Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2018/ЦШТ/42

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Батцог,

            Улсын яллагч Д.Алимаа,

            Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Г.О-д холбогдох эрүүгийн 1827000430036 тоот хэргийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ..... багт оршин суух урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, О овгийн Г.О

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Г.О нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн Цагаан азаргын гол гэх газар Л.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Г.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: “Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Цагаан азаргын гол” гэх газар Л.Г-тай архи ууж байгаад хоорондоо маргалдаж би Л.Гыг зодсон” гэв.

            Хохирогч 1988 онд төрсөн Л.Г мөрдөн байцаалтанд 2018-03-25-нд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 02 дугаар сарын 25-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг “Цагаан азарга” гэх газар золголтоор явж байгаад тус сумын иргэн Д гэх айлд очтол О, О нар согтуу байсан. Золгочихоод цай уугаад сууж байтал О хэрүүл гуйж гуйлгачин минь чи эрүүл байна маргааш танайд малаа туугаад очъё гээд байсан. Би мэдэхгүй юм дээ ах эгч хоёртой ярь гэж хэлсэн. Тэгтэл О май гуйлгачин минь гээд өврөөсөө цайны печень гаргаж өгсөн. Тэгэхээр нь би печенийг нь аваад өвөртөө хийтэл О үнсээдхье гэхээр нь үнсүүлэх гээд тонгойтол баруун гараараа миний зүүн шанаа руу цохиж авсанаа босож ирээд миний зүүн хөлийн нарийн шилбэ хавьцаа өшиглөхөд би өөдөөс нь О-ийн хоёр гарыг нь дээлийнх нь ханцуйнаас нь бариад автал О гараа татаж аваад миний нүүр лүү баруун зүүн нүд хөмсөг уруул шанаа руу гараараа 8-9 удаа цохиж авсан. Тухайн үед гэрт Д, Д-ийн дүү Ж, Д-ийн хүүхэд, саахалт айлын Б, О, О нар болон жаахан хүүхдүүд байсан. Д та нар гарцгаа хэрүүлийн оромж биш шүү гэхээр нь би хойшоо ухраад гартал О миний энгэрээс заамдаад хамт гадагш гарсан. Гадаа гарч ирээд О миний зүүн талын шанаа, нүд рүү 2 удаа гараараа цохьсон. Тэгээд би айсандаа хоёр гараа суг татаад зугатаасан. Тэгтэл араас О, О хоёр хөөе гуйлгачин минь гээд хөөж ирээд О эхлэн барьж аваад намайг хавсараад газар унаган миний гуя руу өшиглөж. Тэгтэл О наадахыг чинь алчихъя гээд зүүн шанаа руу 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус их гойжсон. Тэгээд энэ хоёр согтуу хүнд алуулах нь гэж би айгаад босоод зугатаасан. Чам шиг гуйлгачин амжихгүй гээд араас орилоод эр хүн шиг ярьчихаарай гуйлгачин минь гээд орилоод байсан. Гадаа харанхуй болчихсон байсан. Миний хамрын цус гоожоод байхаар нь Д-ийн гадаа мориных нь уяан дээр ирээд хамрын цусыг арчиж тогтоосон. Цусаа арчсан хүрмээ мориных нь уяан дээр хаячихаад саахалтын Б гэх айлын гэрт нь очтол Б ирээгүй Бгийн эхнэр Өөдөс хүүхэдтэйгээ байсан. Өөдөс хөвөн, нойлын цаас авч өгсөн. Цусаа тогтоочихоод гарч яваад гэртээ шууд ирсэн. Гэртээ ирэхэд шөнийн 02:00 цаг болж байсан. Гэрт ах Б, эгч Б нар байсан. Би болсон асуудлын талаар хэлсэн. Нойргүй хоносон. Өглөө нь Уянга сумын Жаргалант багийн эмчид дуудлага өгөхөд өөр дуудлаганд явчихсан унаа байхгүй гэж хэлэхээр нь Б ахтайгаа морьтой явж Хөнөг гэх газар байх Эрдэнэжув гэх айлд толгой эргээд явж болохгүй байсан тул очсон. Тэндээсээ түргэн дуудуулж 2 эмч ирээд үзэж эм өгч тариа хийгээд Жаргалантын төвийн эмнэлэг дээр ирсэн. Жаргалантын эмнэлэгээс 2018 оны 02 дугаар сарын 26-ны шөнө шууд Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв дээр түргэний машинаар хүргүүлэн ирж эмчилгээ хийлгэсэн. Урьд өмнө нь 2015 онд мөн л шинийн нэгэнд О буюу Н, Ж нартай хамт О-ийн гэрт золголтоор очсон юм. Тэр үед Н бид хоёр явахаар болж, Ж унтаад өгсөн. О ахаа би явлаа гэж хэлээд, ус уугаад сууж байтал О яах гээд байгаа гуйлгачин бэ гээд шаазан аяга аваад над руу чиглүүлэн шидэхэд миний зулай дээр онож тархи хагалсан. Тухайн үед би хэрүүл хийлгүй цагаан сарын шинийн нэгэн учраас бэлэг дэмбэрэлээ бодоод гэрээс нь гартал толгойноос цус гоожихоор нь Н-д хэлж байсан. Тэгээд Н яваад өгсөн. Миний толгой эргээд гадаа цасан шуургатай байхаар нь би Оийн хонины хашааных нь үүдэнд сууж байгаад өглөө үүрээр О-ийн гэрт нь ороод та яагаад толгой хагалчихаж байгаа юм гэтэл чам шиг гуйлгачинг би ёстой алалгүй яадаг юм гэхээр нь би дуугараагүй. Ж гэх хүнтэй цуг гараад гэртээ ирсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Нэг нутгийн хүмүүс гэж бодоод хэлээгүй. Мөн 2011, 2012 оны үед билүү дээ оныг санахгүй байна. О адуугаа хулгайд алдчихаад намайг авсан гэж хардаад гүтгэж байсан. Надад өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Маш их гомдолтой байна. Тэр хүмүүст хуулийн дагуу хийсэн хэргийнх нь хариуцлагыг хүлээлгэнэ. Одоогийн байдлаар зодуулснаасаа хойш тархи толгой өвдөж байна. Одоогоор тархи толгойны эмийг эмчийн заавраар хэрэглэж байна. Зүгээр байж байгаад зодуулчихаад биедээ гэмтэл авсан учраас маш их гомдолтой байна. Хэзээ ирээд яачих бол гэсэн айдастай сэтгэл санааны дарамттай байна. Эмчилгээнд болон нааш цааш явсан унааны зардалд одоогоор 3.500.000 төгрөг гараад байна. Гарсан зардлын баримтаа бүрдүүлж өгнө. Одоогоор 3.500.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид хэрэг маргаан шийдэгдэж дуусах хүртэл ямар хэмжээний зардал гарахыг мэдэхгүй байна. Түүнийгээ нэхэмжилнэ.

Тухайн үед би чулуу барьчихсан байсан. Учир нь О намайг зодох гээд байсан учраас чулуу барьчихсан байсан. Гэхдээ хэн нэгэнд халдаж чулуугаар ямар нэгэн цохих үйлдэл хийгээгүй. О больцгоо гээд наад чулуугаа хая гээд ирээд намайг түлхэж унагаад гарт байсан чулууг авчихсан. О нь намайг түлхэж унагаад гараас чулуу авах үед миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Чулуу авахдаа миний гуя руу хөлөөрөө шахаад байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг  /хх 29-33 дугаар хуудас/,

             Гэрч 1984 онд төрсөн Д. Б мөрдөн байцаалтанд 2018-04-11-нд өгсөн мэдүүлэгт: “...Уянга сумын харьяат О, О нар ирсэн хонох гэж байсан. Тэгтэл Г ирсэн. Тэгээд орой ээж Дийнд байж байхад Г, О нар маргалдсан. Тэр хоёр бие биенээ барьж аваад байсан. Гэрээс гарцгаа больцгоо гээд гаргасан. Удалгүй араас нь гартал хоорондоо зодолдож байсан. Тэгээд салгах гээд байж байтал О ээж Д нар хүрээд ирсэн. Тэгээд тэр хоёр бид гурав салгасан. Г зугтаагаад явсан. Тэр хоёрыг зодоон хийгээд дууссан хойно О ирсэн. Миний харж байснаар О, Г хоёр л зодоон хийсэн. О зодоонд оролцоогүй. Ээжтэй хамт ирж салгасан. Гэрт байхад Ц.Г, О хоёр гэрт маргалдахад Бүрнээ ах унтаж байсан бид гурав байсан. О зодож цохьсон. Г ч бас О-ийг цохиж авсан. О-ийн нүд нь өглөө нь хөхөрсөн байсан. Зодоон хийсний дараа Г яваад өгсөн болохоор ямар гэмтэл учирсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 22-23 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн  2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаартай актанд: “1. Л.Гын биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхийг хамарсан цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Үзүүлэгч Л.Г нь 2015 онд толгойн тус газраа шаазан аягаар цохиулж байсан гэх гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх 42 дугаар хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Г /хх 29-33/, гэрч С.Д /хх 38/, Д.Б /хх 39-40/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 137 тоот дүгнэлт /хх 33/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 5 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О-ийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно .  

Иймд шүүгдэгч Д.О-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг,

шүүгдэгч Д.О-ийн эзэмшлийн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий хөөргийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О овгийн Г.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О овгийн Г.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болохыг.

            шүүгдэгч Д.О-ийн эзэмшлийн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий хөөргийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7.Хохирогч Л.Г нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шйидвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН