2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/04813

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ***** дүүрэг, **** дугаар хороо, **** дугаар хороолол, **** дугаар байр, *** тоотод оршин суух, М овогт Б-ны Ц /рд:*************/,

Хариуцагч: ***** дүүрэг, *** дүгээр хороо, **** байр, *** тоотод оршин суух, В овогт Н-ийн У /рд: *************/,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш ,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц-нь хариуцагч Н.У-т холбогдуулан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Гранд Д ХХК-ийн захирал бөгөөд өөрийн ажилтан, үеэл дүү болох Д.У- итгэж, нэгнийгээ дэмжих зорилгоор түүний орон байртай болох хүсэлтийг нь дэмжсэнээр энэхүү орон байрны маргаан эхэлсэн болно. Надад ярьж итгүүлсээр байгаад маргааны зүйл болох орон сууцыг гэрээ хийлгэж авхуулаад байранд орж өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн. Д.У-нь өөрийн эхнэр Н.У-ийн хамт надад гоё сайхан зүйл ярьсаар байгаад манай компанийн нэр дээр 2023.06.29-ний өдөр 155,500,000 төгрөгийн зээлийг авахуулсан. Түүний эхнэр болох Н.У- нь 2023.09 дүгээр сард миний нэр дээр зээл гарах боломжтой болно, тэгээд танай компанийн зээлийг өөр дээрээ шилжүүлж аваад таныг өр зээлгүй болгож өгнө гэж надад итгүүлсэн, мөн 4 хүүхдийг нь бодоод би зөвшөөрсөн. Тэгээд би 2023.06.23-ны өдөр Роялхаус констракшн ХХК-тай Б дүүрэг, *** дүгээр хороо, **** байр 1 орц, ** давхар, *** тоотын 52,37 м.кв талбайтай орон сууцыг м.кв нь 3,300,000 төгрөг, нийт 172,821,000 төгрөгөөр 100 хувийн төлөлт хийж авсан байдаг. Тухайн байрны төлбөрийг төлөх гэж урьдчилгаа 10 хувийг нягтлангаас зээлж авсан, дараа нь 2023.06.29-нд Хаан банкнаас 155,500,000 төгрөгийг орон сууцны зээлээр авч, гэрээний төлбөрийг 100 хувь төлж, 2023.06.27-нд өмчлөгчөөр бүртгүүлж Ү-22050844475 дугаартай гэрчилгээ авсан. Хариуцагч нь анх хэлсэн амандаа хүрэхгүй, манай компанийг өрөнд оруулаад зогсохгүй сар бүрийн төлөлтөө өгч чадахгүй намайг бүр нягтлангаасаа зээлж урьдчилгаа бүрдүүлсэн мөнгө, нөхрийнхөө ахын 1 өрөө байр барьцаалсан бүх өрөнд үлдээгээд 2024 оны 5 дугаар сараас ажлаа хаяад алга болсон. Миний түүнд итгэсэн нэг зүйл бол манай компанид жолоочоор тууштай 1 жил ажилласан явдал юм. Гэтэл эхнэр нөхөр 2 хоорондоо маргаантай болж салснаар намайг ийнхүү хохироож байна. Одоо миний өмчлөлийн байранд Н.У- нь амьдарч байгаа бөгөөд нөхөр болох н.У-гаас салсан учраас хариуцагчаар Н.У-ийг тодорхойлсон болно. Уг байр нь одоогийн байдлаар Н.У-ийн эзэмшилд байгаа болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц-миний өмчлөлийн Ү-************ улсын бүртгэлийн дугаартай Б дүүрэг *** дүгээр хороо, Коyo таун *** байр 1 орц, 8 давхар, *** тоот орон сууцыг хариуцагч Н.У-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.    

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Манай нөхөр болох Д.У-нь 2022 оны 8 дугаар сараас 2024 оны 5 дугаар сарын 15-ныг дуустал Б.Ц-ын Гранд Д ХХК-д жолоочоор ажиллаж байсан. Д.У-г ажиллаж байх хугацаанд Б.Ц-нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Иргэд хоорондын хэлцэл байгуулж 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 18 сарын хугацаанд тасралтгүй цалин хөлстэйгээр ажилласан тохиолдолд урамшуулал болгон 30 сая төгрөгийн үнэ бүхий **** УЕА улсын дугаартай, Mitswubishi Fighter маркийн ногоон өнгийн автомашиныг Д.У-гийн эзэмшилд шилжүүлж өгөхөөр болсон тул нөхөр бид 2 ярилцаад тухайн автомашиныг эзэмшилдээ авчихвал сарын орлого нэмэгдэх юм байна гэж тооцоолон орон сууцтай болохоор судалж эхэлсэн. Иргэд хоорондын тохиролцооны дагуу нөхөр Д.У-19 сар тасралтгүй Б.Ц-ын компанид ажилласан ч тохиролцсон автомашинаа өмчлөлд шилжүүлж өгөөгүй, харин та нар орон сууцтай болооч би туслая дэмжье гэсэн санал тавьсан. Ингээд Д.У-бид хоёр 2023 оны 5 дугаар сараас орон сууцтай болох зорилгоор зээл хөөцөлдөж эхэлсэн бөгөөд Б дүүрэг, 14 дүгээр хороо, К *** байр, 1 орц, *** тоот, 52.37 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар болж байрны нийт төлбөр 172,821,000 төгрөг болсон, урьдчилгаа төлбөрт 10 хувь буюу 17,321,000 төгрөгийг өгөх шаардлагатай байсан. Үлдэгдэл төлбөрийг орон сууцны зээлд хамрагдаж төлөх гэсэн боловч нөхөр бид хоёрын нэр дээр зээл гарах боломжгүй байсан тул нөхөр Д.У-гийн үеэл эгч болох Б.Ц-д урьдчилгаа төлбөрийг бид бүрдүүлж өгье, та өөрийн нэр дээр 155,500,000 төгрөгийг банкнаас зээлж өгөөч гэж хүссэн. Урьдчилгаа төлбөр болох 17,321,000 төгрөгийг Д.У-бид хоёр бүрдүүлж Б дүүрэг, *** дүгээр хороо, К *** байр, 1 орц, *** тоот, 52.37 м.кв, 2 өрөө орон сууцыг барьсан Р ХХК-ийн данс руу 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Д.У-нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхдээ 8 сая төгрөгийг 2 хувийн хүүтэй Д.У-гийн ажиллаж байсан Гранд Д ХХК-ийн нягтлан Ганцэцэгээс зээлсэн. Уг зээлийн хүүг сар болгон миний бие нягтлан Ганцэцэгийн дансанд төлж, үндсэн төлөлтийг Д.У-төлсөн. Орон сууцны үлдэгдэл төлбөрийг Б.Ц-зээл хийн төлж, гэрчилгээ 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Б.Ц-ын нэр дээр гарсан. Уг зээлийн төлөлтийг 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 13 сарын төлөлт болох 28,951,000 төгрөгийг Д.У-бид хоёр ээлжилж Б.Ц-ын данс руу хийдэг байсан. Заримдаа нөхөр Д.У-гийн цалингаас Б.Ц-суутгаж авдаг байсан. Бид 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн маргаан бүхий орон сууцанд амьдарч эхэлсэн бөгөөд амьдарч байх хугацаандаа гал тогооны тавилга 5,000,000 төгрөг, цонхны хаалт 300,000 төгрөг, том өрөө болон жижиг өрөө, гал тогоо, үүдэнд нийт 5 абажурыг нийт 1,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авч суурилуулж байсан. Б.Ц-нь миний нөхөр болох Д.У-тай байгуулсан 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Иргэд хоорондын хэлцлийн дагуу автомашинаа шилжүүлэхгүй байгаа бөгөөд бид орон сууцны төлбөрийг цаашид төлөх боломжгүй нөхцөл үүсэж бид эд хөрөнгө, цаг хугацааны хувьд хохироод байна. Мөн энэ хугацаанд нөхөр маань өөрийн эгч Б.Ц-тай нийлж үгсэн хувилдсанаар орон сууцны зээлийн төлөлтийн асуудал гацаанд орсон. Б.Ц-аас надад 2025 оны 1 дүгээр сарын 28-нд 18,000,000 төгрөгийг чинь буцааж төлье, үүнийг аваад гараарай гэж хэлсэн би зөвшөөрсөн ч удалгүй хэлсэн амнаасаа буцсан. Иймд дээрх хөрөнгө оруулсан 46,272,000 төгрөг болон 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийн дагуу УЕА 25-94 улсын дугаартай Митсубиши пайтер маркийн машины төлбөрт 30,000,000 төгрөгийг нэмж нийт 76,272,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц-нь хариуцагчид төлөхөөр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.         

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, итгэмжлэл /хх 5/, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 6/, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх 7-9/, Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 10-11/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 12-17/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх 31/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 43/, Орон сууцны зээлийн гэрээ, хавсралт /хх 44-48/, Барьцааны гэрээ /хх 49-51/

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар гаргах нь /хх 24-25/, Итгэмжлэл /хх 26/,     

   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

Миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, *** дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, үйлдвэрийн гудамж, *** байр, *** тоот хаягт байршилтай, 52.37 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч нь хууль бусаар эзэмшиж байгаа тул түүний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Үүнд:

3.1. Маргаан бүхий орон сууцны төлбөрт 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 13 сарын төлөлт болох 28,951,000 төгрөгийг Д.У-бид хоёр ээлжилж Б.Ц-ын данс руу шилжүүлж төлсөн.

3.2. Орон сууцны урьдчилгаа төлбөрт 12,321,000 төгрөг шилжүүлсэн.

3.3. Тавилга 5,000,000 төгрөгөөр хийлгэсэн.

3.4. 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийн дагуу УЕА 25-94 улсын дугаартай Митсубиши пайтер маркийн машины төлбөрт 30,000,000 төгрөг.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

 

5. Маргааны зүйл болж буй улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, *** дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, үйлдвэрийн гудамж, *** байр, *** тоот хаягт байршилтай, 52.37 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Ц-бүртгэлтэй болох нь үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй.

 

6. Маргааны зүйл болох орон сууц нь хариуцагчийн эзэмшилд байгаа нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардлага гаргаж буй этгээд өөрөө тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, өмчлөх эрхийг зөрчиж буй этгээд нь тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмших, ашиглах буюу шаардлага гаргаж буй этгээдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон нь тогтоогдсон байхыг шаардана.

 

8. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Ц-ын эзэмшлийн Хаан банк дахь ************ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 5100290926 тоот данснаас 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “түрээсийн төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар 8,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “уртаа зээл төлөлт” гэсэн гүйлгээний утгатайгаар 2,290,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “уртаа 7 сарын 10” гэсэн гүйлгээний утгатайгаар 2,250,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “уртаа” гэсэн гүйлгээний утгатайгаар 2,230,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “уртаа” гэсэн гүйлгээний утгатайгаар 2,796,300 төгрөг, нийт 17,566,300 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц-нь хариуцагч болон түүний нөхрийг маргаан бүхий орон сууцны зээлийн гэрээний төлбөрийг төлж байсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Дээрх үйл баримтуудыг, мөн хариуцагчийн “...Орон сууцны үлдэгдэл төлбөрийг Б.Ц-зээл хийн төлж, гэрчилгээ 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Б.Ц-ын нэр дээр гарсан. Уг зээлийн төлөлтийг 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 13 сарын төлөлт болох 28,951,000 төгрөгийг Д.У-бид хоёр ээлжилж Б.Ц-ын данс руу хийдэг байсан” гэх тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй үйл баримтуудтай харьцуулан судлахад хариуцагч Н.У-ийн “...Манай нөхөр болох Д.У-г ажиллаж байх хугацаанд Б.Ц-нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Иргэд хоорондын хэлцэл байгуулж ...30 сая төгрөгийн үнэ бүхий **** УЕА улсын дугаартай, Mitswubishi Fighter маркийн ногоон өнгийн автомашиныг Д.У-гийн эзэмшилд шилжүүлж өгөхөөр болсон ...автомашинаа өмчлөлд шилжүүлж өгөөгүй, харин та нар орон сууцтай болооч би туслая дэмжье гэсэн санал тавьсан” гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

9. Иймд талуудын хооронд хэлцэл байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нь хэлцлийн үндсэн дээр орон сууцыг эзэмшиж байх тул нэхэмжлэгчийн орон сууцыг хариуцагч Н.У-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хангах боломжгүй. 

 

10. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-************ дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, *** дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, үйлдвэрийн гудамж, *** байр, *** тоот хаягт байршилтай, 52.37 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Н.У-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Б.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.БАЯРСҮРЭН