2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/02677

 

 

 

 

 

 

 

 

 

2025              04            07                                                  192/ШШ2025/02677

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 06 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******)-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******, АОС 90-1 тоот хаягт оршин суух Гэндэнтайж овогт Баасансүрэнгийн Хонгорзул (РД:ЧС77033105)-нд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 114,800,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 114,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 0080 дугаар зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Анх 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,950,000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 9,050,000 төгрөг нийт 4 удаагийн гүйлгээгээр 46,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнд гэрээний дагуу зээлсэн төлбөрийн хүүд 4 хувийг нэмж төлөхөөр заасан байдаг. Зээлийн хүүгээ урьдчилж төлнө гэсэн хүсэлт гаргаад 6,000,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 8,000,000 төгрөг гар дээрээ аваад нийт 60,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй. Зээлийн барьцаанд аав, ээжийнхээ өмчлөлд байх орон сууцны гэрчилгээг барьцаалсан. Тухайн орон сууц нь *******,,, тоот гэсэн хаяг байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүү болон алданги тооцож 114,800,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

 

2.Хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан (хавтаст хэргийн 15 дахь тал), түүнээс хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж түүнд тов мэдэгдсэн байх боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь Б.Болдбаатарын эзэмшлийн дугаар дансны 2022 оны 12 дугаар сарын 17, 2022 оны 12 дугаар сарын 21, 2022 оны 12 дугаар сарын 23, 2022 оны 12 дугаар сарын 24, 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрүүдийн дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар тус тус гаргаж өгснийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 0080 дугаар зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Анх 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,950,000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 9,050,000 төгрөг нийт 4 удаагийн гүйлгээгээр 46,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнээс нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй. Зээлийн барьцаанд *******,,, тоот орон сууцыг барьцаалсан. Иймд хүү болон алданги 114,800,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Зохигч талуудын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 70,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх нөхцөл бүхий 0080 дугаартай зээлийн гэрээ болон уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 0080 дугаартай барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан.

 

4.2.Зээлдэгч буюу хариуцагч нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

 

5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний гол нөхцөлөөс үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т “...сарын 4 хувийн хүүтэй”, 3.7-д “...хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө” гэж заасан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ…”, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6 дахь хэсэгт “…хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, түүний хүү, хугацаа хэтрүүлсний алдангийг шаардах эрхтэй.

 

7.Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.6-д “...хүүг сар бүрийн 8-ны өдөр, үндсэн зээлийг хугацаан эцэст...” гэж зааснаас үзэхэд хариуцагч нь зээлийн хүүд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2,800,000 (70,000,000₮*4%/100=2,800,000₮) төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2,800,000 (70,000,000₮*4%/100=2,800,000₮) төгрөг тус тус төлөх, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн 2,800,000 (70,000,000₮*4%/100=2,800,000₮) төгрөг, нийт 72,800,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Гэвч хариуцагч нь дээрх хуваарийг биелүүлээгүй байх тул хэтэрсэн хугацааны алданги төлөх бөгөөд алдангийг дараах байдлаар тооцох нь зүйтэй байна. Үүнд:

2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлөх байсан 2,800,000 төгрөгийг төлөөгүйн алдангийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл тооцвол 1,923,600 (2,800,000*0.3*229 хоног=1,923,600) төгрөг,

2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төлөх байсан 2,800,000 төгрөгийг төлөөгүйн алдангийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл тооцвол 1,680,000 (2,800,000*0.3*200 хоног=1,680,000) төгрөг,

2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлөх байсан 72,800,000 төгрөгийг төлөөгүйн алдангийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл тооцвол 39,748,800 (72,800,000*0.3*182 хоног=39,748,800) төгрөг, нийт 43,352,400 төгрөгийн алданги төлөхөөр байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ алданги 25,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

8.Зохигч талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийг шаардлага хангасан байх тул хариуцагч нь үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 70,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,400,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 25,200,000 төгрөг, нийт 103,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх”, 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 802,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 746,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваариллаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 103,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 11,200,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, , нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206007825 дугаарт бүртгэгдсэн, *******, 01 дүгээр хороо,*******, 1 байр, 90 тоот 360.63 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Болдбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 802,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 746,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ТӨРБОЛД