтээгдэхүүнээ зөвхөн худалдан авагч талд худалдах, энэ гэрээгээр нийлүүлэх хайлуур жоншны флотацийн баяжмал ФФ96,5 хувиас дээш, 5 вагон буюу 335 тонн, ФФ97 хувиас дээш 10 вагон буюу 670 тонн нийт 1,100 тонн, тонн тус бүр нь 1,400 юань байхаар талууд тохиролцсон.

            Бид гэрээний үүргээ биелүүлж урьдчилгаа төлбөрт “И” ХХК-иас 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,400,000 юань шилжүүлсэн. “Г” ХХК нь гэрээний 3.4-т зааснаар 1,005 тонн бүтээгдэхүүнийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны дотор нийлүүлэх үүрэг хүлээж, 2021 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл зөвхөн 14 вагон 950.93 тонн бүтээгдэхүүнийг 2021 оны 06 дугаар сарын 19-нд 134.74 тонн 2 вагон, 639 тонн 5 вагон, 06 дугаар сарын 22-нд 138.64 тонн 2 вагон, 07 дугаар сарын 11-нд 4 вагон 274.78 тонн, 08 дугаар сарын 12-нд 1 вагон 63.27 тонн тус тус нийлүүлсэн. Үүнээс 5 вагон 338.48 тонн бүтээгдэхүүн нь гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй, 95 хувьдаа хүрээгүй, үлдэгдэл тооцоог дуусгахыг удаа дараа “Г” ХХК-д мэдэгдсэн. “Г” ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2021-06-16 дугаар Худалдах, худалдан авах, хамтран ажиллах 2 дахь гэрээг байгуулж, 1,005 тонн хайлуур жоншны флотацийн баяжмалын үнэ болох 1,400,000 юанийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Ли” компаниас “Г” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Мөн тус компанийн захирал Ч.Ганбаатар “Г” ХХК-ийн данс өр төлбөртэй битүүмжлэгдсэн байгаа гээд өөрийн эхнэрийн компанийн дансаар мөнгөө шилжүүлж авахыг хүссэний дагуу “Дэ голден дулам” ХХК-ийн ***тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 390,000 юань, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 390,000 юань тус тус “И” компаниас шилжүүлж “Г” ХХК авсан. Гэтэл гэрээний дагуу нүүрсээ өгөхгүй байсан тул компанийн ажилтан Х.Анударь “Г” ХХК-ийн Дундговь аймгийн Баянжаргал сумын Лог нэртэй газарт байрлах үйлдвэрт нь очиж, нүүрсээ нэхэх үед захирал Ч.Ганбаатар “гарсан бүтээгдэхүүн нь энэ байна, чи өөрөө аваад явбал яв” гэхээр нь тус үйлдвэрээс Мааньт хүртэл бүх зардлуудыг бид төлж авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, урьдчилан шилжүүлсэн нийт 3,580,000 юаниас 14 вагон 950.93 тонн хайлуур жоншоны флотацийн баяжмалыг нийт 1,331,302 юаниар, мөн уурхайн аман дээрээс 1 тонныг 1,260 юаниар тооцож 1,008.6 тонн бүтээгдэхүүн, нийт 1,270,836 юань болж бид бүх зардлуудыг гаргаж авсан. Иймд төлбөл зохих 3,580,000 юаниас хариуцагч талын төлсөн төлбөр нь 1,331,302 юань, 1,270,836 юанийг тус тус хасаж, үлдэгдэл 977,862 юаний төлбөрийг аливаа хэлбэрээр төлөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна...гэж,

            1.2. Нийт нийлүүлсэн вагоноос 5 вагон нь чанарын шаардлага хангаагүй байсан ба тухайн үед энэ нийлүүлэлтийг тооцооноос хасаагүй. “Г” ХХК өр төлбөртэй, өөрийн дансаар мөнгө авах боломжгүй гээд захирал Ч.Ганбаатар нь өөрийн эхнэрийн компанийн дансаар 2 удаа төлбөр авсан. Гэрээнд зааснаар Эрээн хот хүртэл жоншийг нийлүүлэх байсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй зугтаагаад байсан учраас н.Анударь хариуцагчийн уурхай дээрээс нь бүтээгдэхүүнүүдийг очиж авсан. Уурхай дээр нь очиж авсан учраас жоншийг 1,260 юаниар тооцож авсан. Төлсөн төлбөрүүдээс төлөлтийг хасаад 977,862 юань буюу 456,368,195 төгрөгийг шаардаж байгаа. Удаа дараагийн гэрээ байгуулсан, гол нөхцөл нь 1.3-т зааснаар флотацийн баяжмалыг олборлож баяжуулсан гээд тодорхой заасан байгаа. Баяжмал гэдэг нь нунтаг хэлбэрийг хэлээд байгаа юм. Гаалийн баримтууд дээр бүгд нунтаг баяжмал гээд бичсэн байгаа. Харин 2022 оны 136,000 болон 05 дугаар сарын 26-ны өдрийнх дээр хайлуур жонш бүхэл гэж бичсэн байгаа. Гэрээний 2.4 дээр Эрээн нөхцөлөөр, хүргүүлэх зардлыг “Г” ХХК хариуцахаар заасан. Маргаан бүхий 2 бүхэл жонш нь Мааньт нөхцөлөөр нийлүүлсэн байна. Энэ бол хувийн гуйлтаар өөр компани нийлүүлж байгаа учраас Мааньт гэж бичсэн байгаа. Мөн гаалийн мэдүүлэгт “М” ХХК гэж бичсэн байгаа. Нотлох баримтыг хариуцагч тал буруугаар нэхэмжилж байна. Анхнаасаа нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа ийм тайлбар хэлж байгаагүй. Харин өмнөх төлөөлөгч мөнгө авсан талаар зөвшөөрч байсан. Төлбөр тооцоо хаасан гэж байгаа ч үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй.  2021 оны 12 дугаар сард шилжүүлж байгаа төлбөрүүдийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны гэрээний урьдчилгаа төлбөр гэж бичсэн байгаа. Компанийн захирлын эхнэрийн компанийн данс руу шилжүүлж байгаа нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үнэ юм...гэв.

            2. Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Ч.Ганбаатар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт:

            2.1. Манай компани 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын “И” компанитай хайлуур жоншны баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээний үүргээ биелүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 950.93 тонн ФФ97 хувийн баяжмалыг Монгол улсын хилээр БНХАУ-ын “И” ХХК руу нийлүүлсэн байна. Энэ нь Монгол улсын Гаалийн лабораторийн дүгнэлтээр баталгаажуулан, улсын хилээр нэвтрүүлдэг ба хилээр гаргасан хайлуур жоншны баяжмалаас 5 вагон буюу 338.48 тонн бүтээгдэхүүн гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй гэх нь үндэслэлгүй байна. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Г” ХХК-ийн нэрээр БНХАУ-ын “И” экспорт импортын компани руу 5 удаагийн мэдүүлгээр 909796969197 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гаргасан талаар АМНАТ-ын тайлан татварын газарт илгээгдсэн байна. “Г” ХХК-ийн нягтлан н.Баярцогт, “И” экспорт импортын компанийг төлөөлөгч н.Анударьтай хийсэн тухайн гэрээнүүдийг эцэслэн тооцоо нийлэхэд БНХАУ-ын “И” компани нь “Г” ХХК-иас авлагагүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...гэж,

            2.2. Хариуцагч “Г” ХХК нь нийт 4 удаагийн төлөлтөөр хүлээн авсан хэмжээгээр 374,500 юань, 335,946 юань гээд өөр компанийн нэрээр төлбөр хүлээн авсныг зөвшөөрч байгаа. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гаалийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Эдгээрийг хоёр талын захирлууд харилцаад бие биедээ өглөг авлагагүй болсон байсан боловч урт хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. 2,379.9тн бүтээгдэхүүнийг 1 тонн-ыг 1,400 юаниар тооцож гэрээ байгуулсан. Тухайн үед ковидын нөхцөл байдалтай байсан нь үнэн. Нэхэмжлэлд хавсаргаад байгаа гэрээнүүд нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Гэрээний санал ингэж яваад гэрээ хийгдсэн. Хавсралт гэрээнүүд зарим тохиолдолд 1,400 юаниар, бүхэллэг хэлбэрийг ам.доллараар тохиролцож, процентыг багасгасан байдлаар тохирч, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа. “Г” ХХК гэрээгээр хүлээсэн үүгээ бүрэн биелүүлсэн учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

            2.3. Хариуцагчийн өмгөөлөгч: Нийт 10 удаагийн ачилт явсан байдаг. Ачилт болгоны ард хавсралтаар бүх гэрээнүүд орсон байна. Нийт 2,379.98 тн хайлуур жонш болон бүхэллэг жоншийг нийлүүлсэн. Тухайн хоёр компанийн хоорондын тохиролцсон үнэд тохирсон нийлүүлэлтийг 100 хувь нийлүүлж, харилцан захирлууд болон нягтлангууд тооцоо нийлж, өглөг авлагын асуудал байхгүй гээд шийдсэн байсан...гэв.

            3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-4-5/, төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл /1-р хх-8-13, 87-99/, нэхэмжлэгч нарын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-14-17, 86, 101-103/, хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /1-р хх-118-19/, Монголбанкны ханшийн лавлагаа /1-р хх-20/, цахимаар байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021-06-16 дугаар Худалдах, худалдан авах, хамтран ажиллах гэрээний хуулбар /1-р хх-21-23/, Хятад улсын Тариалан банкнаас гүйлгээ хийсэн гадаад гуйвуулгын баримтууд орчуулгын хамт /1-р хх-24-31/, Бараа бүтээгдэхүүний гарал үүслийн бичгүүд, Ачааны дагалдах бичгүүдийн хамт /1-р хх-73-85/, ИХХК, “Г” ХХК нарын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний орчуулга /2-р хх-32-34/

            4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн мэдээлэл /1-р хх-36-38/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /1-р хх-39, 60, 137/, өмгөөлөгч Х.Ургаатай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-130/

            5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: 

            - Зохигчийн хүсэлтээр Гаалийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-66/, захирамжийн дагуу “Г” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон барааны мэдээллийг ирүүлсэн. /1-р хх-70-72/

            - Хариуцагч талын хүсэлтээр Гаалийн ерөнхий газраас нэмэлт нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-109/, захирамжийн дагуу “Г” ХХК-иас 2022 онд гаалийн бүрдүүлэлт хийж экспортолсон жоншийг БНХАУ-ын ямар нэртэй компанид илгээсэн талаарх лавлагааг ирүүлсэн. /1-р хх-117/

            - Шүүгчийн захирамжаар Гаалийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-165/, захирамжийн дагуу “Г” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд БНХАУ-ын ИХХК, “Ли” ХХК нарт хайлуур жоншны флотацийн баяжмал экспортолсон эсэх талаарх лавлагааг гаалийн мэдүүлэг, мэдүүлэгт бүрдүүлсэн баримтуудын хамт ирүүлсэн байна. /1-р хх-169-250, 2-р хх-1-17/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч БНХАУ-ын ИХХК, “Ли” ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч нар хариуцагч “Г” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 977,862 юань буюу 456,368,195 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцооллын алдаа гаргасныг тодруулснаар 69,554 юань илүү шаардсан болохоо зөвшөөрч, нэхэмжлэлийг энэ хэмжээгээр багасгах талаар тайлбарласан.

Иймд багасгаж буй 69,554 юанийг нэхэмжлэл гаргахад тооцоолсон БНХАУ-ын юанийн ханш 466,69 төгрөгөөр тооцоход 32,460,852 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлага 423,907,343 /дөрвөн зун хорин гурван сая есөн зуун долоон мянга гурван зуун дөчин гурван/ төгрөг болж багассан байна.

            2.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “Г ХХК гэрээгээр хүлээсэн хайлуур жоншны флотацийн баяжмал нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, өөр компанийн нийлүүлсэн бүхэллэг жоншийг өөрийн нэрээр гаалийн мэдүүлэг хийснийг гэрээний дагуу нийлүүлсэн гэж үзэхгүй тул төлбөрт төлсөн нийт дүнгээс бодитоор нийлүүлсэн хэмжээг хасаж, үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “гэрээний дагуу жонш нийлүүлэх үүргээ биелүүлсэн, энэ нь Гаалийн ерөнхий газраас ирсэн мэдүүлэг болон гэрээний хугацаа сунгаж тохиролцсон гэрээнүүдээр нотлогдох тул төлөх төлбөр, нийлүүлэх бараа байхгүй, талууд одоо тооцоогүй болсон” гэж тайлбарлан маргаж байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

            4.1. БНХАУ-ын ИХХК, “Ли” буюу “Ли” ХХК нар Монгол улсын “Г” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр №2021-05-20 тоот Худалдах, худалдан авах, хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан байна.

            - Дээрх гэрээгээр худалдагч “Г” ХХК нь өөрийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын Лог нэртэй газарт орших MV-017543 тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлож баяжуулсан ФФ96,5 хувиас дээш 5 вагон буюу 335 тонн, ФФ97 хувиас дээш 10 вагон буюу 670 тонн, нийт 1,005 тонн үзүүлэлт бүхий  хайлуур жоншны флотацийн баяжмалыг худалдан авагч ИХХК, “Ли” ХХК нарт Daff Erlian нөхцөлөөр нийлүүлэх, худалдан авагч нийлүүлэх бүтээгдэхүүний тонн тус бүрт 1,400 юань төлөх, худалдагч талын баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд зориулж худалдан авагч тал төлбөрөө 100 хувь урьдчилан шилжүүлэх зэрэг гол нөхцөл болон талуудын эрх, үүрэг, хариуцлага, маргаан шийдвэрлэх, давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл зэргийг тус тус зааж, төлөөлөх эрх бүхий этгээдүүд гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна.

            - Хариуцагч “Г” ХХК-д Дундговь аймгийн Баянжаргалан сумын Лог нэртэй газарт оршин 42.24 гектар талбай бүхий уурхайн талбайд 2035 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хүчинтэй MV-017543 дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр олгогджээ. /1-р хх-178/

            - Гэрээ байгуулсны дараа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч ИХХК-иас 1,400,000 юанийг хариуцагч “Г” ХХК-ийн Хаан банк дахь ***тоот данс руу “2021-05-20 тоот Кальцийн фторын гэрээний урьдчилгаа төлбөр” гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. /1-р хх-28-29/

            4.2. Гэрээний талууд дахин 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр №2021-06-16 тоот Худалдах, худалдан авах, хамтран ажиллах гэрээг цахим хэлбэрээр байгуулж, №2021-05-20 тоот гэрээтэй адил хэмжээ болон төлбөрийн нөхцөл бүхий бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцож, гэрээнд эрх бүхий төлөөлөх эрхтэй этгээдүүд гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байх бөгөөд гэрээ байгуулагдсаны маргааш 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч “Ли” ХХК-иас хариуцагч “Г” ХХК-ийн Хаан банк дахь ***тоот данс руу 1,400,000 юанийг “2021-06-16 тоот Кальцийн фторын гэрээний урьдчилгаа төлбөр” гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ. /1-р хх-30/

            4.3. Нэхэмжлэгч ИХХК-иас Монгол улсын “Голден дулам” ХХК-ийн Хаан банк дахь ***тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “2021-12-01 тоот Фторын нунтагийн гэрээний урьдчилгаа төлбөр” гэх гүйлгээний утгаар 335,946 юань, мөн компанид 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “2021-12-01 Фторын нунтагийн гэрээний урьдчилгаа төлбөр” гэх гүйлгээний утгаар 374,500.32 юань тус тус шилжүүлсэн гадаад гуйвуулгын баримтыг нотлох баримтаар гаргаж, эдгээр мөнгөн гүйлгээг “Г” ХХК-ийн төлбөрт тооцож хүлээн авсан талаар хариуцагч тал хүлээн зөвшөөрч, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

            4.4. Харин дээрх хоёр удаагийн гүйлгээ нь талуудын байгуулсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй №2021-05-20 болон №2021-06-16 тоот гэрээнүүдийн төлбөрт хамаарахгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд тухайн гүйлгээтэй холбоотой гэрээг зохигчид хэрэгт нотлох баримтаар гаргаагүй байна.

            4.5. Талуудын байгуулсан №2021-05-20 тоот гэрээний дагуу “Г” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 950.93 тонн бүхий 14 вагон бүтээгдэхүүн нийлүүлж, №2021-06-16 тоот гэрээгээр тохирсон бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь хариуцагчийн Дундговь аймаг, Баянжаргалан сум, Шинэ ус нэртэй жоншны уурхай дээрээс “хүлээн авагч Монгол чех металл” нэртэйгээр 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 1,008.6 тонн бүтээгдэхүүнийг өөрсдөө очиж авсан болох нь зохигчдын тайлбар, Бараа бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг болон ачааны дагалдах бичгүүдээр тогтоогдсон.

            4.6. Монгол улсын Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэгч БНХАУ-ын “И” ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр нийт 2,379.98 тонн бүтээгдэхүүн экспортолж, БНХАУ-ын “Ли” ХХК-д экспортын гаалийн бүрдүүлэлт хийгээгүй болохыг тодорхойлсон. /1-р хх-169-170/ Тодруулбал:

            - 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр

****************** мэдүүлгийн дугаараар 134.74 тонн, ФФ97 кальцийн фторид-97.02 хувь, кальцийн карбонат-0.48 хувь үзүүлэлттэй хайлуур жоншны баяжмал,

***************** мэдүүлгийн дугаараар 339.50 тонн, ФФ97 кальцийн фторид-97.02 хувь, кальцийн карбонат-0.48 хувь үзүүлэлттэй хайлуур жоншны баяжмал,

            - 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ********************* мэдүүлгийн дугаараар 138.64 тонн, ФФ97 кальцийн фторид-97.02 хувь, кальцийн карбонат-0.48 хувь үзүүлэлттэй хайлуур жоншны баяжмал,

            - 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ******************мэдүүлгийн дугаараар 274.78 тонн, ФФ97 кальцийн фторид-97.02 хувь, кальцийн карбонат-0.48 хувь үзүүлэлттэй хайлуур жоншны баяжмал,

            - 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******************* мэдүүлгийн дугаараар 63.27 тонн, ФФ97 кальцийн фторид-97.05 хувь, кальцийн карбонат-0.68 хувь үзүүлэлттэй хайлуур жоншны баяжмал,

            - 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр

            ************** мэдүүлгийн дугаараар 340.80 тонн CaF2-96.57 хувь үзүүлэлттэй хайлуур жоншны баяжмал,

            ****************** мэдүүлгийн дугаараар 341.15 тонн CaF2-96.57 хувь үзүүлэлттэй хайлуур жоншны бүхэл, 

            - 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр

           **************** мэдүүлгийн дугаараар 136 тонн CaF2-81.72 хувь үзүүлэлттэй хайлуур жоншны бүхэл,

            *******************мэдүүлгийн дугаараар 339.10 тонн CaF2-96.57 хувь үзүүлэлттэй хайлуур жоншны баяжмал,

            - 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 272 тонн ФК-65 нь 69 хувийн кальцийн фторид, 1 хувийн кальфийн карбонат бүхий үзүүлэлттэй хайлуур жоншны бүхэл тус тус нийлүүлсэн байна.

            4.7. Дээрх нийлүүлэлтүүдийг хийхэд “Г” ХХК нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хүлээн авагчтай байгуулсан гэрээ болон гэрээний хавсралт, Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэх болон пүүний акт зэрэг баримтуудыг хавсаргаж мэдүүлж байсан нь тогтоогдов. /1-р хх-171-250, 2-р хх-1-17/

            4.8. Талууд 2022 онд нэмэлт нийлүүлэлт хийгдэх тухай бүрт №2021-05-20 тоот гэрээний хугацааг сунгаж, нэмэлт нөхцөлийн талаар тохиролцон байгуулж, эдгээр гэрээний нэмэлт өөрчлөлт бүрт эрх бүхий этгээдүүд гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулж байсан байна. /1-р хх-183, 205, 241, 2-р хх-9/

            5. Талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3 дахь хэсгүүдэд заасан хүчин төгөлдөр байх хэлбэрийн шаардлага хангасан, мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

            5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, барааг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

5.2. Нэхэмжлэгч нар нь №202105-20, №2021-06-16 тоот гэрээнүүийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж ИХХК-иас 1,400,000 юань, “Ли” ХХК-иас 1,400,000 юанийг тус тус “Г” ХХК-д, мөн “Г” ХХК-ийн нэрлэн заасан “Голден дулам” ХХК-д ИХХК-иас 2 удаагийн гүйлгээгээр 710,446.32 юанийг маргаан бүхий 2 гэрээний үүрэгт бус, харин №2021-12-01 тоот Фторын нутагийн гэрээны төлбөрт шилжүүлж, нэхэмжлэгч нараас хариуцагчид нийт  3,510,446.32 юань хариуцагчид шилжүүлсэн байна.

5.3. Хариуцагч нь гэрээний үүрэгт 2021 онд 950.93 тонн, мөн онд нэхэмжлэгч талын төлөөлөгч нь хариуцагчийн уурхайн аман дээрээс 1008.6 тонн жоншийг бэлнээр авсан ба энэ тооцооллын талаар зохигчид маргаагүй. Харин 2022 онд нийлүүлэгдсн 1,429.05 тонн бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч нар “Г” ХХК-иас нийлүүлээгүй гэж тайлбарлан маргасан. Тодруулбал: нэхэмжлэгч нар хариуцагчийг нийт 1,959.53 тонн хайлуур жоншны флотацийн баяжмал нийлүүлсэн гэж, хариуцагчийн зүгээс нийт 2,379.98 тн жонш нийлүүлсэн гэж тайлбарлана.

6. 1 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар талд авагдсан Гэрээний хавсралт №1 баримтаар ИХХК болон “Г” ХХК нар нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр №2021-05-20 тоот гэрээний хугацааг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж, ФФ-97 маркийн 1,010 тонн бүтээгдэхүүнийг нэмж нийлүүлэхээр, хэргийн 205 дугаар талд авагдсан Гэрээний хавсралт №2 баримтаар уг гэрээний хугацааг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, ФК-85 маркийн 335 тонн хэмжээтэй бүтээгдэхүүнийг, 2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан Гэрээний хавсралт №3 баримтаар уг гэрээний хугацааг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, ФК-85 маркийн 500 тонн хэмжээтэй бүтээгдэхүүнийг тус тус нэмж нийлүүлэхээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдож байна.

7. Зохигчдын тайлбараар талуудын байгуулсан №2021-06-16 тоот гэрээний үүрэг нэхэмжлэгч тал 1,008 тонн бүтээгдэхүүнийг хариуцагч талын уурхайн амнаас очиж авснаар биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Харин хэрэгт авагдсан дээрх “Гэрээний хавсралт №1, Гэрээний хавсралт №2” гэх нэмэлт гэрээнүүдээр талууд №2021-05-20 тоот гэрээний харилцааг үргэлжлүүлэн, нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

7.1. Иймд шүүх эдгээр баримтуудыг үндэслэн хариуцагч “Г” ХХК-ийг нэхэмжлэгч ИХХК-д нийт 2,379.98 тонн жонш нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгч ИХХК, “Ли” ХХК нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч “Г” ХХК-ийг нэхэмжлэгч ИХХК-ийн нэр дээр өөр компанийн нийлүүлж буй бүтээгдэхүүнийг өөрийн нэрээр нийлүүлдэг байсан гэж тайлбарлан, гаалийн мэдүүлэгт “М” ХХК гэж бичсэн, мөн мэдүүлэгт Мааньт өртөө гэж оруулсан нь гэрээний заалтад заасан Эрээн ДАП гэх заалтыг зөрчсөн гэж тайлбарлах боловч гаалийн мэдүүлэгт тийнхүү бичсэнийг талуудын 2022 онд байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлт бүхий хүчин төгөлдөр гэрээнүүдийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

7.3. Нэхэмжлэгч ИХХК, “Ли” ХХК нар нь хариуцагч “Г” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн хариуд гэрээгээр тохирсон бүтээгдэхүүнийг хүлээн авсан бөгөөд дахин байгуулсан нэмэлт гэрээнүүдийн дагуу бүтээгдэхүүн нэмж авсан, 2021 оны 12 дугаар сард төлсөн 2 удаагийн төлбөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заагдаагүй талуудын байгуулсан өөр гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр гэж үзэхээр байна.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,439,791 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 423,907,343 /дөрвөн зуун хорин гурван сая есөн зуун долоон мянга гурван зуун дөчин гурван/ төгрөг гаргуулах тухай БНХАУ-ын ИХХК, “Ли” ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,439,791 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА