Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 159/ШШ2026/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2025/0059/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Н*******” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Э*******

Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн гаргасан шийдвэр үйл ажиллагааны улмаас “Н*******” ХХК-нд учирсан 4200 ам доллар буюу 14,937,762 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, хариуцагч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, хариуцагчийн өмгөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Гомдол гаргагч “Н*******” ХХК нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Э*******д холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн гаргасан шийдвэр үйл ажиллагааны улмаас “Н*******” ХХК-нд учирсан 4200 ам доллар буюу 14,937,762 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх” тухай гомдлыг гаргажээ.

            Хоёр. Хэргийн үйл баримт:

            2.1 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Алтанбулаг боомтоор 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Н*******” ХХК нь Беларусь Улсаас Русский тежловоз үүлдрийн 17 тооны адууг импортлохоор Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт мэдүүлсэн ба мэдүүлсэн 17 тооны адуунд Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу мал эмнэлгийн анхдагч үзлэг шалгалт хийхэд мал, амьтны халдварт өвчинтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул адуу тус бүрээс цус болон эдийн дээж авч Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын лабораториор дамжуулан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит хүргүүлсэн ба тус лабораторийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1-5069 тоот, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 24-5113 тоот шинжилгээний дүнгээр адууны хачгийн халуун 10 тооны адуунд, адууны папиллома вирус 14 тооны адуунд, адууны вирусын артерит өвчин 1 тооны адуунд тус тус илэрчээ.

            Гаальд мэдүүлсэн баримт бичигт экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон мал эмнэлгийн гэрчилгээнд 17 тооны адуунд дээрх өвчнүүдийн эсрэг вакцин хийлгэсэн талаар мэдээлэл тусгагдаагүй байсан тул 17 тооны адууг гаалийн хяналтын түр бүсэд буулган хорио цээрийн дэглэмд оруулсан байна.

            Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Гаалийн ерөнхий газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас чиглэл авах тухай албан бичгээр хандсаны дагуу яамнаас Мал эмнэлгийн ерөнхий газарт санал дүгнэлт гаргах тухай чиглэл өгч улмаар тус газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/359 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг хуралдаж “Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын “Газрын амьтны эрүүл мэндийн кодекс”-ын 12.7.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 17 тооны адууг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх нь зүйтэй” гэж шийдвэрлэж, холбогдох шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт хүргүүлжээ.

            Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/125 тоот албан бичгээр “17 тооны адуунаас 2 төрлийн өвчин батлагдсан тул холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж” ажиллах тухай Гаалийн ерөнхий газарт мэдэгдэж, Гаалийн ерөнхий газраас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-1/89 тоот албан бичгээр “17 тооны адууг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын “Газрын амьтны эрүүл мэндийн кодекс”-ын 12.7.2, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.2 дахь заалтуудыг үндэслэн шийдвэрлэж хариуг ирүүлэхийг” Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт мэдэгдэж чиглэл хүргүүлжээ.

            Дээрх албан бичгүүдийг үндэслэн гаалийн улсын байцаагчаас “Н*******” ХХК-нд хуульд заасан үүргээ биелүүлж 17 тооны адууг экспортлогч оронд заасан хугацаанд буцаах талаар бичгээр мэдэгдсэн байна.

            Мэдэгдлийн дагуу “Н*******” ХХК нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй тул 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 0012614 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Н*******” ХХК-ийг 2000 нэгжээр буюу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 17 тооны адууг устгуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

            2.2 Гомдол гаргагч “Н*******” ХХК-иас 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гомдол гаргажээ.

            “Н*******” ХХК-иас Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шинжилгээний дүнг гомдол гаргагч компанийн зүгээс эс зөвшөөрч удаа дараа дахин сорьц авч давтан шинжилгээ хийлгэх, мэргэшсэн малын эмч нарын дүгнэлт гаргуулах, Беларусь улсын мал эмнэлгийн зохих байгууллагад шинжилгээний дүгнэлтийг илгээх зэрэг хүсэлтийг гаргаж байсан боловч төрийн эрх бүхий байгууллагын зүгээс тодорхой хариу өгдөггүй.

            Беларусь Улсын мал эмнэлгийн зүгээс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд Монгол Улсад экспортолсон 17 толгой адуунд зохих дархлаажуулалтыг хийж 30 хоногийн хорио цээрт оруулж халдварт өвчин үүсгэгч тээсэн эсэх талаар шинжилгээ хийж Монгол Улсад илгээсэн.

            Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/359 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан талаар мэдэгдээгүй.

            Олон улсын гэрээ хэлэлцээр болон бусад эрх зүйн хэм хэмжээний актад зааснаар 17 толгой адууг буцаах эсвэл устгалд оруулах тухай шийдвэрийг нэн даруй илгээгч буюу Беларусь Улсын гаалийн байгууллагад мэдэгдэх ёстой атал адууг хүлээн авагч гомдол гаргагч “Н*******” ХХК-нд устгалд оруулах талаар мэдэгдэж байгаа нь илт хууль бус үйлдэл болно гэж маргадаг.

            2.3 Гомдол гаргагчаас шүүхэд 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 159/ШЗ2025/0182 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар шийтгэлийн хуудасны 6 дахь хэсгийн В-д заасан 17 толгой адууг устгуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд хүргүүлж шийдвэрлэсэн хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсэн.

            2.4 Тус захиргааны хэргийг хянан хэлэлцэх 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гомдол гаргагч “Н*******” ХХК-иас гомдлын шаардлагаа “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн гаргасан шийдвэр үйл ажиллагааны улмаас “Н*******” ХХК-нд учирсан 4200 ам доллар буюу 14,937,762 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх” тухай гэж нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч хариуцагчид нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж, тайлбар авсан болно.

            Гурав. Маргаж буй үндэслэл талуудын тайлбар:

            3.1 Гомдол гаргагч “Н*******” ХХК 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “...“Н*******” ХХК нь Монгол болон Беларусь Улсын Засгийн газрын комиссын хурлын шийдвэрээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хөдөө аж ахуйн корпораци болон аж ахуйн нэгжүүд Беларусь Улсад 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан “Бель Агро 2024” үзэсгэлэнд хувийн хэвшлээ төлөөлөн оролцож тус арга хэмжээний үеэр Беларусь Улсын малын удмын сан /Гомелгосплемпретрятия/-ийн зүгээс гаргасан махны чиглэлийн адууг Монгол Улсад хээлтүүлэгчээр ашиглах, адууны махны ашиг шимийг нэмэгдүүлэх, эрлийзжүүлэлт хийх боломжийг судлах, хамтран ажиллах санал тавьсаныг нэхэмжлэгч компани хүлээн авч Русский тяжеловоз цэвэр үүлдрийн 17 тооны адууг худалдан авахаар харилцан тохиролцож 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 02 тоот гэрээ байгуулсан.

            Нэхэмжлэгчийн байгуулсан гэрээний дагуу Беларусь Улсаас импортоор 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хил дээр 17 тооны адуу ирсэн бөгөөд уг 17 тооны адуунд Монгол Улсад нэвтрэх мал амьтны олон улсын IVC245662 дугаар гэрчилгээг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын ерөнхий малын эмч А.Н******* олгосон, Гаалийн ерөнхий газрын А-1243010132 дугаар Амьтан ургамал, бүтээгдэхүүний импортын мэдэгдлийг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 17 тооны Русский тежловоз үүлдрийн нэг настай 17 тооны адууг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүсч гаалийн бүрдүүлэлт хийсэн.

            Хил хорио цээрийн байцаагч Д.Х*******, Б.Э******* нар 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зарим адууны хамар дээр ургацаг байгаа тул шинжилгээнд хамруулах шаардлагатай гэх үндэслэлээр гаалийн бүрдүүлэлтийг зогсоож улмаар Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын зүгээс 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шинжилгээ авсан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 24-1234 тоот бүртгэлийн дугаартай шинжилгээний хариугаар 17 тооны адуу ямар нэгэн халдварт өвчин байхгүй гэх дүгнэлт гарсан болно. Өөрөөр хэлбэл стандарт арга зүйн дагуу авсан 17 адууны шинжилгээнд адууны гоц халдварт өвчин болох нийлүүлэг, халдварт цус багадах, ям өвчний эсрэгбием илрээгүй болохыг тогтоосон.

            Мал эмнэлгийн ерөнхий газрын улсын байцаагчийн тодорхойгүй шалтгаанаар гаргасан хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 17 тооны адуунаас авсан сорьцын шинжилгээний дээжийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.1-д заасныг зөрчиж 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүлж, 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шинжилгээний дүнгээр 17 тооны адууны ийлдэсийн 10 сорьцод хачгийн халууны эсрэг биет илэрсэн гэх дүгнэлт гарсан.

            Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шинжилгээний дүнг нэхэмжлэгч компанийн зүгээс эс зөвшөөрч удаа дараа дахин сорьц авч давтан шинжилгээ хийлгэх, мэргэшсэн малын эмч нарын дүгнэлт гаргуулах, Беларусь улсын мал эмнэлгийн зохих байгууллагад шинжилгээний дүгнэлтийг илгээх зэрэг хүсэлтийг гаргаж байсан боловч төрийн эрх бүхий байгууллагын зүгээс тодорхой хариу өгөхгүй цааргалзаж байгаа болно.

            Беларусь Улсын мал эмнэлгийн зүгээс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд Монгол Улсад экспортолсон 17 тооны адуунд зохих дархлаажуулалтыг хийж 30 хоногийн хорио цээрт оруулж халдварт өвчин үүсгэгч тээсэн эсэх талаар шинжилгээ хийж Монгол Улсад илгээсэн бөгөөд Монгол Улсын гаалийн байгууллага болон Мал эмнэлгийн байгууллагад Монгол Улсад суугаа Беларусь Улсын элчин сайдын яамаар дамжуулан тус улсын мал эмнэлгийн байгууллагад хийсэн шинжилгээний дүгнэлт, дархлаажуулалт вакцин хийгдсэн баримтыг дамжуулсан, мөн Монгол Улсад хийгдсэн шинжилгээний дүгнэлтийг болон бусад санал мэдэгдэл дүгнэлтийг Беларусь Улсын мал эмнэлэг хариуцсан зохих байгууллагад болон адууг илгээсэн Беларусь Улсын гаалийн байгууллагад шинжилгээний дүгнэлтийг илгээхийг хүссэн боловч өнөөдрийн өдрийг хүртэл манай улсын эрх бүхий байгууллагын зүгээс хариу өгөхгүй байгаагаас гадна олон улсын гэрээ хэлэлцээр болон бусад эрх зүйн хэм хэмжээний актанд зааснаар 17 тооны адууг буцаах эсвэл устгалд оруулах тухай шийдвэрийг нэн даруй илгээгч буюу Беларусь Улсын гаалийн байгууллагад гаргах ёстой атал Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь адууг хүлээн авагч нэхэмжлэгч “Н*******” ХХК-нд устгалд оруулах талаар мэдэгдэж байгаа нь илт хууль бус үйлдэл болно.

            Энэхүү манай зохих байгууллагын албан тушаалтан нарын илт хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас Европын холбооны улс орнуудаас Монгол Улсад экспортлож байгаа болон Монгол Улсаас Европын холбооны улсад импортолж байгаа малын гаралтай бараа бүтээгдэхүүн Беларусь Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд ихээхэн хүндрэл үүсч байгаа нь зөвхөн нэхэмжлэгч компанийн Европын Улс орнуудаас импортоор хүлээн авдаг бараа бүтээгдэхүүнийг тус улсаар дамжин өнгөрөх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаагаар илт мэдрэгдэж байна.

            Монгол Улсын хачиг элбэг ихтэй тооцогддог бүс нутагт хачигт хазуулсан хүн, мал амьтанд эерэг биет илрэх нь нийтлэг тохиолдол гэж үздэг бөгөөд шинжилгээнд тусгагдсан халдварт өвчинтэй, эсвэл халдвар авсан тохиолдолд адуу нь 7-14 хоногийн дотор 41 хэм хүртэл халуурах, өвс тэжээлд илт дургүй болох, цусны улаан эсийн тоо 3,000,000 хүртэл буурах, салст бүрхүүл цайж шаргал туяатай болох, хамрын нүхнээс шингэн гоожих, нүд нь нуухдах, гемоглобин шээсээр ялгарч цусаар шээх, ихээхэн турж эцдэг талаар мэргэжилтнүүдийн зөвлөмж мэдээлэл гаргасан байдаг. Гэтэл Беларусь Улсаас илгээсэн 17 тооны адуунд 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нийт 231 хоногт эдгээр шинж тэмдэг огт илрээгүй байна.

            Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/359 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан талаар мэдэгдээгүй.

            Нэхэмжлэгч компанийн зүгээс Гаалийн ерөнхий газарт 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 028/024 тоот албан бичгээр гомдол гаргахад Гаалийн ерөнхий газар 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 02-12/1224 тоот албан бичгээр “...танай компаниас ирүүлсэн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 028/024 тоот албан бичигт дурдсан хүсэлтийг судлан үзээд тухайн асуудлыг төрийн захиргааны төв байгууллага болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон түүний харьяа мэргэжлийн байгууллага болох Мал эмнэлгийн ерөнхий газарт дахин тавьж, экспортлогч, импортлогч талуудыг оролцуулан хуралдуулж, эцсийн шийдвэрийг гаргуулах нь зүйтэй” гэж мэдэгдсэн.

            Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч Б.Э******* нь энэхүү нөхцөл байдлын талаар тодорхой ойлголттой байсаар байж олон улсын гэрээ хэлэлцээр болон бусад эрх зүйн хэм хэмжээний актанд зааснаар 17 тооны адууг буцаах эсвэл устгалд оруулах тухай шийдвэрийг нэн даруй илгээгч буюу Беларусь Улсын гаалийн байгууллагад мэдэгдэх ёстой атал адууг хүлээн авагч нэхэмжлэгч “Н*******” ХХК-нд устгалд оруулах талаар мэдэгдэж байгаа нь илт хууль бус үйлдэл болно. Иймд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Б.Энх-Эрдэнийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэврийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

            3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******аас 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... “Н*******" ХХК нь Беларусь Улсад 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 6 сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан “Бель агро 2024” үзэсгэлэнд оролцож тус арга хэмжээний үеэр Беларусь Улсын малын удмын сан “Гомелгосплемпретрятия”-ийн махны чиглэлийн адууг Монгол Улсад хээлтүүлэгчээр ашиглах адууны махны ашиг, үр шимийг нэмэгдүүлэх зорилгоор Русский тяжеловоз цэвэр үүлдрийн 17 тооны адууг худалдан авахаар харилцан тохиролцож 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр №02 тоот гэрээ байгуулсан. Нийлүүлэгч төрийн өмчит “Гомелгосплемпретрятия” байгууллага нь Беларусь Улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн нартай хамтран 2023 онд төрсөн адуунуудаас “Амьтдын сонгон шалгаруулалтын акт” үйлдэж, 17 тооны адууг сонгож, 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр “Полесский дахь улсын цацрагийн экологийн дархан цаазат газар”-т байрлах зориулалтын жүчээнд урьдчилан сэргийлэх цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийж, адууг 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хорио цээрийн тусгаарлалтын байранд байрлуулсан бөгөөд хорио цээрийн дэглэмийн цаг хугацаанаас эхлэн дуусгавар болох хүртэл 17 тооны адууг зориулалтын хаалттай талбайд идээшлүүлэн өдөр бүр клиник үзлэг халуун хэмжилт хийж байсан.

            Мөн олон улсын мал эмнэлгийн байгууллагын хүлээн зөвшөөрөгдсөн “Гомель мужийн мал эмнэлгийн лаборатори” нь адуунаас сорьц дээж авч экспортлогч улсын буюу Монгол Улсын мөрдөж буй шинжилгээний аргуудыг ашиглан үзлэг оношилгоо байнга хийж байсан. “Полесский дахь улсын цацрагийн экологийн дархан цаазат газар”-ын нутаг дэвсгэрт халдвараас сэргийлэх зорилгоор жилд 2 удаа ариутгалын бүрэн хэмжээний арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд энэ нь адууг халдвараар өвчлөх эрсдэлийг бүрэн арилгадаг болно.

            Гомдол гаргагч нь Гэрээний 2.1-д зааснаар нэг толгой адууг 2,100 ам.доллараар тооцож нийт 17 тооны адууг 35,700 ам.доллараар худалдан авахаар тохиролцсоны дагуу нийлүүлэгч Беларусь Улсын Хөдөө аж ахуйн төрийн өмчит Гомелгосплемпретрятия байгууллагад 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 444,637 рубль 84 копейк /1 рубль 37,48 төгрөг/, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 2,794,800 рубль 81 копейк /1 рубль 37,94 төгрөг/ зэрэг 35,700 ам.доллартай тэнцэх Оросын холбооны улсын мөнгөн тэмдэгт 3,239,438.68 рубль буюу тухайн өдрийн монгол банкны ханшаар тооцвол 122,699,768 төгрөгийг шилжүүлж төлбөрийг төлсөн. Беларусь Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар Монгол Улсын мал эмнэлгийн ерөнхий газарт импортын 17 тооны адуутай холбоотой эрүүл мэндийн үзлэг, оношилгоо зэрэг холбогдох баримтыг илгээж 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр адуу зөөвөрлөх тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгслээр тээвэрлэж, адууны дагалдах бичиг баримтын хамт Монгол Улсын Алтанбулаг боомтод 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн. Монгол Улсын малын их эмч А.Н******* 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хууль тогтоомж, бүрдүүлсэн баримт бичиг, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл, экспортлогч орны халдварт өвчний мэдээллийг үндэслэн 17 тооны адуу импортлох олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг олгосон.

            Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Х******* нь 2024 оны 09 дүгээр сарын сарын 13-ны өдөр 04-2151005-24-132162 дугаар бүхий ачаанд малын эрүүл мэндийн анхан шатны клиник үзлэгээр зарим адуунд үү, ургацаг илэрсэн гэх үндэслэлээр бараа, тээврийн хэрэгслийг саатуулж өдөр хүртэл 2 хоногийн турш ус тэжээлгүй байлгаж байгаад иргэн Д.Нын хашаанд буулгаж 17 тооны  адуунаас цусны дээж авсан байсан ба сорьц авсны дараа 17 тооны адууг дахин тээврийн хэрэгсэлд ачиж 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Алтанбулаг боомтын гаалийн хяналтын бүсэд байлгасан.

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж /цаашид “дээж” гэх/ авах бол улсын байцаагч тусгайлан акт бичих бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана” мөн хуулийн 56.2-д “Энэ хуулийн 56.1-д заасан актыг гурван хувь үйлдэх Шалгуулагч этгээд болон итгэмжлэгдсэн лабораторид тус тус нэг хувийг өгч үлдэх хувийг шалгалтын хувийн хэрэгт хавсаргана”, мөн хуулийн 56.4.-д “Шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй” гэж хуульчилсан.

            Гомдол гаргагч “Н*******” ХХК-нд импортын 17 тооны адуунаас дээж авах талаар мэдэгдэж байгаагүй, дээж сорьц авах үед байлцаж холбогдох гомдол санал гаргах эрх олгоогүй хязгаарласан, тусгайлан үйлдсэн акт хүлээлгэн өгч байгаагүй болно. Захиргааны хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 17 тооны адуунаас сорьц дээж авч дээжний жагсаалт гэх баримт авагдсан боловч дээж авсан этгээд тодорхойгүй, нэрийн тайлалгүй байдлаар ямар цаг хугацаанд дээж авсан эсэх нь тодорхойгүй болно. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дээж хүлээн авч 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 24-5070 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнг, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дээж хүлээн авч 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 24-5069 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дээж хүлээн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 24-5113 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнг тус тус гаргасан байна.

            Мал, амьтны эрүүл мэндийн тухай 15 дугаар зүйлийн 15.7.1-д “хүлээн авсан сорьцыг шинжилгээний аргын стандартад заасан хугацаанд багтаан шинжлэх, эсхүл хүлээн авснаас хойш 24 цагийн дотор улсын мал эмнэлгийн лабораторид хүргүүлэх” гэж заасан. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн дээж хүлээн авсан гэх цаг хугацаагаар импортын 17 тооны адуунаас 2024 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдрийн аль нэг өдөр авсан гэх сорьц дээж 72-96 цагийн дараа 2024 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдөр ямар журам шаардлага, стандартын дагуу тээвэрлэгдэн хүргэгдсэн эсэх тодорхойгүй байгаагаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Улсын байцаагч холбогдох журмын дагуу дээж авч тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг хангана...” гэх хуулийн шаардлагыг илтэд зөрчсөн байна. Гомдол гаргагч “Н*******” ХХК-ийн зүгээс холбогдох зохих хууль журамд нийцээгүй, Беларусь улсаас импортолсон 17 тооны адууны дээж мөн эсэх ихээхэн эргэлзээтэй байдаг тул шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрдөггүй болно.

            Беларусь улсаас импортолсон 17 тооны адуу Монгол Улсын Алтанбулаг боомт дээр ачигдан ирсэн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл тээврийн хэрэгсэл дотор гаалийн хяналтын бүсэд 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл “Ургац агро” ХХК-ийн хашаанд байрлаж байгаа бөгөөд Алтанбулаг боомт дээр ирсэн цаг хугацаанаас хойш Монгол орны хамгийн их хачиг, шумуултай газарт тооцогддог Сэлэнгэ аймгийн бүс нутагт нийт 551 хоногийн турш хорио цээрийн хяналтад байгаа боловч хачгийн халуун гэх халдварт өвчний шинж тэмдэг огт ажиглагдахгүй байна.

            Беларусь улсаас импортолсон 17 тооны толгой адууг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл “Monbull” ХХК-ийн хашаанд хорио цээрийн дэглэмд байх хугацаанд нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн зүгээс адууг байрлуулсан хашааны төлбөр, хангалттай өвс тэжээл, малчны цалин зэрэгт 100 орчим сая төгрөгийн мөнгөн хөрөнгийг зарцуулсан боловч хорио цээрийн дэглэмд хяналт тавих эрх бүхий этгээд огт хяналт тавьж байгаагүй. Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй, албан үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас адуунд байнгын маллагаа, арчилгаа дутмаг, адууны өвс тэжээлийг зориуд багасгасны улмаас адуу нэлээдгүй турж эцсэн байдалтай болсон.

            Энэ талаар хорио цээрийн дэглэм оруулах шийдвэр гаргасан байгууллага, улсын байцаагч Б.Э******* нарт мэдэгдсэн боловч тодорхой арга хэмжээ огт авахгүй байсан тул арга буюу хүсэлт гаргаж 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс “Ургац агро” ХХК-ийн хашаанд хорио цээрийн хяналтад оруулсан боловч 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэг адуу хорогдсон бөгөөд энэ талаар хяналт тавих үүрэг бүхий этгээд хариуцагч Б.Э*******д мэдэгдсэн боловч ирээгүй, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин нэг адуу хорогдсон ба улсын байцаагч Б.Энх- Эрдэнэд мэдэгдсэн боловч хэзээ үхсэн бэ гэж мессеж илгээх төдийхнөөр өнгөрсөн байна.

            Хариуцагч Б.Э******* нь Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын 2.10-д “Мал, амьтныг улсын хилээр түүхий эд, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай нэвтрүүлэхдээ бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.3-т заасны дагуу хорио цээрийн дэглэмд байлгаж, үзлэг, шинжилгээнд хамруулна.”, 3.2-д “Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд халдварын эх үүсвэр болж байгаа өвчтэй, халдварын сэжигтэй мал, амьтдыг тусгаарласны дараа тухайн өвчинтэй тэмцэх мал эмнэлгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэх заалтын дагуу үзлэг, шинжилгээнд хамруулах, хяналт тавих, эмнэлгийн цогц арга хэмжээ авах үүргээ огт биелүүлээгүй, хайхрамжгүй хандаж байсны улмаас нэхэмжлэгч “Н*******” ХХК-нд 4,200 ам.доллар хохирол учраад байна.

            Иймд хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Энх-Эрдэнийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “Н*******” ХХК-нд учирсан 4,200 ам.доллар /1 ам.доллар 3,556.617 төгрөг/ буюу 14,937,762 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

            3.3 Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эхний гомдлын шаардлага нь зөрчлийн шийтгэврийг хүчингүй болгох гээд байгаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа яаж явагдсан бэ гэдэг дээр маргаж байна. Итгэмжлэлд зааснаар итгэмжлэл хүлээж авсан этгээд үйл ажиллагааг нь явуулах ёстой. Гэтэл манай байгууллагад хурааж авсан, үзлэг хийсэн талаар мэдэгддэггүй. Үхэртэй холбоотой 2023 оны 3 сард олгосон итгэмжлэлийг үндэслэж “Н*******” ХХК-ийн төлөөлөгч гээд зуруулаад байдаг. Яагаад манай байгууллагад мэдэгдээгүй вэ, хачгийн халуун гэх өвчин нь гоц халдварт өвчинд хамаардаггүй. Беларусь улс бол мал аж ахуй эрчимжсэн улс хоёр удаа ариутгал хийж шимэгчээ устгадаг дархан цаазтай газарт байсан адууг манай улс руу явуулсан. Энэ нөхцөл байдалтай холбоотой ямар нэгэн өвчин манай адуунаас илрээгүй. Шинжилгээний дүн хуурамч. Манай адууных мөн эсэх нь эргэлзээтэй. Манай төлөөлөгч нарыг байлцуулаагүй. Оросын холбооны улсын хил гаалийг өвчтэй адуу нэвтрэх боломжгүй.

            Бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгслийг Оросын холбооны улс нутаг дэвсгэр лүү огт нэвтрүүлэхгүй. Худалдан авчихсан байгууллагад шинжилгээний хариу ирчихсэн байдаг. Мал эмнэлгийн ерөнхий газрын эмч А.Н******* 2025 онд очоод Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, малын ерөнхий эмчтэй нь хамт эрсдэлийн үнэлгээ гаргаж олон улсын гэрээг баталчихсан. Энэ шинжилгээний хариу манайд огт ирдэггүй. Адууны гоц халдвар өвчин, устгах заалттай цус багадалт гэдэг өвчин бий. Тэр шинжилгээгээр илэрсэн гээд байгаа ч шинжилгээгээр илрээд түүний дараагаас энэ асуудлыг нэг ч яриагүй.

            Мал эмнэлгийн ерөнхий газар Олон улсын гэрчилгээ олгоогүй. Гаалийн байгууллага эрсдэлийн үнэлгээг тогтоосны үндсэн дээр импортын мэдэгдэл олгоогүй бол энэ адуу Монгол Улсад орж ирэх боломжгүй. Хачгийн халуун өвчнийг хариуцагч тал л гоц халдварт өвчин гэж яриад байгаа болохоос биш Монгол Улсад хачигт хазуулаагүй адуу ховор гэсэн. Шинжилгээний нэгтгэлийн дүгнэлт гэж байгаа. Тэр дээр цуснаас нь ганцхан удаа шинжилгээ авсан. Гомдол гаргагч компани 2024 оны 9 сараас хойш хачгийн шинжилгээ дахиж авхуулъя гэж гуйсан. Нэг ч удаа аваагүй. Уг адуунуудад ямар ч хачгийн халуун өвчин байхгүй байгаа учраас татгалзаж байна гэж боддог.

            Гаалийн байгууллагын зүгээс хууль тогтоомжийг зөрчөөд хэнийх нь авсан үл мэдэгдэх дээж сорьцоор энэ шинжилгээний дүнг гаргасан гэж үзэж байгаа. Хэзээ очсон, хэн хүлээж авсан нь мэдэгдэхгүй. Мал эмнэлгийн ерөнхий газар нь нэг ширхэг ч баримт гаргаж өгөөгүй. Манай талаас шинжилгээнийхээ хариуг өгчих. Үнэхээр халдвартай бол буцаая гэж байгаа. 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2025 оны 02 дугаар сарын 04-ний хүртэл байлгаж байгаад устгана гэж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй.

            Бид нар зардлаа гаргаад Беларусь улсын мал эмнэлгийн ерөнхий эмчийг дуудъя. Хамт байлцаж байгаад шинжилгээ гаргая. Шинжилгээнд хамт байж байгаад олон улсын лабораторит цуснаас нь дээж авч өгмөөр байна. Зөрчлийн хэрэгтэй холбоотойгоор манай байгууллагад зөрчлийн хэргийг танилцуулаагүй. Манай байгууллага зөрчлийн хэргийг төлөөлж оролцоогүй. Тэмдэглэл, үзлэг, хураан авах ажиллагаа хийхдээ танилцуулаагүй. Гаалийн үйл ажиллагаа явуулахад манай компанийг байлцуулаагүй. Б.Э******* улсын байцаагч хэлэхдээ тэмдэглэлийг К.Сувд-Эрдэнэд өгсөн гэдэг. Тэмдэглэлийн хувийг өгсөн бол эрх бүхий албан тушаалтан та тэмдэглэл үйлдэх ёстой. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож хохирол төлбөр нэхэмжилж байна.

            Амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд заагаад өгчихсөн. Ямар тохиолдолд устгах вэ мөн хуулийн 13.1, 13.2, 15 дугаар зүйлд заасны дагуу амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлогч орны хилийн боомтын эрх бүхий байгууллагад мэдэгдэхэд буцааж хүлээн авахаас татгалзсан тохиолдолд устгана. Мэдэгдэх үүрэг нь та бүхэнд байгаа. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр адуугаа буцаа гэж мэдэгдчихээд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэргээ нээчихсэн.

            Дэлхийн газрын мал амьтны тухай кодекс гэж байдаг. Тэр нь хоёр жил тутам солигддог. Б.Э******* байцаагчийн яриад байгаа кодекс нь 2020 оных. Би яагаад үүнийг яриад байна гэхээр тодруулж асуусан. Яагаад Беларусын тал уг кодекст хачгийн халуун өвчин дурдагдаагүй гэхээр наадах чинь 2 жил болоод солигддог. Хуульд хачгийн заалт гэсэн зүйл байхгүй. Уг адуу 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл өвс тэжээлгүй машин дээрээ хориотой байсан. Та нар буцаагаагүй. Буцаагаад явуулах боломжтой байсан. Яагаад гэвэл гэрчилгээ нь байна.

            Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтан Б.Э******* буюу итгэмжлэл олгогдоогүй этгээд Ж.Б*******ийг дуудаад холбогдогчоор мэдүүлэг аваад, холбогдогчийн эрх үүргийг танилцуулчихсан. Ж.Б******* гэх хүн гомдол гаргаагүй гэсэн зүйлийг ярьж байна. Зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй. Бид нар шүүх дээр ирээд зөрчлийн хэрэгтэй танилцсан.” гэжээ.  

            3.4 Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Алтанбулаг боомтоор 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Беларусь Улсаас импортлохоор оруулж ирсэн 17 тооны адуугаа 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл квотгүй “Нүүдэлчин Агро ферм” ХХК нь гаальд мэдүүлээгүй байсан. 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлгээр гаальд мэдүүлсэн ба 17 тооны адуунд Гаалийн хорио, цээрийн хяналт шалгалт мал эмнэлгийн клиник үзлэгээр адууны хамар дээр үү, ургацаг гарсан, мал, амьтны халдварт өвчин байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 17 тооны адуунаас цус болон эдийн дээж авч аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторит хүргүүлсэн. Аймгийн Мал эмнэлгийн газрын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 163 тоот албан бичгээр дээрх аж ахуй нэгжийн 17 тооны адууны сорьц дээжинд хийгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр адууны тейлериоз-10, бабезиоз-1, вирусын артерит-1, адууны пиллома вирусын халдвар 14 тооны адуунд тус тус илэрсэн талаар мөн дээрх өвчинтэй эх заавар болон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны эрүүл мэндийн кодекст заасны дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн албан бичиг ирсэн.

            Тухайн аж ахуй нэгжийн гаальд мэдүүлсэн бичиг баримтууд, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон мал эмнэлгийн гэрчилгээнд 17 тооны адуунд лабораторийн шинжилгээгээр илэрсэн дээрх өвчнүүдийн эсрэг вакцин хийсэн талаарх мэдээлэл огт тусгагдаагүй байсан ба “Н*******” ХХК-нд энэ талаар мэдэгдэхэд гаалийн хяналтын  бүс тогтоон адууг буулгах талаар хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийн дагуу “Monbull” ХХК-ийн эзэмшлийн аж ахуйг гаалийн хяналтын түр бүсээр тогтоон дээрх 17 тооны адууг буулган “Н*******” ХХК-нд гаалийн хяналтын түр бүсийн дэглэмийн талаар танилцуулж ямар нэгэн үйл ажиллагаа хийхээр бол гаалийн байгууллагад мэдэгдэн түүний хяналт дор хийгдэх ёстойг танилцуулсан. Дээрх 17 тооны адууг гаалийн хяналтын түр бүсэд буулган хорио цээрийн дэглэмд оруулснаас хойш 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй, эмчилгээ хийлгэхгүй байсан тул гаалийн байгууллагын зүгээс 01/343 тоот албан бичгээр Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны эрүүл мэндийн кодексийн холбогдох заалт, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал үүсээд байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн.

            Тус мэдэгдлийн хариуд “Н*******” ХХК нь мэргэжлийн төрийн захиргааны байгууллага болох Мал эмнэлгийн ерөнхий газарт хандсан талаар дурдаж мэргэжлийн байгууллагын эцсийн дүгнэлтийн хариуг хүлээж байгаа ба дүгнэлтийн хариу гарсан тохиолдолд гаалийн бүрдүүлэлтээ хаах тухайгаа аж ахуй нэгжийн зүгээс 02/102 тоот албан бичгээр ирүүлсэн.

            Иймд гаалийн байгууллагын зүгээс тус аж ахуй нэгжийн оролцоог хангах үүднээс Мал эмнэлгийн ерөнхий газрын дүгнэлтийн хариуг хүлээсэн бөгөөд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны А/359 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн хуралдаанаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны эрүүл мэндийн кодексийг үндэслэн “Монгол улсын хилээр нэвтрүүлэхгүй байх  нь зүйтэй” гэсэн шийдвэр гарсан тухай Мал эмнэлгийн ерөнхий газраас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1370 тоот албан бичиг манай байгууллагад ирсэн. Нэгэнт мэргэжлийн төрийн захиргааны төв байгууллагаас ийм шийдвэр ирсэн тул 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 01/378 тоот албан бичгээр “Н*******” ХХК-нд импортлохоор ирсэн 17 тооны адууг экспортлогч улсад буцаах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Үүний хариуд “Н*******” ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/111 тоот албан бичгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсын Ерөнхий Сайдад энэ талаарх гомдол хүсэлтийг хүргүүлсэн байгаа шийдвэр гарахыг хүлээж байгаа талаар хариу ирүүлсэн.

            Иймд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Гаалийн ерөнхий газарт хандан аж ахуй нэгжийн импортлохоор оруулж ирсэн 17 тооны адуутай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулан чиглэл ирүүлэхийг хүссэн. Гаалийн ерөнхий газраас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-1/289 тоот албан бичгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн 02/125 тоот албан бичигт “Мал эмнэлэгийн ерөнхий газрын даргын А/359 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаанаар гаргасан шийдвэр, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж ажиллах” гэсэн хариу ирсэн тул хуулийн дагуу арга хэмжээг авч хариуг мэдэгд гэсэн чиглэл Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ирсэн.

            Иймээс тус Гаалийн газар нь мэргэжлийн төрийн захиргааны төв байгууллага болох Мал эмнэлгийн ерөнхий газар, харьяалах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эцсийн шийдвэр гарч тухайн аж ахуй нэгжийн оролцоог бүхий л талаар хангасан гэж үзсэн учраас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Н*******” ХХК-нд хуульд заасан үүргээ биелүүлж 17 тооны адууг экспортлогч оронд заасан хугацаанд буцаах, дурдсан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх болохыг 01/83 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэн.

            Ингээд дээрх мэдэгдлийн дагуу “Н*******” ХХК нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй тул 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2531000200 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуусган 0012614 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг үндэслэн “Н*******” ХХК-ийг 2000 нэгжээр торгох шийдвэр гарган 17 тооны адууг устуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэж зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлсэн болно.

            Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3-т заасан шаардлагыг хангаагүй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг хориглож, энэ тухай гаалийн байгууллага нь экспортлогч улсын хилийн боомтын хяналтын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Гомдол гаргагч талын гаргасан гомдолд “адууг экспортлогч улсад буцаах тухай мэдэгдлийг экспортлогч улсын гаалийн байгууллагад мэдэгдэх ёстой” гэсэн нь дээрх 17 тооны адууг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх зорилгогүй импортоор оруулах зорилготой /импортын мэдэгдэл/ тул Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гаалийн байгууллага нь экспортлогч улсын хилийн боомтын хяналтын эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэггүй юм.” гэжээ.

            3.4 Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдол гаргагчийн нэмэгдүүлсэн шаардлагад бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...“Н*******” ХХК-ийн 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гаалийн улсын байцаагч Б.Энх-Эрдэнийн гаргасан шийдвэрийн улмаас “Н*******” ХХК нь 14,937,762 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргасныг дараах хууль тогтоомж, заавар журмыг үндэслэн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхойлж дараах байдлаар тайлбарлаж хариуг хүргүүлж байна. Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх процесс ажиллагааг Гаалийн тухай хууль, Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулиар тусгайлан зохицуулсан эрх зүйн зохицуулалттай байдаг. Улсын хилээр орж ирж байгаа мал амьтанд хийх лабораторийн шинжилгээ нь эмнэл зүйн лабораторит хийгддэг тул гаалийн лаборатори нь дээж сорьц хүлээн авч шинжилгээг хийдэггүй ба биологийн дээж сорьцийг аймгийн Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн лабораторит өгч өвчний үүсгэгчийг тодорхойлох шинжилгээг хийлгэдэг.

            “Н*******” ХХК-ийн Беларусь Улсаас АМ88884 дугаартай тээврийн хэрэгслээр 17 тооны үржлийн адууг импортлохоор 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн орчим Алтанбулаг боомтоор оруулж ирсэн. Тухайн цаг үед боомтын ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байсан тул Сүхбаатар суманд байрлах Видү гаалийн хяналтын талбайд гаалийн хяналт шалгалт хийгдсэн. “Н*******” ХХК нь гадаадаас үржлийн адуу импортлох квотгүй байсан тул өөрсдөө тухайн өдрөө бүрдүүлэлтийн горим сонгож гаальд мэдүүлээгүй. Тус аж ахуй нэгж нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг 39 минутад САІЅ системд хий квот авч оруулсныхаа дараа 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаальд мэдүүлсэн ба Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Д.Х******* нь мэдүүлсэн адуунд үзлэг шалгалт хийх явцад халдварт өвчний сэжиг илэрсэн тул саатуулсан. 2024 оны 9 дүгээр сарын 12-ноос 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 17 тооны адуу тээврийн хэрэгсэл дээр байсан ба импортлогч нь тухайн адууг тээвэрлэхдээ зориулалтын тээвэрт тээвэрлэн тэжээх өвс, усыг нөөцлөн авч явах үүрэгтэй байдаг. Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Д.Х*******ын үзлэгээр адуунуудад дараах шинж тэмдгүүд илэрсэн байсан.

            Иймд халдварын сэжиг илэрсэн тул болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед мэдээлэл солилцох хамтран ажиллах Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 29 дугаар батлагдсан журмын дагуу аймгийн Мал эмнэлгийн газарт мэдээлж халдварт өвчний оношийг тогтоох зорилгоор лабораторийн шинжилгээнд дээж авах үйл ажиллагааг 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Мал эмнэлгийн газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Э*******ыг байлцуулан хийсэн байдаг. Дээж авах зорилго, үйл ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгч болох К.Э*******ад танилцуулж адууг хаана хэрхэн буулгаж дээж авах талаар харилцан ярилцаж мэдээллийг өгсөн байдаг.

            1. Нэхэмжлэгч “... нэхэмжлэгчид гомдол санал гаргах эрх олгоогүй хязгаарласан, тусгайлан үйлдсэн акт хүлээлгэн өгч байгаагүй болно” гэсэн байна. Дээж авах үйл ажиллагааг аймгийн Мал эмнэлгийн газрын холбогдох албан тушаалтнуудтай хамтарч хийсэн ба “Лабораторийн шинжилгээнд дээж илгээсэн тухай тэмдэглэл”-д Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан актад тусгах мэдээллүүдийн агуулгуудыг оруулсан байсан ба тухайн тэмдэглэлийн 1 хувь буюу хуулбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Э*******ад өгсөн ба итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн үед лабораторийн шинжилгээнд дээж авахтай холбоотой гомдол санал гаргаагүй байдаг.

            2. Нэхэмжлэгч “тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалт, тээвэрлэлт, температурын горимыг хангана” гэх хуулийн шаардлагыг илт зөрчсөн” гэсэн байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Корпуст байрлах иргэн Д.Нын хашаанд 17 тооны адууг буулган цусны болон эдийн шинжилгээ авч тэр даруй Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн лабораторит дээжийг хүргүүлсэн. Дээж авсан цэгээс аймгийн Мал эмнэлгийн лаборатори хүртэл 7,3 км зайтай байдаг. Энэ хооронд дээжийг тээвэрлэхэд 10 мин болсон. Дээж сорьцыг зөв авч, зөв тээвэрлэх зорилгоор дээж авах ажиллагаанд бэлтгэл ажлыг хангуулж мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч, ийлдэс судлаач эмч О.Чийг оролцуулж тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалт тээвэрлэлтийн горимыг зөрчихгүйгээр хүргэсэн байдаг.

            3. Нэхэмжлэгч “551 хоногийн турш хорио цээрийн хяналтад байгаа боловч хачгийн халуун гэх халдварт өвчний шинж тэмдэг огт ажиглагдахгүй байна” гэсэн байна. Адууны хачгийн халуун өвчнөөр адуу нь хурц, архаг болон далд гэсэн хэлбэрээр өвддөг бөгөөд далд хэлбэрээр өвдсөн адуу нь ямар ч шинж тэмдэггүй насан туршдаа халдвар тээгч болдог. /Шинжээч Л. Н, А.Т, А.У нарын гаргасан шинжээчийн дүгнэлтэд маш тодорхой дурдагдсан байгаа/

            4. Нэхэмжлэгч “хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй, албан үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас адуунд байнгын маллагаа, арчилгаа дутмаг, адууны өвс тэжээлийг зориуд багасгасны улмаас адуу нэлээдгүй турж эцсэн” гэсэн байна. Гаалийн тухай хуулийн 232 дугар зүйлийн 232.4.-д “Гаалийн хяналтад байгаа барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих, түүнчлэн тээврийн хэрэгслийг саатуулсантай холбогдон гарах зардал, хохирлыг мэдүүлэгч өөрөө хариуцна” гэж Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж баталгаажуулах, тэдгээрийг саатуулах, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах зардлыг хариуцах” гэж зааснаар дээрх бүх зардал, хохирлыг “Н*******” ХХК нь өөрөө хариуцах үүрэгтэй нь эдгээр хуулиар хуульчлагдсан байдаг.

            Тухайн аж ахуй нэгж нь Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт “Н*******” ХХК нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 02/083 тоот “Баталгаа гаргах тухай” албан тоотыг ирүүлсэн ба тус албан тоотод “дээрх 17 тооны адууг бусад мал, амьтнаас тусгаарлах, эмчилгээ, оношилгоо зэрэг үйл ажиллагаанаас гарсан зардал зэргийг бүрэн хариуцах, гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй бусдад олгохгүй байх”, мөн цаашид тус 17 тооны адууг “Monbull” ХХК-ийн хашаанд байлгах боломжгүй болсон тул хорио цээрийн дэглэмийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт байрлах “Ургац Агро” ХХК-ийн хашаанд үргэлжлүүлэх тухай утга бүхий хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 02/111 дугаартай албан бичгээр тус тус ирүүлсэн. 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02/112 тоот “Баталгаа гаргах тухай” албан бичгийг тус гаалийн газарт ирүүлсэн. Тус албан бичигт “үүссэн нөхцөл байдлыг ойлгож Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байрлах “Ургац Агро” ХХК-ийн талбайд хорио цээрийг шилжүүлэхийг зөвшөөрч холбогдох зохион байгуулалтын ажлыг эхлүүлж байгаад талархал илэрхийлье, хорио цээрийн дэглэмийн хугацаанд тус 17 тооны адууг бусад мал, амьтнаас тусгаарлах, эмчилгээ, оношилгоо зэрэг үйл ажиллагаанаас гарсан зардал зэргийг бүрэн хариуцах, гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй бусдад олгохгүй байхыг баталж байна” гэдгийг илэрхийлсэн.

            “Ургац Агро” ХХК нь тус 17 тооны адууг өөрийн аж ахуйн хашаандаа байршуулж тэжээлээр хангах, маллагааг хариуцах болсон бөгөөд хорио цээрийн дэглэмийн хугацааг дуусах хүртэл ажил үйлчилгээг хариуцах болсноо 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01/10 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт мэдэгдсэн байдаг. Дээрх нотлох баримтуудаар нь “Н*******” ХХК нь тухайн адууг саатуулж шийдвэрлэх хүртэлх хугацаанд гарах бүх л зардал, хохирлыг өөрөө хариуцах үүргийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

            5. Нэхэмжлэгч “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 2.10-д “Мал, амьтныг улсын хилээр нэвтрүүлэхдээ Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.3-т заасны дагуу хорио цээрийн дэглэмд байлгаж, үзлэг, шинжилгээнд хамруулна.” 3.2-д “Хорио цээрийн Дэглэм тогтоосон хугацаанд халдварын эх үүсвэр болж байгаа өвчтэй, халдварын сэжигтэй мал, амьтдыг тусгаарласны дараа тухайн өвчинтэй тэмцэх мал эмнэлгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.” гэх заалтын дагуу үзлэг шинжилгээнд хамруулах, хяналт тавих, эмнэлгийн цогц арга хэмжээ авах үүргээ огт биелүүлээгүй, хайхрамжгүй хандаж байсны улмаас” гэжээ.

            Тус аж ахуй нэгжийн 17 тооны адууг Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэг /анхдагч болон эрүүл мэндийн үзлэгээр халдварт өвчний шинж тэмдэг, хөнөөлт организм илэрвэл амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын байранд түр саатуулж, лабораторийн шинжилгээний дээж авч, хорио цээрийн хяналтад оруулах/-т заасны дагуу 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэргэжлийн байгууллага болох аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн улсын байцаагч Л.М, мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч, ийлдэс судлаач эмч О.Ч, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Д.Х*******, Мал эмнэлэгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Э*******, “Н*******” ХХК-ийг төлөөлж гаалийн мэдүүлэгч К.Э******* нарыг байлцуулан Сүхбаатар сумын Хонгор морьт 1 дүгээр баг 2 дугаар хэсэгт байрлах 089 тоот иргэн Д.Нын хашаанд тус 17 тооны адууг тээврийн хэрэгслээс буулгаж лабораторийн шинжилгээнд дээж авч тэмдэглэл үйлдэн аймгийн Мал эмнэлгийн лабораторит хүргүүлж үзлэг шинжилгээнд хамруулсан.

            Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/148 дугаар захирамжийн дагуу Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн улсын байцаагч Л.М, гаалийн мэдүүлэгч К.Э*******, Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Б.Э*******, “Н*******” ХХК-ийн захирал Ж.Б******* нарыг байлцуулан Алтанбулаг сумын Гүн нуур 3 дугаар багт байрлах “Monbull” ХХК-ийн үхрийн фермийн хашаанд тус 17 тооны адууг буулгаж тусгаарлан тэмдэглэл үйлдэн гаалийн хяналтанд авсан.

            Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт”-ыг, 2 дугаар хавсралтаар “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг баталсан байдаг. Адууны хачгийн халуун өвчин нь хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалтад байдаггүй ба “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 2.9-д “Жагсаалтад ороогүй мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин Монгол Улсад шинээр бүртгэгдсэн үед тэмцэх арга хэмжээг олон улсын болон Монгол Улсын хэмжээнд мөрдөхөөр тогтоосон тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын дагуу хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс Сэлэнгэ аймгийн Гаалийн газраас Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын кодекс стандартад заасан буцаах арга хэмжээ авахаар “Н*******” ХХК-нд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 01/378 тоот албан бичиг, 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/83 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

            “Н*******” ХХК-ийн 17 тооны адуутай холбоотой үйл баримтыг нэгтгэн үзэхэд: Беларусь Улсаас “Н*******” ХХК нь  импортлохоор оруулж ирсэн 17 тооны адуу нь гаальд мэдүүлэх үедээ анхдагч үзлэгээр уруул, ам, хамар  дээр үү ургацаг гарсан, сэлдий нь хуурч хавдсан зэрэг халдварт өвчний шинж тэмдэгтэй байсан. Иймээс орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах журмын дагуу  халдварыг тогтоох зорилгоор лабораоторийн шинжилгээнд цусны болон эдийн дээж авч шинжлүүлсэн. Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр 3 төрлийн /папиллома вирусын халдвар, адууны хачгийн өвчний халдвар, вирусны артрит өвчний халдвар/ өвчин батлагдсан нь  Монгол Улсад гадаад худалдаагаар дамжин орж ирж байгаа халдварын тохиолдол болсон. Гадаад худалдаагаар дамжин орж ирж байгаа халдварын хувьд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Хуурай газрын амьтны кодекс буюу олон улсын стандартад заасан шаардлагыг мөрдөх ёстой байдаг. Учир нь Дэлхийн худалдааны байгууллагаас  Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандарт, зөвлөмжийг олон улсын худалдаанд тавигдах шаардлага гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

            Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 2.9-д “Жагсаалтад ороогүй мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин Монгол Улсад шинээр бүртгэгдсэн үед тэмцэх арга хэмжээг олон улсын болон Монгол Улсын хэмжээнд мөрдөхөөр тогтоосон тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын дагуу хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт”-д дээрх 3 халдварт өвчин ороогүй байдаг. Урд нь Монгол Улсад мөрдөгдөж 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар батлагдсан “Адууны хачгийн халуун өвчинтэй сэргийлэх, тэмцэх заавар” нь хүчингүй болсон байдаг тул гадаад худалдаагаар дамжин Монгол Улсад халдвартай адуу орж ирсэн тул Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Хуурай амьтны кодекс-ыг баримтлах шаардлага үүссэн.

            Хуурай амьтны кодекс-ын 12.7.5-д заасан импортын адуунд тавигдах шаардлагын дагуу Беларусь Улсын  Мал эмнэлгийн байгууллагаас дээрх 17 тооны адуунд олгосон мал эмнэлгийн гэрчилгээнд бичигдсэн мэдээллүүдийг нягталж шалгахад Беларусь Улс Монгол Улсын хооронд хийгдсэн хорио цээрийн шаардлагыг харилцан тохиролцсон протоколын дагуу  дээрх 17 тооны адуунд ачилт хийхээс өмнө хачгийн халуун өвчний шинжилгээг хийсэн байх ёстой байтал дээрх шинжилгээг хийгээгүй байсан нь тогтоогдсон.

            Мөн гадаад худалдааны 2024/02 дугаар гэрээний 3.4-д сонгосон амьтад 30 хоногоос багагүй хугацаанд хорио цээрийн хяналтад байх бөгөөд дараах өвчнүүдийн шинжилгээнд хамрагдана. САП (малын хорт халдвар),  (үржлийн халдварт өвчин), (пироплазмоз, анаполазмоз, халдварт цус багадалт, лептоспироз, бруцеллёз) гэж заасан боловч адууны хачгийн өвчин (пироплазмоз, анаполазмоз) өвчний шинжилгээнд хамрагдаагүй байсан. Энэ байдал нь адууг өвчтэй байж магадгүй гэсэн үндэслэлээр дээрх шинжилгээг зориудаар хийлгэхгүй оруулж ирж байна гэж ойлгогдохоор байгаа.

            Өнөөдрийг хүртэл “Н*******” ХХК нь шалтаг, шалтгаан тоочин хүсэлтүүд гаргасаар  ирсэн ба Сэлэнгэ аймгийн Гаалийн газар нь нэхэмжлэгч талын хууль ёсны оролцоог хангах үүднээс хүсэлтийг тухай бүр хүлээн авч ханган мэргэжлийн байгууллагын шийдвэр гарах хүртэл хүлээцтэй хандсаар ирсэн. Нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох мэргэжилтнүүдийг томилсон ажлын хэсэг байгуулж тус ажлын хэсэг хуралдаж  дээрх халдвартай 17 тооны адууг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсныг Мал эмнэлгийн ерөнхий газраас 01/1370 тоот албан бичиг, хурлын тэмдэглэлийн хамт Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт ирүүлсэн.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга н.Жамбалцэрэнгийн гарын үсэг бүхий  2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/125 тоот албан бичгээр “нийт 17 тооны адууг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаах шийдвэрийг гарган танай байгууллагад хүргүүлсэн. Иймд “Н*******” ХХК-ийн улсын хилээр импортлох 17 тооны адуунаас мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр 2 төрлийн өвчин батлагдсан байгаа тул Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллана уу” гэсэн хариу ирсэн. Иймд Сэлэнгэ аймгийн Гаалийн газар нь:

1. Анхдагч үзлэг, лабораторийн шинжилгээгээр халдварт өвчтэй болох нь батлагдсан,

2. Хорио цээрийн шаардлагад заасан тухайн өвчний шинжилгээг хийлгээгүй улсын хилээр орж ирсэн нь экспортлогч улсын мал эмнэлгийн гэрчилгээгээр тогтоогдсон,

3. Мэргэжлийн байгууллага болох Мал эмнэлгийн ерөнхий газраас томилсон ажлын хэсгээс дээрх адуунуудыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан,

4. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас халдварт өвчтэй нь батлагдсан тул хуулийн дагуу арга хэмжээ ав гэсэн албан бичиг ирж  холбогдох төрийн бүх шатны байгууллагын шийдвэрүүд гарч  бүх талаас нотлох баримтууд бүрдсэн тул “Н*******” ХХК-ийн оролцоог бүрэн хангасан гэж үзэн 17 тооны адууг  буцаах мэдэгдлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 01/378 тоот албан бичгээр тус аж ахуй нэгжид  хүргүүлсэн байдаг.

“Н*******” ХХК нь 01/378 тоот албан бичгээр хүргүүлсэн буцаах үүргээ биелүүлэхгүй байсаар байсан тул Сэлэнгэ аймгийн Гаалийн газар нь  2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин  01/83 тоот албан бичгээр үүргээ биелүүлж ажиллах тухай, үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлага тооцох үндэслэл бий болж байгаа талаар  мэдэгдэж үүргээ биелүүлэхийг дахин шаардсан.

Эрх бүхий албан тушаалтан Б.Э******* нь миний бие нь буцаах үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж “Н*******” ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн  11.22 дүгээр зүйлийн 11.22.8-д заасан зүйл заалтаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн хэргийг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн. “Н*******” ХХК-иас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гомдол гаргасныг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 тоот Прокурорын тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Эрх бүхий албан тушаалтан Б.Э******* нь миний бие нь “Н*******” ХХК-ийн гаргасан зөрчлийн хэргийг шалгаж 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр  0012614 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу 2,000,000 төгрөгийн торгуулийг “Н*******” ХХК-нд ногдуулж, 17 толгой адууг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд устгуулах саналтай хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

“Н*******” ХХК нь буцаах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гаргасан зөрчилд нь ногдуулсан Б.Э******* байцаагчийн шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгох тухай 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл  гаргасан. Захиргааны хэргийн шүүх тус аж ахуй нэгжийн нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 159/ШЗ2025/0182 захирамжаар эрх бүхий албан тушаалтан  Б.Э******* миний  гаргасан шийдвэрийг түдгэлзүүлсэн. “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 14,937,762 төгрөгийн хохирлыг эрх бүхий албан тушаалтан хуулийн дагуу төлөх үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            3.5 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдол гаргагч талаас гаргасан гомдол дээр дурдагдсан экспортлогч улсад мэдэгдээгүй гэснийг залруулъя гэж бодож байна. Амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтад “энэ хуулийн 12.1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнийг тодорхой хугацаагаар түр саатуулж экспортлогч улсын хорио цээрийн хяналтын байгууллагад мэдэгдэж зөрчлийг арилгуулсны үндсэн дээр дамжуулан өнгөрөх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн заалт байгаа. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар “амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх тухай хүсэлтийг энэ хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаар гаалийн байгууллагад үргэлжлүүлэн мэдэгдэж зохих мэдэгдлийг авсан байна” энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дамжуулан өнгөрүүлж, гуравдагч улс руу гаргана гэсэн импортын мэдэгдлийн тухай яригдаж байна. Амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 13.1, 13.2-т заасан үндэслэлээр амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдлийг улсын байцаагч хариуцагч иргэн, хуулийн этгээдэд гардуулан өгнө” гэсэн үг юм. Түүнээс экспортлогч улсын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ гэсэн нь дамжуулан тээвэрлэх тохиолдолд яригдаж байгаа асуудал юм.” гэжээ.

            3.6 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай маргаад байгаа асуудал маань тухайн 17 өвчтэй адууг улсын хилээр оруулахтай холбоотой асуудал. Бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулах хяналт шалгалтын тухай хуульд зааснаар бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахдаа хэрхэн хяналт шалгалт хийж оруулах вэ гэдэг тухайлсан хоёр хууль байдаг. Нэг нь Гаалийн тухай хууль нөгөө нь Амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль нь дотоодын хяналт талаа бариад явчихдаг.

            Гомдол гаргагч талаас гаргаж байгаа уг асуудлуудыг манай эрх бүхий албан тушаалтан Б.Э******* бүхий л гомдол гаргагч талын оролцоог нь хангаж өөрсдийнх нь хүсэлтийн дагуу уг зөрчлийн хэргийг нээхийн тулд бүхий л оролцоогоор нь хангаж өгсөн байдаг. Эхлээд гаалийн байгууллагад тухайн гомдол гаргагч маань гомдлоо гаргасан. Гаалийн байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу бид нар ажилласан. Мөн өөрсдөө мэргэжлийн байгууллагад хандах гээд байна гэж хүсэлтээ гаргасан. Мэргэжлийн байгууллага болох Мал эмнэлгийн ерөнхий газарт гаргаж өгсөн. Мөн гомдол хүсэлтийг нь хангахаар мэргэжлийн байгууллага ямар шийдвэр гаргахыг хүлээцтэй харсан. Холбогдох төрийн дээд байгууллага болох Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам руу хандаж байна гэсэн. Ингэж явсаар байгаад бүх төрийн байгууллагын шат шатны шийдвэр буюу хамгийн сүүлийн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас шийдвэр гарсан учраас танай оруулж ирсэн 17 адуу нь Монголд байгаа халдварын тухай яриагүй юм аа. Танай аж ахуй нэгж гадаад худалдаагаар дамжуулаад Монгол Улсад өвчтэй адуу оруулж ирэх гээд байгаа асуудал нь  болохгүй гэдгийг мэргэжлийн байгууллагын ажлын хэсгийн шийдвэр, дүгнэлт, холбогдох төрийн яамны эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу болохгүй гэдэг нь тодорхойлогдсон учраас та одоо өвчтэй адуугаа танай компани экспортлогч улсад буцаах үүргийнхээ дагуу буцаа гэсэн шаардлагыг хуулийн дагуу тавьсан. Буцаах үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч буцаах үүргээ биелүүлэхгүй байсан учраас Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар буцаах үүргээ биелүүлээгүйтэй нь холбоотойгоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хуулиар хориглосон бараа бүтээгдэхүүнийг буцаах үүргээ биелүүлээгүй бол тухайн хүлээн авсан мал амьтныг устгаж гэж заасан. Буцаах үүргээ биелүүлээгүйтэй нь холбоотой зөрчлийн хэрэг дээр шийтгэл оногдуулсан.” гэжээ.

            3.7. Хариуцагчийн өмгөөлөгч Р.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дахь заалтыг үндэслэн үндсэн гомдлын шаардлага болон нэмэгдүүлсэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Бид нар 17 адууг буцаахгүй учраас шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа юм. Энэ бол утга, агуулга нь өөр. Яагаад гэвэл буцаа гэх шаардлагыг анх шинжилгээний хариу гарсны дараа 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уг адууг буцаа гэх мэдэгдлийг гомдол гаргагч компанид өгч байсан. Энэ нөхцөл байдлаас хойш яагаад өнөөдрийг хүртэл буцаахгүй байна вэ. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газарт гомдол гаргаж байна. Хүсэлт гаргасан учир үүний хариуг авна гээд хүлээгээд явж байсан. Ингэж явж байгаад хэд хэдэн удаагийн шаардлагаар эд нар уг мэдэгдлийг биелүүлэхгүй байсан учраас 2025 оны 4 дүгээр сарын 02-ны зөрчлийн хэргийг үүсгэсэн.

            Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Хуулийн дагуу явагдахад тухайн компанийн захирал Ж.Б******* гэх хүн холбогдоод хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоод, мөн өөрөө холбогдогчоор мэдүүлэг өгөөд явсан. Хэргийн материалтай танилцсан. Ийм нөхцөл байдлууд зөрчлийн хэрэг дотор тодорхой харагдана. Ингээд шийтгэлийн хуудсыг тухайн хүнд танилцуулсан. 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэдгийг тайлбарлаж өгсөн. Шүүхэд гомдол гаргахдаа н.С гэх хүн гомдол гаргаад байгаа. Шүүх бүрэлдэхүүн нэг зүйл дээр анхаарч өгнө үү. Яагаад шүүхээс өнөөдөр өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах эрхийн хүрээнд улсын бүртгэлийн ерөнхий газраас уг компани ямар хувьцаа эзэмшигчтэй вэ. Хэн байдаг вэ. Эцсийн гишүүнчлэл нь хэн гэдэг лавлагаа авсан байгаа юм. Уг лавлагаа дээр Жадамба овогтой Б******* нь эцсийн өмчлөгч гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр Ж.Б******* гэх хүн манайх төлөөлөх эрхгүй гэж няцаасан баримтыг хэргийн материал дотор гаргаж өгөөгүй. Зөрчлийн хэрэгт холбогдогч болон хохирогч нар гомдол гаргадаг. Зөрчлийн хэрэг дотор Ж.Б******* гэх хүн холбогдогчоор тогтоогдсон тохиолдолд шийтгэлийн хуудас дээр гомдол гаргах эрхтэй хүн нь нэг бол хохирогч эсхүл холбогдогч. Гүйцэтгэх захирал гэх хүн гомдол гаргаж Л.Б******* гэх хүн итгэмжлэл олгоод яваад байгаа нь хуульд нийцэж байгаа эсэх дээр шүүх дүгнэлтээ хийх байх гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

            Хоёр дахь асуудал нь Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, Амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 энэ заалтууд дээр эмчилгээ, сувилгаа, ариутгал, тэжээл зэрэгтэй холбоотой асуудлыг тухайн импортоор оруулж ирж байгаа компани нь өөрөө хариуцахаар зохицуулалт хийсэн. Гэтэл өнөөдөр улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудас гаргасан эрх бүхий албан тушаалтан болох Б.Энх-Эрдэнийг хариуцагчаар татаж оролцуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна. Мөн “Monbull” ХХК-нд манайх адуунуудаа буулгая гээд тухайн компанийн хүсэлтийн дагуу Алтанбулаг суманд байршуулж буулгуулсан. Гэтэл хэд хоногийн дараагаар уг асуудлыг бид өөрсдөө хариуцъя. “Ургац агро” ХХК-ийн захирал нь Ж.Б*******тэй хамт ирээд бид нар өөрсдөө хариуцъя. Өөрсдөө бүх хохирол зардлыг хариуцна гэж хэлчхээд эцэс сүүлд нь хоёр удаа үхсэн. Хоёр адууг сүүлээ идэж үхсэн гэдэг. Сүүлээ идэж үхсэн гэж ямар байгууллагын ямар албан ёсны дүгнэлт байна вэ. Харин ч тэжээлийн доройтол гэдэг. Үүнийг нотлох үүднээс шинээр актууд гаргаж өгсөн.

            Улсын байцаагч Б.Энх-Эрдэнийн хувьд шийтгэлийн хуудас бичих эрхтэй хүн гэдэг нь Зөрчлийн хуульд тодорхой заасан. Та бүхэн бид нарын буцаа гэх шаардлагыг биелүүлэхгүй байгаа учраас шийтгэлийн хуудас бичсэн. Устгах журмын дагуу 17 адууг устгуулж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хуульд устгах тухай асуудал байгаа. Нэгэнт хуулийн этгээд учраас 2,000,0000 төгрөгөөр торгуулсан. Торгуулах үндэслэлгүй байсан гэх шалтгаан нөхцөлөө гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбар өгч чадсангүй гэж үзэж байна. Тийм учраас үндсэн гомдлын шаардлага болон нэмэгдүүлсэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “Н*******” ХХК нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчид холбогдуулан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,  түүний гаргасан шийдвэр үйл ажиллагааны улмаас “Н*******” ХХК-нд учирсан 4200 ам доллар буюу 14,937,762 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх” гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт зааснаар Н*******” ХХК-нд импортоор оруулж ирсэн 17 тооны адууг экспортлогч оронд буцаах тухай 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/83 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч тус 17 тооны адууг экспортлогч оронд буцаах үүргээ биелүүлээгүй зөрчилд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Э******* 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар шийтгэлийн хуудас[1]-аар Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгож, 17 тооны адууг устгуулахаар шийдвэрлэсэн байна.

Гомдол гаргагч “Н*******” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шинжилгээний дүнг эс зөвшөөрч удаа дараа дахин сорьц авч давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хүлээж авдаггүй, 17 тооны адууг буцаах асуудлыг Беларусь Улсын гаалийн байгууллагад мэдэгдэх ёстой атал манайд мэдэгдэж байгаа нь илт хууль бус, Беларусь Улсын мал эмнэлгийн зүгээс Монгол Улсад экспортолсон 17 тооны адуунд зохих дархлаажуулалтыг хийж 30 хоногийн хорио цээрт оруулж халдварт өвчин үүсгэгч тээсэн эсэх талаар шинжилгээ хийж Монгол Улсад илгээсэн, Беларусь Улсаас илгээсэн 17 тооны адуунд 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нийт 231 хоногт эдгээр шинж тэмдэг огт илрээгүй байна, Эрх бүхий этгээд холбогдогч “Н*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг тус хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болох Ж.Б******* гэж буруу тогтоосон, хариуцагч 17 тооны адуунаас шинжилгээний дээж авахдаа тухайн зөрчлийн хэрэгт тусгайлсан итгэмжлэл аваагүй этгээд болох К.Э*******ыг оролцуулсан нь холбогдогчийн оролцох эрхийг хангаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэж маргадаг.

Нэг. “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагын тухайд:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Алтанбулаг боомтоор 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Н*******” ХХК нь Беларусь Улсаас Русский тежловоз үүлдрийн 17 тооны адууг импортлохоор Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт мэдүүлсэн ба мэдүүлсэн 17 тооны адуунд гаалийн байцаагчаас мал эмнэлгийн анхдагч үзлэг[2] шалгалт хийхэд мал, амьтны халдварт өвчинтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул гаалийн хяналтын түр бүсэд буулгаж холбогдох мэргэжлийн байгууллагын хамт тус 17 тооны адуунаас цусны болон эдийн дээж авч аймгийн Мал эмнэлгийн газрын лабораториор дамжуулан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит хүргүүлжээ[3].

            Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1-5069 тоот шинжилгээний дүн, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 24-5113 тоот шинжилгээний дүнгээр тус 17 тооны адуунд адууны хачгийн халуун, адууны папиллома вирус, адууны вирусын артерит өвчин тус тус илэрсэн нь батлагдсан тул хариуцагчаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Гаалийн ерөнхий газарт ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02-125 тоот албан бичиг, Гаалийн ерөнхий газраас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт хүргүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг зэргийг үндэслэн Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас “Н*******” ХХК-нд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01/378 тоот[4], 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/83 тоот албан бичгээр тус тус 17 тооны адууг экспортлогч оронд буцаах тухай мэдэгдэл[5]-ийг хүргүүлсэн байна.

            Гэтэл “Н*******” ХХК удаа дараа мэдэгдэл хүргүүлэхэд заасан хугацаанд 17 тооны адууг экспортлогч оронд буцаагаагүй тул хариуцагч 2531000200 дугаар тогтоол[6]-оор “Н*******” ХХК-нд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хүрээнд, прокурорын хяналтан дор гүйцэтгэж, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 0012614 дугаар шийтгэлийн хуудас[7]-аар Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжээр торгож, 17 тооны адууг устгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Учир нь “Н*******” ХХК-ийн импортоор оруулж ирсэн 17 тооны адуу нь өвчтэй болох нь хэрэгт цугларсан баримт болох Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүн, шүүхээс шинжээчээр томилогдсон Мал эмнэлгийн ерөнхий газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/359 дүгээр тушаал, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл[8], Гаалийн ерөнхий газар болоод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт хүргүүлсэн чиглэл хүргүүлэх тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

1.1. Гомдол гаргагч талын “шинжилгээний дүн эргэлзээтэй, дахин сорьц авах хүсэлтийг хангаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Шүүхээс гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шинжээчээр томилогдсон Мал эмнэлгийн ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт[9] Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-т тус тус зааснаар шаардлагатай сорьц дээжийг журмын дагуу хүргүүлсэн талаар дурджээ.

Улмаар дээрх шинжээчийн дүгнэлтэд “…Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори нь Монгол Улсад био аюулгүй ажиллагааны цор ганц лаборатори бөгөөд шинжилгээний хариуг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт хүргүүлсэн. Иймд дахин сорьц, дээж авч шинжлэх шаардлагагүй” гэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй гэж зохицуулсан бөгөөд тухайн 17 тооны адууг анх импортоор орж ирэх үед авсан шинжилгээ, дүгнэлт нь тухайн цаг хугацаанд хамаарах тул адууны өвчтэй эсэхийг тогтооход илүү бодитой.

​ Түүнчлэн шүүхэд гэрчээр асуугдсан шинжээч эмч нар “Сорьцыг олон улсын стандартын дагуу авч, ПГУ (PCR) болон ийлдэс судлалын аргаар баталгаажуулсан” гэж мэдүүлсэн. Гомдол гаргагч тал Беларусь Улсын шинжилгээний бичгийг үндэслэх боловч энэ нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эрх зүйн баримт бичиг болохгүй. Хариуцагч дахин сорьц аваагүй нь лабораторийн эхний дүн эргэлзээгүй тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болохгүй юм.

1.2. Гомдол гаргагч талын “Монгол Улсад хачиг элбэг, ихтэйд тооцогддог бүс нутагт хачигт хазуулсан хүн, мал амьтанд эерэг биет илрэх нь нийтлэг..., 17 тооны адуу 231 хоног саатуулахад өвчний шинж тэмдэг илрээгүй тул адуу эрүүл” гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын хууль тогтоомжид өвчний нууц, далд хэлбэрийг “Тандалт” болон “Лабораторийн оношилгоо” гэсэн хоёр үндсэн хэрэглүүрээр хянахаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, мал гаднаа эрүүл харагдах нь түүнийг “эрүүл” гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн мал эмнэлгийн дүгнэлт эцсийнх байна.

​Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” гэж өвчний гаралт, тархалтад нөлөөлж байгаа хүчин зүйлийг арилгах зорилгоор хийгдэх үзлэг, тандалт, халдваргүйтгэл, дархлаажуулалт, нүүлгэн шилжүүлэлт, шилжилт хөдөлгөөний хяналт зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг ойлгохоор заасан.

​Энэхүү зохицуулалтаар “халдварт өвчин” гэдэгт заавал идэвхтэй эмнэлзүйн шинж тэмдэг (халуурах, турах, биеийн гадна талд өөрчлөлт орох г.м) илэрсэн байхыг шаардахгүй бөгөөд лабораторийн шинжилгээгээр өвчин үүсгэгч илэрсэн, эсхүл “нууц хэлбэрээр дамжиж” байгаа тохиолдлыг өвчтэй гэж үзэхээр заажээ. Иймд адуунд зовуурь илрээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь тухайн адууг “эрүүл” гэж тодорхойлох хууль зүйн үндэслэл болохгүй.

​​Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Халдварт өвчнийг оношлох, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх талаар зохицуулсан бөгөөд 15.6.5-д “лабораторийн шинжилгээгээр халдварт өвчний анхны онош тогтоогдвол өвчний голомтыг устгах хариу арга хэмжээг холбогдох зааврын дагуу хэрэгжүүлэх” гэж заасан.

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр адуунд “тейлериоз”, “вируст артерит” илэрсэн нь шинжлэх ухааны аргачлалаар тогтоогдсон бодит үйл баримт тул гомдол гаргагчийн “манай улсын бүс нутагт эерэг биет илрэх нь нийтлэг” гэх тайлбар нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон дүнг үгүйсгэхгүй.

Учир нь импортоор орж ирж буй мал амьтан нь дотоодын мал сүрэгт байхгүй шинэ төрлийн омог, вирус тээж ирэх, эсхүл тухайн бүс нутагт халдвар тархаах эрсдэлийг бий болгох эрсдэлтэй тул хилийн хорио цээрийн хяналт нь нийтийн ашиг сонирхолд нийцнэ.

Иймд гомдол гаргагчийн “эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул адуу эрүүл” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

1.3. Гомдол гаргагч талын “хариуцагчаас 17 тооны адууг буцаах асуудлыг Беларусь Улсын гаалийн байгууллагад мэдэгдэх ёстой атал манайд мэдэгдэж байгаа нь илт хууль бус” гэх үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага хариуцна”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх” ажиллагааг зохицуулсан байдаг.

​Тухайн тохиолдолд, импортоор орж ирсэн 17 тооны адууг хилээр нэвтрүүлэхгүй байх, улмаар устгах эсвэл буцаахтай холбоотой шийдвэр нь импортлогч этгээд болох “Н*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөж буй захиргааны ажиллагаа юм. Иймд хариуцагч байгууллага нь захиргааны шийдвэрийн үр дагаврыг тухайн ачаа барааг (адууг) эзэмшигч, мэдүүлэгч этгээдэд мэдэгдэх нь хуульд нийцнэ.

​​Гаалийн тухай 3 дугаар зүйлийн 3.1.8-д “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг ойлгох бөгөөд мэдүүлэгч нь тухайн бараатай холбоотой гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг гаалийн байгууллагын өмнө бүрэн хариуцдаг.

​Мөн Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй.” гэж заасан. Үүнээс үзвэл, захиргааны байгууллага нь барааг буцаахтай холбоотой шийдвэр, түүний хэрэгжилтийг хангах асуудлыг гадаад улсын захиргааны байгууллагатай биш, харин тухайн импортын үйл ажиллагааг гардан гүйцэтгэж буй, зардлыг хариуцах үүрэг бүхий дотоодын аж ахуйн нэгжид (импортлогчид) мэдэгдэх үүрэгтэй юм.

​​Олон улсын худалдааны эрх зүй болон Гаалийн хамтын ажиллагааны хүрээнд “буцаах” ажиллагаа нь импортлогч болон экспортлогч талуудын хоорондын гэрээний болон мал эмнэлгийн зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол Улсын гаалийн байцаагч нь Беларусь Улсын гаалийн байгууллагын өмнө шууд үүрэг хүлээхгүй бөгөөд харин Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэрийн “Оролцогч” буюу импортлогч компанид мэдэгдсэн нь үндэслэлтэй байна.

Гомдол гаргагч компани нь адууг буцаах шийдвэрийг хүлээн авсны үндсэн дээр экспортлогч талтайгаа (Беларусь Улсын нийлүүлэгч) холбогдож, буцаан хүлээн авах зөвшөөрөл болон тээвэрлэлтийн асуудлыг зохицуулах үүрэгтэй.

Түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Энэ хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан шаардлагыг хангаагүй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг хориглож, энэ тухай гаалийн байгууллага нь экспортлогч улсын хилийн боомтын хяналтын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.” гэж заасны дагуу манай компанид биш, Беларусь Улсын гаалийн байгууллагад мэдэгдэх ёстой гэж тайлбарладаг.

Гэтэл энэхүү зохицуулалт нь барааг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд хариуцагчийн “…17 тооны адууг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх зорилгогүй импортоор оруулах зорилготой /импортын мэдэгдэл/ тул Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гаалийн байгууллага нь экспортлогч улсын хилийн боомтын хяналтын эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэггүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.​

​Иймд нэхэмжлэгчийн “Беларусь Улсад мэдэгдэх ёстой байсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

1.4. Гомдол гаргагч талын “Беларусь Улсын мал эмнэлгийн зүгээс Монгол Улсад экспортолсон 17 тооны адуунд зохих дархлаажуулалтыг хийж 30 хоногийн хорио цээрт оруулж халдварт өвчин үүсгэгч тээсэн эсэх талаар шинжилгээ хийж Монгол Улсад илгээсэн, бид нэгэнт Мал амьтны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээтэй” гэх үндэслэлийн тухайд:

​Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Импортын гэрчилгээг экспортлогч улсын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн эрх бүхий байгууллагаас олгосон олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн гэрчилгээ, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон импортын мэдэгдэл, шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагч олгоно.” гэж заасан.

​Энэхүү хяналт шалгалт нь тухайн барааг экспортлогч улсын олгосон гэрчилгээг зөвхөн хэлбэрийн хувьд шалгахаар хязгаарлагдахгүй бөгөөд Монгол Улсын мал сүргийн аюулгүй байдлыг хангах үүднээс дотоодын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр бодитой баталгаажуулах ажиллагааг заавал гүйцэтгэхийг шаарддаг.

Гомдол гаргагч гомдолдоо хавсаргаж өгсөн Мал амьтны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ[10] нь тухайн адууг “эрүүл” гэж баталж буй хэрэг биш юм.

Энэ нь адууг Беларусь Улсаас ачигдах үеийн бичиг баримтын бүрдлийг Монголын тал хүлээн зөвшөөрч, хилийн хорио цээрийн бүсэд нэвтрүүлж шинжилгээ авах нөхцөлийг бүрдүүлж буй процесс бөгөөд лабораторийн шинжилгээний хариу гарахаас өмнөх үйлдэл юм.

​​Гомдол гаргагч талаас “бүх шинжилгээний бичгийг өгч байж энэ гэрчилгээг авсан” гэж тайлбарлах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Беларусь Улсад хийгдсэн гэх лабораторийн шинжилгээний нэг ч баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

​Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох, холбогдох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй. Гэтэл гомдол гаргагчэнэхүү үүргээ биелүүлээгүй, зөвхөн “гэрчилгээ” гэх ерөнхий баримтыг ирүүлсэн нь Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн лабораторийн нарийвчилсан шинжилгээний дүнг үгүйсгэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч нь Беларусь Улсад адууг эрүүл гэж тодорхойлсон лабораторийн шинжилгээний бичмэл баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, гэрчилгээ нь зөвхөн хяналтын процессын тэмдэглэгээ болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэхүү үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв

1.5. Гомдол гаргагч талын “эрх бүхий этгээд холбогдогч “Н*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг тус хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болох Ж.Б******* гэж буруу тогтоосон” гэх үндэслэлийн тухайд:

​​Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байдаг бол мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.5-д зааснаар хувьцаа эзэмшигч буюу компанийн өмчлөгч нь компанийн эрх барих дээд байгууллагыг хэрэгжүүлэгч этгээд юм.

​Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд хариуцагчаас “Н*******” ХХК-ийн эцсийн өмчлөгч, үүсгэн байгуулагч Ж.Б*******ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн эрх барих байгууллагын шийдвэрээр томилогдсон этгээд, эсхүл хууль, дүрмийн дагуу төлөөлөх эрх бүхий албан тушаалтан байна” гэх зохицуулалтад нийцсэн байна. Компанийн өмчлөгч нь тухайн хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах хамгийн дээд эрх бүхий этгээд тул түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг “төлөөлөх эрхгүй этгээд” гэж үзэх бодит үндэслэлгүй юм.

​​Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материал[11]-д Ж.Б******* нь “Н*******” ХХК-ийг төлөөлөн мэдүүлэг өгөхдөө өөрийн төлөөлөх эрхийн талаар ямар нэгэн татгалзал гаргаагүй, компанийн эцсийн өмчлөгчийн хувьд хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсан байна.

​Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах” шаардлагыг хангах үүднээс хийгдсэн ажиллагаа бөгөөд захиргааны байгууллага компанийг бодитой төлөөлж чадах этгээдийг (эзэмшигчийг) ажиллагаанд татан оролцуулсан нь процессын алдаанд тооцогдохгүй.

​Түүнчлэн ​Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал) нь итгэмжлэлгүйгээр тухайн хуулийн этгээдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй. ​Г.С нь компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэлтэй[12] байх тул түүний гаргасан нэхэмжлэл процессын хувьд хууль ёсны болно.

​​Хариуцагч зөрчил шалгах явцдаа Ж.Б*******ийг “хууль ёсны төлөөлөгч”-өөр тогтоосон нь шүүхийн шатанд Г.Солонгын “итгэмжлэлгүйгээр төлөөлөх” эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь хуулийн этгээдийг хууль ёсны дагуу төлөөлөх хэд хэдэн этгээд (өмчлөгч, гүйцэтгэх захирал) байх боломжтой бөгөөд тэдгээрийн хэн аль нь компанийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд хандах эрхтэй юм.

1.6. Гомдол гаргагч талын “Хариуцагч 17 тооны адуунаас шинжилгээний дээж авахдаа тухайн зөрчлийн хэрэгт тусгайлсан итгэмжлэл аваагүй этгээд болох К.Э*******ыг оролцуулсан нь холбогдогчийн оролцох эрхийг хангаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

​​Гомдол гаргагч талаас К.Э*******ыг “яг тухайн зөрчлийн хэрэгт” итгэмжлэл аваагүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан итгэмжлэл[13]-ийн агуулгаас үзэхэд К.Э*******ад “Н*******” ХХК-ийг төлөөлж Беларусь Улсаас адуу хүлээн авах, тээвэрлэх, хил гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар төлөөлөх эрх нь итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх бөгөөд К.Э******* нь тухайн адууг импортлох үйл ажиллагааг гардан гүйцэтгэж буй “итгэмжлэгдсэн төлөөлөгч”-ийн хувьд хилийн хяналтын явцад хийгдэж буй дээж авах ажиллагаанд оролцсон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийг төлөөлөх этгээдийн оролцоог бодитой хангасан гэж үзэх үндэслэл болно.

Хариуцагч байгууллага нь Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед мэдээлэл солилцох, хамтран ажиллах журам”-ын дагуу ажилласан байна. Халдварын сэжиг илэрсэн тохиолдолд халдварт өвчний оношийг шуурхай тогтоох, дээж авах ажиллагаа нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагаар хийгддэг.

Дээж авах үйл ажиллагааны зорилго, явцыг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Э*******ад танилцуулж, түүнийг байлцуулан гүйцэтгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “сонсох ажиллагаа”-г бодитой хэрэгжүүлсэн, оролцогчид мэдээлэл өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Итгэмжлэл нь тухайн үйл ажиллагааг (адуу импортлох) бүхэлд нь хамарч байх тул зөрчил бүрд тусгайлсан итгэмжлэл шаардана гэх гомдол гаргагчийн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй юм.

​​Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд заасан шинжилгээ хийлгэх, дээж авах ажиллагаанд холбогдогчийг байлцуулах шаардлага К.Э*******ыг оролцуулснаар хангагдсан байна. Түүнчлэн, К.Э******* нь дээж авах явцад төлөөлөх эрхгүй талаар мэдэгдээгүй, ажиллагаанд саад учруулаагүй бөгөөд дээж авах байршил, аргачлалын талаар харилцан ярилцаж оролцсон нь түүнийг холбогдогч талыг бүрэн төлөөлж байсныг нотолно.

Дээрх бүгдээс үзвэл хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Э******* нь зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг хангалттай нотолж байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Гомдол гаргагчийн “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар шийтгэлийн хуудасны улмаас компанид учирсан 4200 ам.доллар буюу 14,937,762 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах” тухай гомдлын шаардлагын тухайд:

​ ​Гомдол гаргагч талаас 2 тооны адуу үхэж үрэгдсэнийг “захиргааны байгууллага шийдвэр гаргахгүй удаан саатуулсантай” холбон тайлбарлаж байна. Гэвч Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд тухайн амьтныг тусгаарлах, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн хууль ёсны ажиллагаа юм.

Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх, тээвэрлэх иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ” гээд 29.1.6-д “амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж баталгаажуулах, тэдгээрийг саатуулах, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах зардлыг хариуцах” гэж зохицуулсан. Халдварт өвчин (тейлериоз, вируст артерит) илэрсэн болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул тухайн өвчтэй амьтныг саатуулах явцад гарсан биологийн хорогдол (үхэл)-ийг захиргааны байгууллагын буруутай үйлдэл гэж үзэхгүй, харин импортлогчийн хүлээх бизнесийн эрсдэл гэж үзнэ.

Хохирол нөхөн төлүүлэхэд хариуцагчийн хууль бус үйлдэл болон учирсан хохирол хоёрын хооронд шууд шалтгаант холбоо байх ёстой. Адуу үхсэн шалтгаан нь хариуцагчийн шийдвэрээс бус, харин тухайн адуунаас илэрсэн малын халдварт өвчний явц, эмгэг өөрчлөлтөөс үүдэлтэй байх магадлалтай.

​Гомдол гаргагч тал “адуу үхсэн нь зөвхөн хариуцагчийн саатуулсан үйлдлээс болсон” гэдгийг мал эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт эсхүл шинжлэх ухааны үндэслэлтэй бусад баримтаар нотлоогүй байна.

Халдварт өвчтэй адууг улсын хилээр нэвтрүүлж, дотоодын мал сүрэгт халдвар тараах эрсдэлээс сэргийлэх нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг тул энэхүү үүргээ хэрэгжүүлсний төлөө амьтны хорогдлыг хариуцах үүрэг хүлээхгүй.

​​Гомдол гаргагч нь хорогдсон 2 тооны адууны үнийг Беларусь Улстай байгуулсан “Худалдан авах гэрээ”-ний үнийн дүнгээр нэхэмжилж буй. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хохирол шаардах эрх нь хариуцагчийн ажиллагаа “хууль бус” байх урьдчилсан нөхцөлийг шаарддаг.

Шүүхээс хариуцагчийн гаргасан 0012614 дугаар шийтгэлийн хуудас болон адууг саатуулсан ажиллагааг хууль ёсны гэж дүгнэсэн тул худалдан авах гэрээний дагуу хүлээсэн санхүүгийн алдагдлыг захиргааны байгууллагаас гаргуулах эрх зүйн үндэслэлгүй юм. Гомдол гаргагч нь импортоор авч буй адуунаас өвчин илэрч, улмаар хорогдсон асуудлыг тухайн адууг нийлүүлсэн экспортлогч талтай иргэний эрх зүйн гэрээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

​Импортын адуунаас халдварт өвчин илэрсэн нь лабораторийн дүнгээр тогтоогдсон тул тухайн адууг саатуулах, тусгаарлах явцад гарсан биологийн хорогдол нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй хохирол биш, харин хуулиар импортлогчийн өөрийнх нь хариуцах эрсдэлд хамаарч байна. Иймд 2 тооны адууны төлбөр гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.​

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.4, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.6, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.6.5, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1, 100 дугаар зүйлийн 100.1, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, 93 дугаар зүйлийн 93.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 2, 4.14 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан “Н*******” ХХК-иас гаргасан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Э*******д холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн гаргасан шийдвэр үйл ажиллагааны улмаас “Н*******” ХХК-нд учирсан 4200 ам доллар буюу 14,937,762 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гомдлын нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,538 төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн-2, 23 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн-1, 119 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн-1, 124-147 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн-1 180 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн-1, 198 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн-1, 64 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн-2, 23 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн-1 170-179 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн-2, 191-204 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн-1, 8 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн-1, 113-114 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн-1, 6 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн-2, 58 дугаар хуудас