| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2314000000110 |
| Дугаар | 2024/ДШМ/046 |
| Огноо | 2024-08-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/046
М.Баянмөнх, Г.Мөнхбаатар, Н.Бат-Оргил нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Цогням;
Шүүгдэгч М.Баянмөнх, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг;
Шүүгдэгч Г.Мөнхбаатар,
Шүүгдэгч Н.Бат-Оргил, түүний өмгөөлөгч Б.Бурмаа;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бат-Оргилын өмгөөлөгч Б.Бурмаа, Г.Мөнхбаатарын өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Баянмөнх, Г.Мөнхбаатар, Н.Бат-Оргил нарт холбогдох эрүүгийн 2314000000110 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ........ багт оршин суудаг,
Урьд Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийн хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-т зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан Боржигон овогт Насанхүүгийн Бат-Оргил ВИ94080512 регистрийн дугаартай,
2. Монгол Улсын иргэн, ................ оршин суудаг, Баярцогт овогт Ганбатын Мөнхбаатар ВМ94041611 регистрийн дугаартай,
3. Монгол Улсын иргэн, ............ багт оршин суудаг,
Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож байсан, Ундар овогт Мэндсайханы Баянмөнх, ВК90080311 регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Мөнхбаатар, М.Баянмөнх, Н.Бат-Оргил, Б.Нямхүү нар нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ бүлэглэж, 2023 оны 3 дугаар сарын 27- ноос 28-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Өндөр толгой” гэх газарт бэлчиж байсан иргэн Д.Хүрэлгомбын эзэмшлийн Хонгор азаргатай адуунаас улсын дугааргүй мустанг-5 загварын мотоцикл, талын монгол загварын мотоцикл зэрэг нийт 2 тооны машин механизм ашиглан, цавьдар зүсмийн 1 гүү, шарга, зээрд, хээр зүсмийн 3 даага зэрэг нийт 4 бод буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Д.Хүрэлгомбод 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Баянмөнх, Б.Нямхүү, Г.Мөнхбаатар, Н.Бат-Оргил нар нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ бүлэглэж, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан, иргэн Г.Баярхүүгийн эзэмшлийн адуунаас 2 тооны мотоцикл буюу машин механизм ашиглан, буурал халзан шүдлэн үрээ, хойд хоёр хөл шийр цагаан, хамар цагаан хээр зүсмийн шүдлэн байдас, хүрэн үрээ, хул зүсмийн 3 тооны даага, хонгор алаг даага, хойд хоёр хөл шийр цагаан, сартай хүрэн даага, улаан хээр даага бүгд зөв талын гуяндаа “очир тамгатай” хар халтар даага, хээр даага зөв гуяндаа “Б” үсгэн тамгатай зэрэг нийт 11 бод буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Баярхүүд 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Баянмөнх, Г.Мөнхбаатар, Н.Бат-Оргил нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Насанхүүгийн Бат-Оргил, Баярцогт овогт Ганбатын Мөнхбаатар, Ундар овогт Мэндсайханы Баянмөнх нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Бат-Оргил 1 жил 10 сарын хорих ялаар, шүүгдэгч Г.Мөнхбаатарыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч М.Баянмөнхийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Н.Бат-Оргилд оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Баянмөнхөд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мөнхбаатарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Баянмөнх, Н.Бат-Оргил нарын 2024 оны 5 дугаар сарын 09-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 хоногийг ялтны эдлэх ялд тус тус оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч М.Баянмөнхийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 200,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч М.Баянмөнхөөс нийт 750,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э.Батзоригт 250,000 төгрөг, Д.Азбаярт 500,000 төгрөгийг тус тус олгож,
Хохирогч Д.Хүрэлгомбын 2,700,000 төгрөг, хохирогч Г.Баярхүүгийн шатахууны үнэ нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Хүрэлгомбо, Г.Баярхүү нар нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, Г.Мөнхбаатар, Н.Бат-Оргил нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Шүүгдэгч М.Баянмөнхийн эзэмшлийн ...Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл болох мотоциклийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээж,
Шүүгдэгч М.Баянмөнх, Н.Бат-Оргил нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Мөнхбаатар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж,
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Баянмөнх, Н.Бат-Оргил, Г.Мөнхбаатарт нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Бат-Оргилын өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Шүүгдэгч Н.Бат- Оргил нь бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдсэнээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж, чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн.
Иймд өрх толгойлсон эцэг, бага насны хүүхдээ асран тэжээн тэтгэж, өсгөж хүмүүжүүлж байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирол төлсөн зэргийг харгалцан үзэж Н.Бат-Оргилд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар нэг жил болгон өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Мөнхбаатарын өмгөөлөгч Г.Дуламсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... “Тухайн хэрэгт хамтран оролцсон хүмүүсийн үйлдэл оролцоо гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөн, мөн хувийн байдлыг харгалзан шүүх өөрийн эрх хэмжээнд ялыг ялгамжтай оногдуулсан боловч хуулиар зөвшөөрсөн боломжийг бүрэн ашиглаагүй.Хэрэг үйлдэхэд санаа сэдэл хэрхэн хэнээс гарсан, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгч тус бүрийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлөх хүсэлт гарган ажиллагаа хийсэн байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, эрхийн хүрээнд шийдвэр гарган Г.Мөнхбаатарт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар "... тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилээр тогтоон хөнгөрүүлэн оногдуулна уу.Г.Мөнхбаатар нь бага насны хоёр хүүхэдтэй эхнэр нь саяхан нярайлсан нялх биетэй /нотлох баримт хэрэгт авагдсан/ тул хувийн байдлыг, хэрэгт оролцсон үйлдэл, хохирлоо бүрэн төлсөн байдал зэргийг харгалзан үзнэ үү...” гэв.
Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоол нь хуульд заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, агуулгыг зөрчөөгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн.
Иймд шүүгдэгч Н.Бат-Оргилын өмгөөлөгч Б.Бурмаа, Г.Мөнхбаатарын өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч М.Баянмөнхийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч М.Баянмөнх нь давж заалдах гомдол гаргаагүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 1-д “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж зааснаар хэргийг бүхэлд нь хянаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг баримтлан М.Баянмөнхийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.Бат-Оргилын өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Н.Бат-Оргилд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Н.Бат-Оргилын өмгөөлөгч Б.Бурмаа, шүүгдэгч Г.Мөнхбаатарын өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Мөнхбаатар, М.Баянмөнх, Н.Бат-Оргил нар нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ бүлэглэж, 2023 оны 3 дугаар сарын 27- ноос 28-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Өндөр толгой” гэх газарт бэлчиж байсан иргэн Д.Хүрэлгомбын эзэмшлийн Хонгор азаргатай адуунаас улсын дугааргүй мустанг-5 загварын мотоцикл, талын монгол загварын мотоцикл зэрэг нийт 2 тооны машин механизм ашиглан, цавьдар зүсмийн 1 гүү, шарга, зээрд, хээр зүсмийн 3 даага зэрэг нийт 4 бод буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Д.Хүрэлгомбод 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Баянмөнх, Г.Мөнхбаатар, Н.Бат-Оргил нар нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ бүлэглэж, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан, иргэн Г.Баярхүүгийн эзэмшлийн адуунаас 2 тооны мотоцикл буюу машин механизм ашиглан, буурал халзан шүдлэн үрээ, хойд хоёр хөл шийр цагаан, хамар цагаан хээр зүсмийн шүдлэн байдас, хүрэн үрээ, хул зүсмийн 3 тооны даага, хонгор алаг даага, хойд хоёр хөл шийр цагаан, сартай хүрэн даага, улаан хээр даага бүгд зөв талын гуяндаа “очир тамгатай” хар халтар даага, хээр даага зөв гуяндаа “Б” үсгэн тамгатай зэрэг нийт 11 бод буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Баярхүүд 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
хохирогч Г.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манай байгаа газраас 8 орчим км зайд “Агьт” гэдэг газар миний эзэмшлийн 63 орчим тооны 2 азаргатай адуунаас 11 тооны адуу хулгайд алдагдсан...” гэх мэдүүлгээр /1хх213-214, 217-218/;
хохирогч Д.Хүрэлгомбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...адуугаа бүртгэсэн чинь 6 тооны адуу дутаад 2 гүү нь буцаж гүйж ирсэн, 4 тооны адуугаа хайгаад олохгүй байна. Цагаан амтай цавьдар гүү зүүн талынхаа хаан дээр онги тамгатай. Боовон чихтэй шарга даага охин духан дээрээ цагаар сартай им тамгагүй. Улаан хээр охин даага им тамгагүй. Сартай цавьдар даага им тамга байхгүй, 6 тооны адуу дутсан...” гэх/146-47, 49-50/;
иргэний нэхэмжлэгч Э.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... эзэнд нь хүлээлгэн өгсөн 9 адууны 4 адууг Оргилоос 1 даагыг 250,000 төгрөгөөр, Бороос 2 даага 450,000 төгрөгөөр, Дэржээнээд урьд өгсөн 300,000 төгрөгт шүдлэн байдас авсан ...” гэх мэдүүлгээр/1хх69-71, 225-227/;
иргэний нэхэмжлэгч Д.Азбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Баянмөнх надтай холбогдоод та энэ хэдэн даагыг хямдхан ав гэхээр эхнэрийнхээ дансаар М.Баянмөнхийн хэлсэн дансанд 650,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр/1хх231-233/;
гэрч С.Лхагвын мөрдөн байцаалтын шатанд өсөн “...Баянмөнх, Бат-Оргил нар мотоцикл уначихсан нэг морь хөтөлчихсөн ирээд чамаас зээлж авсан 1,000,000 төгрөгийн өрөнд адууг өгсөн...” гэх мэдүүлгээр /1хх 240-241/;
гэрч Н.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гомбо ах адуугаа бүртгэснээ 1 гүү, 3 даага алга байна... 2 гүү гүйж ирсэн... ул мөр хайгаад явсан боловч ямар нэгэн ул мөр гэх зүйл мэдэгдээгүй...”гэх мэдүүлгээр /1 хх-ийн 58-60/;
гэрч Ё.Лувсанжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баянмөнх, Нямхүү нар манайд 6 адуу тууж ирээд найзаас чинь авсан 1000000 төгрөгийн оронд энэ цавьдар гүү, хээр даага хоёрыг ав гэж Баянмөнх хэлээд 6 адуунаас салгаж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх74-76/ зэрэг хэрэгт авагдсан шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүхээс шүүдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэрэгт тохирсон, хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/258 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Н.Бат-Оргилын өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ...өрх толгойлсон эцэг, бага насны хүүхдээ асран тэжээн тэтгэж, өсгөж хүмүүжүүлж байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан ялыг нэг жил болгон өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү...” гэж,
Шүүгдэгч Г.Мөнхбаатарын өмгөөлөгч Г.Дуламсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...хэрэг үйлдэхэд санаа сэдэл хэрхэн хэнээс гарсан, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгч тус бүрийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлөх хүсэлт гаргах ажиллагаа хийсэн байдал зэргийг харгалзан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилээр тогтоон хөнгөрүүлэн оногдуулна үү...”гэж тус тус давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.”;
Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн (Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх) 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилсан.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал, хуулийн 1.3 дугаар зүйлийн (Шударга ёсны зарчим) 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн байна.
Иймд хуульд заагаагүй үндэслэлээр ял хойшлуулах болон шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй, шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Баянмөнх, Н.Бат-Оргил нарын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай гэснийг ..., 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 36 хоног гэж зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч М.Баянмөнх, Н.Бат-Оргил, Г.Мөнхбаатар нар нь 74 хоног цагдан хоригдсон байх тул тэдний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолын 4 дэх заалтын
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Баянмөнх, Н.Бат-Оргил нарын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай гэснийг ...”,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Баянмөнх, Н.Бат-Оргил нарын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 36 хоног...” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Баянмөнх, Г.Мөнхбаатар, Н.Бат-Оргил нарын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ
Ч.БАЯРЦЭНГЭЛ