Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/52

 

 

 

 

 

 

 

 

   2024        09         11                                           2024/ДШМ/52

 

 

 

Л.Б, Р.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                      Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч                                                       Л.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            С.Болортуяа

Нарийн бичгийн дарга                               Б.Солонго нарыг оролцуулан

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлоор Л.Б, Р.Г нарт холбогдох 2425000000191 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.Б нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Х зочид буудлын 208 тоот өрөө буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч уг өрөөнд амарч байсан хохирогч М.Тын кастер тамхи, 2,5 литрийн савлагаатай Сэнгүр пиво, хохирогч М.Згийн Samsung note 10 plus загварын гар

утас, хохирогч Д.Бгийн Iphone 12 pro загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.868.167 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Р.Г нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Х зочид буудлын 208 тоот өрөөнөөс Л.Бын хулгайлан авсан хохирогч М.Згийн Samsung note 10 plus загварын гар утас, хохирогч Д.Бгийн Iphone 12 pro загварын гар утас зэргийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Р.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-ыг 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Р.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“ ... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.20-ний өдрийн 282 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гомдол гаргаж байна. 

Л.Б нь хийсэн үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг маргадаггүй бөгөөд анхнаасаа бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын өмчид халдах зорилгогүй байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "Х” зочид буудлын 208 тоот хажуу өрөөнд орж тамхи гуйхаар ороход хохирогч М.З, Д.Б, М.Т нар нь согтуу унтаж байсан, дуудахад сэрээгүй байх ба гарахдаа ширээн дээр байсан пиво, 2 ширхэг гар утас зэргийг авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. 

Анхан шатны шүүх Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ял оногдуулсан. Гэм буруугийн хурал дээр зүйлчлэлээ хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр ял шийтгэл оногдуулах шүүх хуралд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжгүй гэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн хуулийн 1.3-т “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна “ гэж Шударга ёсны зарчимд дурьдсан. 

Л.Б-ын хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа, гэмшсэн тухайгаа мөрдөн байцаалтын үеэс эхлэн мэдүүлдэг. Шүүх зүйлчлэл дээр мэтгэлцсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж буй нь Шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. 

Л.Б-ын нийгэмд учруулсан хор хохирол бага, хохирол төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулсан, 2 гар утсыг хохирогч нарт хүлээлгэн өгсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдаг ба Л.Б-ын хувийн байдлаас нь дурьдвал өрх толгойлсон бага насны /9 настай хүүг төрсөн цагаас эхлэн ганцаараа өсгөж байгаа/, өндөр настай ээж, аавын хамт амьдардаг гэр бүлийн эдийн засгийг ганцаараа бүрдүүлдэг. Анхан шатны шүүх хурлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хоригдсон болно. Шүүгдэгч болон өмгөөлөгч зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа шүүхэд мэтгэлцэх эрхтэй ба үүнийг үгүйсгэж буй нь үндэслэлгүй. 

Шүүх орон байранд нэвтрэн орсон байна, одоо үед иргэд зочид буудалд олон хоног, жилээр байнга амьдарч өрөөндөө сейфтэй үнэт эд зүйлээ ч хадгалдаг гэж тайлбарласан боловч тухайн үед болсон нөхцөл байдалтай огт авцалдаагүй хамаагүй нөхцөл байдалтай адилтгасан нь хэргийн нөхцөл байдал, бодит байдалтай огт нийцээгүй. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, бодит байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад баримтууд, гэрчийн мэдүүлэг зэрэгт бүхэлд нь шинэчлэн судалж, дүгнэх бүрэн боломжтой. 

Иймд Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийг оногдуулах боломжтой байх тул шүүгдэгчийн хувийн байдал, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шүүх хуралд оролцоно. Зарыг мэдэгдэнэ үү...” гэжээ. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Б тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болортуяа тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар, ялыг хэрэглэж, хөнгөрүүлж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж байна...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн 282 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Х зочид буудлын 208 тоот өрөөнд нэвтэрч иргэн М.Тын Кастер тамхи, 2,5 литрийн савлагаатай Сэнгүр пиво, иргэн М.Згийн Samsung Note-10 plus загварын гар утас, иргэн Д.Бгийн Iphone-12 pro загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.868.167 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Р.Г нь тухайн үед шүүгдэгч Л.Бын хулгайлсан иргэн М.Згийн Samsung Note-10 plus загварын гар утас, иргэн Д.Бгийн Iphone-12 pro загварын гар утаснуудыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авсан болох нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг “... Шүүх орон байранд нэвтрэн орсон байна ... гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдал, бодит байдалтай огт нийцээгүй..., Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрч байх тул ... шүүгдэгчийн хувийн байдал, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ....” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хзочид буудлыг “орон байр” гэдэг ойлголтод хамаарна гэсэн нь зөв боловч харин “хүн байнга амьдрах орон байр” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

Хэдийгээр тухайн үед Л.Б, Р.Г нар нь тус зочид буудлын 207 тоот өрөөнд байрлаж байсан боловч бусад өрөөнд нэвтрэн орж эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхгүй бөгөөд шүүгдэгч Л.Б нь 208 тоот өрөөнд удаа дараа нэвтрэн орж нэр бүхий хохирогч нарыг унтаж байхад эд зүйлсийг авсан үйл баримт тогтоогддог.

 “Орон байр гэдэгт хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг хамааруулан ойлгох боловч харин “Зочид буудал” нь зочин угтан авах, байр, хоолны үйлчилгээ үзүүлэх, нэмэлт тоноглол, төхөөрөмж бүхий, стандартын тодорхой шаардлага хангасан өрөө, байртай, тусгай төрөлжсөн албад бүхий, өөрийн дотоод дүрэм, журамтай иж бүрэн үйлчилгээний газар юм.

Мөн дээрх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас баталсан журамд заасны дагуу олгодог байх тул зочид буудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр” гэж үзэх нь зүйтэй бөгөөд

анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Л.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч ... “ гэж хүн байнга амьдрах орон байр, эсхүл үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр эсэх талаар бичилгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн энэ заалтад өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийг оногдуулах...ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хэсгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай үйлдэл, түүнээс үүсэх үр дагавар, хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Гэтэл шүүгдэгч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө “ ... би утас хулгайлаагүй ... Г тэр утаснуудыг яаж авсныг мэдэхгүй...” гэж /хх 34/,  мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна ... гэхдээ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй... ”  гэж тус тус мэдүүлж,

түүний өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ...орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй...” зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаснаас гадна тэрээр давж заалдах шатны шүүхэд “ ... анхан шатны шүүх орон байранд нэвтрэн орсон гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдал, бодит байдалтай огт нийцээгүй ... ялыг хөнгөрүүлж өгнө үү...”  гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэн үзвэл шүүгдэгч Л.Быг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, тэдгээрт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм бурууд нь тохирсон гэж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2.1-д заасан ...” гэсний дараа ”... үйл ажиллагаа явуулах зориулалттай ...” гэж нэмж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.АМАРЖАРГАЛ

 

  ШҮҮГЧ                                 С.УРАНЧИМЭГ