Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/049

 

 

*******д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******;

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/388 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор *******ын бичсэн эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2314001940278 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байдал:

Монгол Улсын иргэн, .......... оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн ,

Холбогдсон хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч ******* мөрийтэй тоглоом тоглох зорилгоор Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Хаан банкны тооцооны төвийн бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөхөөр ажиллахдаа 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс, тооцооны төвийн менежер ыг ээлжийн амралтаа авсан үед түүний ажлыг түр хугацаанд хариуцан гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2023 оны 7 дугаар  сарын 20-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж,  Хаан банкны кассанд 154 удаагийн үйлдлээр 16 харилцагчийн бэлэн мөнгө 234,200,000 төгрөг, 38 удаагийн үйлдлээр 3 харилцагчийн тусгайлан хамгаалагдсан үйл ажиллагаа явуулах зориулалттай онлайн банканд хууль бусаар нэвтэрч 22,319,752 төгрөг, 9 удаагийн үйлдлээр 3 харилцагчийн тусгай хамгаалагдсан үйл ажиллагаа явуулах зориулалттай онлайн банканд хууль бусаар нэвтэрч 16,656,000 төгрөгийн онлайн зээлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч тус тус бусдад нийт 273,175,752 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2314001940278 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг Галакси А51, А52 загварын гар утас 2 ширхэг, бичлэг бүхий диск 3 ширхэг зэргийг хэргийн хамт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор ******* тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Хаан банкны нэр бүхий 7 данс нь мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийн данс бөгөөд дээрх 46,393,700 төгрөг нь зөвхөн *******гийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгө бус бусад мөрийтэй тоглоомд оролцож байсан хүмүүсийн мөнгө болох нь тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ******* нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргээс шалтгаалан 500 гаруй сая төгрөгөөр хохирсон утгатай гэмт хэргийн талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан.

Дээрх гомдлыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын бүртгэлийн 166/530 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд бүртгэгдэн, шалгагдсан.

Прокуророос Хаан банкны нэр бүхий 7 дансанд байрших 46,393,700 төгрөгийн мөнгөн хөрөнгийг мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийн улмаас хохирсон, дээрх мөнгөн хөрөнгөний хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нарт буцаан олгох зорилгоор хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээг цуцалсан.

Улмаар Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын бүртгэлийн 166/530 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдэд холбогдуулан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгуулахаар Улсын Ерөнхий Прокурорын газарт хүргүүлсэн.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/413 дугаартай “Гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах болон прокурорын хяналтын харьяалал өөрчлөн тогтоох тухай” прокурорын тогтоолоор прокурорын хяналтын харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт тогтоосон.

Яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2314001940278 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд маргаан бүхий мөнгөн хөрөнгө хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бүрдсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж дүгнэн, прокурорт буцаасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, тодорхой болж чадаагүй байна.

Дээрх Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт шалгагдаж байгаа гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрлэлтэд Баянхонгор аймгийн Прокурорын газраас нөлөөлөх нөхцөл байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хориглогдсон.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 2024/ШЗ/388 дугаартай шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* би Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан *******д холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хяналтын прокурор д мөрдөн байцаалтын хэрэгт нэгтгүүлж, харьяалал тогтоолгохоор Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байх гэж бодож байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн асуудлын тухайд мэдэхгүй байна. Гэмт хэргийг шалгах гомдол мэдээллийн харьяаллыг Улсын ерөнхий Прокурорын газарт мөрдөгдөх журмаар зохицуулсан байдаг. Авлигын гэмт хэргийг Авлигатай тэмцэх газар мөн зохион байгуулалттай гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн алба зэргээр зохион байгуулсан.

Баянхонгор аймгийн прокурорын газарт гомдол гаргасан гомдол мэдээллийн тухайд хэргийн харьяаллын дагуу шийдэгдсэн бөгөөд гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрийн тухайд шүүхийн харьяаллын дагуу шийдэгдэх юм. Энэ нь тус хэргийн тухайд гэмт хэрэг үйлдсэн хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоосон бөгөөд хохирогч нарын хохирол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гэдэг нь бүрэн тогтоогдсон. Хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан, хассан тохиолдол байхгүй гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Хэдийгээр хязгаарлалтыг цуцалж, хяналтын прокурор өөр гомдол мэдээлэл дээр хязгаарлалт тогтоосон боловч тухайн гомдол мэдээлэл нь нийслэл хотын Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтад байгаа учраас уг газарт эцэслэн шийдвэрлэгдэнэ. Яаж шийдвэрлэгдэхийг бид мэдэх боломжгүй байна.

Мөн энэ хэрэгт бүхий л нөхцөл байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурорын зүгээс хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 388 дугаартай захирамж нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч бүрд танилцуулсан. Тухайн маргаан болоод байгаа асуудал нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үүссэн. Хэргийн материалыг мөрдөгчөөс 2024 оны 3 дугаар сард бүх оролцогч нарт танилцуулж прокурорт ирүүлсэн. Тухайн үед яллагдагч тухайн гомдол мэдээлэл дээр хохирогчоор тогтоогдсон ******* болон түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч хэргийн хохирогч нараас гомдол хүсэлт гаргаж байгаагүй. Шүүхэд хэргийг 2024 оны 4-5 дугаар сарын үед шилжүүлсэн санагдаж байна.

Иймд шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг одоогийн нөхцөл байдлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Тухайн нэгж, Прокурорын газраас гомдол мэдээлэлд хяналт тавьж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдэх тул шүүгчийн захирамжид заасан ажиллагаа биелэх боломжгүй нөхцөл байдал бүрдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэл хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. 388 дугаартай шүүгчийн захирамжид хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаахдаа оролцогчийн эрхийг хязгаарласан байна бөгөөд уг хязгаарлалтыг цуцлаад нийслэл хотын Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт шилжүүлж байгаа процессыг прокурорын шатанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дуусаад прокурорын шатанд ирсэн байхад хийгдсэн ажиллагаа тул хохирогч болон хохирогч байгууллагын төлөөлөгч мэдээгүй байна.*******гээс гаргасан гомдол хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр оролцогчийн эрхийг хязгаарласан гэдэг нь үндэслэлтэй байна. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Шүүгчийн 388 дугаартай захирамж үндэслэлтэй байна. Мөн нийслэл хотын Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт шалгагдаж  байгаа нэр бүхий мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх мэт  этгээдүүдийн хохирогч ******* юм. Харин Баянхонгорт үйлдэгдсэн *******гийн гэмт хэргийн хохирогч нь “Хаан банк”  ХК гэдгийг ялгаж ойлгоно уу  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд бичсэн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд хянаж,  шүүгчийн уг захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч ******* мөрийтэй тоглоом тоглох зорилгоор Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Хаан банкны тооцооны төвийн бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөхөөр ажиллахдаа 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс, тооцооны төвийн менежер ыг ээлжийн амралтаа авсан үед түүний ажлыг түр хугацаанд хариуцан гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2023 оны 7 дугаар  сарын 20-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж,  Хаан банкны кассанд 154 удаагийн үйлдлээр 16 харилцагчийн бэлэн мөнгө 234,200,000 төгрөг, 38 удаагийн үйлдлээр 3 харилцагчийн тусгайлан хамгаалагдсан үйл ажиллагаа явуулах зориулалттай онлайн банканд хууль бусаар нэвтэрч 22,319,752 төгрөг, 9 удаагийн үйлдлээр 3 харилцагчийн тусгай хамгаалагдсан үйл ажиллагаа явуулах зориулалттай онлайн банканд хууль бусаар нэвтэрч 16,656,000 төгрөгийн онлайн зээлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч тус тус бусдад нийт 273,175,752 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан урьдчилан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүгчийн захирамжийн үндэслэлд: “...Хаан  банкны , , , , , , тоот  данснуудад байрших 46,393,700 мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан  арга хэмжээг цуцалсан нь  хэргийн оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарлаж зөрчсөн, түүнд холбогдох эрүүгийн хэрэгтэй хамтатган эцэслэн шийдвэрлэх ёстой гэмт хэрэг үйлдэж олсон байж болохуйц мөнгөн хөрөнгийн битүүмжлэлийг хуульд заагдаагүй үндэслэлээр хүчингүй болгосон  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөн  байцаалтаар хийгдсэн ажиллагаа нь зөрчилтэй хийгдсэн, зөрчлийг гаргасан шатанд буцааж өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй  дахин засуулахаас өөрөөр үнэлэх үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй ...“ гэж дүгнэжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

прокурор ******* шүүх хуралдаанд “...мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******гээс мөрийтэй тоглоом зохион байгуулсан, гэмт хэргийн улмаас хохирсон гэх утгатай гомдол мэдээллийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол мэдээлэлд хуваарилалтын дагуу хяналтын прокурор хяналт тавьж ажилласан. Мөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 7 данс нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас нарт холбогдох 17 этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан мэдээллийн дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэлт мөрдөн шалгах, прокурорын хяналтын харьяаллыг өөрчлөн тогтоолгохоор хүргүүлсэн. Улсын ерөнхий прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны харьяаллыг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжүүлж, прокурорын хяналтын харьяаллыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн...” талаарх тайлбарыг гаргасан.

 Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан тус ажиллагааг хийснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад  гарсан зөрчлийг арилгуулах, гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримтыг тогтоох гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Хаан  банкны , , , , , , тоот данснуудад байрших 46,393,700 төгрөг нь банкан дахь яллагдагч *******гийн эзэмшлийн харилцах данснаас тодорхой цаг хугацаанд шилжигдсэн, гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого гэх үндэслэлтэй тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирол, төлбөрийг барагдуулах зорилгоор дээрх данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоож, хязгаарласан нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1-д Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр …. үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн болон өрийн хэрэгсэл, улсын бүртгэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно… зэргээр хохирол, иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх талаар тусгасан.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад дээр дурдсан хуулийн үндэслэлээр  мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Хаан банкны харилцах данснуудыг өөр хэрэгт шалгуулах үндэслэлээр прокурор гаргасан шийдвэрээ цуцалсан нь хуульд нийцэхгүй шийдвэр болжээ.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Хаан  банкны , , , , , , тоот данснуудын эзэмшигч, ашиглагч нь хэн болох, байршсан мөнгөн хөрөнгө нь ямар цаг хугацаанд хэнээс, ямар журмаар данс эзэмшигчийн эзэмшилд орсон, зориулалт нь юу болох зэргийг тогтоох ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх шаардлагатай байна.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/388 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9.дүгээр зүйлийн 3-д  заасныг баримтлан өсвөр насны яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Ч.БАЯРЦЭНГЭЛ