Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 552

 

    Ж.Идэрмөнхөд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

              прокурор Б.Батхишиг,

            хохирогч Б.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж,

ялтан Ж.Идэрмөнх /Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцов./

            ялтны өмгөөлөгч Д.Тунгалаг, Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Идэрмөнх, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох 201525011388 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тахилт овгийн Жүгдэрнамжилын Идэрмөнх, 1978 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Минимакс” ХХК-д мэргэжилтэн ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 41 дүгээр байр 48 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ОР78052013/,

Ж.Идэрмөнх нь 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгой руу нь цохиж, алгадан бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Идэрмөнхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Идэрмөнхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 cap хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ж.Идэрмөнхөөс 2.566.092 төгрөг гаргуулж, хохирогч Б.Эрдэнэчимэгт олгож, цалин орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ж.Идэрмөнх тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэл байхгүй. Хохирогч гэх Б.Эрдэнэчимэг нь худал мэдүүлэг өгч энэ хэрэгт холбогдуулсан. Анх байцаагч Анхбаярт тэр өдрийн болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэтэл хохирогч гэх Б.Эрдэнэчимэг нь баруун гараараа зүүн шанаанд 4-5 удаа, зүүн гараараа баруун шанаанд 4-5 удаа, тонгойлгож байгаад шилэн хүзүүнд 4-5 удаа цохисон гэж худал мэдүүлэг өгсөн байна. Энэ бүх болсон үйлдлийг гэрчлэх гэрч Энхтөр, Энхжаргал, Батзориг, Баярмаа нар мөрдөн байцаалтад үнэн зөвөөр өгсөн байтал хэт нэг талыг барин хохирогч гэх Б.Эрдэнэчимэгийн худал мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2015 оны 7 дугаар сарын 12-ны 00 цагт хохирогч гэх Б.Эрдэнэчимэг нь манай гэрт 1 шил архитай согтуу орж ирсэн. Би хохирогч гэх Б.Эрдэнэчимэгийг урьд өмнө нь огт танихгүй, манайд байсан Энхтөр, Энхжаргал, Батзориг нарын танил найз байсан. Б.Эрдэнэчимэг нь Батзориг, Баярмаа нартай маргалдаад байсан ба шөнийн 3 цагийн үед Энхтөртэй гадагш гарсан боловч согтуу явж чадахгүй байна гээд оруулж ирээд унтуулсан. Сэрчихээд дахин маргалдаж эхэлсэн. Миний гэр оронд Энхжаргалтай согтуу эр эмийн ажил хийлээ гээд би бухимдан “яв” гэж удаа дараа хэлсэн боловч агсам тавиад байхаар нь би гэрээсээ хөөж, түлхэж гаргасан. Гэтэл хохирогч гэх Б.Эрдэнэчимэг нь зодсон гэж худал мэдүүлэг өгсөн. Иймд хохирогч гэх Б.Эрдэнэчимэгийг ямар зорилготой худал мэдүүлэг өгч их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг шалгуулж үнэн зөвийг олж тогтоох хүсэлтэй байна. Мөн тухайн өдрийн болсон бүх үйлдлийг гэрчлэх гэрчүүдийг дахин байцаалгах хүсэлтэй байна...” гэжээ.

Ялтан Ж.Идэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч 2015 оны 7 дугаар сарын 5-ны өглөө 11 цагт хөөгдөн гарсан гэж анх мэдүүлсэн. Хэрэв би түүнийг зодсон бол цагдаад мэдэгдэхгүй байх байсан. Өглөө 11 цагт гарч яваад 19 цагт ямар зорилгоор буцаж ирж цагдаа дуудсаныг ойлгохгүй байна. Хохирогч эргэж ирэхдээ машинтай залуустай цуг байсан гэж дүү нь мэдүүлсэн...” гэв.

Ялтны өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Ж.Идэрмөнхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэдийгээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан боловч уг гэмтлийг хэний буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь нотлогдоогүй байхаас гадна хохирогчийн 2015 оны 7 дугаар сарын 12, 13-ны өдрүүдийн маршрутыг шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хохирогч Б.Эрдэнэчимэг нь Ж.Идэрмөнхийн гэрээс 7 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагт гарсан атлаа гэрч А.Сүхбатын мэдүүлгээр 13-ны өдрийн 19 цагийн үед цагдаагийн дуудлагаар ирсэн гэж мэдүүлсэн байна. Энэ хугацааны маршрутыг шалгаж шаардлагатай байсан гэж үзэж байна. Мөн Ж.Идэрмөнх болон гэрч нарын мэдүүлгүүдээр хохирогч Б.Эрдэнэчимэг нь 2016 оны 7 дугаар сарын 12-аас 13-нд шилжих шөнө бусдыг хэл амаар доромжлон, бусдын гэрт зүй бус авирлаж, уг үйлдлээ 13-ны өглөө дахин үргэлжлүүлэхэд нь Ж.Идэрмөнх нь зүй ёсны шаардлага тавьж гэрээсээ хөөхдөө нүүр лүү нь 1 удаа мангасдаж гаргасан болох нь тогтоогдсон бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учрах боломжгүй юм. Хэргийг өмнө нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолд заасан ажиллагаанууд бүрэн хийгдээгүй байхад эргэлзээтэй бичгийн нотлох баримтаар Ж.Идэрмөнхийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтны өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Идэрмөнх, өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гарсан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслээгүй. Хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан гэсэн дүгнэлтэд үндэслэн хэргийн бусад эргэлзээтэй байдлуудыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч Ж.Идэрмөнхийн үйлдлийн талаар “миний нүүр лүү 5-6 удаа алгадсан”, “толгой руу 5-6 удаа цохисон” гэж хэд хэдэн эргэлзээтэй мэдүүлэг өгсөн. Гэрч Энхтөр, Энхжаргал, Батзориг нарын мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгээс эрс зөрүүтэй байна. Мөн уг гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд эргэлзээтэй... Гэрч нарын мэдүүлэг дэх цаг болон хохирогч өөрийн дүү Батжаргал руу утсаар ярьсан цаг хугацаа хоорондоо зөрүүтэй байна... Хохирогч өглөө 11 цагийн үед Ж.Идэрмөнхийн гэрээс гарч яваад эргэж ирээгүй. Тийм учраас хохирогч болон гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаах шаардлагатай. Мөн хохирогчийн тархинд үүссэн цусан хураа хэдийд үүссэн байж болох хугацааны талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, мөн Ж.Идэрмөнхийн нэг удаа мангасдсан үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учрах боломжтой эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоох ёстой. Мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийсэн боловч 11 цагт гэмт хэрэг үйлдэгдээгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон...” гэв.

Хохирогч Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ж.Идэрмөнхөд зодуулж хүнд гэмтэл авсан. Миний биеийн байдал хүнд байна. Ж.Идэрмөнх надаас уучлал гуйгаагүй, хохирол төлөөгүй...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Санчиндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. Хэрэг гарснаас хойш Ж.Идэрмөнх хохирогчоос ганц ч удаа уучлал гуйгаагүй, эмчилгээний зардал өгөөгүй. Хохирогч хүнд гэмтэл аваад наркоз нь гүйцэд гараагүй байхдаа анхны тайлбар, мэдүүлгээ өгсөн. Хохирогч 3 удаа мэдүүлэг өгөхдөө цохилтын тоог өөрөөр мэдүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэвч түүний мэдүүлэг нь үйлдлийн хувьд зөрүүгүй. Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох ажиллагааг хийсэн. Хэрэг гарсан цаг хугацаа, хохирогчийн явсан маршрутыг хангалттай нотолж тогтоосон. Б.Эрдэнэчимэг нь шүдний эмнэлэгт сарын 700.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан. Одоо ажилгүй, цалин орлогогүй болж, группэд орсондоо гомдолтой байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Б.Батхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй, зөв гарсан гэж үзэж байна. Гэмт хэрэг гарсан цаг хугацааны асуудал эргэлзээтэй байсан. Анх хохирогч хагалгаанд орж тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураагаа авахуулсны дараа түүнээс эхний байцаалтыг авсан. Энэ үед хохирогч “Би 11 цагийн үед зодуулаад гараад явсан” гэж мэдүүлсэн. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хохирогч “хагалгаанд ороод удаагүй байсны улмаас 11 цагт зодуулсан гэж зөрүүтэй мэдүүлсэн байна” гэж сүүлд өгсөн мэдүүлэгтээ маш тодорхой хэлсэн. Ялтан болон түүний өмгөөлөгч нар хэргийг өөрсөддөө ашигтайгаар шийдвэрлүүлэх гэж эргэлзээтэй байдал мэтээр ярьж байна. Шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Тэрээр би ойлгохгүй байна, намайг гүтгэж байна, нэг л удаа мангасдсан гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

  Ж.Идэрмөнх нь 2015 оны 7 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хорооллын 41 дүгээр байрны 48 тоот өөрийн гэртээ хохирогч Б.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгой руу нь цохиж, алгадан бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

хохирогч Б.Эрдэнэчимэгийн “...2015 оны 7 дугаар сарын 12-ны орой найз Зоригоо, Жагаа, Төрөө нар намайг дуудаад байхаар нь би архи, ундаа аваад тэд нарын байгаа айлд 23 цагийн үед очсон. Уг айлд тэр гурваас гадна гэрийн эзэн залуу, Баярмаа гэдэг хүүхэн байсан. Тэд нар нэлээд халамцуу байсан. Би юм ярьж сууж байгаад унтсан. Намайг өглөө 10 цагийн үед сэрэхэд... тэр хэд бүтэн шахуу архи уугаад сууж байсан... Нөгөө хүүхэн унтаж байгаад босож ирээд “би явлаа, лаларуудаа” гээд орилоод байсан. Би тэр хүүхнийг мөнгөгүй болоод явж чадахгүй байгаа юм байна гэж бодоод тэр хэдэд “таксины мөнгө өгчихөөч ээ” гээд хэлтэл хажуугаас Идэрээ гэх залуу “чи миний найзыг доромжилдог хэн бэ” гээд зүүн шанаа руу гараараа 1 удаа алгадаад, толгойн тус газар 3 удаа цохисон. Намайг буйдан дээр сууж байхад Идэрээ “чи муу ямар зэвүүн хүүхэн бэ” гээд миний хувцаснаас чирч босгоод том өрөөний хаалганы харалдаа суулгаад өөрөө хаалганы хажууд суусан. Тэгээд “худлаа ярих тоолонд чинь толгой руу чинь цохино” гэж хэлсэн. Тэгээд 2 удаа толгой руу цохисон...” /хх 8-9/,

 “...Нэг хүүхэн явлаа гэж байсан. Би “эмэгтэй хүн явах гээд байна. Таксины мөнгө өгөөрэй” гэж хэлсний төлөө Идэрмөнх намайг зодсон. Идэрмөнх тухайн үед согтуу байсан. “Миний хүүхнийг мөнгөгүй гэж хэллээ” гэж уурлаад намайг зодсон юм... Эхлээд миний толгойны зүүн талд алгадсан. Тэр үед миний нүүр ам хавдсан. Тэгээд дараа нь гараараа атгаж байгаад толгой руу 4-5 удаа цохисон...” /хх 43/,

“... Тэгээд юм яриад байж байтал Баярмаа сэрээд “би явлаа пиздануудаа” гээд орилоод босоод ирэхээр нь “таксины мөнгө өгөөрэй”  гэж Идэрмөнхөд хэлтэл “чи миний найзыг доромжилдог хэн бэ” гээд баруун гараараа зүүн талын хацар орчим алгадахаар нь “чи яаж байгаа юм бэ” гэхэд “чи эмэгтэй хүн байж эмэгтэй хүнээ хөөлөө” гэхээр нь би “чи буруугаар ойлгосон байна, би таксины мөнгө өгөөрэй гэж хэлсэн” гэхэд Идэрмөнх “чи ямар овоо пизда вэ” гээд миний толгойн баруун тал руу 2-3 удаа угсруулж цохисон. Тэгтэл Жагаа нойлын өрөөнөөс, Зоригоо цаад өрөөнөөс гарч ирсэн... Би зодуулах үед цаг яг хэд болж байсныг хараагүй...” /хх 187-188/,

гэрч А.Баярмаагийн “... Орой 23 цаг өнгөрч байхад Эрдэнэчимэг гэх эмэгтэй Тэрэлжээс ирлээ гээд 1 шил архи барьчихсан халамцуу орж ирсэн. Тэгээд идэж, ууж байгаад би найз залуу болох Зоригоотой муудалцчихаад явах гэтэл Идэрээ “орой болчихсон байна” гээд явуулахгүй байсан. Тэгтэл Эрдэнэчимэг “наад хүүхэндээ таксины мөнгө өгөөд зайлуулаач” гэж хэлсэн. Би гадаа Идэрээтэй хамт сууж байгаад гэр лүү орсон. Би шөнийн 04 цагийн орчим унтаад өглөө 06 цагийн орчим босоход хүмүүс бүгд сэрүүн юм яриад сууж байсан... Тамхинд гараад буцаад орж ирэхэд Идэрээ, Эрдэнэчимэг 2 газар суучихсан, хоорондоо маргалдаж байсан... Тэр хоёр маргалдаж байгаад Идэрээ Эрдэнэчимэгийг “ямар хэл амтай юм бэ” гээд нүүрэнд нь 1 удаа мангасдаж, түлхэх маягтай хүрсэн...” /хх 10/,

гэрч Ж.Батзоригийн “...Найз Баярмаатай хамт тамхинд гарчихаад орж ирэхэд Идэрээ Эрдэнэчимэгийг яв гээд хөөгөөд маргаж байсан. Эрдэнэчимэгийг түлхээд гаргах гэхэд гарахгүй яв гэхэд гарахгүй яв гэхээр явахгүй гээд байсан. Тэгэхээр нь Идэрээ Эрдэнэчимэгийн нүүрэнд гараараа 1 удаа мангасдаад гаргасан...” /хх 11/,

гэрч Б.Батжаргалын “... Орой 19 цагийн үед Эрдэнэчимэг эгч над руу залгаж уйлаад “чи эгчийгээ ирж авахгүй бол аймаар зодууллаа, алуулах нь ээ” гэсэн. Би хаягийг нь асуухад Эрдэнэчимэг эгч өөрөө зааж мэдэхгүй, зочид буудлаар багцаалж хэлээд байсан... Тухайн үед Эрдэнэчимэг эгчийн зүүн талын шанаа хавдсан байсан... хавдар нь үл ялиг байснаа маргааш нь бүр том болоод нүд рүүгээ хөхрөлт орчихсон...” /хх 52-53/,

гэрч А.Сүхбаатарын “...Эрдэнэчимэгийн биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Толгой нь үл ялиг хавдсан байсан. Тэгээд эмнэлэгт үзүүл гэж хэлсэн...” /хх 59/ гэсэн мэдүүлгүүд,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Эрдэнэчимэгийн биед тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи хурцавтар цусан хураа, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх хурцавтар цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 926 дугаартай дүгнэлт /хх 19/, хохирогч Б.Эрдэнэчимэгийн өвчний түүхийн хуулбар /хх 21/, компьютер томографийн дүгнэлт /хх 24, 27/ гэрэл зургийн үзүүлэлт /хх 95-98/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

            Ж.Идэрмөнхөд холбогдох эрүүгийн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтны өмгөөлөгч Д.Тунгалагаас “...хохирогчийн 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн маршрутыг шалгаж тогтоогоогүй, гэрч хохирогч нарын мэдүүлгийн зөрүү арилаагүй, мөн хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй байхад эргэлзээтэй нотлох баримтаар Ж.Идэрмөнхийг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ. 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судалж үзэхэд, хохирогч Б.Эрдэнэчимэг нь 2015 оны 7 дугаар сарын 12-ны орой Ж.Идэрмөнхийн гэрт найз А.Энхтөр, Ж.Батзориг нар дээр очиж, тэндээ хоноод 7 дугаар сарын 13-ны өдөр хамт архи ууж байсан А.Баярмааг явах гэхэд нь Б.Эрдэнэчимэг “таксины мөнгө өг” гэсний улмаас Ж.Идэрмөнхтэй муудалцаж, улмаар Ж.Идэрмөнх нь Б.Эрдэнэчимэгийн толгойн тус газар нь цохиж, диван луу түлхэж зодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.  

          Ж.Идэрмөнхийн дээрх үйлдэл нь хохирогч Б.Эрдэнэчимэгийн бие махбодид “тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх хурцавтар цусан хураа гэмтэл” бүхий хүнд зэргийн гэмтэлтэй шууд шалтгаантай холбоотой бөгөөд уг гэмтлийг өөр хэн нэгэн этгээд учруулсан гэж үзэх боломжгүй, энэ талаар дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.  

         Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан эргэлзээгүй нотлох баримтууд байх ба гэрч Ж.Батзориг, А.Баярмаа, А.Энхтөр, Б.Батжаргал, А.Сүхбаатар нар гэмт хэрэг гарсан цаг хугацаа, хэргийн үйл баримтыг тодорхой мэдүүлсэн бөгөөд хохирогчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй байна.

         Анхан шатны шүүх цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлэсэн тул ялтны өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

           Ялтан Ж.Идэрмөнх нь “...Хохирогч Б.Эрдэнэчимэг худал мэдүүлэг өгснийг шалгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд хохирогч Б.Эрдэнэчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлийг сануулж мэдүүлэг авсан байх ба хохирогч түүнийг гүтгэсэн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж түүнээс мэдүүлэг авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Идэрмөнх, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.