Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00290

 

*****-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/03630 дугаартай шийдвэртэй

 Нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч ******-д  холбогдох

 Түрээсийн гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний гүйцэтгэл 3,546,665 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би 2021 оны 03 сарын 17-ны өдөр ******тай түрээсийн гэрээ байгуулж,  /Тоwеr/-ын 603, 606 гэсэн тоот 2 өрөөг түрээсэлсэн. Бид 603 тоот өрөөний сарын түрээс 1,150,000 төгрөг, 606 тоот өрөөний сарын түрээсийг 1,250,000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Би дээрх 2 оффисын өрөөний барьцаанд 2,400,000 төгрөгийг өөрийн ХААН банкны 53хххх дугаар данснаас ****** руу шилжүүлсэн. Мөн уг дансаар түрээсийн төлбөрөө шилжүүлж байсан.

 /Тоwеr/-т оффис түрээслэх явцад лифт, авто зогсоол ашиглуулдаггүй, үйлчлүүлэгч ирэхэд зогсоолгүй гээд машинаа тавьж чадахгүй ачуулах тохиолдол гарч байсан. Дээрх нөхцөл байдал болон зайлшгүй шалтгаанаар хугацаанаасаа өмнө гарахаар болсон. Түрээслүүлэгчээс барьцаа болон үлдэгдэл түрээсийн мөнгөө нэхэхэд өгөөгүй. Иймд барьцаа 2,400,000 төгрөг, түрээийн төлбөрт илүү төлсөн 603 тоотын 229,999 төгрөг, 605 тоотын 916,666 төгрөг, нийт 3,546,665 төгрөгийг хариуцагч ******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******гийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нэхэмжлэгч ******* нь түрээсийн хугацаанд төлбөрөө хийсэн ч гэрээг шалтгаангүйгээр хугацаанаас нь өмнө цуцалсан. Бид өөр түрээслэгч олох, цаг хугацаа, мөнгөөр хохироход хүргэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:   Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******гаас 1,547,999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,998,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 71,697 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******гаас 39,717 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч *****-ийн давж заалдах гомдлын агуулга:

4.а.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч барьцаа 2,400,000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэжээ. Хэргийн 16 дах талд авагдсан ХААН банкны интернет банкаар нэхэмжлэгчээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,150,000 төгрөгийг хариуцагч ******гийн 500ххххх дугаар данс руу шилжүүлсэн баримт байгаа. 606 тоотын барьцаа 1,250,000 төгрөгийг мөн оны 03 дугаар сарын 20-ны өдөр  /Tower/-ийн менежерт бэлнээр өгсөн. Надад мөнгө авсан баримт өгсөн боловч баримтаа олоогүй. Түрээсийн төлбөрийг мөн сарын 17-ны өдөр  бэлнээр 1,250,000 төгрөг, 04 дүгээр сарын 01-ний өдөр дансаар 1,250,000 төгрөг, 05 дугаар  сарын 14-ний өдөр 1,250,000 төгрөг, 06 дугаар сарын 02-ны өдөр 1,250,000 төгрөг, 07 дугаар сарын 02-ны өдөр 1,250,000 төгрөг шилжүүлсэн.

603 тоотын барьцаа мөнгө 1,150,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийн ХААН банк дах 500хххх дугаар дансанд шилжүүлсэн. Түрээсийн төлбөрийн 05 дугаар сарын 14-ний өдөр 1,150,000 төгрөг, 06 дугаар сарын 14-ний өдөр 1,150,000 төгрөгийг тус тус төлсөн. Түрээсийн төлбөрт 7,300,000 төгрөг, барьцаанд 2,400,000 төгрөг нийт 9,700,000 төгрөг төлсөн.

4.б.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчбарьцааны мөнгө аваагүй, түрээсийн мөнгө авсан гэж худлаа ярьж, үнэнээс зөрсөн тайлбар өгсөн. Иймээс барьцааны мөнгийг авсан  /Tower/-ын менежерыг шүүх хуралдаанд гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас хангаагүй үлдсэн барьцааны мөнгө 2,400,000 төгрөгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  

5.а.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т зааснаар "гэрээнээс татгалзах тухай нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх", мөн гэрээний 7.4-т зааснаар "гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь тухайн сарын түрээсийн төлбөрийг бууруулах буюу төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж тус тус заасантай зөрчилдөж байна.

5.б.Шүүх нэхэмжлэгчийн ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрийн хугацааг тооцохдоо түүний хариуцагчид өгсөн мэдэгдэл буюу 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хугацааг тооцсон нь үндэслэлгүй. 603 тоот өрөөний түрээсийн төлбөрийг ямар нотлох баримтыг үндэслэн 30 хоногийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

5.в.Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 318 дугаар зүйлин 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь өөр хоорондоо зөрчилтэй байна гэжээ.

 

6.Нэхэмжлэгч *****-ийн давж гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Тухайн үед би өөрөө бага насны хүүхэдтэй, Ковид 19 зэрэг давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас оффисын байрнаас гарсан. Би Tower/- менежерээс барьцаа мөнгөө хэрхэн авах талаар асуухад “бичгээр хүсэлтэй гаргасан үед буцаан авах боломжтой” гэж хэлсэн. Ингээд хүсэлтэй бичгээр гаргасан боловч барьцаа мөнгийг буцаан олгоогүй. 3Хариуцагч талд ямар нэгэн хохирол учруулаагүй, түрээсийн төлбөрийг тухай бүрт төлдөг байсан гэжээ.

 

7. Хариуцагч давж заалдах гомдолд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******-д холбогдуулан түрээсийн гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний гүйцэтгэл 3,546,665 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан “Ажлын байрны түрээсийн гэрээ”, түүний хавсралт, түрээсийн зүйлийг хүлээлцсэн акт, зохигчдын тайлбар зэрэг баримтуудыг /хх-1-2, 5-9, 45-48/ үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч *****-ийн санал болгосноор гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэж байна. Харин нотлох баримт үнэлэхдээ тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

4.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******тай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу 606 тоотод байрлах 25 метр квадрат талбай бүхий метр квадрат талбайг 25,000 төгрөгөөр тооцож, 1 жилийн хугацаатай, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр 603 тоотод байрлах 50 метр квадрат талбайг нэг метр квадратыг нь 2,500 төгрөгөөр тооцон, нэг жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцсон байна. /хх-5-8, 45-48/

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн гэрээ байгуулсан өдөр түрээсийн зүйлийг хүлээн авч, ашигласан үйл баримтын талаар маргаагүй, харин түрээсийн гэрээг цуцлагдсан үндэслэлийн талаар маргажээ.  

Нэхэмжлэгч ******* гэрээг хугацаанаас өмнө цуцлах санал гаргасан гэж тайлбарласан байна. Зохигчид түрээсийн зүйл болох 606 тоот, 603 тоот өрөөнүүдийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр акт үйлдэн хүлээлцжээ. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудыг харилцан тохиролцон түрээсийн гэрээнээс татгалзсан учир гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.

            5.Нэхэмжлэгч ******* нь 606 тоот өрөөг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 3 сар 22 хоног ашигласан, энэ хугацаанд түрээсийн төлбөрт 4,875,000 төгрөг /хх-12, 13, 15, 16/ , 603 тоот өрөөний хувьд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1 сар 24 хоног ашиглаж, түрээсийн төлбөрт 2,300,000 төгрөг тус тус төлж, 603 тоот өрөөний барьцаанд 1,150,000 төгрөг /хх-19/ хариуцагчид шилжүүлсэн болох нь ХААН банкны депозит дансны хуулгаар нотлогдсон.

            6.Гэтэл анхан шатны шүүх 606 тоот өрөөний ашиглаагүй хоногийг 9 гэж тооцон түрээсийн төлбөрт 375,000 төгрөг /9 хоног х 41,666/, 603 тоот өрөөний ашиглаагүй 30 хоногийн төлбөрт 1,172, 999 төгрөг /30 хоног х 38,333/, нийт 1,547,999 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тооцсон нь буруу болсон байна.

Нэхэмжлэгчийн түрээсэлсэн хугацааны төлбөрийг талуудын гэрээгээр тохиролцсон төлбөрийн дүнгийн хэмжээгээр тооцвол 606 тоот өрөөний түрээсийн төлбөрт 4,666,666 төгрөг /3 сар 22 хоног х 1,250,000/, 603 тоот өрөөний хувьд 2,069,999 төгрөг /1 сар 24 хоног х 1,150,000/ төлөх ёстой байжээ. Иймд ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрийн зөрүү болох 438,335 төгрөг, барьцаа 1,150,000 төгрөг, нийт 1,588,335 төгрөгийг хариуцагч ******гаас буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ. Нэхэмжлэгч нь хариуцагчид барьцаанд 2,400,000 төгрөг шилжүүлсэн гэх баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй учир энэ хэмжээгээр давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

7.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн маргаанд ач холбогдолтой эргэлзээгүй талаас үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/03630 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1,547,999” гэснийг “1,588,335” гэж, “1,998,666” гэснийг “1,958,330” гэж, 2 дах заалтын “39,717” гэснийг “40,363” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

             

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

             

                                             Ч.ЦЭНД