2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/03308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ****** төв байранд оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,  

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх *******гийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* /РД: *******/ нь 2022 оны 07 дугаар сарын 07- ны өдөр *******тай ЗГ1165150775 дугаартай, зээлийн зээлийн гэрээ байгуулж, 10,230,000.00 /Арван сая хоёр зуун гучин мянган/ төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай,

Мөн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ЗГ1165150775-А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165150775 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 7,000,000/Долоон сая/ төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 14,794,087.76/Арван дөрвөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга наян долоон төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хугацааг 30 сар, зээлийн хүүг 14.4 болгон харилцан тохиролцож өөрчилсөн.

Хариуцагч ******* овогтой *******гаас *******ны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор, Дүүргийн Эрүү, Иргэний Хэргийн Хялбар Ажиллалгааны Анхан Шатны Тойргийн Шүүхэд, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр хариуцагчаас 8,591,840.17 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, 2025 оны 02 дугаар сарын 04- ны өдрийн 197/ШЗ2025/03759 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь дээрх хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй газарт орсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.

Иймд хариуцагч ******* овогтой *******г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Хүү тооцооллын хүснэгт /хх5-6/, 2022.07.07-ны өдрийн ЗГ1165150775 дугаар зээл болон барьцааны гэрээний хуулбар /хх7/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх8-9/, 2023.03.15-ны өдрийн ЗГ1165150775А дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /хх10/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх12/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03759 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн хуулбар /хх13/,

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “*******” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Г.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.                   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх20/

 

4.                   Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5.                   Нэхэмжлэгч “*******” ХК нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороонд оршин байрладаг болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх15/

 

6.            Нэхэмжлэлд дурдсан Г.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “*******” ХК болон Г.******* нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 07, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /хх7,10/

 

Тус зээлийн гэрээнүүдэд  Г.*******г Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Арцатын 10 дугаар гудамж, 02 тоот  хаягт оршин суудаг гэжээ.

 

Гэвч тэрээр дээрх хаягт бодитоор оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03759 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна. /хх13/

 

7.                   Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Г.*******г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин сууж байсан гэх хаягийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

8.                   Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

      

  ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Арцатын 10 дугаар гудамж, 02 тоот хаягт оршин сууж байсан гэх *******гийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай. 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******гийн ******* /рд:*******/-ын оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “*******” ХК, түүний төлөөлөгч П.******* /утас:*******/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт  даалгасугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД