Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00289

 

****-ын нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/03090 дугаартай шийдвэртэй

            Нэхэмжлэгч ******, ******, ****** нарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч ******д холбогдох

            2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 тоот хаягт байрлах 19.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч ******, ******, ****** нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******, ****** бид *****-ийн төрсөн хүүхдүүд бөгөөд аавыг маань нас барсны дараа түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20  тоот хаягт байрлах 19,5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг бид эх ******ийн хамт өвлөж, 13 дугаартай гэрчилгээ авсан.

            Бид 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өвлөгдөх эд хөрөнгө хуваарилах гэрээ байгуулж, тус бүр 33,3 хувийг өвлөхөөр өвлөгдөх эд хөрөнгийг хуваарилсан. Аав маань амьд сэрүүн ахуйдаа өвчний улмаас БНХАУ руу эмчилгээнд явахаар төлөвлөж байсан боловч эмчилгээнд явж чадалгүйгээр нас барсан.

            Талийгаачийн оршуулгын ёслолын үеэр авга ах ****** нь “аав чинь эмчилгээний зардлаа надаас зээлж, орон сууцны хамтран өмчлөгчөөр намайг нэмж оруулах гэрээ байгуулсан. Тохирсон мөнгөө авч амжилгүй” гэж хэлсэн. Тухайн үед бидэнд энэ талаар ярилцах сөхөө байгаагүй учраас асуудлыг орхисон. 

            Ингээд бид маргаан бүхий орон сууцанд очиход ****** хууль бусаар орон сууцыг эзэмшиж байсан. Анх ******г орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмүүлэх гэрээ байгуулсан зорилго нь эмчилгээний төлбөрөө ******гээс зээлэх, зээлийг эргүүлэн төлөх хүртэл баталгаа болгож орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмүүлэх тохиролцоо байсан. Гэтэл уг гэрээний зорилго биелэгдээгүй, ****** нь манай аавд мөнгө зээлээгүй, гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй. ****** орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль ёсны өмчлөгч болох ******, ******, ****** бидний өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.

            Иймд ******, ****** нарын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ******г Сонгинохайрхан дүүргийн 20  тоот орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

            2.Хариуцагч ******гийн тайлбарын агуулга: Миний авга ах ****** нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан. Охин ****** нь эцэг ******ийг эмнэлэгт бие нь муу хэвтэн эмчлүүлж байхад нь 2012 оны 05 сард Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 21 хорооллын 3 дугаар байрны 26 тоот орон сууцыг нь авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр уг байрны оногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Авга ах ****** байраа зарж, шүүхийн шийдвэрийн дагуу ******д мөнгө өгч, үлдсэн мөнгөөрөө орон сууц авч хүрэлцэхгүй тул орох орон гэргүй болсон.

            Авга ах маань хэсэг ах дүү нараараа хэсэн амьдарч байхад эцэг С.Цболон ах дүү нарын дэмжлэг туслалцаагаар Сонгинохайрхан дүүрэг 20  тоотод байрлах 19.3 м.кв 1 өрөө орон сууцыг худалдан авч ганцаараа амьдарч байсан.

            Авга ах ****** нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр надтай дээрх маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл хийж, нотариатаар баталгаажуулсан. Тухайн үед уг байр зээлийн барьцаанд байсан, зээлээ төлж дууссаны улсын бүртгэлийн газарт хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхээр бид ярилцаж байсан боловч авга ах маань нас барсан. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг нотариатаар баталгаажуулсан тул би уг орон сууцыг 50 хувиар эзэмшиж байгаа гэж үзэж байна. Одоо тус байранд талийгаачийн эгчийн хүү ****** гэдэг хүн амьдарч байгаа. Нэхэмжлэгч ******, ******, ****** нар нь авга ах *****-ийн орон сууцыг өвлөн авах эрхгүй хүмүүс. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3.Хариуцагч ******гийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Авга ах ****** нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ****** намайг Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Хүнс трейдийн 48 байр 13 тоотод байрлах 19.5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан.       Тухайн үед уг байр зээлийн барьцаанд байсан тул бид дээрх хэлцлийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж амжаагүй. Энэхүү орон сууцыг авга ах ****** нь “ах дүү нарын минь тусламж дэмжлэгээр авсан байр тул та нарын өмч юм шүү энэ орон сууцыг өөр хэн ч булаацалдах ёсгүй” гэж захиж байсан. Ингээд намайг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхээр нотариатаар батлуулж гэрээслэл үлдээсэн. Иймд ****** намайг Сонгинохайрхан дүүрэг 20 тоотод байрлах 19.5 м.кв талбай бүхий 1 өрөө 29,600,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

            4.Нэхэмжлэгч ******, ******, ****** нараас сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн тайлбар болон өвлөх эрхийн гэрчилгээгээр тус орон сууцны хамтран өмчлөгчөөр ******г улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан нь нотлогддог. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгож хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргадаг. Энэ нь тухайн өвлөгдөж буй хөрөнгөд өөр өвлөгч байгаа эсэхийг шалгахын тулд тусгай субьектэд хандаж, өвлөх эрхийн гэрчилгээг олгодог. Гэтэл хариуцагч ****** нь хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь тус этгээдийг хамтран өмчлөгч биш гэдгийг нотолж байна. Иргэний хуульд улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгэх ёстой гэж заасан байдгаас үзвэл хариуцагчийн хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,109 дүгээр зүйлийн 109.1, 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт заасныг баримтлан ******, ******, ****** нарын нэхэмжлэлтэй хариуцагч ******д холбогдох Сонгинохайрхан дүүргийн 20 тоот хаягт байрлах 19.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг, ******гийн нэхэмжлэлтэй ******, ******, ****** нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 20 тоот хаягт байрлах 19.5 м.кв талбайтай 1 өрөө 29,600,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,150 төгрөгийг, хариуцагч ******гээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,560 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            6.Хариуцагч ******гийн давж заалдах гомдлын агуулга:

            6.а.2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж орүулах хэлцлийг ******, ****** нар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар "хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцож хийсэн. Энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талийгаач ****** нь ******тэй хэлцэл байгуулсан болсон зорилго нь эмчилгээний төлбөрөө зээлэх, зээлийг эргүүлэн төлөх хүртэл баталгаа болгож орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмүүлэх тохиролцоо байсан боловч уг гэрээний зорилго биелэгдээгүй, манай аавд мөнгө зээлээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь буруу болсон.

            6.б.Нэхэмжлэгч ******, ******, ****** нар нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч ****** нь тус шүүхэд Сонгинохайрхан дүүргийн 20 тоот хаягт байрлах 19.5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх 2 хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10803 дугаар захирамжаар ******гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Иймд хариуцагчаас Сонгинохайрхан дүүрэг 20  тоотод байрлах 19.5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар үндсэн нэхэмжлэлээсээ татгалзсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн.

            6.в.Талийгаач ****** нь маргаж буй орон сууцыг өөрийн ах дүүсийн дэмжлэг тусламжаар авсан тул хариуцагч ******г хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх хэлцлийг өөрийн хүсэл зорилгын үндсэн дээр хийсэн болохыг сөрөг нэхэмжлэлд тодорхой дурдсан байдаг. Шүүх мөн авга ах ****** нь энэ байр бол ах дүү нарын минь тусламж дэмжлэгээр авсан байр та нарын өмч энэ орон сцуцыг өөр хэн ч булаацалдах ёсгүй гэж захиж байсан гэх тайлбараа хариуцагч талаас нотолж чадаагүй гэж үзсэн. Энэ талаар талийгаач *****-ийн төрсөн дүү С.Д нь энэхүү хэлцлийг хийсэн талаар мөн тусалж дэмжиж орон сууц авсан талаар "тодорхойлолт" бичиж нотариатаар баталгаажуулж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

            Мөн шүүх хүралдаанд талийгаач ******тэй хамтран амьдарч байсан С.Д гэрчээр оролцуулахаар шүүх хуралдаан товлосон өдөр ирсэн байхад хариуцагч талын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь мэтгэлцэх боломжоор хангаагүй. С.Д нь маргаан бүхий орон сууцыг ах дүүгийн тусламж дэмжлэгээр авч байсан тухай, орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл хийх болсон тухай тодорхой мэдэж байгаа зүйлийн талаар тайлбар гаргах байсан гол гэрч байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдолд үндсэн нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгөд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байна. Энэ нь манай нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага тодруулж, өөрчилсөн. Иймээс эхний гомдол үндэслэлгүй. Мөн гэрч оролцуулаагүй гэх үндэслэлээр гомдол гаргажээ. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч оролцуулах хүсэлт гаргасан. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна, гэрч нараас юуг асууж тодруулах нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь хууль зөрчөөгүй. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

            1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад шүүх хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

            2.Нэхэмжлэгч ******, ******, ****** нар хариуцагч ******д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 20  тоот хаягт байрлах орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... бид аав *****-ийн хууль ёсны өвлөгч болохын хувьд 13 тоот орон сууцны өвлөж авсан, ... ****** бидэнд мэдэгдэлгүйгээр орон сууцыг хууль бусаар эзэмшиж, оруулахгүй байна” гэж тайлбарлажээ.

            3.Хариуцагч “... орон сууцанд талийгаачийн эгч н.Дхүү н.Э байгаа, түрээсэлдэггүй, ... авга ах ****** 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр намайг ... орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан, тухайн үед барьцаанд байсан тул улсын бүртгэлийн газарт бүртгүүлж амжаагүй, ... нас барсан” гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

            4.Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан өвлөх эрхийн гэрчилгээ, өвлөгдөх эд хөрөнгө хуваарилах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талийгаач *****-ийн нас барсны гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл зэрэг баримтуудыг /хх-9-13, 18/ үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

            5.Энэ шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            6.Хариуцагч ****** нотлох баримтыг шүүх буруу үнэлсэн, хариуцагчийн гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

            6.а.Хэргийн 89 дэх талд авагдсан бичгийн баримтаас үзэхэд, ******, ****** нар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр харилцан тохиролцож маргааны зүйл болж буй орон сууцны хамтран өмчлөгчөөр ******г нэмж оруулах хэлцэл хийсэн байна. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэлт зоригоо илэрхийлсэн, баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж үйлдсэн байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийн хувьд хуулиар нэмэлт шаардлага тавигддаг. Уг шаардлагыг хангаснаар хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэх нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, талууд хэлцлийг улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр нэмж бүртгэгдсэнээр хэлцэл хүчин төгөлдөр болно. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дах хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Уг хэлцлийг хуульд заасан журмын дагуу бүртгүүлээгүй байна.

            6.б.Хэлцлийн нэг тал болох ****** нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан, дээрх хэлцлийн дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр хариуцагч ****** нэмж бүртгүүлээгүй үйл баримт тогтоогдсон байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн байна.

            6.в.Хэрэгт авагдсан талийгаач *****-ийн дүү С.Д “тодорхойлолт” гэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дах хэсэгт заасан гэрчийн мэдүүлгийн хэмжээнд нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Шүүхээс зохих журмын дагуу бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг биш байна.

Мөн талуудын маргааны зүйл болж байгаа хэлцэл нь улсын бүртгэлээр баталгаажсанаар өмчлөх эрх шилжсэнд тооцох хэлцэл учир тухайн хэлцэл хийгдэх болсон тухай гэрчийн мэдүүлэг нь уг хэлцлийн хүчин төгөлдөр байдалд шууд нөлөөлөх ач холбогдолтой баримт гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүх гэрчийг асуугаагүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа дутуу хийсэн гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлгүй. Хэргийн оролцогч энэ талаар хүсэлт гаргаагүй байна.

7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/03090 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүрэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

                                                                                           Ч.ЦЭНД