Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/731

 

 

 

 

 

  2024           06             26                                        2024/ДШМ/731

 

 

А.Э холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор П.Итгэл,

           шүүгдэгч А.Э  /цахимаар/,

           түүний өмгөөлөгч А.Буянжаргал,  

           нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/424 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э ийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Одгэрэлийн бичсэн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр эсэргүүцлээр А.Э холбогдох эрүүгийн 2409 00351 0090 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Шүүгдэгч А.Э  нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** цаг ** минутын орчимд Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбай дээр өөрийн эзэмшлийн **** УНД улсын дугаартай “тоёота приус” 30 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокуророос: А.Э ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч А.Э оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй ба шүүгдэгч А.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.          

Шүүгдэгч А.Э  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлж, дэмжлэг үзүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдлийн гэм хорыг ухамсарлан ойлгож, энэ тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ мөн хэлсэн билээ. Анхан шатны шүүх гэм буруугийн талаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байна. Миний бие ам бүл 2, өндөр настай эхийн хамт амьдардаг бөгөөд өөрийн эзэмшлийн **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж амьжиргаагаа залгуулдаг байсан бөгөөд цаашид төрсөн эхээ халамжлах, өрхийн  орлого олж ажил хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа, гагцхүү 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Одгэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно." гэж заасан байна. Гэтэл шийтгэх тогтоолд шүүгдэгч А.Э 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байх ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эрхлэн тоолохоор заасан нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Тухайн зүйл ангид хорихоос өөр төрлийн сонгох санкц байгаа ч анхан шатны шүүх энэ гэмт хэрэгт хорих ял оногдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. А.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохиролгүй, азаар гэмт хэрэг таслан зогсоогдож ямар нэгэн хүн хохироогүй. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд өөрийн хувийн байдалтайгаа холбогдуулан хэргийн 111 дэх талаас эхлэн 14 хуудас баримт гаргаж өгсөн. Олон тооны банк, санхүүгийн байгууллагын өр зээлтэй, өндөр настай эхийн хамт амьдардаг, амьдралаа такси үйлчилгээгээр зохицуулдаг гэж тайлбарласан. Хэдийгээр жолоодох эрхээ хасуулсан үедээ энэ хэрэгт дахин холбогдсон ч хувийн байдлын хувьд өөр ял шийтгүүлж байгаагүй. Залуу хүн хорих ангид 2 сар хоригдож өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, дүгнэлт хийж байгаагаа илэрхийлж байгаа. Эдгээр нөхцөлийг харгалзан үзэж цагдан хоригдсон 64 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 480 цагаар дүйцүүлэн сольж, нэг удаа боломж олгоно уу. ...” гэв.

Прокурор П.Итгэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан. Гэтэл шийтгэх тогтоолд шүүгдэгч А.Э 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байх ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эрхлэн тоолохоор заасан нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, залруулах шаардлагатай гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Давж заалдах гомдлын тухайд, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон. А.Э  нь 22 хоногийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн эрхээ хасуулсан боловч дахин хэрэглэж 4.91 буюу гадна орчинтой ямар нэгэн байдлаар харьцах ухамсарт үйлдэл хийх боломжгүй, маш өндөр зэргийн согтолттой үедээ автомашингүй, олон хүн чөлөөт цагаа өнгөрөөдөг Сүхбаатарын талбайд тээврийн хэрэгсэлтэй явсан. Уг үйлдлийг нь цагдаагийн алба хаагч нар зогсоох арга хэмжээ авах гэхэд зугтаасан. 22 хоногийн өмнө эрхээ хасуулж, 400.000 төгрөгөөр торгуулсан боловч үйлдэлдээ ямар ч дүгнэлт хийгээгүй жолоо барьсан нь түүнийг ухамсарт үйлдлээ алдсан үедээ жолоо барьдаг болохыг харуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цээрлүүлэх шаардлагатай гэж үзэж хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ял үндэслэлтэй байна. Харин 3 жилийн эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссанаас хойш тооцохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Э ийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч А.Э  нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** цаг ** минутын орчимд Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбай дээр өөрийн эзэмшлийн **** УНД улсын дугаартай “тоёота приус” 30 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон болох нь:

2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтуурал шалгасан тэмдэглэлээр А.Э  нь 4.91 хувь согтолттой гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6, 8/, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эрх хасагдсан гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа, /хх 31/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн материалын хуулбар /хх 53-98 /, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0028624 дугаартай шийтгэлийн хуудас /хх 95/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч А.Э ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч А.Э ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Э  нь “...би настай ээжтэйгээ амьдардаг ба таксинд явж амьжиргаагаа залгуулдаг. Ажил хийж өрхийн орлого олох зайлшгүй шаардлагатай байна. Иймд хорих ялыг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж, прокурор Б.Одгэрэл нь “...шийтгэх тогтоолд шүүгдэгч А.Э 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байх ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эрхлэн тоолохоор заасан нь эрүүгийн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.  

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж,  хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Э ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Өөрөөр хэлбэл, А.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хэдий ч  20** оны ** дүгээр сарын **-ний өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4.91 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон байх ба түүний согтуурлын зэрэг өндөр хувьтай мөн өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө дүгнэлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч А.Э ийн “надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү” гэх гомдол болон түүний өмгөөлөгчийн “цагдан хоригдсон 64 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 480 цагаар дүйцүүлэн сольж, нэг удаа боломж олгоно уу” гэх санал зэргийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа ...тоолно...” гэж заасан байх ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч А.Э оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай...” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын бичсэн “анхан шатны шүүх хуулийн заалт буруу хэрэглэсэн” гэх эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/424 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч А.Э  нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/424 дүгээр шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 65 /жаран тав/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/424 дүгээр шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч А.Э оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч А.Э оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.  

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Э ийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ 

 

                         ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА 

 

                                    ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ