Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/902

 

 

 

 

    2024           08            13                                        2024/ДШМ/902

 

Г.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баттуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б,

шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч М.Т, Л.Ц,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч М.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Ө-д холбогдох эрүүгийн 2204001780061 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х боржигон овгийн Г.Ө, 1986 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинч мэргэжилтэй, “Б” ХК-д маншинч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн … дугаар хороо, Наран хорооллын …  дүгээр байрны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: …………../;

Шүүгдэгч Г.Ө нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Багануур дүүргийн … дүгээр хороо, Хуцаа хэсгийн … дүгээр гудамжны … тоот хашааны үүдэнд хохирогч С.Д-г “согтуу тул дүү Г.Г-ийн гэрт оруулахгүй” гэсэн шалтгаанаар холдуулж, хашаанаас гаргах зорилготой маргалдан, улмаар эрүүн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны зүүн булан, сэртэнгийн далд хугарал буюу эрүү, далавч, залгиурын булчин доорхи хацар амны ёроолын зайд буглаа үүсгэсэн, голтын эрхтнүүдийг үрэвсүүлсэн үжил бүхий хүнд хохирол санаатай учруулж, улмаар хохирогч С.Д нь дээрхи гэмтлийн улмаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Г.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ө-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ө-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Ө-ын цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан 41,442,950 төгрөгийн нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 10,528,091 төгрөгийг хангаж, Эмчилгээ болон асаргааны зардал 23,975,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 6,939,859 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-аас шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10,528,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-д төлсөн болохыг дурдаж, Г.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 2 хавтас 269 хуудас бүхий Өвчний түүхийг хэрэгт хавсарган үлдээх, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Г.Ө-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ө  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байшингийнхаа гадна хувцас угаах гээд гэрээсээ гарахад миний дүү Г-ийн 3 хүүхдийн уйлах чимээ гарсан. Гэрийн хаалгыг нээж ороход Д согтуу ирчихсэн, 3 охин хүүхдийг айлгаж, сүрдүүлсэн зогсож байсан. Иймд би Д-г хашааны гадна гаргаад гэртээ орж ирээд 20 минут болоогүй байтал Д дахин хашаанд ороод ирчихсэн Г-ийн гэрийн хаалгыг өшиглөж байсан. Би “чи болиоч ээ” гэхэд “чамд хамаагүй, хогийн л... минь” гэж доромжилсон. Миний уур хүрч хашаанаас гаргахдаа 1 удаа цохисон. Тухайн үед Д-д ил харагдах шарх, гэмтэл учраагүй зүгээр байсан. Хэрвээ цус гарах юм уу, ямар нэг гэмтлийн шинж илэрсэн бол 103 дуудаж, эмнэлэг дагуулж яваад үзүүлэх байсан. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээс харахад “Хүнд уушгины хатгалгаа, нойр булчирхайн архаг үрэвсэл, элэг өөхжилт” гээд хавсарсан хүнд хэлбэрийн өвчин байсан байна. Шинжээчийн энэ дүгнэлт нь нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоох зорилготой байсан боловч гаргасан дүгнэлт нь ойлгомжгүй, талийгаач нь шарх гэмтлээс болж нас барсан гэжээ. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Сээрний 2 дугаар нугаламын шахагдсан хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна. Талийгаач нь эмнэлгийн тусламж үйлчилгээг эрт, цаг алдалгүй авсан бол амь нас аврагдах бүрэн боломжтой байсан. Анх эмнэлэгт ирэхдээ хэвтэх шаардлагагүй, нарийн тодруулахаар КТГ-д харуулахыг зөвлөсөн боловч дахин үзүүлэхээр ирээгүй. Эмчилгээ хийлгэлгүй цаг хугацаа алдсны улмаас нас барсан, цаг алдалгүй эмчлүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсан тухай шинжээч эмч нарын дүгнэлтээр нотлогддог. Энэ мэт нотлох баримтыг харгалзан үзэж шууд хүний биед хүнд гэмтэл учруулж, нас барахад хүргэсэн гэж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул та бүхэн тэнцвэртэй, мэргэн шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч М.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх мөрдөн байцаалтын явцад, мөрдөгч болон прокурорууд хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөвхөн яллах талыг хэт баримталсан байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хувийн байдлыг огт тогтоогоогүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн заалтыг огт хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар ,хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 3 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдааж хэрэглэж болохгүй” гэж хуульчлагдсан байдаг. Талийгаач нь шүүгдэгч Г.Ө-д нэг алгадуулсанаас хойш 3 сарын дараа нас барсан нь шинжээчийн дүгнэлтэд өөр гэмтлүүд байсан уушгины хатгалгаа, нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний өөхжилт зэрэг олон эрхтэний өвчин хавсарсан гэж шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан байна. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13336 дугаар шинжээчийн дүгнэлтээр “Хүндэвтэр гэмтэл” гарсан. Г.Ө нь анхны мэдүүлэгээс эхлэн үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн. Хүндэвтэр гэмтэл учруулсаныг Г.Өсөхбаяр хүлээн зөвшөөрсөөр ирсэн бөгөөд гэм буруугаа хүлээдэг, гэмшдэг. С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгөхдөө миний дүү Д зүс таних Г.Ө, Г гэдэг 2 хүнд зодуулсан гэж бичсэн байдаг ба мэдүүлэг өгөхдөө Г.Ө, Г гэх хоёр хүнд зодуулсан гэж худал мэдүүлсэн. Гэтэл Г нь Ө-ын аав нь бурхан болсон хүнийг хэлсэн нь үндэслэлгүй худал мэдүүлэг. Гэрч Д.Н амь хохирогчийг түлхэж гаргасан тухайн үед мэдэгдхүйц гэмтэл шарх харагдаагүй. Г мэдүүлэгтээ “Хохирогч өөр айлд очдог уу” гэхэд “манайд болон найз О гэх залуугийнд ирдэг. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б.Б гэгч амь хохирогчтой 2019 оноос хойш уулзаагүй гэж мэдүүлэг өгсөн байна. Гэтэл амь хохирогчийн найз эмэгтэй Г нь тухайн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр буюу урьд өдөр нь миний найз залуу болох хохирогч надруу видео калл хийж ярьсан ба О-той архи уугаад сууж байна түүний утсаар ярьж байна гэж хэлсэн. Дараа нь Г-тай уулзах гэж ирэхдээ О-той маргалдаж зодолдоод цагдаа дуудаж магадгүй гээд гараад ирлээ гэж хэлсэн байдаг. Үүнээс харахад О 2019 хойш уулзаагүй гэж худал мэдүүлэг өгсөн нь эргэлзээтэй санагдаж, шүүхэд хоёр удаа Г-г гэрчээр асуух, хажуу айлын хашааны зодооныг харж байсан гэрчүүдийг асуух хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч бидний хүсэлтийг огт хангаагүй зөвхөн хэт нэг талыг барьж шүүх хурлыг хийсэн. Мөн О мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгсөн, мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдол бүхий гэрчүүдийг асуух зэрэг ажиллагааг хийлгэх, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг ч хүлээж аваагүй шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан нэг ч хүсэлтийг хүлээж аваагүй тул талуудад тэгш хандаагүй зөвхөн нэг талыг барьж шүүхийг шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. А.С эмч 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үзүүлсэнээс хойш дахин үзүүлээгүй тухайн үед эрүүний хугарал оноштой зөвлөгөө өгч зураг авахуулах талаар хэлсэн. Түүний гэмтэл тухайн үед амь насанд нь аюултай байсан уу гэсэн мөрдөгчийн асуултад “Эрүү, нүүрний хугаралтай ирвэл шууд хэвтэж эмчлүүлдэггүй, бусад өөр төрлийн гэмтэлтэй хавсарч ирвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой, амь насанд нь аюул учрах биш тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх талаар зөвлөгөө өгсөн” гэж мэдүүлжээ. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 тоот шинжээчийн дүгнэлтэд “Хүнд уушгины хатгалгаа, нойр булчирхайн архаг үрэвсэл, элэг өөхжилт гээд хавсарсан хүнд хэлбэрийн өвчин байсан байна. Ц-ийн дүгнэлт нь нас барсаны дараах нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор гаргасан боловч гаргасан дүгнэлт нь ойлгомжгүй, талийгаач бүх л шарх гэмтлээс болж нас барсан мэтээр дүгнэлт гарсан. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 20 тоот шинжээчийн дүгнэлтэд “сээрний 2-р нугалам, шахагдсан хугарал, хамрын ясны хугарал хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь хуучин гэмтэл байна. Талийгаач нь эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтож авсан тул хийгдсэн эмчилгээ үр дүн муутай байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг эрт цаг алдалгүй авсан бол амь нас аврагдах боломжтой байсан” гэжээ. Эцэст нь дүгнэж хэлэхэд, хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүд болон шүүгдэгчийн мэдүүлгээс харахад анх эмнэлэгт ирэхдээ хавсарсан гэмтэлгүй, хэвтэх шаардлагагүй нарийн тодруулхаар КТГ-д харуулахаар зөвлөсөн боловч дахиж эмнэлэг эмчид үзүүлэхээр ирээгүй, эмчилгээ хийлгээгүй цаг хугацаа алдсаны улмаас нас барсан. Цаг хугацаа алдалгүй эмчлүүлсэн бол амь нас аврахдах боломжтой байсан тухай бүх шинжээч эмч нарын дүгнэлтээр нотлогддог. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 20 тоот шинжээчийн дүгнэлтээр “Эмнэлгийн тусламж үйлчилгээг эрт цаг алдалгүй авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан. Иймд шүүгдэгчийн хувьд амь хохирогч болон ар гэр хууль ёсны төлөөлөгч төрсөн эгч нь анхаарал халамж тавьж цаг алдалгүй эмчлүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсан” гэж шинжээч эмч нарын удаа дараагийн дүгнэлтүүдэд тусгагдсан, нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал зэргийг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Г.Ө-ын хувьд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, маш их гэмшиж харамсаж байгаа, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн барагдуулсан, бага насны гурван хүүхэдтэй, хөгшин настай ээжтэй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй 3 жилийн ял оноохоор шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэр гаргаж өгнө үү” гэж хүсэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Л.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчөөс удаа дараа гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсанаас болоод эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хохирогч өөр хүнд зодуулж байсан нөхцөл байдал байдаг. Мөн 3 хүүхэд байгаа гэрт согтуугаар орох гэж дайрсан хохирогчийн зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргаж 5 хоногийн завсарлага авч 10.528.000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Шүүхээс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 5 хоногийн завсарлагаар хохирол төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзээгүй. Хэргийн үйл баримт ямар нэг эргэлзээгүйгээр нотлогдож тогтоогдоогүй байхад шүүгдэгчид хэт хүнд ял оногдуулсан. Хуульд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож, яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг бүрэн цуглуулж байж шүүгдэгчид ял оногдуулах ёстой. Иймд давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний дүү С.Д нь 1988 онд төрсөн бөгөөд 9 хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд байсан. Г.Ө-ын дүү Г.Г-тай 2 жилийн хугацаанд дотно харилцаатай байсан. 2020 онд Герман улс руу яваад 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад ирж, 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Г.Ө-д зодуулж гэмтэл авсан. Миний дүү Г.Г-д их хайртай тул өөрийг нь буруутгахыг хүсээгүй, мөн эрүү нь хугараад ийм хүнд нөхцөлд орж, нас барна гэж бодоогүй тул эмнэлэгт хандахыг хүсээгүй шалтгаанаар эмнэлгийн тусламж авалгүй удсан. Гэртээ байж байхад нь манай 2 дүү эмнэлэгт үзүүлсэн байсан. Надад хэлээгүй тул би мэдээгүй. Миний дүү нэг л удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлэгтээ “Г.Гантуяагийн ах Г.Ө-д цохиулсан” гэж мэдүүлсэн. Үүнээс 2 хоногийн дараа цус алдаад эмнэлэгт ирж, 4 удаа хагалгаанд орсон бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эмчилгээгүй гээд гэртээ гарч, улмаар нас барсан. Энэ хугацаанд Г.Ө, Г.Г нар бидэнтэй огт холбогдоогүй. Энэ хэрэг 1 жил 7, 8 сарын хугацаанд мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатыг дамжиж шийдэгдсэн. Г.Ө 2 хүний хоорондох асуудалд оролцож хүнд байдалд орсон. Дүүгээ нас барна гэж бодоогүй тул хохирлыг бүрэн баримтжуулж чадаагүй. 1 жил хэдэн сарын хугацаанд и-баримт устсан байсан тул баримжаагаар хохиролд 41.000.000 орчим төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хохиролд 10.500.000 орчим төгрөгийн хохирол гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд түүнийг төлсөн. Г.Ө-ын өмгөөлөгч надтай нэг ч удаа холбогдож, харилцаагүй. Хүний амь нас хохирсон байхад 10.000.000 орчим төгрөг өгөх нь ёс зүйд нийцэхгүй. Г.Ө-ын эхнэр, гэр бүлтэй нь ярихад тэр мөнгийг гаргуулж өгнө гэсэн. Г.Ө нь 3 хүүхэдтэй, залуу хүн бөгөөд ажил хөдөлмөр эрхэлдэг тул Г.Өсөхбаярт оногдуулсан ялыг хөнгөрүүлж болно гэж үзэж байна. Миний дүү эрүүл хүн байсан бөгөөд шүдэндээ цохиулж гэмтэл аваад үжил болж, бүх эрхтэнд нь нөлөөлж нас барсан. ...” гэв.

            Прокурор Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тал бүрээс нь харгалзан үзэж, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор 8 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч, өмгөөлөгч нар гэм буруу болон эрүүгийн хариуцлагын хуулийн зүйл, заалтад маргаагүй, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлбөр төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Ө нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Багануур дүүргийн … дүгээр хороо, Хуцаа хэсгийн … дүгээр гудамжны … тоот хашааны үүдэнд хохирогч С.Д-г “согтуу тул дүү Г.Г-ийн гэрт оруулахгүй” гэсэн шалтгаанаар холдуулж, хашаанаас гаргах зорилготой маргалдан, улмаар эрүүн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны зүүн булан, сэртэнгийн далд хугарал буюу эрүү, далавч, залгиурын булчин доорхи хацар амны ёроолын зайд буглаа үүсгэсэн, голтын эрхтнүүдийг үрэвсүүлсэн үжил бүхий хүнд хохирол санаатай учруулж, улмаар хохирогч С.Д нь дээрхи гэмтлийн улмаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн “...Миний төрсөн дүү С.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрийн хооронд Багануур дүүргийн 1-р хороо, Хуцаагийн 11-07 тоотод өөрийн уулздаг бүсгүй Г-ийн ах нар гэх Г болон Ө гэдэг хүмүүст зодуулсан байсан. Тухайн үедээ манай дүү цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу буцсан. Манай дүү өөрөө Улаанбаатар хотод амьдардаг юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ГССҮТ-д очиж үзүүлтэл зүүн талын эрүү болон 2 шүд нь хугарсан байсан. Тэгээд гэрээр эмчилгээ хийж байгаад 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байхдаа цусаар бөөлжөөд, мөн доошоогоо бас цус алдсан. Тэгээд түргэн тусламж дуудаад 103-аар 3-р эмнэлэгт анхан шатны тусламж үйлчилгээ авчихаад яаралтайгаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү, нүүрний мэс заслын тасагт шилжүүлэн яаралтай хагалгаанд орсон. Одоогоор манай дүү ухаангүй, Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байгаа. Г, Ө  гэх хүнд зодуулсан гэж манай дүү өөрөө хэлсэн.” /1хх 14-15, 17/,

гэрч Г.Г-ийн “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр С.Д надтай уулзах гэж ирсэн. Ирэхдээ согтуу ирсэн бөгөөд тухайн өдрөө манай гэрт хоносон. 09 дүгээр сарын 17-ны өдөр би ээлжийн ажилтай байсан бөгөөд 21 цагийн үед Д согтуу манай ажил дээр ирсэн. Би Д-г явуулах гэсэн боловч явахгүй болохоор нь ажил дээрээ унтуулсан. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 18-ны өглөө 9 цагийн үед би Д-г “Явж бай, би араас чинь ажлаа хүлээлгэж өгчихөөд яваад очъё” гээд явуулсан. Тэгээд би 11 цагийн үед өөрийн гэртээ очиход хашааны гадна Д хамраас нь цус гарсан байдалтай согтуу сууж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад “Танай ах чинь намайг нэг цохьчихлоо” гэсэн. Тэгээд би гэртээ Д-ийн хувцас хунарыг нь цэвэрлэж өгчихөөд гэртээ унтуулсан. Маргааш өдөр нь би ажлынхантайгаа зугаалгаар явах байсан учир ажил дээрээ очиж юм бэлдэх шаардлагатай байсан болохоор Д-г унтчихаар нь 17 цагийн үед ажил руу явчихаад буцаад 19 цаг өнгөрөөд ирэхэд Д манай гэрээс явчихсан байсан. Тэрнээс хойш уулзаагүй. ...09 дүгээр сарын 21-нд холбоо барихад “Хотод ирчихсэн байна. Эрүүний хагалгаанд орохоор болсон. Чи хүрээд ирээч” гэж байсан” /1хх 19-20/,

гэрч Д.Н-ын “...Тухайн өдөр би нөхөртэйгөө гэртээ буюу Багануур дүүргийн …-р хороо, Хуцаагийн …. тоотод байхад 13 цагийн үед манай нөхрийн дүү Г-тай уулздаг залуу болох Д согтуу ирээд Г-ийн гэрт орно гээд байхаар нь би нөхөртөө “согтуу хүн оруулж яах гээд байгаа юм, наадахаа явуул” гэсэн чинь Ө, Д-г хашаанаас гаргасан. Тэгтэл удалгүй бас орж ирээд Г-ийн гэрийн гадна зогсоод байхаар нь Ө, Д-г хувцаснаас нь чирээд Г-ийн гэрийн үүднээс аваад явсан. Тэгээд хашааны үүдэнд очоод Д гарахгүй байхаар нь манай нөхөр Өсөхбаяр заамдаж байгаад баруун гараараа Д-ийн зүүн хацар шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би явж очоод “боль” гэж хэлээд Д-г түлхээд гаргасан. Тэгээд 17 цагийн үед Д нь Г-тай хамт ирээд гэрт нь унтаж байгаад 20 цагийн үед явсан.” /1хх 25/,

гэрч Б.Б-ийн “...2022 оны 09 дүгээр сарын дундуур надтай дахиж утсаар яриад Улаанбаатар хотоос манайд ирээд 2 өдөр дараалж архи ууж байгаад орой нь уулздаг эмэгтэйтэйгээ уулзана гээд гараад явдаг байсан. 3 дахь өдөр нь дахин манай гэрт ирэхэд нь манай эгч Б түүнийг гэртээ оруулаагүй. Сүүлд дээрх үйл явдлаас хэд хоногийн дараа 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Д-тай фэйсбүүкээр видио калл хийж ярихад тэрний эрүү хэсэг нь хавдсан байхаар нь би түүнээс юу болсон талаар тодруулахад “манай авгайгийн ах Ө зодоод ийм болчихлоо” гэхээр нь би түүнд хандаж “эмнэлэгт үзүүлээч” гэж хэлэхэд тэр “одоо харин үзүүлэх санаатай байна” гэж хэлж байсан. Түүнээс хойш дахин холбогдоогүй.” /1хх 33/,

гэрч Э.Э-ийн “...Би Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрчимт эмчилгээний тасагт эмч хийдэг. С.Д манай тасагт хэвтэн эмчлүүлсэн. Би эмчлэгч эмч нь байсан. Над дээр 10 дугаар сарын 04-ний өдрөөс 20-ны өдөр хүртэл, мөн 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд хяналтад байсан. С.Д нь гэмтлийн шалтгаантай зүүн эрүүний хугарал, зүүн талын эрүү далавч залгиурын булчин доорх хацар амны ёроолын зайн болон хүзүүний гүний нэвчээс, нэвчээс нээх мэс заслын дараах үжлийн хагалгаа, гипокси энцефалопати гэсэн оноштой 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эрүү, нүүрний мэс заслын тасагт шилжсэн. Биеийн амин үзүүлэлтүүд тогтворжсон хэдий ч гадаад орчинтой ямар ч хариу үйлдэлгүй, ухамсарт ухаангүй байдалтай шилжсэн. Биеийн байдал нь одоо байгаагаасаа сайжрах боломж маш бага, харин муудах магадпал өндөр." /1хх 27-28/,

гэрч Х.А-ийн “...Би Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрүү, нүүрний мэс заслын тасагт эмчээр ажилладаг. С.Д-ийн эмчлэгч эмч мөн. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай эмнэлэгт яаралтай тусламжаар хүргэгдэн ирсэн. Тухайн шөнөдөө стори нээгээд хэвтэн эмчлүүлсэн, мөн яаралтай хагалгаанд орсон. Одоо гэмтлийн гаралтай зүүн талын эрүү далавч, зажлуурын булчин доорх хацар, амны ёроолын болон хүзүүний гүний нэвчээс, үжлийн хагалгаа, гипокси энцефалопати гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор өөрөө ямар нэгэн ухамсаргүй, ухаангүй байдалтай байгаа. Ямар нэгэн эм тарианы нөлөөгүй ухаангүй байгаа гэсэн үг. Биеийн ерөнхий байдлын үнэлгээгээр өвчтөн хүнд байгаа. Биеийн амин үзүүлэлт тогтворгүй, байнга хэлбэлзэлтэй байгаа. Одоо байгаа оношууд нь манай эмнэлэгт анх ирж үзүүлэх үед үүссэн байсан. Цаашид өвчтөнд урт удаан хугацааны эмчилгээ зайлшгүй шаардлагатай. Биеийн байдал хүнд. С.Д-ийн гэмтэл хүн цохисны улмаас үүсэх бүрэн боломжтой. Манай тасагт үйлчлүүлж байгаа олон өвчтөн мөн хүнд цохиулж, зодуулсны улмаас С.Д-тай төсөөтэй гэмтэл, хугаралтай ирдэг.” /1хх 30-31/,

шинжээч эмч Б.С-ийн “...Талийгаачид учирсан байсан эрүү ясны зөрөөтэй далд хугаралын хүндрэл болох нэвчдэс, буглаа зэрэг нь амин чухал голтын эрхтнүүдээр тархаж олон эрхтнүүдийн үйл ажиллагааны алдагдал, дутагдал үүсгэснээр нас барсан.” /1хх 104/,

шинжээч эмч Ц.Б-ын “...С.Д-ийн биед үүссэн хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь өмнө учирсан хуучин гэмтэл. Шинээр үүссэн зүүн эрүү ясны хугарал гэмтлээр хүндрэл үүсч үжилд орж нас барсан гэж дүгнэсэн. 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаар Хэргийн материалын шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг шинжээч эмч нар санал нэгтэй баталсан” гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13336 дугаар Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...С.Д-ийн биед сээрний 2-р нугалам дарагдсан хугарал, эрүүний зүүн булан дайрсан хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, гэмтлийн гаралтай зүүн залгиур, эрүү далавч, зажлуурын булчин доорх хацрын болон амны ероолын зайн нэвчээс, хүзүүний гүний нэвчээс гэмтэл тогтоогдлоо.” /1хх 47-49/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаар “...Талийгаачийн биед эрүү ясны зүүн булан, сэртэнгийн далд хугарал /эрүүний зүүн хэсэгт мэс заслын шарх, 2022.10.02, 2022.10.04, 2022.11.18-н эрүүнд доорх идээг авах, цэвэрлэх, шарх цэгцлэх мэс засал/, баруун, зүүн тохойнд, ахар сүүлэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /1хх 56-70/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаар “... Талийгаач С.Д-ийн эрүү ясны зүүн булангийн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь тухайн үедээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба эмнэл зүйн явцаараа хүндрэл өгч үжлийн байдалд хүргэсэн тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /1хх 81-100/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаар “... Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 13336, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 24, Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 206 үндэслэлтэй байна. ...Эрүүний зүүн булангийн далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр, энэ гэмтэл нь хүндэрч эрүү, далавч, залгиурын булчин доорх хацар амны ёроолын зайн буглаа үүсч улмаар энэ нь голтын эрхтнүүдийг үжлийн байдалд орсон нь дээрх журмын 3.3.8-д зааснаар хүнд зэрэг тогтооно.” /1хх 115-118/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Г.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Ө-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Г.Ө-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч М.Т, Л.Ц нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа талаараа илэрхийлж, гэм буруудаа маргаж байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй юм.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С-аас шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан хүсэлтийг харгалзан шүүгдэгч Г.Ө-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ө-д 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг багасгаж шийдвэрлэлээ.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч М.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Ө-ын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Г.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэснийг “Г.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ө-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ө-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч М.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ын цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР   

                                   ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        НХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ