| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05349/И |
| Дугаар | 192/ШШ2025/05319 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/05319
| |
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** дүүрэг, **** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** тоотод байрлах Ж ХХК /рд:********/
Нэхэмжлэгч: **** дүүрэг, *** дүгээр хороо, **** хотхон, **** байр, **** давхарт байрлах Ж У ХХК /рд:*********/
Нэхэмжлэгч: ******** дүүрэг, * дүгээр хороо, ** дугаар хороолол, ** тоотод байрлах С ХХК /рд:*********/
Хариуцагч: ***** дүүрэг, ******* дугаар хороо, ******** гудамж, ********* ХХК-ийн байранд байрлах З ГҮТББ /рд: ***********/,
Хариуцагч: ********** дүүрэг, **** дүгээр хороо, ***** чөлөө 17, ****** байрлах А ХХК /рд:************/,
З ГҮТББ болон А ХХК-ийн байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаар Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Хөрөнгө оруулсан хэмжээгээр дулаан дамжуулах шугам, төв, тоноглолын өмчлөгчөөр тогтоолгох, А ХХК-ийг маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолтой холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Ж ХХК, Ж У ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г,
Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
/Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ХХК, Ж У ХХК, С ХХК нар нь хариуцагч З ГҮТББ, А ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
1.1. Манай Ж ХХК нь **** дүүргийн *** дүгээр хороо, Зайсангийн аманд С аялал жуулчлалын цогцолборыг барьж ашиглалтад оруулж байгаа билээ. 2008-2013 оны үед Зайсанд инженерийн шугам сүлжээний асуудал тулгамдаж байсан тул З ГҮТББ-г нэр бүхий газар ашиглах эрхтэй иргэн, аж ахуйн нэгжүүд байгуулан холбооны гишүүдээс хөрөнгө босгох замаар инженерийн шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор 2013 онд байгуулагдаж байсан.
Дээрх холбоонд Ж ХХК-ийн зүгээс 2014 онд гишүүнчлэлийн төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлж гишүүн болж элссэн. Дулаан дамжуулах шугам, төв, тоноглолын төлбөрт 88,000,000 төгрөг, бохирын шугаманд 144,000,862 төгрөгөөр хөрөнгө оруулж байсан.
Манай Ж У ХХК тус холбоонд 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гишүүнчлэлийн төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлж, Хамтран ажиллах гэрээ байгуулан, гишүүн компани болсон. Гишүүн компанийн хувьд З ГҮТББ-ын инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажил болох Дулааны шугам, дулаан дамжуулах төв, тоноглолыг шинээр тавих, сайжруулах, өргөтгөхөд зориулан 72,526,699 төгрөгөөр хөрөнгө оруулсан.
С ХХК-ийн зүгээс 2014 онд гишүүнчлэлийн төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлж гишүүн болж элссэн. Дулаан дамжуулах шугамд 52,810,703 төгрөг, Дулаан дамжуулах төв, тоноглолын төлбөрт 104,861,660 төгрөг, бохирын шугаманд 17,755,618 төгрөгөөр тус тус хөрөнгө оруулж байсан.
Тухайн Дулаан дамжуулах төв, тоноглол болон дулааны шугаманд төлсөн төлбөр нь З Б рестароны зүүн талаас Миний дэлгүүрийн уулзвар хүртэлх ирэх буцах 2ф400 хос шугам, одоогийн Зайсанд байрлах S center-ийн урд байрлах ДДТ-ийн барилга болон доторх тоноглолуудад хөрөнгө оруулалт хийгдэж байсан.
Гэтэл З ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга болон А ХХК нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаартай гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр холбооны гишүүдийн хөрөнгө оруулсан ДДТ, тоноглолыг А ХХК-д үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. Холбооны удирдах зөвлөлийн даргад удирдах зөвлөлөөс болон бүх гишүүдийн хурлаар тийм эрх олгоогүй. Мөн энэ талаар шийдвэр гаргаагүй. Гэтэл холбоонд хөрөнгө оруулсан, хүчин төгөлдөр гишүүнчлэлтэй гишүүдийн зөвшөөрөл, удирдах зөвлөлийн хурал, шийдвэр, бүх гишүүдийн хурал, шийдвэр, эрх олгосон аливаа баримт бичиггүйгээр холбооны хөрөнгийг удирдах зөвлөлийн дарга дангаар гарын үсэг зурж шилжүүлсэн нь хууль бус байна. Холбооны удирдах зөвлөлийн дарга өөрт эрх олгогдоогүй асуудлаар гэрээ, хэлцэл байгуулан холбооны хөрөнгийг бусдад шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшилсан хэлцэл хэмээн заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд З ГҮТББ болон А ХХК нарын байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаар Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.
1.2. Хөрөнгө оруулсан хэмжээгээр маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолын эзэмшигчээр тогтоолгох шаардлагын тухайд Ж ХХК нь 88,000,000 төгрөгөөр, Ж У ХХК нь 72,526,699 төгрөгөөр, С ХХК нь 157,672,363 төгрөгөөр тус тус хөрөнгө оруулсан. Ийнхүү хөрөнгө оруулсан хэмжээгээр дулаан дамжуулах шугам, төв, тонооглолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
1.3. А ХХК-г маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолтой холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах шаардлагын тухайд Хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан дулаан дамжуулах төв, тоноглолд цаашид үйл ажиллагаа явуулах нь үндэслэлгүй юм. Учир нь бусдын өмчлөл, эзэмшлийн хөрөнгөнд үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаа явуулахдаа иргэн аж ахуйн нэгжийг хохироосон үйлдэл удаа дараа гаргасан. Дээр дурдсаны дагуу А ХХК нь манай хэрэгжүүлж буй төсөл рүү дулаан дамжуулдаг шугам, тоноглолыг эвдэн сүйтгэсэн. Хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан хөрөнгийн эзэмшлийг ашиглан бусад иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд саад учруулан, хохирол учруулж байх тул маргаан бүхий дулаан дамжуулах төв, тоноглолтой холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд тус компаниар цаашид дулааны эрчим хүчээр хангуулах, түүнтэй холбоотой ажиллагаа явуулахгүй байхыг даалгах нь өмчлөгчийн эрх сэргэх гол хүчин зүйл болж байна. Иймд зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч З ГҮТББ-аас хариу тайлбартаа: Холбооны зүгээс өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлыг 2015-2016 онуудад эрчимтэй өрнүүлж дулааны төслийн хүрээнд Зайсангийн зүүн талд 1305 метрийн өндөржилт хангасан 530квт цахилгаанаар ачааллах чадвар бүхий өндөр бүсийн ЦТП дулаан дамжуулах төвийг барьж дотор нь өндөр бүсийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, тоноглолуудыг суурилуулж ашиглахад бэлэн болгосон. Гэнэт Мфикс капитал ХХК-ийн гэх захирал Батхүү нь Зайсан толгойн хойгуур явсан зүүн салааны дулааны шугам манай өмч гээд иргэн О.О гэх хүнтэй 50, 50%-ийн дундын өмчлөлтэй гэрээ, шүүхийн шийдвэр, өөр янз бүрийн бичиг цаас гаргаж ирээд дарамталж эхэлсэн. Зөвхөн Өндөр бүсийн тоног төхөөрөмж бүхий ЦТП-г шинээр барих ажилд нийтдээ зөвхөн гэрээнд тусгагдсан зардлыг тооцоход 1,171,633,000 төгрөг Холбооны зүүн хэсгийг төлөөлдөг 13 гишүүн байгууллага өөрсдийн хөрөнгөөр барьсан. Өөрөөр үүнд Мфикс капитал ХХК, иргэн О.О гэх этгээдүүд нэг ч төгрөгийн хөрөнгө мөнгө оруулаагүй. Тухайн үед Мфикс капитал ХХК-ийн хөрөнгө гэдэг итгээд гэрээ байгуулах дээрээ тулсан чинь гэнэт А ХХК гээд огт хамааралгүй компани дээр гэрээ хийнэ, энэ байгууллага руу шилжүүлж өг гэж тулган шаардсан. Миний хувьд гишүүддээ мэдэгдэл хүргүүлээгүй, УЗ-ийн шийдвэргүйгээр шуурхай шийдсэн нь үнэхээр арга мухардсан нөхцөл үүссэн. Тухайн үеийн хүнд нөхцөл байдлаас гарах шийдэл үүнээс өөр байгаагүй тул Холбооны удирдлагын хувьд олон хөрөнгө оруулагч гишүүдийнхээ эрх ашгийг бодолцон дулаанд холбогдох зорилгоор тэдний хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хэн нэг хүний эрх ашгаас болж олон нийтийн эрх ашиг зөрчигдөж болохгүй гэдгийг баримталсан. Мфикс капитал ХХК, О.Одгэрэл нар хоорондоо өмчийн маргаантай асуудлаар өнөөг хүртэл шүүхээр явж ирсэн бөгөөд 2022 онд Мфикс капитал ХХК, О.Одгэрэл нарын хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Миний хувьд өөрийн гишүүдийн хөрөнгө оруулалтаар дулаан хангамжийн системийг сайжруулахаар төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу ЦТП барьсан нь аливаа нэг хууль тогтоомж зөрчөөгүйгээс гадна нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан ёс зүй юм. 2024 оны байдлаар тус ЦТП-ийн барилгад өндөр болон нам бүс гэсэн 2 тусдаа дулаан дамжуулах систем буюу тоног төхөөрөмж ажиллаж байгаа. Холбооны зүгээс 2020-2022 онуудад 2 удаа нийт 400 орчим сая төгрөгийн хөрөнгө босгож нам бүсийн тоног төхөөрөмжийг мөн адил өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан. Энэ нь өндөр бүсийн асуудалтай огтоос хамааралгүй бөгөөд А ХХК-ийн гэх зальтай этгээдүүд зөвхөн ЦТП гэдэг нэрийдлээр хоёуланг хувьдаа завшихаар зүтгэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад тусгасан өндөр бүсийн өмчлөлтэй холбоотой маргаанд нам бүс болон түүний тоног төхөөрөмж огт хамааралгүй, тусдаа өмчийн асуудал гэдгийг анхаарна уу гэжээ.
3. Хариуцагч А ХХК-иас хариу тайлбартаа: А ХХК нь хариуцагч З ГҮТББ холбогдуулан, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зайсан Максим ХХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдох Нийслэлийн **** дүүргийн *** дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01117 дугаар магадлал гаргасан. З ГҮТББ болон А ХХК нарын байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаар бүхий Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийн гол зүйл болох тус гэрээтэй холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасныг үндэслэн тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Ж ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4/, Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, Хамтран ажиллах гэрээ /хх 6-8/, Голомт банкын орлогын мэдүүлэг /хх 9-11, 13/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /хх 12/, Зайсан дэд бүтэц холбооны дүрэм /хх 14-17/, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ /хх 18-19/, Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай /хх 44-46/, Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх, шаардлагаа тодруулах тухай /хх 80-82/, Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, шаардлага тодруулах тухай /хх 153-156/,
5. Нэхэмжлэгч Ж У ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл гаргах тухай /хх 57-58/, Ж У ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 59/, Хамтран ажиллах гэрээ /хх 60-61/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 62-63/, итгэмжлэл /хх 148, 151/, Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, шаардлага тодруулах тухай /хх 153-156/,
6. Нэхэмжлэгч С ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл гаргах тухай /хх 130-132/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 133/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 134/, итгэмжлэл /хх 135/, Хамтран ажиллах гэрээ /хх 136-138/, Төлбөрийн баримт /хх 139-142/,
7. Хариуцагч З ГҮТББ-аас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 21, 74-75/, Хариу тайлбар гаргах тухай /хх 76-78/, Техникийн нөхцөл №109/2014, хавсралт /хх 91-95/, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн аманд шинээр байгуулах дулаан дамжуулах төвийн халаалтын иж бүрэн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хх 96-99/, Зайсангийн зүүн салааны өндөр бүсэд угсрагдах халаалтын цогц төхөөрөмжийн тоноглолын жагсаалт /хх 100/, ДДТ-ийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт /хх 101/, Дулааны шугамаас огтолгоо авч ЦТП рүү оруулах ажлын гэрээ /хх 102-103/, Зайсангийн амны дулаан хангамжийн сүлжээний зүүн салааны дулаан дамжуулах төв /ДДТ/-ийн цахилгаан хангамжийн шугам, самбарын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт /хх 104-110/, Зайсангийн амны зүүн салааны ДДТ-ийн барилга угсралтын ажлын хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийн гэрээ /хх 111-114/, Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ /хх 115-116/,
8. Хариуцагч А ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 27, 29/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2024/01251 дугаар шийдвэр /хх 30-33/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/01117 дугаар магадлал /хх 34-36/, Хариу тайлбар гаргах нь /хх 37-38/,
9. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн Жи хүсэлтээр А ХХК-ийн 25/54 тоот албан бичиг, хавсралт /хх 158-163/, Эрчим хүчний яамны в/1309 албан бичиг, хавсралт /хх 164-170/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. З ГҮТББ болон А ХХК нарын байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаар Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар тодорхойлсон.
2.2. Хөрөнгө оруулсан хэмжээгээр маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын үндэслэлээ 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулсан хэмжээгээр тодорхойлсон.
2.3. А ХХК-г маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолтой холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар тодорхойлсон.
3. Хариуцагч З ГҮТББ нь гишүүддээ мэдэгдэл хүргүүлээгүй, УЗ-ийн шийдвэргүйгээр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаар Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хариуцагч А ХХК нь зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тайлбарыг гаргасан.
5. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Ж ХХК, Ж У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч А ХХК-д холбогдох маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолтой холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай шаардлагаасаа татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэргийг хэрэгсэхгүй болгоно.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Ж ХХК болон хариуцагч З ГҮТББ нарын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” нотлох баримтаар авагдсан байна. Уг гэрээгээр З ГҮТББ нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны Зайсангийн аманд байрлах оршин суугчдыг инженерийн шугам сүлжээг өргөтгөх, цахилгаан шугам сүлжээ, автозамтай болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэхээр сайн дурын үндсэн дээр гишүүдэд үйлчилдэг тэдгээрийн эрх ашиг сонирхолыг хамгаалах үндсэн зорилготойгоор байгуулагдсан болох, Холбоо нь дэд бүтцийн барилга байгууламжийг өргөтгөх, шинээр барьж байгуулах ажлыг хэрэгжүүлэх, гишүүн нь өөрийн Зайсангийн аманд хууль тогтоомжийн дагуу ашиглах эрхтэй газарт баригдах барилга байгууламжийн Дэд бүтцийн хэрэглээний ачаалалд ногдох хэмжээгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг оруулах, Холбоо нь гишүүний хөрөнгө оруулалтын үндсэн дээр төслийг хэрэгжүүлж, гишүүний барилга байгууламжийг дэд бүтцээр хангагдах нөхцөл боломжийг бий болгон, дээд бүтцээр хангагдах хэмжээг тодорхойлон түүнийг нотлох бичиг баримтыг холбогдох төрийн байгууллагад гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон байна.
Түүнчлэн мөн өдөр буюу 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ж У ХХК, нэхэмжлэгч С ХХК нар нь тус бүр З ГҮТББ-тай дээрх гэрээтэй ижил утга агуулга бүхий Хамтран ажиллах гэрээг байгуулсан байх бөгөөд хавтаст хэргийн 60, 136 дугаар талд авагдсан.
Мөн хавтаст хэрэгт хариуцагч З ГҮТББ нь хариуцагч Ану сервис ХХК-тай байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаартай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ” нотлох баримтаар авагдсан байна.
Дээрх гэрээний Б тал буюу “А ” ХХК нь Зайсангийн аманд “Танктай” дулаан дамжуулах төвөөс “Зайсан скай” хотхон хүртэлх дулааны шугамыг дангаар захиран зарцуулах эрхтэйгээр эзэмшдэг болох, А тал буюу З ГҮТББ нь Эрчим хүчний яамнаас олгосон №109/2014 тоот Дулааны техникийн нөхцөлийн дагуу “Эрчим төсөл” ХХК-иар Зайсангийн зүүн салааны дулаан хангамжийн зураг төслийг хийлгүүлсэн болох, Техникийн нөхцөл, зураг төслийн дагуу З ГҮТББ нь Зайсан толгойн зүүн хойд талд шинээр Дулаан дамжуулах төвийг нэр бүхий гишүүдийнхээ хөрөнгөөр барьж байгуулж, ашиглалтанд оруулсан болох, А тал буюу З ГҮТББ-ын гишүүн байгууллагууд Техникийн нөхцөл, зураг төслийн дагуу Шинэ Дулаан дамжуулах төвөөс дулаанаар хангагдах болохыг харилцан тохиролцсон байна. Гэрээний 2.1.1-д Шинэ Дулаан дамжуулах төвийн барилга, түүн дотор угсарч суурилуулсан дулааны иж бүрэн тоног төхөөрөмжийг “А ” ХХК-ийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ, 2.1.2-т №109/2014 тоот Дулааны техникийн нөхцөлийн дагуу З ГҮТББ-ын хавсралт 1-д багтсан нэр бүхий хуулийн этгээд нь “А ” ХХК-ийн эзэмшлийн дулааны шугам сүлжээнд холболтын хураамжийг харилцан тохирч гэрээ байгуулан, төлсний дараа Дулаан дамжуулах төв болон дулааны шугамаас холболт авах эрхтэй гэж тохиролцсон байна.
6.2. Зохигчид “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулагдсан эсэх, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй.
Зохигчийн тайлбарыг талуудын байгуулсан Хамтран ажиллах гэрээний агуулгатай харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Ж ХХК, Ж У ХХК, С ХХК болон хариуцагч З ГҮТББ нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан.
6.3. Зохигчид 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүй байгуулагдсан гэж маргаж байна.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлд Удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хариуцлагыг заасан ба 12.1-д Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна гэж, 12.2-д Гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж хуульчилжээ.
Түүнчлэн Зайсан дэд бүтэц холбооны дүрмийн 7.9-д Холбооны Удирдах зөвлөлийн даргын эдлэх эрхийг заасан байх бөгөөд холбооны удирдах зөвлөлийн даргад холбооны хөрөнгийг дангаар захиран зарцуулах эрхийг олгоогүй байхаас гадна холбооны дүрмийн 10.1-д холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг гишүүдээс татаж төвлөрүүлнэ. Гишүүн тус бүрээс гарах хөрөнгийн хэмжээг түүнд шаардлагтай дулаан, цэвэр ус, бохирын хэрэглээний хэмжээтэй уялдуулан ноогдуулна, 11.1-д холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоор хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна гэж заасан байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Энэ хуулийн заалтаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчих нь зарчмын хувьд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцохыг тогтоосон.
Түүнчлэн Иргэний хуулийн 50 дугаар зүйлд зөвшөөрлөөр хийх хэлцлийг заасан бөгөөд мөн хуулийн 50.1.Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж, 50.2.Зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй гэж заасан.
Хариуцагч З ГҮТББ нь тус холбооны гишүүн байгууллагуудаас зөвшөөрөл олгоогүй, мөн тус холбооны удирдах зөвлөлийн хурлаас зөвшөөрөөл олгосон шийдвэр гаргаагүй байхад дээрх маргаан бүхий 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаар Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
Дээрх үндэслэлээр хариуцагч З ГҮТББ болон хариуцагч Ану сервис ХХК нарын байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаартай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ” нь З ГҮТББ-ын гишүүн байгууллагуудын зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ. Иймд нэхэмжлэгч Ж ХХК, Ж У ХХК, С ХХК нарын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаартай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангана.
7. Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа буюу хамтран өмчилж болох тухай Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж ХХК, Ж У ХХК, С ХХК нарын хариуцагч З ГҮТББ-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээнээс үзэхэд гэрээний 2.1.4-д зааснаар хариуцагч З ГҮТББ нь хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж буй төсөлд захиран зарцуулах эрхтэй байхаас гадна дээрх гэрээгээр талууд гэрээний зүйлийг хөрөнгө оруулалтын хэмжээгээр өмчлөх талаар тохиролцоогүй байна.
Иймд нэхэмжлэгч Ж ХХК, Ж У ХХК, С ХХК нарын “Хөрөнгө оруулсан хэмжээгээр маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолын өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
8. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,450 төгрөгийг, нэхэмжлэгч Ж У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 966,283 төгрөгийг, нэхэмжлэгч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,016,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,135,133 /597,950+590,783+946,400/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК, Ж У ХХК нар нь хариуцагч “А ” ХХК-д холбогдох маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолтой холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16/25 дугаартай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “Хөрөнгө оруулсан хэмжээгээр маргаан бүхий дулаан дамжуулах шугам, төв, тоноглолын өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэгч Ж ХХК, Ж У ХХК, С ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,450 төгрөгийг, нэхэмжлэгч Ж У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 966,283 төгрөгийг, нэхэмжлэгч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,016,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ГҮТББ, А ХХК нараас 2,135,133 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК, Ж У ХХК, С ХХК нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН