Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2018/ЦШТ/43

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Батцог,

            Улсын яллагч Ч.Батзориг,

            Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н.Б-т холбогдох эрүүгийн 1827000670046 тоот хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ......  гэх газар оршин суух урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Н.Б

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эхнэр А.Ү-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: “Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эхнэртэйгээ маргалдаж гэрээсээ гарсан. Гэрээсээ гарч яваад нэг найзтайгаа таараад архи уусан. Тэгээд орой гэртээ орж иртэл эхнэр уурлаад загнаад байхаар нь эхнэрийхээ нүүр рүү цохьсон. Тэр бол миний буруу. Би буруу зүйл хийсэндээ их харамсаж байна” гэв.

            Хохирогч 1986 онд төрсөн А.Ү мөрдөн байцаалтанд 2018-04-24-нд өгсөн мэдүүлэгтээ: “Би нөхрийгөө согтуу орж ирээд агсам тавиад байхаар нь уурладаг. Тэгээд бид өөр хоорондоо хэрэлддэг. Тэрнээс манай нөхөр намайг байнга хэл амаар доромжлоод байдаг асуудал байхгүй. Бид хоёр харилцан хоорондоо хэрэлддэг. Манай нөхөр согтуу үедээ хардаад хэрүүл өддөг. Тэгэхээр нь би урдаас нь уурлаад хэрэлддэг. Тэгээд хэрэлдээд дийлэхгүй болохоороо намайг цохьдог. Бид хоёр 2006 онд нэг гэр бүл болж байсан. Одоо 10 гаран жил болж байна. Бид хоёр 4 хүүхэдтэй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.

Намайг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай нөхөр гараараа нүүрэн тус газар цохиж гэмтэл учруулсан. Тэрнээс удаа дараа намайг зодож цохиж гэмтэл учруулсан асуудал байхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зодуулсныхаа дараа цагдаагийн байгууллагад мэдэгдэж хандсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр миний биед надтай хэрүүл маргаан хийж байсан. Намайг алгадаж байсан. Гэхдээ миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй...” гэсэн мэдүүлэг  /хх 30-33 дугаар хуудас/,

             Гэрч 1990 онд төрсөн А.Агийн мөрдөн байцаалтанд 2018-05-28-нд өгсөн мэдүүлэгт: “...А.Ү миний төрсөн эгч байгаа юм. Н.Б нь миний хүргэн ах байгаа юм. 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай эгч Үүрцайхыг зодож биед нь гэмтэл учруулсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Тулга тойрсон хэрүүлүүд байдаг юм шиг байна лээ. Манай эгч нуугаад ерөөсөө хэлдэггүй хүн байгаа юм. Манай эгч өөрөө үзүүлж харуулалгүй нуучихдаг юм. 4 хүүхэдтэй болохоор болох талаас нь боддог юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх 12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн  2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 243 дугаартай актанд: “1. А.Үын биед тархи доргилт, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 14 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эхнэр А.Ү-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаао тусгайлсан санал гаргаагүй ба хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно .  

Иймд шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг,

шүүгдэгч Н.Б-ын эзэмшлийн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Sanya” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Н.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б овгийн Н.Б-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Б-ын эзэмшлийн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Sanya” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 28-ны өдрийн 18 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН