Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/901

 

 

 

 

  

 

     2024           08             13                                      2024/ДШМ/901                                                                                             

       Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч А.О,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/1411 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2408010220786 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б.Б, 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, эмэгтэй, боловсролгүй, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл ..., хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Тахилтын …. дугаар гудамжны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................./;

            Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Тахилтын ... дүгээр гудамжинд хохирогч М.Э-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь цохих, үснээс нь зулгаах, гар, хөл, нуруу хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд зүүн бугалга, зүүн бугуй, баруун гарын сарвуу, баруун болон зүүн тохой, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зулай дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2408 0102 20786 дугаартай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ.” гэж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”-ийг хянана гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;”-ийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад заавал нотлон тогтоохоор хуульчилжээ. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч М.Э “...айлд... 2 литрийн 2 пиво хувааж уугаад Б.Б намайг гэрт хүргэж өгөхөөр хөдөлсөн. Манай гэр лүү явах замдаа Б.Б намайг машинаасаа үснээс чирч буулгаад “гичий минь зайл, чи бол гуйлгачин, танай нөхөр гуйлгачин” гэж хэлээд хэвлийн хэсэгт нэг удаа өшиглөөд, баруун гар дээр нэг удаа гишгэсэн. Тэгээд буцаагаад машиндаа үсдэж чирж суулгасан ба суулгахдаа миний өмсөж явсан куртик, замцыг тайлаад хойд суудал руу шидээд миний гар утсыг эвдээд намайг хойд суудлынхаа доод тал руу шидсэн... Бид хоёр муудалцаж маргалдсан зүйл байхгүй. Гэнэт л гичий гэж хараагаад зодож эхэлсэн...” гэж /хх 9/, “...Б.Б машинаа бариад хоёр охин нь урд суудал дээр суугаад би ард нь суугаад явсан.... Б.Б жолооч талын суудлаа хойшоо шахаад намайг хөдөлгөөнгүй болгоод машинаа ...нэг гараараа бариад явсан...” гэж /хх 12/, шүүгдэгч Б.Б-ын “...Би хоёр эрэгтэй хүнтэй найзыгаа яаж үлдээх вэ гэж бодоод аваад гарах гэсэн чинь М.Э би энд үлдэнэ явахгүй гээд байхаар нь би гэрээс авч гараад машиндаа тэврээд суулгасан. Тэгтэл харихгүй гэж орилоод байхаар нь би нөхөрт чинь хүлээлгэж өгнө гээд дуудлагын жолооч дуудаад /8808-9499/... жолооч 10 минут бололгүй ирэхээр нь явсан. ...гудамж уруудаад явж байтал М.Э гэртээ харихгүй гээд ...орилоод байсан. ...М.Э намайг нөхөр ийм байдалтай байхыг харвал ална гээд байсан... М.Э-ийн нөхөр лүү залгаад Тахилтын дугаар буудал дээр зогсож байна М.Э-ийн цүнх, гар утсыг өгье гэж дуудсан... Нөхөр нь нэг найзтайгаа ирж авсан...” /хх 14-15, 56-57/, гэрч Э.Т-ын “...Б.Б яваад очиход тэрээр өөрөө машиныхаа арын суудал дээр, 2 хүүхэд нь урд суудал дээр, жолоочийн суудал дээр танихгүй эрэгтэй хүн суусан байсан. ...Жолоочийн суудал дээр сууж байсан танихгүй эрэгтэй машиныг чинь хаана хүргэж өгөх юм би явмаар байна гэж хэлээд байсан....” /хх 17/ гэсэн мэдүүлгүүд тус тус авагдсан байна. Дээрх мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүтэй буюу гэмт хэргийн сэдэлт зорилгыг бүрэн нотолж чадаагүй байна. Нөгөө талаар шүүгдэгчийн мэдүүлэгт тусгагдсан “дуудлагын жолооч дуудсан” гэх асуудлыг хохирогчийн нөхөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулбал зохих хүнийг татан оролцуулж гэмт хэргийн сэдэлт зорилгыг бүрэн нотлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг хангах тул мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Тиймээс шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдаагүй, нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан шүүх хуралдаан явуулж, шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэснийг хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсзгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана: Үүнд 4.1-д “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”, 4.2-т “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.3-т “Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”, 4.6-д “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” зэргийг хянахаар заасан. Хэрэгт авагдсан хохирогч М.Э-ийн “Б.Б намайг үсдэж хойшоо гэдийлгээд тэгснээ миний баруун гаран дээр хөлөөрөө гишгээд би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж чадаагүй тэгээд миний зүүн хацар луу 2-7 удаа гараараа цохиод үснээс зулгаасан чигээрээ миний баруун бөөр лүү 1 удаа, баруун гуяны дотор тал руу 1 удаа, зүүн хөлийн шилбэ рүү 1 удаа, зүүн гуяны булчингийн гадна талд 1 удаа тус тус хөлөөрөө өшиглөсөн. Б.Б машинаа зогсоогоод миний хоёр хөлөөс татаж машинаасаа чирч буулгаад миний үснээс зулгаагаад, нүүрээр газар дараад миний бөгс рүү 2 удаа, зүүн гарын булчин руу 2-3 удаа өшиглөсөн. Манай нөхөр надад хэлэхдээ “Б.Б намайг гуйлгачин минь, танай янхан чинь өвгөнтэй явах гээд айлд үлдэх гээд байсан, тэгээд чи ямар олигтойдоо өвөл нүүрс зардаг юм гэх зэргээр хэл амаар доромжилсон гэсэн”, гэрч Э.Т-ийн “Манай эхнэр надад хэлэхдээ 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.Б айлд очоод пиво хувааж ууцгаасан тэгээд айлаас гараад Б.Б машин дотроо намайг үсдэж дараад олон удаа цохиод тэгээд дахиад хэсэг гудамжнаас төв зам руу явж байхдаа машинаа зогсоохоор нь би машинаас нь буух гэсэн чинь Б.Б намайг дахиад үсдэж, газар чирээд зодсон гэж хэлсэн. Б.Б машинаа төв зам хүртэл өөрөө бариад явсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3312 дугаартай “М.Э-ийн биед зүүн бугалга, зүүн бугуй, баруун гарын сарвуу, баруун болон зүүн тохой, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт, шүүх хуралдаанд яллагдагч Б.Б-ын “М.Э миний машинд сууж байхдаа “машинаасаа буулга” гэж шаардаж, үснээс татаад толгой руу цохисон. Би жолоочийн хажуугийн суудал дээр 2 охиноо тэврээд сууж байсан. М.Э миний ард арын суудал дээр сууж байсан. Тэгээд би өөдөөс нь үсдэлцэж маргаан эхэлсэн” гэж мэдүүлсэн зэрэг бичгийн баримтууд авагдсан байна. Дээрх бичгийн баримтуудаас дүгнэвэл яллагдагч Б.Б, хохирогч М.Э нар нь найз нөхдийн холбоотой, тухайн хэрэг үйлдэгдэх үед архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн, согтуурсан үедээ хохирогч нь “Чи миний хүүхдүүдийг зөөдөг, чи хэн ч биш” гэх зэргээр яллагдагчийг басамжилж дорд үзсэн хандлага гаргасан, мөн хохирогч нь гэртээ харихгүй, очихгүй, үл таних хүмүүстэй үлдэхээр машинаас буух гэсэн шалтгаанаар машины ард сууж явахдаа яллагдагч Б.Б-ын үснээс зулгаах, жолоо бариулахгүй толгойноос нь дугтрах, цохих зэрэг зүй бус авир гаргасан нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байна. Түүнчлэн яллагдагч Б.Б нь хохирогч М.Эийн биед халдаж хөнгөн гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн үндэслэл бүрдсэн болно. Мөн яллагдагч Б.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа сайн дураараа болон прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нөхцөл байдлууд тогтоогдсон. Хэргийн үйл баримтаар тогтоогдсон хохирогч М.Э нь Б.Б-ын биөд халдсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед халдах” зөрчил, яллагдагч Б.Б нь хохирогч М.Э-ийн гар утасны дэлгэцийг хагалсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх зөрчилд хамаарч байсан тул прокуророос зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1/2464 дугаартай албан бичгийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүргүүлж, зөрчлийн 2408002055 дугаартай хэрэг нээн, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, М.Э, Б.Б нарт холбогдох зөрчилд нь тус бүр шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан байна. Яллагдагч Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, хэргийн сэдэлт тогтоогдсон байхад шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан иийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах” журам аргачлалын агуулга нь шүүх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүй бөгөөд шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар (гэм буруугийн тухай прокурорын дүгнэлт, ялын талаар прокурорын саналыг шүүх хуралдааныг завсарлуулахгүйгээр нэг үе шаттай явуулах)-аар зохицуулсан. Шүүхийн шийдвэрт тусгагдсан үндэслэлээр хэргийг буцааж байгаа нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтуудыг зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1411 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. …” гэжээ.

Прокурор О.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээрх үйл баримтын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу хэргийн үйл баримт бүх талаасаа нотлогдсон. Мөн хохирогч хэнд, хэзээ, хаана зодуулсан талаар хохирогчийн мэдүүлэгт заадаг. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг давхар нотолж байгаа нотлох баримт буюу гэрч Э.Т хохирогч хэнд, хаана зодуулсан талаар мэдүүлдэг. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3312 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь нотлогдон тогтоогдсон. Шүүгчийн захирамжид нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа буюу гэрчийн асуудлыг дурдсан. Мөрдөн байцаалтын шатанд тухайн гэрчийг хохирогч болон шүүгдэгчийн зүгээс хэн аль нь таньж мэдэхгүй талаар мэдүүлдэг. Тухайн гэрчийн мэдүүлгээр үйл баримтад ямар байдлаар өөрчлөлт орохгүй. Шүүгдэгчийн зүгээс өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тухайн үйл баримтын сэдэл санаа, зорилго тодорхой байдаг. Хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буруутай үйлдлийн улмаас хохирогч шүүгдэгчийг өдөн хоргоосон, араас нь барьж авсан, маажсан зэрэг үйлдлээс болж маргалдсан тухай мэдүүлдэг. Тэгэхээр хавтаст хэрэгт үйл баримтын сэдэл, санаа зорилго тодорхой авагдсан байтал дээрх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдаанаас захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч А.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч болон шүүгдэгч нар оролцсон. Шүүгдэгчийн зүгээс гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргадаггүй. Хохирогчийн зүгээс ямар нэгэн байдлаар хэргийг буцаах үндэслэлтэй зүйл хэлээгүй байдаг. Маргаан болж 1 нь зөрчлөөр, 1 нэг нь эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байгаа. Анхан шатны шүүхээс санаачилгаараа дуудлагын жолоочийг гэрчээр асуу гэдэг байдлаар хэргийг прокурорт буцаасан. Дуудлагын жолооч гэсэн зүйлийг хохирогчийн нөхөр ярьдаг. Хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдлаас харахад дуудлагын жолооч гэмт хэрэг төгссөний дараа ирсэн мэт байгаа юм. Тэгэхээр хэргийн зүйлчлэл болон хэргийн бодит байдлыг тогтооход дуудлагын жолооч ямар нэгэн байдлаар ач холбогдолтой мэдүүлэг өгөхгүй, энэ хэргийг шийдвэрлэхэд өөрчлөлт оруулах ач холбогдол бүхий нөхцөл байдал үүсэхгүй байх гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Б-ын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан шаардлагуудыг ойлгосон гэдгээ хэлсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон. Иймд хуульд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдаагүй, нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”; 4.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”; 4.3 дахь заалтад заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх”; 4.4 дэх заалтад заасан “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх”; 4.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”; 4.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”-ийг шүүх хуралдаанаар тус тус хянана гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б.Б-д холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлуудыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүмүүсээс мэдүүлэг авсан, мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй байна.

Мөн шүүгчийн захирамжид “дуудлагын жолоочийг гэрчээр асуух” талаар дурьдсан хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримт болж чадахгүй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хүсэлт гаргасан, прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол болон яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналтай танилцаж, зөвшөөрөөд гарын үсэг зурсан зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан байна гэж дүгнэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/1411 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Ундрахын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/1411 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                                             ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ