| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00044/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2018-05-22 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Иргэний хариуцагч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галба овогт *******д холбогдох эрүүгийн 201618010064 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт төрсөн, 0 настай, эмэгтэй, Халх, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Хөтөл сум дундын эмнэлэгт эмч ажилтай, ам бүл 0, нөхөр 0 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 0-р баг, 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Галба овогт ******* РД /МЭ********/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдсэн эмнэлэгт ирсэн өвчтөн *******д эмнэлгийн тусламж үзүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй шинжилгээ оношлогоо тогтоолголгүй блокад гэх тариаг тарьсан ба улмаар өвчтөн ******* нас барсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтээс/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлавал:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдсэн эмнэлэгт ирсэн өвчтөн *******д эмнэлгийн тусламж үзүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн ******* нас барсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******гийн өгсөн “2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Цэдэнбалын гэх 48 настай эмэгтэй над дээр ирсэн. Би тухайн үед эх барих эмэгтэйчүүдийн тасаг, яаралтай тусламжийн тасагт хавсарч ажиллаж байсан. тухайн өдөр эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинетэд орж ирсэн. Тухайн үед хохирогчид шинжилгээ хийлгэж рентген зурах авахуулах ёстой гэж хэлэхэд 2016 оны 03 сард рентген зураг авахуулсан. Шаардлагатай гэвэл тэр зургаа аваад ирэх үү гэхээр нь би зургийг үндэслэж эмчилгээ хийдэг учраас аваад ир гээд явуулахад төд удалгүй рентген зураг, карт хоёроо бариад орж ирсэн. Би үзлэг хийж, рентген зурагны дүгнэлтийг үндэслэн бүсэлхий нурууны үрэвсэл байна гэж үзээд бүсэлхий нурууны хориг гэх холимог бодис хийж өвдөлтийг нь намдаах саналыг тавьсан. Тухайн үед тариаг эмнэлгээс гаргах боломжгүй байсан тул өөрт нь тарианы нэрнүүдийг бичиж өгөөд авчруулаад энэ тариаг хийлгэж болно гэж хэлсэн. Тарилгыг яаралтай тусламжийн тасагт очиж хийсэн. Тариаг хийхдээ бүсэлхий нурууны L3-4-р нугалмаас баруун хажуу тийш 2 см-ын зайнд 20 гр-ын шипризээр тарилгыг хийсэн. Тарилгыг хийсний дараа ямар нэгэн зовиур илрээгүй тул би зөвлөгөө өгөөд явуулсан. 5-р сарын 11-ний өдөр өглөө үдийн цайны өмнө ирсэн. Мөн л зовиурыг нь асуухад бага зэрэг өвдөж байна. Гэхдээ арай бага өвдөж байна гэж хэлж байсан. Тэр өдрөө эмийн бодисын холимгийг урьдны өдөр хийсэн хэмжээ дозоор хийсэн. Бүсэлхий нурууны L3-4-р нугалмаас зүүн талд нь мэдрэлийн ёзоорт нэвчүүлж хийсэн. 5 дугаар сарын 12-ны өдөр буюу хэрэг болдог өдөр гэх эмэгтэй 10 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тухайн үед би ажил ихтэй байсан тул нилээд удаан хүлээлгэсэн. Тариагаа хийх гээд шалгаж үзэхэд нэг тариагаа дутуу аваад ирсэн байсан. Зовиурыг асуухад зовиур нилээд сайн багассан. 4,5 удаа хийлгэхэд сайжрах юм байна гэсэн яриа бид хоёрын дунд өрнөсөн. г тариагаа аваад ир гээд явуулахад төд удалгүй тариагаа аваад орж ирж тариагаа хийлгэсэн. Тариаг хийхдээ L3-4-р нугалмын төвшинд баруун талд нь мэдрэлийн ёзоорт өвчин намдаах тариаг хийсэн. Тариа хийсний дараа зовиур нэг их байгаагүй. Цайны цаг дөхсөн мөн амбулаториар үйлчлүүлэх хүн ихтэй байсан тул та жаахан сууж байгаад яваарай гээд зөвлөгөө өгчихөөд явсан. Амбулатардоо хүмүүсээ үзчихээд 12 дөхүүлээд буцаад орж ирэхэд гайгүй гэчихсэн сууж байсан. Тэгээд би цайндаа яваад байж байтал манай бага эмч утасдаад тэр хүнд гэнэт огцом өвдөлт үүслээ гэж хэлэхээр нь яваад очиход нилээд өвдөлт өгсөн байдалтай байж байсан. Өвдөлт намдаах арга хэмжээнүүдийг авч бусад эмч нартайгаа хамтарсан үзлэг хийсэн. Сэлэнгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн эмч *******, Сэлэнгийн нэгдсэн эмнэлгийн эмч ******* нараас утсаар зөвлөгөө авч зөвлөгөөний дагуу эмчилгээ хийсэн. Эмчилгээний явцад биеийн байдал сайжирахгүй байсаар 2016 оны 05 дугаар сарын 12-ны 16 цаг 25 минутанд амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан. ...Өнөөдөр шүүх хуралдаан болж байна. Би урьд нь *******тай уулзаж байгаагүй. С.Рэнцэндондог ах болон бага охинтой нь уулзсан. Мэдээж эмч хүнд эмчилж байсан хүн маань нас барахад үнэхээр харамсалтай байдаг. Би маш их харамсч байгаа. Миний алдаатай зүйл нь хоёр охинтой нь уулзаагүй нь буруу зүйл болсон байна. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэлсэн үгийг нь сонсоод ойлголоо... Өмгөөлөгчтэйгөө санал нэгтэй байна. Миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна.“ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Шүүгдэгч *******гийн өгсөн: “Би 2008 онд мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний курс төгссөн. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэх эгч намайг ажил дээр байж байхад ирж уулзаад өөрийнхөө нуруу их өвөөд байгаа учраас тухайн өвдөлтийг намдаалгах блокад буюу суудалын мэдрэлийн хориг хийлгэмээр байна гэж надад хүсэлт тавьсан учраас би түүнийг зовлон шаналалыг нь ойлгоод түүнийг нурууны зураг авахуулахыг шаардсан чинь эгч нь өмнө нь их олон удаа томографикийн зураг хийлгэсэн гэж хэлээд надад өөрийнхөө нурууны зургийг авчран үзүүлсэн. Би түүний нурууны зургийг үзэхэд суудалын мэдрэлийн дарагдалт байсан учир блокад хийхийг зөвшөөрөөд түүнд /Цефазолин 1 гр, Лидокаин 2% мл, Новокойн 0.25% 4 мл, Витамин В12 2 мл, Дексаматанзон 1 мл, Прозерин 1 мл/ нэг удаагийн тарилтанд дээрх тунгаар тариа ордог гэж хэлээд явуулсан. Удалгүй эгч миний хэлсэн тариануудыг аваад ирсэн тул би эмчилгээг хийсэн. Маргааш нь эгч эмчилгээний үр дүн маш сайтай сайхан амарлаа өвдөлт намдаж багассан гэж хэлээд ирсэн тул дахин эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн. Тухайн эмчилгээ 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хийх байсан юм. Өнөөдөр өглөө 09-10 цагийн орчимд ирээд эмчилгээгээ хийлгэх гэхээр нь тариануудыг нь үзтэл нэг тариагаа дутуу аваад ирсэн байхаар нь түүнийг нь хэлсэн чинь Лидокаин гэх тариаг аваад ирье удахгүй манай 9 дүгээр байранд байдаг одоо ч өвчин намдаад товор, товор алхдаг болчихсон юм чинь юу байхав гялс яваад ирнэ гээд хэлээд гарсан. Тэгээд тариа авч ирээд намайг 30-40 минут хүлээсэн байх би түүнийг буцаад ирэх үед эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөхөд ажилтай байсан юм. 11 цаг 40 минут орчимд би эгчид тариаг нь хийж өгөөд Далайхүү гэх ахад мөн адил блокад хийж өгөөд буцаад эгчийн биеийн байдлыг асуухад хөл нь жаахан бадаараад мэдээгүйжээд байна гэхээр нь тарианых нь хугацаа 30 минутаас 2 цаг байдаг учраас эгчийг эмнэлэг дээр дээрхи хугацаанд харзнаж байя гэж бодоод өөрийнх нь улаан өнгийн пальто өлгүүрт байсныг аваад түүнийг хөлийг нь хучиж өгөөд хэсэг харзнаж байгаад өөр ямар нэгэн зовиур илрэхгүй болохоор гялс цай уугаад ирвэл болох байх гэж бодоод гэртээ хариад гэртээ ормогцоо эгчийн биеийн байдалд санаа зовоод эмнэлгийн 103 дугаарт залгаж асуух гэтэл миний утас руу 99373126 дугаарын утаснаас 12 цаг 39 минутанд дуудлага орж ирсэн тул би авсан чинь өөдөөс эрэгтэй хүн эмч мөн үү манай гэр бүлийн хүний бие нь өвдөөд байна гэж хэлэхээр нь би удахгүй очлоо гэж хэлээд гэрээс гарч хүлээн авах дээр очтол эгч нилээн өвдөлттэй орь дуу тавиад байсан тул түүний өвдөлтийг намдаах зорилгоор Морфин 10 мл дээр 0.9 мл Натригаар шингэлээд аажим судсаар 5 мл хүртэл хийлгээд Монитол 500 мл гэх мэтчилэн эмчилгээ хийсэн би хийсэн эмчилгээнүүдээ эрэмбэлэн ангилалтын дэвтэр дээр бүгдийг нь хөтөлсөн. Өвчтөний өвдөлтийн байдлаас болоод даралт ихсэж пульс олширсон, зүрхний тоололтын тоо олширсон байсан тул холбогдох эмчилгээг хийсэн. Эмчилгээний явцад Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний эмч ******* эмчээс утсаар зөвлөгөө авч түүний зөвлөсөн эмчилгээг хийсэн боловч өвчтөний биеийн байдал сайжралгүйгээр амьсгал судасны дутагдалд ороод нас барсан. Блокад гэдэг нь суудалын мэдрэл хориг хийж өвдөлт намдаах эмчилгээ бөгөөд өвчнийг төгс эмчлэхгүй зовиур шаналгааг багасгах, өвдөлт намдаах эмчилгээ байгаа юм. Манай эмнэлэгт надаас өөр мэдээгүйжүүлэх эрхтэй эмч байхгүй учраас би дээрхи эмчилгээг үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу хийсэн.“ гэх мэдүүлэг /хавтас 1, хуудас 40-41/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ариунсанаагийн өгсөн “Би 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байтал 12 цаг 50 минут орчимд миний утас руу Рэнцэндондог ах залгаад надтай мэнд мэдээд хаана байгааг маань асуугаад эмнэлэгт хүрээд ирээч гэж хэлсэн тул би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын эмнэлэг дээр яваад очтол нэг хүн аймар чанга орилоод байхаар нь би ямар хүн бэ эрэгтэй хүн байхдаа гэж бодоод л яаралтай тусламжийн өрөөнд нь яваад ороход манай ээж ******* нь орон дээр хэвтчихсэн ойр ойрхон чанга орилоод байсан тэр үед ээжийн маань хөлөнд нь дусал залгачихсан зүүн гаранд нь тариа хийгээд судас нь хагараад байна гэж хэлээд эмч нар олон удаа хатгаж тарьж байсан. Тэр үед ээж маань энэ их өвдөөд байгааг намдаагаад өгөөч гэж эмч нараас гуйгаад байсан. Миний бодлоор Болороо гэх эмчээс гуйж байгаа санагдсан. Би эмч нараас юу болоод байгаа талаар дахин дахин асуугаад байхад эмч нар бүгд л сандралдаад гүйлдээд л надад хариу өгөхгүй байсан. Би буцаж гараад Рэнцэндондог ахаас юу болсон талаар асуухад ээж нь 11 цагийн үед эмнэлэгт тариа хийлгэнэ гэж хэлээд гэрээс гараад явсан удалгүй над руу залгаад бөгсөн бие мэдээгүй болчихоод байна гэж хэлэхээр нь би гүйгээд иртэл ямар ч эмч байхгүй ганцаараа хэвтэж байсан тул би эмч нарыг нь дуудчихаад бичлэг хийгээд байж байна гэж хэлсэн. Ээж бид хоёр эмчилгээ, эм тариан талаар ярилцаагүй тул эмнэлэг дээр би ямар ч ойлголтгүй очсон. Би эмнэлгийн дарга Гиймаа эмчтэй утсаар холбогдоод болж байгаа асуудлыг хэлээд түүнийг доошоо яаралтай тусламжийн өрөөнд хүрээд ирээч гэж хэлсэн чинь Гиймаа эмч их хурдан бууж ирээд яаралтай тусламжийн өрөөнд ороход нь би түүний араас дагаад ортол Гиймаа эмч Болороо эмчээс юу болсон бэ гэж асуухад их зөөлөн дуугаар Болороо эмч нь блокад тавьсан чинь ийм юм болчихлоо гэж хэлсэн. Гиймаа эмч их сонин царай гаргаад намайг гадаа гараад байж бай гэж хэлсэн. Тэгээд л эмч нар ийш тийшээ гүйлдээд л байсан энэ хугацаад ээж маань орилоод л байсан. Үүнээс хойш 10-20 минут өнгөрсөний дараа Гиймаа эмч намайг хүмүүсээс зайдуу дуудаж байгаад блокад гэх тариа нуруундаа хийлгэсэн байна. Энэ тариаг тарихдаа хориг заалттай газарт нь тарьсан байх гэж хэлэхээр нь би ээжийгээ суумгай болчихвийдээ гэж хэлэхэд бид нар аймгийн мэдрэлийн эмчээс зөвлөгөө аваад эмчилгээ хийж байна хэсэг харзнах хэрэгтэй болохгүй бол аймгийн эмч дуудах хэрэгтэй гэж хэлээд буцаад яаралтай тусламжийн өрөөндөө буюу ээжийн маань хэвтэж байгаа өрөөнд орсон. Ээжийн маань өвдөлт нь намдахгүй орилоод байхаар нь би тухайн эмчилгээ явагдаж байгаа өрөөнд ороход эмч Гиймаа, Болороо нар Рэнцэндондог, түүний дүү Батцэцэг бид нартай уулзах үед эмч нь би танай ээжид чинь блокад хийсэн чинь хориг заалттай газарт нь хийчихлээ гэж хэлсэн. Би түүнд таны буруу юм байна. Одоо яах юм бэ, ээж маань ингэж орилж байсаар байгаад суунга болчих юм уу гэж асуухад энэ тарианы үйлчлэл 2 цаг болоод гарна. Одоо гол нь тайвшируулах хэрэгтэй байна. Би аймгийн эмч нараас зөвлөгөө авч байгаа гэж хэлсэн. Би ямар эрсдэл байна гэж шууд асуугаад бид нар айх шаардлагагүй юм уу гэж асуухад энэ тариа суунга болгоно гэж байхгүй буруу газар тарьсаны улмаас мэдрэл таарсан байж болзошгүй нэг л эрсдэл байна буглаа үүсэх байх гэхээр нь би буглаа гэж юу гэж юу бэ гээд тодруулан асуухад тарих газрыг дутуу арчилснаас болоод бохир ороод арьсан дээр үүсэх зүйлийг буглаа гэж хэлнэ гэхээр нь би тайшираад Улаанбаатар хот руу явах шаардлага байхгүй юу гэж асуухад өвчин намдсаны дараагаар болно гэж хариулсан. Тэгээд би тайвшираад тухайн эмчилгээ хийгдэж байгаа өрөөнөөс гараад байж байтал ээжийг маань цааш нь эргүүлээд нурууны дунд хэсэгт нь 2 удаа тариа хийсэн. Тэр 2 хийсэн тариа нь нөгөө блокад гэх тариа гэсэн өмнө хийсэн блокад тарианыхаа гаж нөлөөг нь дарахаар хийж байгаа гэж эмч тайлбарласан. Үүнтэй зэрэгцээд давхар тайвшируулж унтуулах тариа хийгээд байсан. Тариа хийхэд ээж маань орилоод л тийчлээд байхад дарж байгаад л тариад байсан. Удалгүй ээж маань дуу нь бүдэгрээд шүд зуулттай тарчилсан шинжтэй орилоод тодорхой хугацааны давтамжтайгаар таталт өгөөд байхаар нь би эмчилгээний өрөөнд гүйж ороод ээжийнхээ ойролцоо очиход ээжийн маань нүд нь маш томроод цавчлахгүй байсан. Ээж маань тэр үед намайг хараад их удаанаар 2 удаа сайн уу гэж хэлсэн. Би тэр дууны өнгийн сонсоод л ээжийнхээ нүүрийг хартал ам нь мурийгаад далий болчихсон байсан. ...Гиймаа эмч над руу залгаад Ариунсанаа чи ирэхгүй бол болохоо байчихлаа гэж хэлэхээр нь би машинаа аваад эмнэлэг дээр яваад очтол ээжийн маань ойролцоо 20 орчим эмч цугларчихсан хиймэл амьсгал хийгээд хүчдэлээр цохиулж байхыг нь хараад би чанга дуугаар орилоод ортол намайг эмч нар тухайн өрөөнөөс хүчээр гаргаад би өрөөнийх нь гадна зогсож байхад цагдаа нар ээжийг маань өөр хүнтэй андуурч асуугаад явсан. Тухайн үед цаг 15 цаг 40 минут өнгөрч байсан санагдаж байна. Түүний дараа би 27 секундын бичлэгийг дүүдээ үзүүлэх зорилгоор хийсэн. Би илүү урт хугацаагаар хийх гэсэн боловч гар маань салгалаад хийж чадахгүй байсан юм. Ийм байдал үргэлжилсээр байгаад 16 цаг 40 минутын орчимд ээж маань нас барсан. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцахад манай ээжийг суурь өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн байна. Манай ээж гэр орондоо зүв зүгээр байж байгаад л эмнэлэгт тариа хийлгэхээр өөрөө явж очоод л эмчийн бичиж өгсөн гэх тариаг өөрөөр нь хийлгээд л бие нь өвдсөөр байгаад нас барчихсан. ...Би ээжийгээ суурь өвчний улмаас нас барсан гэж үзэхгүй байна. Миний ээж нурууны өвдөлтийн жаахан зовиуртай байснаас үхэлд хүргэх өвчин байгаагүй тул эмч нарын буюу ялангуяа эмч нь ээжид маань зохих ёсоор эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн эсэхийг шалгуулмаар байна. Мөн ээжийнхээ нас барсан шалтгааны талаар дахин шинжээч томилуулан дүгнэлт гаргуулмаар байна...“ гэх/ хавтас 1, хуудас 38-39/ мэдүүлэг,
Гэрч С.Рэнцэндондогийн өгсөн “... гэдэг эмч нь манай эхнэр гийн өвчний түүхийг үзээд блокад хийж болдог, болддоггүй хүн гэж байдаг юм. Танд хийж болох юм байна гээд 5 удаа нуруунд блокад хийхээр боллоо гэсэн байсан. Ингээд 5 сарын 10, 11-ний өдрүүдэд тус бүр 1 удаа хийлгэсэн байсан. Ингээд гурав дахь блокадаа хийлгэх гээд 5 дугаар сарын 12-ны өдөр Хөтөлийн эмнэлэг дээр өөрөө явж очсон юм. Өдрийн 12 цаг 24 минутанд манай эхнэр над руу утсаар залгаад хөгшин чинь тариагаа хийлгэчихээд хэвтэж байна. Бөгсөн биеэс доошхи мэдээгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм. Тариа хийсэн эмч чинь юу гэж байна гэж асуухад мэдээд алдуулах газарт нь хийгдчихсэн 40 минутын дараа зүгээр болчихно гэсэн гэж хэлэхээр нь чиний хажууд хүн байна уу гэж асуухад байхгүй байна. Цайны цаг болоод бүгд гараад явчихсан гэж хэлсэн. 40 минут чинь хэзээ дуусах юм гэж асуухад 12 цаг 40 минутанд дуусна гэхээр нь би эмнэлэг орохоор хувцсаа өмсөөд гэрээсээ гараад эмнэлэг дээр 12 цаг 32 минутанд өөрийн төрсөн дүү Батцэцэгийн хамт явж очсон. Эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөний наад талын орон дээр манай эхнэр хэвтэж байсан бөгөөд яаралтай тусламжийн өрөөнд эхнэрээс өөр ямар ч хүн байгаагүй. Тухайн үед манай эхнэр нэг л зовиуртай харагдаад байхаар нь би эмч чинь хаана байгаа юм гэж асуухад цайндаа гарсан байх гэж хэлсэн. Түүнээс өвдөж байгаа зүйл байна уу гэж асуухад мэдэхгүй байна гэсэн бөгөөд би эхнэрийнхээ гар хөлийг бариад 10 гаран минут болж байхад манай эхнэр хөл рүү жирс жирс гээд хатгаж өвдөөд байна гэсэн. ...Ингээд би гар утсаараа бичлэг хийсэн бөгөөд тэр үед Болороо эмч нь 13 цаг өнгөрч байхад өөрөөр хэлбэл блокад хийснээсээ хойш цаг гарангийн дараа орж ирсэн бөгөөд манай эхнэр эмчид зовиураа хэлж байгаад сүүлдээ эмчийн асуусан хариултанд хариулж чадахгүй болсон. Тэр үед Болороо гэдэг эмч олон тооны тариа хийгээд байсан. Миний харснаар Морфин 1 удаа, Сиддуксин гэдэг тариа 2 удаа хийсэн. Тариа хийж байхад нь би Болороо гэдэг эмчээс эхнэрээ бөгсөн бие нь мэдээгүй, суугаа болчих вий гэж айгаад түүнээс ямар нэгэн хууч өвчтэй болох уу, гайгүй юу гэж асуухад гэдэг эмч эм тарианы үйлчлэл гараад гайгүй болчих байх гэж хэлсэн. Ингээд эмч нь манай эхнэрт тариа хийгээд байсан учир эмч нарын ажилд саад болохгүйг хичээгээд зогсож байсан. Эмч тариа хийж байхад манай эхнэр ёолоод байсан бөгөөд эмч нар намайг гараад үүдэнд хүлээж бай гэхээр нь би өрөөнөөс гарсан Тэгтэл удалгүй цагдаа нар ирсэн бөгөөд манай эхнэр өнгөрсөн байсан...“ гэх /хавтас 1, хуудас 42-43/ мэдүүлэг,
Гэрч *******ийн өгсөн “... эгч надад миний хөл жоохон бадайраад байна өмнө ийм зүйл болдоггүй байсан юм гэж хэлэхээр нь би сайн мэдэхгүй байна та эмчээсээ асуугаарай эмчийг дуудах уу гэж хэлэхэд хэрэггүй ээ гайгүй байх гэж хэлсэн түүнээс 5 минут орчмын дараа ******* эмч орж ирээд тэр эгчээс биеийн байдлыг нь асуусан чиь тэр эгч миний 2 хөл жаахан бадайраад байна гэж эмчид хэлсэн чинь ******* эмч гайгүй ээ та 10-20 минут хэвчихээр гайгүй болох байх гэж хэлээд ******* эмч гараад явсан тэр үед цайны цаг болж байсан. ...******* эгч намайг 12 цаг дуудлаганд гарах үед хөл жаахан бадаарайд байна гэснээс биш өөр зовиургүй зүв зүгээр л орон дээр хэвтэж байсан дуудлаганаас буцаад орж ирэх үед аймар муухай орилоод байсан. ...******* эгчийг орон дээр хэвтэж байхад нь би түүнийг хаана ажилладаг, ямар зовиуртай байгаа талаар нь ярилцахад нуруу нь өвдөөд байхаар нь ******* эгчийг гуйгаад блокад тариаг тариулж байгаа өмнө нь 2 удаа тариулсан өнөөдөр 3 дахь удаагаа хийлгэж байгаа. Нурууны өвдөлт харьцангуй багасаад сайхан болж байгаа гэж надад хэлсэн...“ гэх / хавтас 1, хуудас 46-47/мэдүүлэг,
Гэрч *******гийн өгсөн “...*******гийн хувьд 2015 оны 11 дүгээр сараас эхлэн гараа өргөж болохгүй, суганы орчимд хөндүүрлээд маш их зовиуртай байна гэж хэлээд өвчин намдаах эм хэрэглэх болсон бөгөөд өдөр хоног өнгөрөх тусам түүний зовиур ихсээд байна гэж өөрөө бид нарт ярьдаг байсан. Заримдаа шөнө эргэж чадахгүй нойр муутай хоносон гэж хэлдэг болсон учраас түүнийг эмнэлэгт үзүүлээч гэж зөвлөхөд мөнгө төгрөгний боломж муу байна тэгж байгаад явна гэж хэлээд яваад байдаг байсан. ...2016 оны 1,2 дугаар саруудад *******гийн биеийн байдал сайнгүй байсан учраас үе үе өвчний акт авч байсан учраас түүнийг амар тайван биеэ эмчлүүлэг гэж бодоод 2016 оны 03 дугаар сард ээлжийн амралтыг нь олгосон боловч тухайн сард Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтсэн учраас ээлжийн амралтын эдлээгүй хоногууд үлдсэн юм. 2016 оны 03 дугаар сард бүтэн өвчтэй эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн гэх лист бичиг авчирсан. ...2016 оны 04 дүгээр сард ажилдаа орсон боловч бие нь бас л өвдөөд хөдөлгөөн нь хязгаарлагдмал эм уух нь их болчихсон байсан. ...Анх 2015 оны сүүлээр гарын суганы орчимд хөндүүрлэж өвдөөд байна гэж ярьдаг байсан. 2016 он гарснаас хойш нуруу өвдөөд байна гэж зовиурлах болсон. 2016 оны 04 дүгээр сараас хөдөлгөөнд хязгаарлагдмал болж маш удаан сууж босох үедээ зовиурлаад зарим үед гадуур хувцсаа өөрөө тайлж чадахгүй байдаг байсан. Би түүнд зарим үед хувцсаа тайлах болон өмсөх үед нь тусалдаг байсан. ******* өвчин намдаах Диклодинк гэх эмийг өдөр бүр ууж байгаа гэж хэлдэг байсан. Сүүлдээ уух эмийн нь тоо болон төрөл нь нэмэгдээд байх шиг байсан. ...******* нуруу өвдөөд байна гэж яриад байдаг байснаас биш яг юунаас болоод аль хэсэг нь өвдөөд байгаа талаар хэлдэггүй байсан...“ гэх мэдүүлэг /хавтас 1, хуудас 114-115/,
Гэрч *******ийн өгсөн:“...Би нэгдсэн эмнэлгийн хагалгааны өрөөнд хагалгаанд орж байсан юм. Сайхан сум дахь сум дундын Нэгдсэн эмнэлгийн эмч ******* нь над руу залгаад эмнэлэг дээр маш их өвдөлттэй эмэгтэй орж ирээд орь дуу тавиад байна би өвчин намдаах тариа хийсэн боловч орилоод дарагдахгүй байна гэж хэлсэн. Би наад хүн чинь ямар нэгэн суурь өвчтэй юм биш гэж дээ гэж асуухад ер нь биеийн байдал нь нилээн хүнд, дундаж настай хүн ирсэн байна. Би яагаад орь дуу тавиад орилоод байгаа юм гэж асуугаад наад хүнийхээ мэдрэлийн судсанд хориг хийгээд яагаад намдахгүй байгаа юм бэ? гэж асуухад эмч энэ хүн орилоод байна. Эмч тусгай байрлалтай өвчин намдаах хатгалтын цэгт тариа хийсэн гэж ярьсан. Өвчин намдаах үндсэн хэрэглэдэг Новкин, Лидокайн тариануудын аль нэгийг нь хэрэглэсэн гэж ашигласан гэж ярьсан. Тэгээд утсаар ярьж байгаад энэ хүн ингэж байна тэгж байна гэж хэлж ярьж байгаад л нас барчихлаа гэж хэлсэн...“ гэх /хавтас1, хуудас 118/ мэдүүлэг,
Гэрч *******ын өгсөн “...Би тухайн цаг үед ажил дээрээ ажилтай байж байхад эмч над руу залгаж нэг хүний 2 хөл нь сулралттай өвдөлт ихтэй байна гэж ярьсан. Би тухайн үед имрай гээд нурууны зураг авахуулах шаардлагатай гэж хэлсэн. Өвдөлт намдаах эм авсан уу гэхэд авсан өгсөн гэж тухайн үед ярьсан. Удаагүй 10 минутын дараа Сайхан сум руу алсын дуудлаганд гарсан. Сайхан сум руу очиж байхад Дархан-Уул аймаг өнгөрч байхад нөгөө хүнийг нас барчихлаа гэж эмч ярьсан. Тэгэхэд буцаад аймаг руу ирсэн. Замд хоёр удаа утсаар ярьсан сүлжээ унаад ирж байна уу зүрхний цохилт тасалдаад байна. Сэхээн амьдруулах хийж байна гэж ярьсны дараа дахиж залгаад нас барсан гэж хэлсэн...“ гэх /хавтас 1, хуудас 121-122 мэдүүлэг/,
Хэрэг учралын газарт үзлэх хийсэн тэмдэглэл /хавтас 1 хуудас 7-8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас 1 хуудас 9-11/, яаралтай тусламжийн хуудас /хавтас 1 хуудас 12-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас 1, хуудас 17-19/, гэрэл зургийн үзүүлэлт/хавтас 1, хуудас 21-23/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хавтас 1, хуудас 24/, талийгаачийн ажиллаж байсан талаарх цагийн бүртгэл/хавтас 1, хуудас 130-145/, эмчлүүлж байсан эмнэлгийн хуудас /хавтас 1, хуудас 146-156/, Амь тэнссэн үеийн анагаахын салбар зөвлөлийн дүгнэлт /1-р хавтас, хуудас 164/,
Эрүүл мэндийн яамны мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн .Мэдрэлийн эмчийн нэгдсэн дүгнэлтийн “...Эрүүл мэндийн картнаас авсан мэдээллээс талийгаач ******* нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эхо шинжилгээ хийлгэхэд зүүн суганы үүсгэвэр тогтоогдож, үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ХСҮТөвийн мэс заслын эмчээр авахуулжээ. Тухайн эмч нь авсан зүйлийг фурункул/ арьсны үсний угийн буглаа/ гэж оношлосон байна. Харамсалтай нь буглааны шалтгааны тодруулах гистологийн шинжилгээ хийгдээгүй бололтой. Энэ буглаа нь хэмжээ том, эхо зурагнаас харахад арьсан дор байрласан тул лимфийн булчирхайн сүрьеэтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй тул энд дурдав. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2016.02.25-д хийлгэсэн цусны шинжилгээнд үрэвслийн үзүүлэлтүүд өндөр байсанд ач холбогдол өгөөгүй бололтой. Талийгаач 1 жил 08 сарын өмнөөс (2014 оны 10,11 сар ) эхлэн нурууны өвдөлтийн улмаас эмчид хандаж, эмнэлэгт эмчлүүлж байсан байна. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өрхийн эмч, мэдрэлийн эмч, УНТЭ-ийн бөөрны ба мэдрэлийн эмч нарт нуруу өвдөнө гэсэн зовиуртай үзүүлсэн байна. 2016 оны 02 дугаар сарын 23-нд үзлэг хийсэн өрхийн эмч нь өөрийн үзлэгийг хамгийн няхуур тэмдэглэж, нурууны зураг, шаардлагатай бол илүү нарийвчилсан MRI шинжилгээнд орохыг зөвлөж байжээ.
Үүний дараа Улаанбаатар хотод ирж, УНТЭ-ийн мэдрэлийн ба бөөрний эмчид үзүүлэн, эхо шинжилгээ хийлгэж, 2016 оны 03 дугаар сарын 03-нд сээр ба бүсэлхий нурууны рентген зураг авахуулсан боловч илт эмгэг өөрчлөлт илрээгүй хэмээн буруу дүгнэжээ. Эрүүл мэндийн картанд хавсаргасан рентген зургуудад харагдах сээр нурууны доод хэсгийн ясны эвдрэлийг харамсалтай нь олж харсангүй /зурагт тодруулж заав/. Нэмэлт нарийвчилсан шинжилгээ хийгдээгүй, өвчтөн янз бүрийн эмнэлгийн эмч нарт үзүүлж, тодорхой оношгүй, нурууны өвдөлт намдаах шинж тэмдгийн эмчилгээ хийлгүүлсэн байна. Картнаас үзэхэд, өвчин даамжирч, дордож байхад учрыг нь олж зохих арга хэмжээ авч чадаагүй байна. 2010 онд баталсан “Нурууны спондилезын шалтгаант өвдөлтийн хамшинжийн оношлогоо, эмчилгээ” стандартад /MNS6207:2010/ нурууны архаг өвдөлтийн үед нурууны ясанд бүтцийн өөрчлөлт үүсгэдэг спондилоартрит, сүрьеэгийн спондилит хэмээх өвчнүүдээс ялгах зорилгоор нугасны шингэн, нуруу-нугасны компьютерт томографи, магнет резонанст томографийн шинжилгээ хийж, оношийг батална гэдгийг заасан. Талийгаачийн материал дунд эдгээр нэмэлт шинжилгээнүүд алга байна. Мөн тус стандартад нурууны өвдөлтийн эмийн эмчилгээнд өвдөлт сэдээх цэгүүдэд эмийн хориг хийх эмчилгээг багтаасан. Үүнд “0.5-2% новокиан, 1-2% лидокаин, 0.25% бупивакаин, 50-100 мг гидрокортизон, 20-40 мг депо-медрол зэрэг бэлдмэлүүдийн аль бупивакаин, 50-100 мг гидрокортизон, 20-40 мг депо-медрол зэрэг бэлдмэлүүдийн аль нэгийг сонгож хэрэглэнэ” хэмээн заасан. 2012 “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд “Мэдрэлийн эмгэгийн анхан шатны тусламжийн эмнэлзүйн удирдамж”-ийг гаргасан. Үүнд “нурууны өвдөлтийн оношилгооны гол зорилго нь өвөрмөц бус өвдөлтийг өвөрмөц өвдөлтөөс ялган салгах, онцгойлон анхаарах “улаан туг”-ийн шинжүүдийг таних, яаралтай эмчилгээний төлөвлөгөө гаргахад оршино” хэмээн тэмдэглэсэн. Улаан туг”-ийн шинжид дурдсан шинж тэмдэг дунд өвдөлт шөнө нэмэгдэх, саажилт даамжрах, бөгсөн биеэр мэдээ алдагдах зэрэг өөрчлөлт багтсан. Эдгээр шинж илрэхэд мэргэжлийн эмч рүү илгээж, нэмэлт дүрс оношилгоо хийнэ гэж заасан. Нурууны өвдөлтийн менежментийн алгоритмийг гаргаж, үүнд нурууны өвдөлт арилахгүй бол 4 долоо хоногийн дараа хянах, давтан шинж тэмдэг болон эрсдэл хүчин зүйлийг харж үзэх, оношийг шалгах, мэргэжлийн эмч рүү илгээж, нэмэлт дүрст оношилгоо хийлгэх гэсэн арга хэмжээнүүдийг заасан. Мөн эмийн эмчилгээнүүд хэсгийн өвдөлт намдаах зорилгоор мэдрэлийн язгуур /ёзоор/ хэсэгт лидокаин 2% тариаг 2 мл тарих, эпидурал хэсэгт (нугасны хальс завсар) стероид (дексаматазон 4 мг 1 мл) тарьж болохыг заасан. Талийгаачийн нурууны өвдөлт даамжирч, дордоход нэмэлт шинжилгээнүүд хийгдээгүй, талийгаач хэд хэдэн удаа акт авсан боловч ажлаа үргэлжлүүлэн эрхэлж байсан бололтой. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн актнаас үзэхэд гол эмгэг өөрчлөлт нь сээр нурууны 8-аас 10-р нугалам хооронд байрлах том хэмжээний, шар-ногоон идээ агуулсан бугалаа байна. Мөн хэргийн хавтаст хавсаргасан задлан шинжилгээний зурагт буглаа зүсэхэд ялгарах шаргал идээг харуулсан байна. Энэ зураг нь сүрьеэгийн гаралтай “хайлсан бяслаг” (европ анагаах ухааны хэллэг) гэх нэршилд тохирч буй харагдана. Харин нугасны сувагт идээ тархсан эсэх, сээр нуруунаас салаалах мэдрэлийн ёзоор судсууд, симпатик мэдрэлийн багана хэсэгт идээт үрэвсэл нэвчсэн эсэхийг нарийвчлан дурдаагүй байна. Нас барахаас 3 хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын Нэгдсэн эмнэлэгт хандахдаа 1 жилийн өмнөөс нуруу даамжран өвдөхийн зэрэгцээ баруун хөл рүү дагаж бадайрч өвдөж эхэлснийг дурдсан байна. 3 өдөр дараалан нуруу руу блокад гэгч олон бэлдмэлийн холимогийг тариулж, сүүлийн өдрийн тарилгааас 30 минутын дараа нурууны өвдөлт улам ширүүсч, түлж төөнөж, 2 хөл бөгсөн бие, дараа нь 2 гар суларч, 4 мөчийг дагасан хүчтэй өвдөлт мэдэрч, богино хугацаанд гүн шокийн байдалд орсон байна. Эдгээр шинж тэмдэгээс харахад 2 таамаг дэвшүүлж болохоор байна. 1. Холимог тариа нь буглааг онож буглаа задарч нугасны сувгаар тархсан байх. 2. Блокад тарианаас үл хамааран цаг хугацаа нь энэ үед таарч, архагшиж хүндэрсэн буглаа задарч, нугасны сувгаар тархаж хүчтэй өвдөлтийг үүсгэсэн байх. Шинжээч эмч С.Бүрэнжаргалын дүгнэлтэд нурууны буглаа нь сээр нурууны Th8-Th10 түвшинд байрлаж байсан. Харин эмч *******гийн яаралтай тусламжийн хуудас дээр тэмдэглэснээр блокад тариаг бүсэлхий нурууны L3-L4 түвшинд тарьсан гэсэн. Хавтаст хэргийн хуудас 22-т харуулсан задлан шинжилгээний сүүлийн зурагт блокад хийсэн хатгалтын орчимд нээлт хийснийг харуулсан. Энд буглаа нь арагш томорч, цүлхийсэн, гэхдээ задраагүй, буглаанаас доохон талд цус хурсан харагдана (хатгалт хийсэн газар байж болзошгүй). Үүнээс үзэхэд блокад тариа нь буглаат голомтын яг доод талд нь эмч *******гийн тэмдэглэснээр L3-L4 түвшинд биш, үүнээс дээш байрлалд хийгдсэн байна. Зургаас харахад буглаа илт задраагүй, тариа зүү хэр гүн орсоныг таамаглах боломжгүй. Талийгаачийн нөхрийн авсан видео бичлэгээс, мөн олон гэрчийн мэдүүлгүүдээс харахад өвдөлтийн хүч тэсэшгүй их, маш хүчтэй байсан бөгөөд өвдөлт 4 мөч рүү цацарч дамжиж, 4 мөч суларч, бадайрч байсан байна. Энэ байдал цаг гаруй үргэлжилсний дараа (тодорхой хугацаа заагаагүй) талийгаач гүн шокийн байдалд орж, ухаан алдсан. Ямартай ч, ийнхүү хүчтэй, “шатаах” мэт, 4 мөч рүү цацарсан өвдөлт нь мэдрэлийн гаралтай байсан бөгөөд нугаснаас салаалах мэдрэлийн олон ёзоорууд гэнэтийн байдлаар цочирсныг илтгэнэ. Сээр нуруунаас салаалах мэдрэлийн ёзоорууд хавирга завсрын амьсгалын булчинг мэдрэлжүүлнэ. Мөн зүрх судас, дотор эрхтэний үйлийг хянадаг симпатик мэдрэлийн багана сээр нурууны урд 2 талаар байрладаг. Эдгээр бүтцүүд цочмог олширч (дараа нь огцом буурч), дотор эрхтэнүүдийн үйл ажиллагаа саатаж, судсууд тэлэгдэнэ, цусны эзэлхүүний дутагдал үүснэ (гиповолэми). Энэ байдлыг мэдрэлийн шок (нейроген шок) хэмээн нэрлэх бөгөөд энэ нь цочмог нугасны гэмтэл, тархины нугасны бүрхүүлийн үрэвсэл, цус харвалт, маш түргэн өгсөх ёзоорын үйлийн алдагдал (Гийян-Барре хамшинж), маш хүчтэй өвдөлтийн үед үүсч болдог. Маш хүчтэй өвдөлтийн механизмтай холбоотой мэдрэлийн шокийн зэрэгцээ “зүрх эмтрэх хамшинж” (Tokatsubo хамшинж) давхцаж болдог. Үүнд хүчтэй өвдөлт, эсвэл сэтгэл санааны хүчтэй хямралын улмаас их хэмжээний стрессийн уургууд ялгарч, зүрхний булчингийн агчил суларч, зүрх зогсох аюулд хүрдэг. Талийгаачийн зовиураас үзэхэд мэдрэлийн тогтолцооны гэнэтийн шокийн байдалд орсон байх магадлал өндөр байна. Хайрцаганд агуулагдсан тариураас гадна аливаа шокийн үед шингэн нөхөх эмчилгээ маш чухал байдаг. Тухайн үеийн эмч нарын хамтарсан үзлэгийн явцад хийгдсэн эмчилгээ Натри хлор шингэн 1000 мл, Рингер шингэн 500 мл зэрэг багтсан байсан. Амь аврах үед хийгдсэн 11ш Адреналин, 1ш Допамин, 5ш атропин тариа, дефибрилляторын 8 удаагийн цохилт зэргээс харахад зүрх судсыг ажиллуулах эрчимтэй эмчилгээ хийгдсэн боловч үр дүнд хүрээгүй. Харин блокад тарианы хувьд энэ нь “хориг тавих” гэсэн утгатай, хүчтэй өвдөлтийн үед мэдрэлий судас ба бай эрхтэн хоорондын холбоосыг эмийн аргаар хориж, өвдөлт намдаах зорилгоор хийгддэг. Блокад тарианд мэдээ алдагдуулах бэлдмэл хэрэглэдэг (жишээ нь новокаин, лидокаин) ба үүнийг мэдрэлийн судасны ойролцоо тарьдаг. Үүнээс гадна “инфильтрацийн тариа” (нэвчин шингээх гэсэн утгатай) эмчилгээ байдаг. Нэвчиж шингээх тариаг өвдөлт намдаах зорилгоор өвдөж буй булчин, зөөлөн эдэд тарьдаг, дээрхи новокаин, лидокаинаас гадна үүнд стериодын бүлгийн тариа хэрэглэж болдог (жишээ нь дексаметазон). Цефазолин мэтийн антибиотик бэлдмэлийг (нян устгах эм) хэсгийн өвдөлт намдаах зорилгоор хэрэглэдэггүй. Мөн витамин В12, прозерин зэрэг бэлдмэлүүдийг хэсгийн өвдөлт намдаах зорилгоор хэрэглэх заалт байхгүй. Нөгөө талаар эдгээр бэлдмэлийг булчинд тарихад шокийн байдал үүсэхгүй.
Харамсалтайгаар төгссөн энэ тохиолдолд нурууны өвдөлтийн менежменттэй холбоотой стандарт, удирдамжийн мөрдөлт хангалтгүй, эмчийн няхуур үзлэг шинжилгээ, зөвлөгөө дутагдсан байна. Даамжран дордох, архаг нурууны өвдөлтийн учир шалтгааныг цаг алдахгүй тодруулах нь өвчтөний хувь тавиланд маш чухал байдгийг, мөн шалтгааныг зайлуулахгүй мөртөө зөвхөн шинж тэмдгийг багасгах эмчилгээ үр дүнгүй байдгийг өвчтөний байдалд эмч хүн бие даан үнэлгээ өгч, өвчтөний хүсэлтээр эмчилгээг хийх биш, харин зөв менежментийн зохистой шийдвэр гаргах ёстойг уг эмгэнэлтэй тохиолдол харуулж байна...“ гэх хэсэг /хавтас 1, хуудас 171-179/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч ******* нас барахаасаа нэг жил найман сарын өмнөөс нурууны өвчнөөр шаналж удаа дараа эмчилгээнд явж байсан болох нь нас барахаасаа өмнө үзүүлж байсан талаар эмчилгээний картанд тэмдэглэгдсэн тэмдэглэлүүд, өвчний учир эмчийн чөлөө авч байсан байдал /хх-144-151/, гэрч *******гийн өгсөн “*******гийн хувьд 2015 оны 11 дүгээр сараас эхлэн гараа өргөж болохгүй, суганы орчимд хөндүүрлээд маш их зовиуртай байна гэж хэлээд өвчин намдаах эм хэрэглэх болсон бөгөөд өдөр хоног өнгөрөх тусам түүний зовиур ихсээд байна гэж өөрөө бид нарт ярьдаг байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******г анх үзэхдээ түүний өвчнийг оношлож чадаагүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “Би үзлэг хийж, рентген зурагны дүгнэлтийг үндэслэн бүсэлхий нурууны үрэвсэл байна гэж үзээд бүсэлхий нурууны хориг гэх холимог бодис хийж өвдөлтийг нь намдаах саналыг тавьсан...” гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн “Би түүний нурууны зургийг үзэхэд суудалын мэдрэлийн дарагдалт байсан учир блокад хийхийг зөвшөөрөөд...” гэх мэдүүлгүүдээс харагдаж байгаа бөгөөд оношлогоо зөв тогтоох боломж байсаар байхад онош тодруулалгүйгээр түүний анхны хүсэлтээр хэсэг газрын өвчин намдаах эмчилгээ хийсэн болох гэрч Б.Анхцэцэгийн “...******* эгчийг орон дээр хэвтэж байхад нь би түүнийг хаана ажилладаг, ямар зовиуртай байгаа талаар нь ярилцахад нуруу нь өвдөөд байхаар нь ******* эгчийг гуйгаад блокад тариаг тариулж байгаа өмнө нь 2 удаа тариулсан өнөөдөр 3 дахь удаагаа хийлгэж байгаа. Нурууны өвдөлт харьцангуй багасаад сайхан болж байгаа гэж надад хэлсэн...“ гэх мэдүүлэг,
Гэрч С.Рэнцэндоржийн“... гэдэг эмч нь манай эхнэр гийн өвчний түүхийг үзээд блокад хийж болдог, болддоггүй хүн гэж байдаг юм. Танд хийж болох юм байна гээд 5 удаа нуруунд блокад хийхээр боллоо гэсэн байсан. Ингээд 5 сарын 10, 11-ний өдрүүдэд тус бүр 1 удаа хийлгэсэн байсан. Ингээд гурав дахь блокадаа хийлгэх гээд 5 дугаар сарын 12-ны өдөр Хөтөлийн эмнэлэг дээр өөрөө явж очсон юм...“ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай эмнэлэгт надаас өөр мэдээгүйжүүлэх эрхтэй эмч байхгүй учраас би дээрхи эмчилгээг үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу хийсэн” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь 3 удаа блокад тариаг талийгаачид хийсэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 35 минутад дахин блокад тариаг эмч *******гаар хийлгэснээс хойш 51 минутын дараа нөхөр болох С.Рэнцэндондог руу залгаж“...хөгшин чинь тариагаа хийлгэчихээд хэвтэж байна миний бөгсөн биенээс доошоо мэдээгүй болчихлоо гэж хэлсэн...” үүнээс хойш 12 цаг 32 минутын үед өөрийн дүү Батцэцэгийн хамт гэрч С.Рэнцэндондогийг эхнэр ******* дээр очиход эмч нь цайндаа явсан хохирогч ганцаараа яаралтай тусламжийн өрөөнд хэвтэж байсан бөгөөд түүний нөхөр эмч дуудах үед орь дуу тавьж өвдөлт эхэлсэн байна. Энэ үед цаг 12 цаг 42 минут болж байсан болох нь гэрч С.Рэнцэндоржийн “ 12 цаг 32 минутын үед өөрийн төрсөн дүү Батцэцэгийн хамт яваад орсон. ...Тэгээд би эхнэрийнхээ хөл гарыг бариад 10 гаран минут болоод байж байтал манай эхнэр миний хөл рүү жирс жирс гээд хатгуулаад байна гэхээр нь би Болороо гэх эмчийнх нь дугаарыг өрөөнийх нь бичиг баримтанд хайгаад байж байтал гаднаас эмнэлгийн хувцастай эмэгтэй ороод ирэхээр нь би тэр хүнээс Болороо гэгч эмчийг дуудуулах үед эхнэр маань орь дуу тавиад эхэлсэн.” гэх мэдүүлгээр нотлогдож байгаа ба үүнээс хойш асар хүчтэй өвдөлтөөр өвдөж ор дуу тавьж өвдөлтийн шоконд орж 16 цаг 45 минутад ******* нас барсан болохыг яаралтай тусламжийн хуудас, гэрч С.Рэнцэндондог, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мэдүүлгээр тогтоогддог.
Шүүгдэгч ******* хохирогчийн биеийн байдал муудаж эхэлсэн үед Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хагалгаа яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч ******* руу утсаар ярихдаа “Сайхан сум дахь сум дундын Нэгдсэн эмнэлгийн эмч ******* нь над руу залгаад эмнэлэг дээр маш их өвдөлттэй эмэгтэй орж ирээд орь дуу тавиад байна би өвчин намдаах тариа хийсэн боловч орилоод дарагдахгүй байна гэж хэлсэн. Би наад хүн чинь ямар нэгэн суурь өвчтэй юм биш дээ гэж асуухад ер нь биеийн байдал нь нилээн хүнд дундаж настай хүн ирсэн байна. Би яагаад орь дуу тавиад орилоод байгаа юм гэж асуугаад наад хүнийхээ мэдрэлийн судсанд хориг хийгээд яагаад намдахгүй байгаа юм бэ? гэж асуухад эмч энэ хүн орилоод байна. Эмч тусгай байрлалтай өвчин намдаах хатгалтын цэгт тариа хийсэн гэж ярьсан. Өвчин намдаах үндсэн хэрэглэдэг Новкин, Лидокайн тариануудын аль нэгийг нь хэрэглэсэн гэж ашигласан гэж ярьсан. Тэгээд утсаар ярьж байгаад энэ хүн ингэж байна тэгж байна гэж хэлж ярьж байгаад л нас барчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-120/,
Мөн Сэлэнгэ аймгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч ******* руу утсаар ярихдаа “...Би тухайн цаг үед ажил дээрээ ажилтай байж байхад эмч над руу залгаж нэг хүний 2 хөл нь cулралттай өвдөлт ихтэй байна гэж ярьсан. Би тухайн үед MRI гээд нурууны зураг авахуулах шаардлагатай гэж хэлсэн. Өвдөлт намдаах эм авсан уу гэхэд авсан өгсөн гэж тухайн үед ярьсан. Удаагүй 10 минутын дараа Сайхан сум руу алсын дуудлаганд гарсан. Сайхан сум руу очиж байхад Дархан-Уул аймаг өнгөрч байхад нөгөө хүнийг нас барчихлаа гэж эмч ярьсан. Тэгэхэд буцаад аймаг руу ирсэн.” гэх мэдүүлэг /хх-121/ мэдүүлгээс харахад тухайн эмч нараас зөвлөгөө авахдаа хохирогчийн өвдөлтийн бодит байдлыг үнэн зөв мэдээлээгүй ба цаг хугацааны хувьд түргэн тусламжийн арга хэмжээ авсан гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “эмчлэх” гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээх засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг" хэлнэ гэсэн болон энэ хуулийн эмнэлгийн мэргэжилтэний үүргийг 28 зүйлд заасан ба 28 дугаар зүйлийн 28.4.3-т ”үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүргээ зөрчсөн байна.
Шүүгдэгч *******гийн дээрх үүргээ биелүүлээгүйгээс хохирогч харамсалтайгаар амь насаа алдсан болохыг Анагаах ухааны доктор Ж.Сарангэрэлийн гарсан дүгнэлтэд / хавтас 1, хуудас 177/
-Талийгаачийг амьд сэрүүн байхад нь түүний сээр нурууны сүрьеэ өвчтэй болохыг оношлоогүй бөгөөд“...Эрүүл мэндийн картад хавсаргасан рентгэн зургуудад харагдах сээр нурууны доод хэсгийн ясны эвдэрлийг харамсалтай нь олж харсангүй.” гэж бичсэн байгаагаас талийгаачийн сүрьеэ өвчин нь ясны эвдрэл үүсгэж эхэлсэн байсан байна.
“...Нэмэлт нарийвчилсан шинжилгээ хийгдээгүй, өвчтөн янз бүрийн эмч нарт үзүүлж, тодорхой оношгүй, нурууны өвдөлт намдаах шинж тэмдэгийн эмчилгээ хийлгүүлсэн байна. Картнаас үзэхэд өвчин даамжирч дордож байхад учрыг нь олж зохих арга хэмжээ авч чадаагүй...” гэж дүгнэсэн байгаа нь өвчтөнийг зайлшгүй оношлож ямар эмчилгээ хийх, эсхүл нэмэлт нарийвчилсан шинжилгээнд өвчтөнийг явуулах байсан байна.
-Мөн энэ дүгнэлтэд 2010 онд батлагдсан “нурууны спиндилезын шалтгаант өвөлдтийн хам шинжийн оношлогоо шинжилгээ” стандартад /MNS6207:2010/ нурууны архаг өвдөлтийн үед нурууны ясны бүтцийн өөрчлөлт үүсгэдэг спондилоартрат, сүрьеэгийн спондолит хэмээх өвчнүүдээс ялгах зорилгоор нугасны шингэн, нуруу нугасны комьютерт томографи, магнет резонанст томографийн шинжилгээ хийж, оношийг батална гэдгийг заасан. Талийгаачийн материал дунд эдгээр нэмэлт шинжилгээнүүд алга гэсэн байгааг талийгаач энэ шинжилгээнүүдийг хийлгээгүй байжээ гэснээс зайлшгүй дээрх шинжилгээг хийлгэж оношлуулах шаардлагатай байсан байна.
-Талийгаачийн картнаас харахад сүүлийн гурван сар тасралтгүй нуруу өвдөнө гэж эмчид үзүүлсэн байгаа бөгөөд блокадыг нуруу өвдөх шинж тэмдэг эхлэх 4 долоо хоногийн турш өвдөлт намдаах арга хэмжээний дунд блокад тариаг тарьж болно. Талийгаач ******* уг зовиуртай олон сар явсан тул нэмэлт нарийвчилсан оношлогоо хийх шаардлагатай байсан. Энэ тохиолдолд урьдчилан оношлолгүйгээр “блокад” тариа хийх боломжгүй. “Эмч *******гийн *******д хийсэн блокад тарих ажилбар нь стандартад нийцэхгүй. Блокад тарианы найрлага нь дээрх стандарт удирдамжид дурьдсан найрлагатай тохирохгүй, илүү олон шаардлагагүй бэлдмэл агуулсан 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “яаралтай тусламжийн хуудаст их эмч ******* тэмдэглэхдээ” сээр нурууны Th8-гоос бүсэлхий нурууны L4 хооронд эмзэглэл ихтэй” гэж бичсэн. Өвдөлттэй гэж заасан энэ газар их хэмжээний талбайг хамарсан тул энэ үед хэсэг газрын эмчилгээ хийх зохисгүй“ гэж дүгнэсэн зэргээс харахад талийгаачид хийсэн блокад эмчилгээ нь оновчтой зөв эмчилгээ биш байна гэж дүгнэснээс шүүгдэгч *******гийн хийсэн блокад эмчилгээг хохирогчид хийх зөв оновчтой эмчилгээ биш байсан байна.
-Талийгаачийн үхлийн шалтгааныг “Шинжээч эмч С.Бүрэнжаргалын дүгнэлтэд нурууны буглаа нь сээр нурууны Th8-Th10 түвшинд байрлаж байсан. Харин эмч *******гийн яаралтай тусламжийн хуудас дээр тэмдэглэснээр блокад тариаг бүсэлхий нурууны L3-L4 түвшинд тарьсан гэсэн. Хавтаст хэргийн хуудас 22-т харуулсан задлан шинжилгээний сүүлийн зурагт” блокад хийсэн хатгалтын орчимд” нээлт хийснийг харуулсан. Энд буглаа урагш томорч, цүлхийсэн, гэхдээ илт задраагүй, буглаанаас доохон талд цус хурсан харагдана /хавтас 1 хуудас 22/ үүнээс үзэхэд блокад тариаг буглаат голомтын яг доод талд нь эмч *******гийн тэмдэглэснээр түвшинд тарьсан гэсэн. Хавтаст хэргийн хуудас 22-т харуулсан задлан шинжилгээний сүүлийн зурагт” блокад хийсэн хатгалтын орчимд” нээлт хийснийг харуулсан. Энд буглаа урагш томорч, цүлхийсэн, гэхдээ задраагүй, буглаанаас доохон талд цус хурсан харагдана /хавтас 1 хуудас 22/. Үүнээс үзэхэд блокад тариаг буглаат голомтын яг доод талд нь эмч *******гийн тэмдэглэснээр L3–L4 түвшинд биш түүнээс дээш байрлалд хийгдсэн байна. Зургаас харахад буглаа илт задраагүй, тарианы зүү хэр гүн орсныг таамаглах боломжгүй. Энэ байдал цаг гаруй үргэлжилсны дараа (тодорхой хугацаа заагаагүй) талийгаач гүн шокийн байдалд орж ухаан алдсан. Ямартай ч ийнхүү хүчтэй, “шаатах” мэт 4 мөч рүү цацарсан өвдөлт нь мэдрэлийн гаралтай байсан бөгөөд нугаснаас салаалах мэдрэлийн олон ёзоорууд гэнэтийн байдлаар цочирсоныг илтгэж байна.
-Сээр нуруунаас салаалах мэдрэлийн ёзоорууд хавирга завсрын амьсгалын булчинг мэдрэлжүүлнэ. Мөн зүрх судас дотор эрхтэний үйлийг хянадаг симпатик мэдрэлийн багана суур нурууны урд байрладаг. Эдгээр бүтцүүд цочмог байдлаар гэмтэхэд амьсгал давчдаж, хүчил төрөгчийн ханамж буурч зүрхний цохилт олширч (дараа нь огцом буурч) дотор эрхтэнүүдийн үйл ажиллагаа саатаж, судсууд тэлэгдэнэ. Цусны эзэлхүүний дутагдал үүснэ. Энэ байдлыг мэдрэлийн шок хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь цочмог нугасны бүрхүүлийн үрэвсэл цус харвалт, маш түргэн өгсөх ёзоорын үйлийн алдагдал маш хүчтэй өвдөлтийн үед үүсч болдог. Маш хүчтэй өвдөлтийн механизмтай холбоотой мэдрэлийн шокийн зэрэгцээ ”зүрх эмтрэх хам шинж” давхцаж болдог. Үүнд хүчтэй өвдөлтийн улмаас зүрхны булчингийн агчил суларч зүрх зогсох аюулд хүргэдэг. Талийгаачийн зовиураас үзэхэд мэдрэлийн тогтолцооны гэнэтийн шокийн байдалд орсон байх магадлал өндөр байна. Улмаар “...Тухайн үеийн эмч нарын хамтарсан үзлэгийн явцад хийгдсэн эмчилгээнд NaCl шингэн 1000 мл, рингер шингэн 500 мл зэрэг багтсан. Амь аврах үед хийгдсэн 11ш адреналин, 1ш допамин, 5ш атропин тариа, децибрилляторын 8 удаагийн цохилт зэргээс зүрх судсыг ажиллуулах эрчимтэй эмчилгээ хийгдсэн боловч үр дүнд хүрээгүй гэж дүгнэсэнээс харахад өвдөлтийн шокийн улмаас талийгаачийн зүрх зогссон гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд амь аврах боломжгүй байсан. “Сүрьеэгийн хүндрэл нь зөв оношлогдоогүй богино хугацаанд маш хүнд хэлбэрээр хүндэрч шокийн байдалд хүргэсэн тул амь насыг аврах боломж бололцоо сумын эмнэлэгийн түвшинд хомс байсан гэж дүгнэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. ...Харамсалтайгаар төгссөн энэ тохиолдолд нурууны өвдөлтийн менежменттэй холбоотой стандарт, удирдамжийн мөрдөлт хангалтгүй, эмчийн няхуур үзлэг шинжилгээ зөвөлгөө дутагдсан байна. Даамжран дордох архаг нурууны өвдөлтийн учир шалтгааныг цаг алдалгүй тодруулах нь өвчтөний хувь тавиланд маш чухал мөн шалтгааныг нь зайлуулахгүй мөртөө зөвхөн шинж тэмдэгийг багасгах эмчилгээ үр дүнгүй байдгийг, өвчтөний байдалд эмч хүн бие даан үнэлгээ өгч, өвчтөний хүсэлтээр эмчилгээг хийх биш харин зөв менежментийн зохистой шийдвэр гаргах ёстойг уг эмгэнэлтэй тохиолдол харуулж байна” гэж дүгнэсэн дүгнэлтээр талийгаачийн үхлийн шалтгаан нь шүүгдэгч *******гийн хайхрамжгүй үйлдэлээс болсон болох нь тогтоогдож байна.
Дээрх дүгнэлтээс харахад шүүгдэгч ******* 1.Хохирогчийн өвчнийг оношлуулах байсан. 2. Блокад тариа ямар ч эмчилгээний стандартад нийцэх эмчилгээ биш байсан. 3. Хохирогчийн эрүүл мэндийг эмчлэх ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй болохыг тогтоосон гэж үзсэн учир энэ дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эмч хүн өвчтэй хүнд ямар нэг оношлоогоогүйгээр блокад тариаг хийж болно гэж байгааг шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ч.Эрдэмболор, М.Энхбаяр нар ч өвчтэй хүнд өвчин намдаах зорилгоор хэсэг газрын өвчин намдаах эмчилгээг хийж болдог гэж байгаа нь дээрх эмчийн дүгнэлтийн “блокадыг нуруу өвдөх шинж тэмдэг эхлэх 4 долоо хоногийн турш өвдөлт намдаах арга хэмжээний дунд блокад тариаг тарьж болно. Талийгаач ******* уг зовиуртай олон сар явсан тул нэмэлт нарийвчилсан оношлогоо хийх шаардлагатай байсан. Энэ тохиолдолд урьдчилан оношлолгүйгээр “ блокад” тариа хийх боломжгүй” гэх дүгнэлтээр няцаагдаж байна. Шүүгдэгч блокад тариаг нурууны L3-L4 дүгээр түвшинд хийсэн гэж байгаа боловч дээрх дүгнэлтээр “ Энд буглаа урагш томорч, цүлхийсэн, гэхдээ задраагүй, буглаанаас доохон талд цус хурсан харагдана /хавтас 1 хуудас 22/ Үүнээс үзэхэд блокад тариаг буглаат голомтын яг доод талд нь эмч *******гийн тэмдэглэснээр L3–L4 түвшинд биш түүнээс дээш байрлалд хийгдсэн байна. Зургаас харахад буглаа илт задраагүй, тарианы зүү хэр гүн орсныг таамаглах боломжгүй.” гэж дүгнэсэн байгаа бөгөөд мэдрэлийн ёзоорууд гэмтэж өвдөлтийн шоконд орсоныг “...Ямартай ч ийнхүү хүчтэй, “ шаатах” мэт 4 мөч рүү цацарсан өвдөлт нь мэдрэлийн гаралтай байсан бөгөөд нугаснаас салаалах мэдрэлийн олон ёзоорууд гэнэтийн байдлаар цочирсоныг илтгэнэ.”гэж дүгнэсэнээс харагдаж байгаа болно. Дээрх дүгнэлтээс талийгаач өвдөлтийн шоконд орж нас барсан бөгөөд түүний амийг аврах ажиллагааг Сумын эмнэлэгийн хэмжээнд хийж боломжгүй болох нь
Амь тэнссэн үеийн анагаахын салбар зөвлөлийн дүгнэлтийн “...Сэхээн амьдруулалтын динамик тэмдэглэгээ тодорхой бус байгаа тул явцын үнэлгээ учир шалтгааны холбоог нэгтгэн дүгнэх боломжгүй. Хэзээ ухаангүй болсон. Эхлээд амьсгал зогссон уу, зүрх хэзээ зогссон, яаж зогссон, цаг хугацааны тэмдэглэлгүй, Амьсгал цөөрч 5-6 болсон аманд хэл өргөгч хийж хамрын гуурсаар хүчинтөрөгч өгсөн, сатурация 45 байсан даралт 60/30 пульс 142 байсан гэсэн бичилтээс хойш динамик бичиглэл байхгүй байна. Зохиомол амьсгалыг зөв удирдаж чадаагүй. Өвдөлтийн шокоос амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэж үзэхээр байна. Гэхдээ сумын эмнэлэгийн түвшинд өвдөлтийн шокоос амьсгал зүрх судасны хурц дутагдалд ороход амь насыг бүрэн аврах техник хангамж боломж нөхцөл нь хязгаарлагдмал болно.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Дээрх дүгнэлтээс сумын эмнэлгийн хэмжээнд талийгаачийн амийг аврах боломжгүй байсан байхад талийгаачийг 2,3 дахь шатлалын эмнэлэгт шилжүүлэх талын арга хэмжээг аваагүй, шүүгдэгч өвчтөний бодит байдлыг нууж зөвлөгөөг аймгийн эмч нараас авч байсан байна.
Дээрх байдлуудыг дүгнээд шүүгдэгч *******г эмнэлгийн тусламж үзүүлэх үйлчилгээгээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч ******* нас барсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэлийн талаар: Шүүгдэгч ******* нь 2005 оны 09 сарын 27-ны өдрөөс Сайхан сумын Сум дундын эмнэлэгт эмчээр ажиллаж байгаа болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын даргын 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дугаартай тушаал/2-р хх-ийн 22/-аар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ“ гэж заасан байна. Шүүгдэгч *******г шүүхээс гэм буруутайд тооцсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа шатахууны зардал 430 000 төгрөг+хүнс хоолны зардал 4.624.800 төгрөг+буяны ажилд зориулж авсан эд зүйлс 1.141.000 төгрөг + хайрцаг 348.000 төгрөг+ гар цайлгах эд зүйлс 800 хүнээр бодож авсан 10.400.000 төгрөг нийт 16 943 800 төгрөгийг иргэний хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын дахь Сум дундын нэгдсэн эмнэлгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар шүүгдэгч *******гийн илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсан тул Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын нэгдсэн эмнэлэг нь хохирогчид учруулсан хохирлыг тэргүүн ээлжинд арилгах ба байгууллагад учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч *******гийн үйлдэл нь өвчтөнд зохих ёсоор эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хохирогч олон жил өвдөж байхад түүний ар гэрийнхэн болон хохирогч өөрөө өвчнөө оношлуулах талаар идэвхигүй байсан. Энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж мэтгэлцэж байна. Эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.“эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг хэлнэ” гэж зааснаас харахад тусгай эрхтэй, үүрэгтэй эрх бүхий этгээд байна. Энэ гэмт хэргийн шинж болох объект нь хүний эрүүл мэнд объектив тал нь өвчтөнд тусламж үзүүлэх үйлчилгээ бөгөөд энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй өвчтөн нас барсан, субьектив тал нь мэргэжилдээ хайнга хандсан санаатай үйлдэл, субьект нь хүн эмчлэх эрх бүхий эмнэлгийн мэргэжилтэн байна. Гэмт хэргийн эдгээр шинжийг өмгөөлөгчийн зүгээс үгүйсгэж чадахгүй байна. Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гарсан бөгөөд прокурорын зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллаж байна.
Шүүх энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж үзлээ. Учир нь Шинэ Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106-2-т заасан хэргийн зүйлчлээс эрх хасах, болон хорих ялын хэмжээ багасаж торгуулийн ял оногдуулах сонголттой болгосон байна.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн /2002 оны/ 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 15.1 дүгээр зүйлийн 3 болгон өөрчилж эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт багтаж байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлцэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3-т заасан эрүүгийн хариуцлагаас эмчлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, торгуулийн ялыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******гийн орлогогүй болж байгаа байдлыг харгалзан оногдуулах торгуулийн ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүхээс тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач *******гийн өвчний түүх, рентген зураг 2 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-г хэргийн хамт хадгалах, эд мөрийн баримтаар хураагдсан Адерналин 9ш, Допамин-1ш, Дибазол-1ш, Кардарон-1ш, Демидрол-4ш, Анальгин-4ш, Седуксин-2ш, Морфин-1ш, Кокарбоксилаза-5ш, Витамин С-5ш, Цефазолин-1ш, Кордамин-1ш, Атропин-4ш нийт 39 ширхэг тарианы шилнүүдийг устгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар: Хохирогчид задлан шинжилгээ хийх үед идээт буглаа түүний нугасанд нэвтэрсэнийг шалгаж тогтоогоогүйгээс энэ хэрэгт хохирогчийн амь насаа алдсан шалтгааны тогтоох зорилгоор 4 удаагийн шинжээчийн дүгнэлийг гаргасан боловч эдгээр дүгнэлтүүд нь өөр хоорондоо илт зөрүүтэй нэг дүгнэлтээ нөгөө дүгнэлт үгүйсгэсэн, бодит байдалтай нийцээгүй дүгнэлтүүдийг гаргасан тул шүүхээс дээрх шинжээч эмч нарын дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байсан учир үнэлээгүй болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 239 дугаар шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хассан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж дүгнэлт гаргасан гэж дахин шинжээч томилуулах тухай хүсэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээж аваагүй болно. Шүүхийн шийдвэрийн уншин сонсгохдоо торгуулийн ялыг биелүүлэх хугацааг орхигдуулсныг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шийтгэх тогтоолд залруулж оруулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн /2002 оны/ 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 15.1 дүгээр зүйлийн 3 болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Галба овогт *******г эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******гийн эмчлэх эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасч, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын нэгдсэн эмнэлгээс 16 943 800 төгрөг гаргуулах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, байгууллага учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй болохыг дурьдсугай.
6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаачийн өвчний түүх, рентген зураг 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, СД бичлэгийг хэргийн хамт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдсан Адерналин 9ш, Допамин-1ш, Дибазол-1ш, Кардарон-1ш, Демидрол-4ш, Анальгин-4ш, Седуксин-2ш, Морфин-1ш, Кокарбоксилаза-5ш, Витамин С-5ш, Цефазолин-1ш, Кордамин-1ш, Атропин-4ш нийт 39 ширхэг тарианы шилнүүдийг устгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж прокурор, хэргийн оролцогч, тэдгээргийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолд, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөрөгч нар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА