Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 126/ШШ2026/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Д******** ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Уртбаяр,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н*************  ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Г*************  ,

Гуравдагч этгээд: Д.Б**************  нарын хоорондын Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 дугаар захирамжийн хавсралтын 14 дүгээрт байгаа Д.Б*************-т холбогдох хэсгийг хүчингүй болгохтой холбоотой газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д*************  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*************  , П.Г*************  , гуравдагч этгээд Д.Б*************  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.    Нэхэмжлэгч Ц.Д*************  оос анх Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.2.    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 дугаар захирамжийн хавсралтын 14 дүгээрт байгаа Д.Б*************-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/42 дугаар захирамжаар Т********  сумын 4 дүгээр баг, Т******** нэртэй газрыг гуравдагч этгээд Д.Б**************-т 2459 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний буюу өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамж гарсаныг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мэдэж, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд Хөвсгөл аймгийн Т********  Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/78 тоот албан бичгээр ...Засаг даргын эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал тул шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг зөвлөж байна гэсэн хариуг өгсөн байна.

2.3. Улмаар нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Ц.Д**************  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 дугаар захирамжийн 14 дүгээрт байгаа Д.Б*************-т 2459 м.кв гэр бүлийн хэрэгцээний өвөлжөөний газар Т************* гэх газарт өвөлжөөний газар байхгүй бөгөөд эзэмшлийн газрыг хууль бусаар давхардуулан эзэмшиж байгаа болно. Тус 4 дүгээр багийн иргэн Цэрмаа овогтой Долгор /РЛ52021809/ би ам бүл 1, Т*************-т  мал маллан амьдардаг. Би 2015 онд 4 дүгээр багийн иргэн Ё.Д*************-аас   Тал булгийн эхний 2 хашаатай өвөлжөөг тухайн үед нь 10 эм хониор худалдан авч байсан ба 10 эм хонийг нь өөр дээрээ маллаж 28 болгож өгч байсан. 2015 онд уг хашаагаа өөрийн нэр дээр гэрчилгээжүүлж 2016 онд өвөлжөөгөө хажуу тийш нь зайлуулж мод нэмж сэлбэх ажлыг өөрийн хөрөнгөөр болон хүүхдүүдтэйгээ хамжуулан хүн хөлсөлж зайлуулж барьсан юм.

Гэтэл 2018 оноос 4 дүгээр багийн иргэн Д.Б**************  нь надаас зөвшөөрөл авалгүй өвөлжиж эхэлсэн тул яагаад хүний өвөлжөөг эзнээс нь асуух ч үгүй зөвшөөрөл ч хүсэхгүй ашиглаад байгаа талаар асуухад аавын минь нутагладаг хашаа байсан тул та надад буцаагаад зараач гэхэд нь 5 сая төгрөг өгвөл наймаа хийж болох талаар хэлтэл за эргээд хариу өгнөө гэсэн юм. Энэ ярианаас хойш нэлээн хэдэн сарын дараа дахин уулзахад мөнгөний боломж муу байна би танд хашааны мод авч өгвөл болох уу гэхээр нь тэгсэн ч яах вэ гэж хэлсэн. Одоогоор надад хашааны үнэ ч өгөөгүй, хашааны мод ч авч өгөөгүй өдий хүртэл манай хашааг ашигласаар ирсэн. Би 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр аймгийн төв орох ажлаар төрсөн охин Д.Э*************-тэй   хамт очоод хашааны үнэ ч өгөхгүй, хашааны мод ч авч өгөхгүй гэж хэлсэн ярьсандаа байж чадахгүй хүний өвөлжөөг ашиглаад байдаг нь ямар учиртай юм бэ, энэ асуудал хэрээс хэтэрлээ надад мөнгөний хэрэгцээ их байна гэж үнэн учраа хэлэхэд энэ хашаа чинь минийх та нарын юм энд юу ч байхгүй гэж халамцуу хэл амаар доромжилсон. 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тухайн үеийн 4 дүгээр багийн Засаг дарга Д.Э*************-д   өргөдөл гаргаж манай хашааг дураараа ашиглаад байгаа Д.Б*************-с    хашаа чөлөөлж өгөх тухай өргөдөл өгсөн ч суманд газрын даамал байхгүй болохоор шалгуулж болохгүй байна гэж амаар хэлснээс өөрөөр ямар ч хариу өгөөгүй. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Тал булгийн эхэнд өвөлжөө зарна гэсэн зар сумын зарын группд бичигдсэн байхаар нь ямар хашаа болох талаар сураглахад Д.Б*************   нь манай хашаан дээр 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр давхар гэрчилгээ гаргуулчхаад намайг хэл амаар доромжлоод дээрэлхээд байсныг нь мэдсэн. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр одоогийн 4 дүгээр багийн засаг дарга Н.Мөнх-Эрдэнэд мөн л эзнийх нь зөвшөөрөлгүй хашаа ашиглаад байгаа тул хашаа чөлөөлүүлж өгөх талаар өргөдөл гаргасан ч би Д.Б**************-т ирж уулзах талаар мэдэгдэл өгсөн ирж уулзаагүй байна. Та шүүхэд өгсөн нь дээр гэхээс өөр юм хэлээгүй байгаа. Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд манай хүүхдүүд өвөлжөөний хашааныхаа гадуурх өвсийг хадаж авах гээд очиж явахдаа М.С*************-тэй   тааралдаад манай хашаан дээр ямар хүн өвс хадаад байгаа талаар асуухад Д.Б*************-с    би худалдаж авах гэж байгаа.

Тэгээд л өвсөө хадаж байна гэхээр нь энэ манай л хашаа юм үнэн дураараа хүмүүс юмаа гэж хэлээд хашаа руугаа очилгүй өөр газраас өвс хадсан байсан. Үүссэн нөхцөл байдлыг шалгаж үзэн Д.Б*************   нь манай хашаан дээр 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр давхар гэрчилгээ гаргуулсныг цуцалж өгөхийг хүсэж байна. Сумын Засаг даргад 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргахад уг өргөдлийн хариуг Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/78 дугаартай албан бичгээр Засаг даргын эрх хэмжээний асуудлаас хэтэрсэн тул та иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэхээ гаргахыг зөвлөж байна гэсэн хариу өгсөн.

Иймд Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 дугаар захирамжийн хавсралтын Д.Б**************-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. гэжээ.

3.2. Нэхэмжлэгч Ц.Д**************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд Ё.Д************* гэдэг хүнээс Тал булгийн эх гэх газарт өвөлжөөний хашаа авсан. Тухайн газарт 2 жил буугаад байж байтал түүний хүүхэд нь ирж буучхаад манайх буух боломжгүй болсон. Газраа авъя гэтэл энэ хүн суллаж өгөхгүй байсаар 2024 он хүртэл эзэмшсэн. Би 2015 онд тус газарт гэрчилгээ гаргуулж авсан боловч Д.Б*************   2020 онд тухайн газарт давхар гэрчилгээ гаргуулсан байсан бөгөөд түүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Д*************-ын  өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч уг маргаан бүхий газрыг 2015 онд Засаг даргын захирамжийг үндэслэн гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Гэтэл Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 дугаартай захирамжийн хавсралтаар Б.Батбаяр гэх хүн мөн тус газарт дахин гэрчилгээ гаргуулсан байсан. Гуравдагч этгээд тайлбартаа тус газрыг миний газар гэж хэлдэг. Дээрх захирамжид Хөвсгөл аймгийн Т********  сумын Х*************   гэх газарт Д.Б**************-т газар олгосон гэж байгаа боловч миний үйлчлүүлэгчийн газартай давхцуулж олгосон байдаг. Х*************   гэх газарт уул байдаг учраас тус газар хашаа барих ямар ч боломжгүй бөгөөд шүүхэд хүсэлт гарган үзлэг хийлгэсэн. Миний үйлчлүүлэгч тухайн газрыг хуульд заасны дагуу эзэмшиж байгаа боловч гуравдагч этгээд Д.Б*************   төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг хуурч мэхлэн хууль бус захиргааны акт гаргуулсан. Тиймээс миний үйлчлүүлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа учраас тус захиргааны актын хавсралтын Д.Б**************-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Т********  сумын 4 дүгээрб агт оршин суух Арванбаяд овогт Ц.Д********  нь нэхэмжлэлдээ 4-р багийн иргэн Ё.Д*************-аас   худалдаж авсан өвөлжөөний хашааг түүний хүү Д.Б**************  нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр давхар гэрчилгээ гнргуулан ашиглаж байгааг цуцалж өгөхийг хүссэн нэхэмжлэлтэй танилцлаа. 4 дүгээр багийн иргэн өвөлжөөний хашаа худалдсан гэх Ё.Д************* нь холбогдож хүсэлт гаргаагүй, мөн газрын нэр 2 өөр газар байгаа зэргийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд нэхэмжлэгч Ц.Д*************-ын  газар эзэмших эрхийн гэрчилгээнд Тал булгийн эх гэх газарт газар олгосон байдаг. Харин гуравдагч этгээд Д.Б*************-ын газар эзэмших эрхийн гэрчилгээнд Тал булгийн Х*************   гэх газар бичигдсэн байдаг. Манай байгууллагаас Тал булгийн эх гэх газарт газар олгогдсоноос Тал булгийн Х*************   гэх газарт газар олгогдоогүй. Тал булгийн Х*************   гэх газар нь уул байдаг. Тэгэхээр бидний зүгээс 2015 онд гарсан захирамжийг хүлээн зөвшөөрч байгаа. гэжээ.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуульд зааснаар ч тэр хамгийн анх 2015 онд гарсан захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа. Үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гарсан талаар хэргийн материалтай танилцахад олж хараагүй учраас тус захирамжийг хэвээр үлдээх асуудлыг дэмжиж оролцож байна. гэв.

5. Гуравдагч этгээдийн тайлбар.

5.1. Гуравдагч этгээд Д.Б*************   шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Дашмягмар овогтой Батбаяр нь Хөвсгөл аймгийн Т********  сумын 4 дүгээр багийн нутаг Тал булгийн эх гэх газар оршин суудаг. Миний аав Ё.Д************* нь Ц.Д*************-т хашааны мод зарсан нь үнэн бөгөөд тухайн үед аав бид хоёр тус тусдаа хашаатай байсан. Ц.Д**************  гэдэг хүнд өвөлжөөний хашааны мод зарсан болохоос газрыг нь зараагүй болно. Миний бие Д.Б*************   нь 2016 онд өөрийн газар дээр тус өвөлжөөний хашаа шинээр дахин барьсан. Харин 2020 онд тус газрын гэрчилгээг хуулийн дагуу авсан. Гэрчилгээ гаргах үед шүүлгэхэд ямар ч хүний нэр дээр байгаагүй учир өөрийн нэр дээр эвсан. Харин Ц.Д**************  нь тус өвөлжөөг өөрөө барьсан гэж худал байгаа учир үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

5.2. Гуравдагч этгээд Д.Б*************   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд Хөвсгөл аймгийн И*************  сум руу отор хийж яваад ирэхэд аав маань төв рүү нүүхээр болж хашаагаа Ц.Д**************  гэх хүнд 5 хониор зарсан байдаг бөгөөд тус хонинуудыг Ц.Д*************-д байлгаж байгаад 2018 онд намайг ирэхэд очиж авсан. Тэр үед газрын гэрчилгээний асуудлын талаар хэлэхгүй яасан юм бэ? Аав маань тухайн газрыг зарахдаа Д.Б*************-ын хашаа, пүнз байгаа юм шүү гэж хэлж энэ хүнд зарсан байдаг. Тус газрыг Ц.Д**************  малын бэлчээр, ногоо муу байгаа учраас хаваржмаар байна гэж гуйж авч байсан. гэв

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 дугаар захирамжаар Д.Б**************-т Т************* гэх газарт 2459 м.кв гэр бүлийн хэрэгцээний өвөлжөөний газар гэсэн зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд Т*************-т  тийм нэртэй өвөлжөөний газар байхгүй. Гэтэл 2018 оноос 4 дүгээр багийн иргэн Д.Б**************  нь надаас зөвшөөрөл авалгүй өвөлжиж эхэлсэн ... үүссэн нөхцөл байдлыг шалгаж үзэн Д.Б*************   нь манай хашаан дээр 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр давхар гэрчилгээ гаргуулсныг мэдсэн гэж, хариуцагчаас 2015 онд нэхэмжлэгч Ц.Д*************-ын  газар эзэмших эрхийн гэрчилгээнд Тал булгийн эх гэх газарт газар олгосон байдаг. Харин гуравдагч этгээд Д.Б*************-ын газар эзэмших эрхийн гэрчилгээнд Тал булгийн Х*************   гэх газар бичигдсэн байдаг. Манай байгууллагаас Тал булгийн эх гэх газарт газар олгогдсоноос Тал булгийн Х*************   гэх газарт газар олгогдоогүй. Тал булгийн Х*************   гэх газар нь уул байдаг. Тэгэхээр бидний зүгээс 2015 онд гарсан захирамжийг хүлээн зөвшөөрч байгаа гэж тус тус маргажээ.

3.  Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/46 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь тус сумын 4 дүгээр баг, Т************* нэртэй 2500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд 40 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр (1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр тал) шийдвэрлэсэн байна.

4.  Маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 тоот захирамжаар (1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр тал) гуравдагч этгээдэд тус сумын 4 дүгээр баг, Т******** нэртэй 2459 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний буюу өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн.

5.  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заажээ.

6.  Дээрх хуулийн зохицуулалтын дагуу аливаа иргэн ,хуулийн этгээдийн эзэмшихийг хүсч буй газар нь бусдын өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагатай.

7.  Хэрэгт авагдсан Т********  сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/18 тоот албан бичигт Тус сумын 4 дүгээр багийн нутагт Т******** гэсэн нэртэй газар байхгүй. Энэ бол нутгийн иргэдийн аман хэллэгийн нэршил юм (1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар тал) гэж, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4/71 тоот албан бичигт ...маргалдаад байгаа өвөлжөөний газар нь нэг өвөлжөө гэсэн... (1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар тал) гэсэн, мөн хэргийн оролцогчид нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшиж буй газруудыг нэг газар гэж тайлбарлаж, байршилтай холбоотой асуудлаар маргадаггүй.

8.  Энэхүү маргааны тухайд газрын байршилтай холбоотой асуудлаар хэн ч маргаагүй тул цаг хугацааны хувьд хэн нь түрүүлж маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан нь ач холбогдолтой байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь тус газрыг эзэмшихээр 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлт гаргасан (1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар тал), уг хүсэлтийг үндэслэн Т********  сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/46 дугаар захирамжаар нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг анх эзэмшүүлсэн, харин гуравдагч этгээд нь тус газрыг эзэмшихээр 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлт гаргасан (1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар тал), уг хүсэлтийг үндэслэн маргаан бүхий акт гарсан болох нь хэрэгт авагдсан тэдгээрийн хүсэлтүүд, түүнийг үндэслэн гарсан захирамжуудаар тогтоогдож байна.

9.  Түүнчлэн маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-аар шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах процесс ажиллагааг зохицуулсан бөгөөд тус журмын 6 дугаар зүйлийн 6.1-д Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ, 6.2-т Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийнэ, 6.2.2-т Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах гэж тус тус заасан байхад хариуцагчаас тус хээрийн судалгааг хийлгүйгээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь үндэслэлгүй байна.

10.   Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015 онд 4 дүгээр багийн иргэн Ё.Д*************-аас   Тал булгийн эхний 2 хашаатай өвөлжөөг тухайн үед нь 10 эм хониор худалдан авч байсан гэж тайлбарлах боловч Ё.Д************* нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан болох нь Т********  сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3/24 тоот албан бичгээр (1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар тал) тогтоогдож байна.

11.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан бөгөөд хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан боловч гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байсан тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 31.3заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Д*************-ын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/42 дүгээр захирамжийн хавсралтын Д.Б*************-т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Т********  сумын Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР