| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00045/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-05-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 45
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч Г.Тогтохбуян,
Шүүгдэгч П.Зинамядар, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвжавын Зинамядарт холбогдох эрүүгийн 1833000000019 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 08 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, ээжийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг, Тээвэрчдийн 8-2 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Пүрэвжавын Зинамядар РД/ТК00000000/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Зинамядар нь 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг Ус сувгийн дэнж гэх газраас иргэн Г.Тогтохбуяны өвөлжөөн дээрээс 15 боодол өвсийг 33-22 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээс /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлавал:
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Зинамядарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч П.Зинамядар нь 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг Ус сувгийн дэнж гэх газраас иргэн Г.Тогтохбуяны өвөлжөөн дээрээс 15 боодол өвсийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч П.Зинамядарын өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өглөө буюу шинийн 4-ний өглөө гэртээ байж байтал Гэрэлчулуун байцаагч дуудаж байна явах уу гэхээр нь чи явж бай би малаа эргүүлчихээд яваад очно гэж хэлсэн. Өдөр нь цагдаа дээр байж байгаад одоо яв гэхээр нь хадам ээжийндээ очиж цай ууж байгаад Тогтохбуянгаас өвс авна гээд ярьчихсан байгаа. Өвсөө аваад ирье гээд чаргаа аваад 8 боодол өвсөө аваад Тогтохбуянгийн өвөлжөөнөөс Эрүүлжүүлэх саатуулах байрны араар гараад ирэхэд Гэрэлчулууны машин хадам ээжийн байрны гадаа зогсож байсан. Тэгэхээр нь өвсөө буулгаж машин дээр нь аччихаад гэрт ороход Гэрэлчулуун манай хадам ээжтэй золгоод байж байсан. Би орж хадам дүүтэй золгочихоод архи задалсан байхаар нь 2,3 татчихаад Гэрэлчулууныг 8 боодол өвс машин дээр чинь тавьчихсан байгаа. Хүргээд өгөөч гэж хэлээд би гараад машиныг чинь халааж байя гээд түлхүүрийг нь аваад гараад машин асаагаад хөдлөөгүй байж байхад Гомбо гэдэг цагдаа ирээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гээд машин журмын хашаанд хийсэн. Маргааш машинаа аваад байж байтал байцаагч өвсөө аваад ир гэхээр нь өвсөө аваачиж өгсөн. Би өвсөө анх авахдаа чаргаараа авсан. Буцааж өвсөө аваачиж өгөхдөө цагаан машинаар аваачиж өгсөн. Өвсний үнэлгээ 60.000 төгрөг гарсныг Тогтохбуянд өгсөн. Би урьд нь Тогтохбуянгаас өвс авна гээд ярьчихсан байсан. Авах гээд очиход утас нь холбогдохгүй байхаар нь хэлчихсэн юм чинь зүгээр байх гэж бодоод өвсөө аваад чарган дээрээ ачаад явсан. Би өвсөө аваад машин олж ачуулах гээд манай урд байдаг машинтай хүн рүү ярихад хөдөө явж байна. Ингэсгээд очино гэж хэлсэн. Тэгэхээр нь өвсөө чирээд ирэхэд Гэрэлчулууны машин гадаа байж байхаар нь өвсөө аччихаад гэртээ ороход Гэрэлчулуун манай хадамтай золгоод байж байсан. Тэгэхээр нь би хөгшин нь сая Тогтохбуянгаас 8 боодол өвс авчихлаа. Дөхүүлээд өгөөч гэсэн. Би шинийн 4-ний өдөр авгайтайгаа золголт хийх гээд Гэрэлчулууны машинтай явж байхад Тогтохбуян явж байсан. Тэгж явж байгаад Тогтохбуянтай таарсан. Хэргийг үнэн зөвшөөр шийдэж өгнө үү. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү...”гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Тогтохбуяны өгсөн “Би өвсөө хашаан дотроосоо алдсан. Маргааш нь хөдөөнөөс ирээд өвс алдсанаа мэдээд цагдаад хэлсэн. Би 7 боодол өвсний мөнгө 60 000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй”гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Г.Тогтохбуяны өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өглөө байсан би Дашдаваагийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Мангиртын бригад гэх газар луу золголт хийхээр явсан. Би орой 02 цагийн орчим буцаж гэртээ ирээд шууд амраад маргааш өглөө нь босоод бие засах гээд гарч ирсэн чинь хашааны баруун талд Баандай гэх хүний өвөлжөөн дээр миний худалдаж аваад хураагаад тавьчихсан байсан 40 боодол өвс байснаас энд тэндээсээ хонхойгоод алга болчихсон байсныг анзаараад очоод тоолсон чинь 14 боодол өвс үлдчихсэн цаана нь 15 боодол өвс дутсан байсан. Би тэр өвсийг худалдаж аваад 7 хонож байсан. ...Баандайгийн гэрт ороод өвс алга болчихсон байна та харсан уу гэж асуусан чинь урьд шөнө би бие засах гээд гэрээсээ гарсан чинь нэг цагаан өнгийн портер машин өвөлжөөний тэнд зогсоод өвс ачиж байсан би гадаа харуй бүрий болсон байсан болохоор нээх анзаараагүй гэж хэлсэн. ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би Жимстэй хорооллын замын хажууд байдаг өвс зардаг хүнээс 40 боодол өвс 1 ширхэгийг нь 6500 төгрөгөөр авсан. Манай гэрийн өвөлжөөнөөс П.Зинамядар 15 боодол өвс хулгайлж авсан. П.Зинамядар би 15 боодол өвсийг нь авчихсан би чамд 8 боодол өвсийг нь өгчихье үлдэгдэл долоон боодол өвсний мөнгийг 7000 төгрөгөөр бодоод өгье гэж хэлсэн. Одоо надад П.Зинамядар 7 боодол өвсний мөнгийг өгөөгүй байгаа. Би одоо 7 боодол өвсний мөнгөө нэхэмжилж авмаар байна. Надад өвсний үлдэгдэл мөнгөө авчихвал гомдол санал байхгүй...”гэх мэдүүлэг/хх-ийн 20-23/,
Гэрч Ө.Батбаярын өгсөн “...2018 оны 02 сарын үед байсан цагаан сарын дараахан шинийн 3-4-ний үед байсан байх би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг ус сувгийн дэнжид байх хашаан дээрээ очиж үхрээ тэжээгээд тэндээ хонох болсон. Тэр өдөр би жаахан архи уучихсан байсан болохоор үхрээ тэжээчихээд жаахан унтчихсан байсан. Тэгсэн чинь манай хашааны ойролцоо машины чимээ гарах шиг болоод би сэрчихсэн юм. Тэгээд би өөрөө үхэр малтай хүн бас манай тэр хавиар нэг их машин ирээд байдаггүй болохоор би бие засах гээд гарахдаа ойр хавиа харсан чинь манай хашааны төмөр зам талын баруун урд талын буланд байх өвс хураачихсан байсан пүнзний ойролцоо нэг ачааны машин гэрлээ асаагаад зогсож байсан. Тэгээд манай тэнд нэг их янз бүрийн асуудал гараад байдаггүй болохоор би тухайн үед нээх сонирхож хараагүй буцаж гэртээ ороод унтчихсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 29/,
Гэрч З.Энхцэцэгийн өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг Ус сувгийн дэнжид гэртээ 2 охины хамт байсан юм. Манай нөхөр Тогтохбуян хөдөө явчихсан байсан. ...Нөхөр Тогтохбуянгийн хамт маргааш нь харахад хашааны зүүн талд өвөлжөөний хажуу талд давхар дугуйтай машины мөр үүссэн байсан. Тэр машины мөр нь урд тал Хөтөлийн зүгээс ирээд яг өвс хураагаад тавьчихсан байсан өвөлжөөний хажууд ирээд маневар хийж эргээд өвөлжөөнд тулж зогсоод өвс ачсан мөр үүссэн байсан. Тэгээд алдсан өвсийг маань Зинамядар машинаар буцааж авчирч өгсөн...”гэх мэдүүлэг/хх-ийн 30-31/,
Гэрч Э.Гомбын өгсөн“...П.Зинамядар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн зөрчилтэй түр саатуулсан юм. Тэр үед 33-22 ДАХ гэсэн улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр боодолтой өвснүүд байсан ба өвсийг ачихдаа ямар нэгэн давхарлаж өрж ачсан байсан зүйл анзаарагдаагүй зүгээр л эмх цэгцгүй байдалтай тэвшний шалаар тавьчихсан байсныг харсан. ...Багцаагаар 10 гаран боодол өвс байсан... ”гэх мэдүүлэг/хх-ийн 25, 35/,
Гэрч Ж.Роломсүрэнгийн“...33-22 ДАХ улсын дугаартай Бонго маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг цагдаагийн ахлах ахлагч Э.Гомбо гэх хүн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 цаг 40 минутын үед саатуулах хашаанд саатуулсан байна. Тэгээд маргааш нь 15 цаг 40 минут болж байхад зохицуулагч Х.Мянганбаярын зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг П.Зинамядар гэх хүнд хүлээлгэж өгсөн байна. Би тэвшин дээр нь юу байгааг шалгаж үзэх үед боодолтой өвс байсан. Тэгээд Э.Гомбо цагдаа хүлээлгэж өгөөгүй болохоор яг хэдэн боодол өвс байсныг нь би хэлж мэдэхгүй байна ямар ч байсан машины тэвшээр нь шалаар дүүртэл аччихсан байсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 26-27/,
Иргэний нэхэмжлэгч Г.Номин-Эрдэний өгсөн “...Би 3322 ДАХ улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг би 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос худалдаж авч байсан юм. Миний нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би П.Зинамядарт өөрөө машинаа өгч явуулаагүй юм би тэр өдөр гэртээ байгаагүй Дархан-Уул аймагт байсан юм байна лээ. Тэгээд би бүр сүүлд миний машинаар П.Зинамядар хулгай хийчихсэн юм байна гэдгийг мэдсэн. ...Би миний машиныг авч яваад машинаар маань хулгай хийсэн гэдгийг би мэдээгүй. Би өөрөө машинаа өгч явуулаагүй. Би машинаа буцааж авмаар байна”гэх мэдүүлэг/хх-ийн 72/ болон
Сайхан сумын үнэлгээний комиссын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №7 дугаартай үнэлгээний комиссын акт/хх-ийн 15/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-18-р хуудас/, 3322 ДАХ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх-ийн 74/, Дархан-Уул аймгийн Капитал зууч ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт/хх-ийн 77-78/ зэргээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор гэм буруугийн талаархи дүгнэлтдээ: “...П.Зинамядар нь 2018 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, Ус сувгийн дэнж гэх газар иргэн Г.Тогтохбуянгийн өвөлжөөн дээрээс 3322 ДАХ улсын дугаартай Бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгслээр 15 боодол өвс хулгайлсан болох нь хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Цагдаагийн ахмад Мөнхбат, Эрдэнэсайхан нарын илтгэх хуудас, хохирогч, гэрч, цагдаагийн ажилтан Гомбын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул П.Зинамядарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Зинамядар нь Тогтохбуянд маргааш нь 8 боодол өвсийг хүлээлгэн өгсөн байдаг. Журмын хашаанаас машинаа аваад шууд хохирогчид өвсийг хүлээлгэж өгөөгүй. Зинамядар, Гэрэлчулуун хоёр журмын хашаанаас машинаа аваад явсны дараа нь цагдаагийн албан хаагч өвсөө аваад ир гэсний дагуу өвсөө аваачиж өгсөн байдаг. Шүүгдэгч нь чаргаар өвс хулгайлсан гэж мэдүүлж байгаа боловч өмнө нь зөрчлийн хэрэг дээр болон мөрдөн байцаалтын шатанд энэ талаар огт хэлж байгаагүй. Хохирогч гэрч нараас чарга байсан талаар нэг ч хүн мэдүүлдэггүй. Шүүгдэгчийн мэдүүлэг өөрөө маш их зөрүүтэй байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ би чаргаа мориор чирж очоод морин дээрээ өвсөө ачсан. Өвсөө боож баглаагүй байсан гэсэн. Өнөөдөр өгсөн мэдүүлэгтээ би явган чаргаа чирж очоод өвсөө боогоод Гэрэлчулууны машин дээр өвсөө тавьсан байсан гэж яриад байгаа. Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцох саналтай байна...”гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа гэм буруугийн талаархи дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Зинамядар өвс хулгайлсан асуудал дээр өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Хамгийн гол нь чаргаар хулгайлсан уу, машинаар хулгайлсан уу гэсэн асуудал л байгаа. Цагдаагийн ажилтан Мөнхбат, Эрдэнэсайхан нарын илтгэх хуудас дээр машинаар хулгайлсан гэж байдаг боловч утсаар ярьсан зүйлээ л илтгэх хуудсандаа бичсэн байгаа асуудал харагддаг. Үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд хэцүү байгаа. Цагдаагийнханд иймэрхүү асуудлыг гуйвуулах тохиолдол зөндөө байдаг. Мөн хэргийн газрын үзлэгээр машины дугуйны маш бүдэг усан хээний талаар яригддаг. Хэргийн газрын үзлэг дээр бүдэг хээ байна гэсэн байдаг. Гэрч Батбаяр машины мөр байсан гээд яриад байгаа. 2-р сарын 19-ний өдөр байсан хээ нь 20-ны өдөр очихоор бүдэг болчихоод байгаа. Хэргийн газрын үзлэг хийхдээ тэр газар чарганы мөр байгаа эсэхийг тогтоосон зүйл байхгүй. Зинамядарыг машинаар хулгай хийсэн гэж үзээд байгаа юм бол Гэрэлчулууны машины дугуйны хээ нь тохирч байна уу? гэдгийг шинжээч томилж тогтоох ёстой байсан. Улсын яллагч гэнэт чарганы тухай яриад байна гээд байна. Мөнхбат байцаагчийн авсан байцаалтан дээр энэ тухай байдаг. Мөрдөн байцаагч нь чамд эрүүгийн хэрэг үүсэхгүй. Захиргааны зөрчлөөр баривчилгаа авна гэж хэлээд мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан байдаг. Иймэрхүү байдлаар мөрдөн байцаах хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна. Цагдаагийн албан хаагч Гомбо машин дээр 10 гаруй боодол өвс байсан гэж мэдүүлсэн ч гэсэн яг 15 боодол өвс байсан гэсэн зүйл байхгүй. Мөн Эрдэнэсайханы мэдүүлэгт 8, 9 боодол өвс байсан талаар мэдүүлсэн байдаг. Өнөөдөр хэргийг мөрдөн шалгаж байгаа мөрдөгч өөрөө нотлох баримтаа бүрдүүлэх ёстой. Хүнийг яллахын тулд эхлээд хэргийг бодит байдлыг эргэлзээгүй нотлон тогтоох ёстой байдаг. Тиймээс энэ хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй байдал тогтоогдож байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Зинамядар: “2018 оны 02 дугаар сарын 19-ний орой иргэний нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийн машинаар хохирогч Г.Тогтохбуяны өвөлжөөн дээрээс 15 боодол өвс аваагүй 8 боодол өвсийг чаргаар зөөж хадам ээжийн гэрт сууж байсан Э.Гэрэлчулууны машин дээр чарга өвсөө ачсан. Би морио унаад чаргаа морин дээрээ тавиад өвстэй хашаан дээр очоод чарган дээр 8 боодол өвс ачиж ирсэн” гэж мэдүүлж байгаа нь дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Үүнд иргэний нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийн “Би П.Зинамядарт машинаа өгч явуулаагүй. Би тэр өдөр гэртээ байгаагүй Дархан-Уул аймагт байсан юм байна лээ. Тэгээд би бүүр сүүлд нь миний машинаар П.Зинамядар хулгай хийчихсэн юм байна гэдгийг мэдсэн. Хэзээ тэр өвсийг хулгайлсан эсэхийг нь ч би мэдэхгүй байсан. Тэгээд асуугаад байсан чинь намайг Дарханд байхад манай нөхөр Э.Гэрэлчулуунаас аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 72/, гэрч Э.Гомбын өгсөн“...П.Зинамядарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн зөрчилтэй түр саатуулсан юм. Тэр үед 33-22 ДАХ гэсэн улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр боодолтой өвснүүд байсан ба өвсийг ачихдаа ямар нэгэн давхарлаж өрж ачсан байсан зүйл анзаарагдаагүй зүгээр л эмх цэгцгүй байдалтай тэвшний шалаар тавьчихсан байсныг харсан. ...Багцаагаар 10 гаран боодол өвс байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25, 35/, гэрч Ж.Роломсүрэнгийн өгсөн“...33-22 ДАХ улсын дугаартай Бонго маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг цагдаагийн ахлах ахлагч Э.Гомбо гэх хүн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 цаг 40 минутын үед саатуулах хашаанд саатуулсан байна. Тэгээд маргааш нь 15 цаг 40 минут болж байхад зохицуулагч Х.Мянганбаярын зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг П.Зинамядар гэх хүнд хүлээлгэж өгсөн байна. Би тэвшин дээр нь юу байгааг шалгаж үзэх үед боодолтой өвс байсан. Тэгээд Э.Гомбо цагдаа хүлээлгэж өгөөгүй болохоор яг хэдэн боодол өвс байсныг нь би хэлж мэдэхгүй байна ямар ч байсан машины тэвшээр нь шалаар дүүртэл аччихсан байсан...”гэх мэдүүлэг/хх-26-27-р хуудас/, шүүгдэгч П.Зинамядарын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалгагдаж байх үедээ өөрийн үйлдсэн хэргийг “...Би тухайн үед ганцаараа миний найз Э.Гэрэлчулууны Бонго 33-22 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж явсан...”гэх мэдүүлгүүдээр Бонго 33-22 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр өвснөөс өөр зүйл байгаагүй болох нь тогтоогддог. Мөн шүүгдэгч 8 боодол өвс авсан гэж байгаа боловч хохирогч Г.Тогтохбуянд өвсийг хүлээлгэж өгөхдөө үлдэх 7 боодол өвсний үнийг дараа өгөхөөр хохирогчтой тохиролсон талаарх хохирогчийн мэдүүлэг /хх-20/-ээр, хохирогчийн Сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан “П.Зинамядар хулгайлж авсан 15 боодол өвсний 8 ширхэгийг авчирч өгсөн 7 боодол өвсний мөнгийг дараа долоо хоногоос өгнө гэсэн тул гаргасан өргөдлийг хааж өгч шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдөл зэргээр хангалттай нотлогдож байна. Дээрхи мэдүүлгээс шүүгдэгчийн 8 боодол өвс хулгайлж чаргаар зөөвөрлөж 33-22 ДАХ тээврийн хэрэгсэлд ачсан гэж мэдүүлж байгаа нь бүрэн няцаагдаж байна.
Дээрхи байдлуудыг дүгнээд шүүгдэгч П.Зинамядарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэлийн талаар: Шүүгдэгч П.Зинамядар нь хохирогч Г.Тогтохбуянд 8 боодол өвсийг буцаан өгч, хохирогчид 60 000 төгрөг төлсөн болох нь хохирогч Г.Тогтохбуянгийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Зинамядарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт 02 жилээс 08 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болно гэж заасан тул шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.
Дээрх байдлуудыг дүгнээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Зинамядарыг 01/нэг/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын төсөвт шилжүүлэхийг хуульчилсан.
Шүүгдэгч П.Зинамядарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 33-22 ДАХ улсын дугаартай “Киа бонго 3” маркийн тээврийн хэрэгсэл түүний эзэмшлийнх биш болох нь иргэний нэхэмжлэгч Г.Номин-Эрдэний өгсөн “Би 33-22 ДАХ улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг би 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос худалдаж авч байсан юм. Миний нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм.” гэх мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар /хх-74/ тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 33-22 ДАХ улсын дугаартай “Киа бонго 3” маркийн авто машиныг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Капитал зууч” ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр 800.000/ найман зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 33-22 ДАХ улсын дугаартай “Киа бонго 3” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэд буцаан олгож, машины үнэ 800.000 төгрөгийг шүүгдэгч П.Зинамядараас гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Зинамядарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвжавын Зинамядарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Зинамядарыг 01/нэг/ жил, 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Зинамядарт оногдуулсан 01 жил 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч П.Зинамядарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Тогтохбуянд төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 33-22 ДАХ улсын дугаартай “Киа бонго 3” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 800 000 төгрөгийг шүүгдэгч П.Зинамядараас гаргуулан улсын төсөвт оруулсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА