Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00279

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00279

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02204 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ххххххХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний гэрээнээс татгалзсантай холбоотой 44,140,424 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 9,163,625 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******* нь ААААААААТӨААТҮГазар болон ххххххХХК-тай хамтран 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 66,01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,183,000 төгрөгөөр тооцож нийт 78,089,830 төгрөгөөр захиалсан.

Гэрээний дагуу 66.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөрт 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 19,522,458 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 15,617,966 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 44,140,424 төгрөгийг хариуцагчид бэлнээр болон дансаар шилжүүлсэн.

Орон сууцны барилгыг гэрээний 1.3-т зааснаар 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөрт багтаан улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах ёстой байсан боловч үүргээ гүйцэтгээгүй. Иймд гэрээний дагуу шилжүүлсэн 44,140,424 төгрөгийг хариуцагч ххххххбуцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч ххххххХХК-ийн тайлбарын агуулга: Манай компани нэхэмжлэгч *******тэй 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөр 78,089,830 төгрөгийг гэрээний 3.2-3.6-д заасан хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 30 хувь болон 50 хувийн гүйцэтгэлийн төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,000,00 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 44,140,424 төгрөг төлсөн.

Барилгын ажлын гүйцэтгэл 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 90 хувьд, улсын комиссын актаар мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100 хувьд хүрч ашиглалтад орсон боловч нэхэмжлэгч ******* гэрээний 3.4, 3.5, 3.6-д заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчээс гэрээний дагуу 44,140,424 төгрөг төлсөнд маргахгүй, буцаан гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

3.Хариуцагч ххххххХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч ******* нь гэрээний 3.4, 3.5, 3.6-д заасан төлбөрөө төлөөгүйгээс ААААААААТӨААТҮГазрын захиалгаар баригдсан ажиллагсдын орон сууцны гэрээ дүгнэх ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч *******тэй байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн гэрээнд заасан үүргээ зөрчиж, улмаар барилгыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд захиалгын төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн ч гүйцэтгэгч талын хувьд гэрээг цуцлаагүй. Түүний төлбөл зохих төлбөрийг банкнаас зээл авч, орон сууцны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.

Хэрэв нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйг манай компанид мэдэгдсэн бол ххххххХХК нь түүний захиалсан орон сууцыг төлбөрөө хугацаандаа төлөх боломжтой өөр захиалагчид шилжүүлж, *******-ийн төлбөл зохих 38,681,406 төгрөгийн хэмжээгээр зээлийн багасгаж, хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой байсан.

Манай компани нэхэмжлэгчийн төлбөл зохих 38,641,406 төгрөгөөс сарын 2.3 хувиар хүү тооцоход банкинд нийт 9,163,265 төгрөгийн хүү төлж хохирсон байна. Иймд нэхэмжлэгч ******* гэрээний үүргээ зөрчсөн улмаас ххххххХХК-д учирсан хохирол 9,163,625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээгээ цуцалж, хохирол шаардаж байгааг зөвшөөрөхгүй. ААААААААТӨААТҮГазар болон ххххххХХК-ийн хооронд байгуулсан ерөнхий гэрээний 1.2, 3.2-т заасны дагуу барилгыг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгөх байсан. Гэтэл гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сунгахдаа орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгнө гэж заасан боловч хариуцагч ххххххХХК дээрх хугацааг хэтрүүлсэн.

Орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50 хувьд хүрсэн, би 30 болон 50 хувийн төлөлтийг хугацаанд хийсэн. Харин гурав дахь удаагийн төлөлт буюу орон сууцны барилга хэзээ 70 хувьд хүрэх нь тодорхойгүй байсан тул хариуцагч компанийг хохирол шаардаж буй нь үндэслэлгүй байна.

ххххххХХК-ийн Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-т зориулалт нь хөрөнгө оруулалтын зорилгоор гэж байна. Уг хөрөнгө оруулалт нь байрыг барьж ашиглалтад оруулахад зориулсан хөрөнгө оруулалт гэдэг нь харагдахгүй байна. Хариуцагч ххххххХХК нь нэхэмжлэгч *******-ийн үлдэгдэл төлбөр 38,681,406 төгрөгийг олохын тулд Голомт банк ХХК-аас зээл авч, түүний өмнөөс төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

ААААААААТӨААТҮГазар, ххххххХХК, ******* нарын хооронд байгуулагдсан гурван талт гэрээнд талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж заасан. Дээрх гэрээнд барилгыг хүлээлгэн өгөх хугацааг сунгах, хэзээ улсын комисст хүлээлгэх өгөх хугацаа тодорхойгүй байсан. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хойшлох байсан бол гэрээнд тусгах ёстой байсан. Хариуцагч ххххххХХК нь барилгыг хугацаандаа хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ххххххХХК-ийн сөрөг шаардлага 9,163,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ххххххХХК-аас 44,140,424 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 413,400 төгрөг, хариуцагчийн төлсөн 161,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ххххххХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 413,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

6.Хариуцагч ххххххХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: ААААААААТӨААТҮГазрын захиалгаар манай компани 12 давхар, 88 айлын орон сууц захиалгаар барихаар 2014 оны 06 сарын 10-ны өдөр тус байгуулагатай 057А/2014 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д заасны дагуу дээрх орон сууцны барилгын ажлын 30 хувийн гүйцэтгэлийн төсвийг манай компани гаргаж, үлдэгдэл санхүүжилтийг гэрээний 5.1-д зааснаар захиалсан орон сууцны 1м.кв-ийн үнийг 1,183,000 төгрөгөөр тооцож тодорхой үе шаттайгаар төлөхөөр тохиролцсон.

2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барилгын ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрсэн бөгөөд захиалагч нар хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс санхүүжилт удааширч хугацаа алдаж эхэлсэн. Манай компаний санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ААААААААТӨААТҮГазартай харилцан тохиролцож, ххххххХХК-ийн нэр дээр зээл гаргаж, ААААААААТӨААТҮГазрын албан хаагчдыг Голомт банк ХХК-ийн 8 хувийн хүүтэй ипотекийн хүүтэй зээлд хамруулахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Барилгын ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрсэнээс хойш манай компани банкнаас зээл авах шаардлагагүй байсан бөгөөд ААААААААТӨААТҮГазрын албан хаагчид төлбөрөө хугацаандаа төлөөгүй үүргийн зөрчлөөс шалтгаалан зээлийн хүүнд зориулж 454,836,006.44 төгрөг төлж хохирсон. Энэхүү хохирлын хэмжээнд нэхэмжлэгч *******-ийн төлбөл зохих 38,681,406 төгрөгийн хэмжээгээр Голомт банк ХХК-аас авсан зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаар даруй мэдэгдэж, гэрээгээ цуцалсан бол бид Голомт банк ХХК-аас зээлсэн зээлийн хэмжээ буурч, хүү төлж хохирохгүй байсан. Иймд шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгч *******өөс давж заалдах гомдолд холбогдуулан бичгээр тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ххххххХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний гүйцэтгэлд шилжүүлсэн 44,140,424 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч ххххххХХК ...******* гэрээний 3.4, 3.5, 3.6-д заасны дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн гэрээний дагуу 44,140,424 төгрөг төлсөнд маргахгүй, буцаан гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлан, нэхэмжлэлийг зөвшөөрч, нэхэмжлэгчээс гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 9,163,625 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх-1-2, 40-42/

3.Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ААААААА ТӨААТҮГазар, ххххххХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ЭХХТ-057А/2014 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгч ******* нь Эрчим хүчний хөгжил төв ТӨААТҮГазар, ххххххХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч ххххххХХК-аас гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний гүйцэтгэл 44,140,242 төгрөг буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн заасантай нийцсэн байна. Энэ шийдвэрт хэргийн оролцогч талууд давж заалдах гомдол гаргаагүй болно.

4.Хариуцагч ххххххХХК, нэхэмжлэгч *******өөс гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 9,163,325 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ААААААААТӨААТҮГазрын албан хаагчид орон сууцны захиалгын төлбөрөө хугацаандаа төлөөгүй үүргийн зөрчлөөс зээлийн хүү төлж хохирсон ..., ...******* төлбөр төлөх боломжгүй тухай даруй мэдэгдэж гэрээ цуцалсан бол банкнаас зээлсэн зээлийн хэмжээ буурч, хүү төлж хохирохгүй байсан, ... төлөөгүй үүргийн хэмжээгээр хүү тооцон гаргуулна гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч ******* ... орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, ... үлдэгдэл үүрэг болох 33,000,000 төгрөгийг олохын тулд банкнаас зээл авч, хүү төлсөн гэдэг нь нотлогдоогүй... гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6.ААААААААТӨААТҮГазар, ххххххХХК нар 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх ЭХХГ-057А/2014 дугаартай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах захиалагчийн эзэмшлийн газарт Албан хаагчдын орон сууцны зориулалтаар 12 давхар 88 айлын орон сууцны барилга барьж, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-.44-48/ Энэ гэрээний хугацааг талууд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчилсөн байна./хх-49-50/

7.Дээрх гэрээг үндэслэн ерөнхий захиалагч Эрчим хүчний төв, захиалагч тус газрын ажилтан *******, гүйцэтгэгч ххххххХХК нар 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригддах Албан хаагчдын орон сууцны барилгын А байрны 12 давхрын 66,01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэг метр квадрат талбайн үнийг 1,183,000 төгрөг, нийт 78,089,830 төгрөгөөр захиалан бариулах, орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх, захиалагч нь орон сууцны үнийг гэрээний 3.2-3.6-д заасан хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-7-9/

8.Нэхэмжлэгч ******* гэрээний үнээс 38,681,406 төгрөгийг төлөх үүргээ, хариуцагч тал орон сууцыг тохирсон хугацаанд хүлээлгэн өгөх үүргийг тус тус биелүүлээгүй, хариуцагч ххххххХХК-ийн санаачилгаар гэрээ цуцлагдсан үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх65/ Энэ талаар талууд маргаангүй, харин нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсний улмаас хариуцагч тал, Голомт банк ХХК-аас зээл авч, хүү төлж хохирсон эсэх нь маргааны зүйл болжээ.

Хариуцагч ххххххХХК нь Голомт банк ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ2105111401 дугаартай зээлийн гэрээ байгуулж, банк зээлдэгчид 1,300,000,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь хэргийн 74-83 дах талд авагдсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

Харин нэхэмжлэгч ******* гэрээний үүргээ зөрчсний улмаас хариуцагч ххххххХХК-ийн, Голомт банкнаас авах зээлийн хэмжээ өссөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглэжээ.

9.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02204 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ч.ЦЭНД