| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00804/И |
| Дугаар | 192/ШШ2025/05420 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/05420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******** аймаг, ********** сум, ****** дугаар баг, ********** багт байрлах, Л ХХК /рд:***********/,
Хариуцагч: ******** дүүрэг, **** дугаар хороо, **** хороолол, **** хутагт **** гудамж, **** байр, ** тоотод оршин суух, О овогт Б.У /рд:**********/,
Нэхэмжлэлийн шаардлага: 161,860,329 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Б.У-т холбогдуулан Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний үүрэгт 161,860,329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай Э ХХК нь хариуцагч Б.У-тай 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр №ММНГ/22-04 тоот Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээг байгуулан хамтран ажилласан болно. Уг гэрээний дагуу хариуцагч Б.У нь манай компанид чанарын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй гэрээнд заасан мах болон түүхий эдийг захиалсан тоо хэмжээний дагуу нийлүүлэх, манай компани нь тохирох үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу нийт 3,463,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий 606 тн махыг бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу манай компаниас урьдчилан санхүүжилт олгож Б.У-т 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 150,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүний хариуд нийт 43,753,800 төгрөгийн үнэ бүхий махыг гэрээний дагуу нийлүүлсэн. Улмаар үлдэгдэл 106,246,200 төгрөгийн үнэ бүхий махыг бэлтгэн нийлүүлээгүй байгаа бөгөөд манай компаниас удаа дараа шаардлага тавьсан, томилолтоор ажилтнаа явуулан уулзалт хийж байсан боловч гэрээгээр хүлээсэн мах бэлтгэн нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй болно. Мөн гэрээний 8.1-т захиалга баталгаажсанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтээгдэхүүн нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн захиалгын үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам тооцон захиалагч талд төлнө гэж заасны дагуу гүйцэтгээгүй захиалгын үнийн дүн болох 106,246,200 төгрөгөөс 0,5 хувийн алдангийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцон үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байна. Улмаар Б.У нь манай компанид алданги 53,123,100 төгрөгийг төлөхөөр байна. Бид үлдэгдэл бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж, улмаар компаниас өөрийн ажилтнаа томилолтоор явуулан Б.У-тай уулзаж, бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага тавьж, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар тооцоо нийлж байсан болно. Ийнхүү гэрээний үүргийн биелэлтийг шаардахад томилолтын зардал 2,491,028.88 төгрөг болсон. Иймд 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ММБНГ/22-04 тоот Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрэний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 106,246,200 төгрөг, алданги 53,123,100 төгрөг, ажилтны томилолтын зардал болох 2,491,028.88 төгрөг, нийт 161,860,329 төгрөгийг хариуцагч Б.У-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Хоёр тал харилцан тохиролцоод Мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ хийсэн. Үүнд маргахгүй. Э ХХК-тай мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ хийгээд үүний үндсэн дээр тухайн үеийн зах зээлийн ханшнаас шалтгаалаад ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр өөрийнхөө махыг өөрт ашиглаж болохгүй нөхцөл байдал үүсэж цаашид мах бэлтгэн нийлүүлэх боломжгүй болсон учраас харилцан тохиролцоод автомашинаа өгөөд гэрээг хаасан байдаг. Өөрөөр хэлбэл Э ХХК нь гэрээг хаасныхаа дараа ямар нэгэн бичгээр шаардлага гаргаж байгаагүй гэж хариуцагч хэлдэг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан Э ХХК-ийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлсэн **** УБМ улсын дугаартай, Hyundai Porter2 /хьюндай портер/ маркийн ачааны автомашиныг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.У нь хэлэлцээр хийх үед өөрийн өмчлөлийн газар болон автомашинаар бартер хийж бэлтгэн нийлүүлэх гэрээний үлдэгдэл дүнг бүхэлд нь хаахаар тохиролцсон. Энэ талаар ярилцаж аль аль талаасаа хүлээн зөвшөөрч, тохиролцсон. Дээрх тохиролцоо хийснээс хойш ямар ч өр төлбөргүйгээр бартераар асуудлыг шийдсэн гэж ойлгож байсан боловч мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул мөн өөрийн өмчлөлийн зүйлээ буцаан шаардах нь зүйтэй учир сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Б.У нь өөрийн өмчлөлийн **** УБМ улсын дугаартай Hyundai Porter2 ачааны автомашиныг Э ХХК-ийн инженер Б.Ж , Э ХХК-ийн нягтлан бодогч Я нарт тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт үйлдэж өмчлөх эрхийн болон техникийн ямар ч доголдолгүй тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Тухайн үедээ гэрээний гүйцэтгээгүй мөнгөн дүнд тооцуулан бодож өгсөн ба тухайн үедээ зах зээлийн үнэ ханш нь 15,000,000 төгрөг орчим байсан ба хүлээж авсан цаг хугацаанаасаа хойш ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй болно. Иймд Б.У-аас шаардсан мөнгөн дүнд бартераар тооцоо хийгдэж эзэмшил, ашиглалтанд бүрэн шилжүүлсэн эд хөрөнгүүд нь тооцогдоогүй байх тул буцаан хууль ёсны өмчлөгчид шилжүүлэн өгөх зүйтэй юм. Иймд Э ХХК-ийн эзэмшил, ашиглалтанд байх **** УБМ улсын дугаартай Hyundai Porter2 ачааны автомашиныг албадан гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гэрээний дагуу газар болон авто машин шилжүүлж өгөөд тооцоо хаасан гэж яриад байгаа. Гэтэл тэдгээр газар болон автомашин нь тодорхой эрх бүхий байгууллагад бүртгэгдсэнээр өмчлөх болон эзэмших эрх шилждэг байгаа. Бид хариуцагчаас энэ талаар удаа дараа шаардлага тавьж байсан боловч биелүүлсэн зүйл байхгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй, талуудын хоорондын тооцоог бүрэн хаасан зүйл байхгүй. Автомашинаа Л ХХК-ийн өмчлөлд шилжүүлээд 13,500,000 төгрөгөө авъя гэж байгаа бол үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжтой. 15,000,000 төгрөгөөр тооцоод автомашиныг аваад, өмчлөх эрхээ шилжүүлж өгнө гэдгээ баталгаажуулж өгвөл сөрөг нэхэмжлэлийн асуудлыг шийдэж болно. Б.У-аас автомашины өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй, энэ талаарх баримт нь хэрэг байгаа учраас мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 5, 62/, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм /хх 6, 7-9/, Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ, хавсралт /хх 10-22/, Э Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 23/, Хаан банк шилжүүлгийн мэдээлэл /хх 24, 106/, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх 25/, Иргэн С.Ч-, Б.У-, Г.С-танаа мэдэгдэл хүргүүлэх тухай /хх 26/, Мал бэлтгэлийн тооцоо /хх 27, 33/, Үйлдэхүүний нэр /хх 28, 34/, Нэмэгдсэн өртөгийн албан татварын падаан /хх 29/, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх 30-31/, Бэлтгэн нийлүүлэгч Б.У-тай уулзсан тэмдэглэл /хх 32/, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх 35/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 36/, Орлогын баримт /хх 37/, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 155/ШЗ2024/02340 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 38-40/, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 87-88/, Л ХХК-ийн 16 тоот хүсэлт гарах тухай албан бичиг /хх 123/, Шаардах эрх шилжүүлэх гэрээ /хх 124-125/, Л ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм /хх 126, 127-129/, итгэмжлэл /хх 131/,
6. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 60, 144/, Сөрөг нэхэмжлэл гаргах тухай /хх 91-92/, Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай /хх 138/,
7. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ /хх 112/, Хариуцагчийн хүсэлтээр Автомашин хүлээлцсэн акт /хх 114-116/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчтай байгуулсан Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний төлбөрт 106,246,200 төгрөг, алданги төлбөрт 53,123,100 төгрөг, томилолтын зардалд 2,491,028.88 төгрөг, нийт 161,860,329 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Мах бэлтгэн нийлүүлэх боломжгүй болсон учраас харилцан тохиролцоод гэрээний үүрэгт автомашинаа өгөөд гэрээг хаасан гэж үгүйсгэсэн.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн **** УБМ улсын дугаартай, Hyundai Porter2 /хьюндай портер/ маркийн ачааны автомашиныг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч нь автомашины үнэд 13,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.
5. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийг тухайн автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцоод гэрээний үүрэгт авч болно гэсэн тайлбарыг гаргасан.
6. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Э ХХК болон Л ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 01 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагджээ. Гэрээгээр Э ХХК болон Б.У нарын хооронд үүссэн өр, авлага болох нийт 161,860,329 төгрөгийн шаардах эрхийг Л ХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Хэрэгт Э болон хариуцагч Б.У-ын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан №ММИГ/22-04 тоот Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ авагдсан. Уг гэрээгээр хариуцагч нь Э ХХК-д чанарын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй, гэрээний хавсралт болон гэрээнд зааж баталагаажуулсан мах болон түүнтэй холбоотой түүхий эдийг захиалсан тоо, хэмжээний дагуу тогтоосон хугацаанд бэлтгэж нийлүүлэх, Э ХХК нь мах, түүхий эдийг хүлээн авч, гэрээнд заасан нөхцлийн дагуу үнийг төлөхөөр тохиролцжээ.
Хавтаст хэргийн 114 дүгээр талд Автомашин хүлээлцсэн акт баримт авагдсан. Уг баримтаас үзвэл, хариуцагч нь **** УБМ улсын дугаартай, Hyundai Porter2 /хьюндай портер/ маркийн автомашиныг 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Э ХХК-ийн инженер Б.Жанцандорж, ҮХ-ийн нягтлан бодогч Я нарт хүлээлгэн өгсөн байна.
6.2. Талууд дээрх гэрээг “Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгыг хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
6.3. Зохигчид Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
6.4. Хавтаст хэрэгт авагдсан Э Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар Э ХХК-ийн Хаан банк дахь ************* дугаар данснаас 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Малын санхүүжилт Б.У-” гэх гүйлгээний утгаар 150,000,000 төгрөгийг хариуцагч Б.У-ын дансанд шилжүүлсэн нь нотлогдож байхаас гадна зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Э ХХК-иас 15,000,000 төгрөгийг хариуцагч Б.У-т шилжүүлсэн байна.
Түүнчлэн, хариуцагч нь Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний үлдэгдэл төлбөр 106,246,200 төгрөг талаар маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт төлсөн 106,246,200 төгрөгийг хариуцагч Б.У-аас шаардах эрхтэй буюу хариуцагч Б.У нь уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан Автомашин хүлээлцсэн акт баримт баримт, зохигчийн тайлбараар хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн №ММИГ/22-04 тоот Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний төлбөрт **** УБМ улсын дугаартай, Hyundai Porter2 /хьюндай портер/ маркийн автомашиныг 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Э ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс автомашиныг “...15,000,000 төгрөгөөр тооцоод авчихъя” гэх тайлбарыг гаргасан тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 106,246,200 төгрөгөөс автомашины үнэд 15,000,000 төгрөгийг хасч хариуцагч Б.У-аас Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний төлбөрт 91,246,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож нь зүйтэй гэж үзлээ.
6.5. Талууд гэрээний 8.1-д захиалга баталгаажсанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтээгдэхүүн нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн захиалгын үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам тооцон захиалагч талд төлнө гэж харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.
Харин гэрээний хариуцлага буюу алдангид 45,623,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцнэ.
6.6. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.У-т холбогдуулан гэрээний үүргийг шаардахад нэхэмжлэгч байгууллагын ажилтны томилолтоор ажилласан зардал 2,491,028.88 төгрөг болсон гэж хохирол төлбөрт гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид учирсан хохирол нь баримтаар бодитоор тогтоогдсон байхаас гадна уг хохирол нь хариуцагч үүргээ биелүүлээгүйтэй холбоотой, мөн тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч нь дээрх үндэслэл, шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь дээрх хохирлыг нотлохоор Иргэн С.Ч-, Б.У-, Г.С-танаа мэдэгдэл хүргүүлэх тухай, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан Э ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23/354 дугаар “Иргэн С.Ч-, Б.У-, Г.С-танаа мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх албан бичиг баримтаас үзвэл, Э ХХК-ийн Худалдан авалтын ажилтан албан тушаалтай Н.Энхбаярыг 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн авлага барагдуулахаар томилон ажиллуулсан байх бөгөөд уг баримтаар Э ХХК нь хариуцагч Б.У-аас Мал бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийг шаардсан томилолтын зардлыг тодорхойлох боломжгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй болно.
Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанд 2,491,028.88 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх үндэслэл дээрх баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Б.У-аас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол 2,491,028.88 төгрөгийг шаардах эрхгүй.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.У-аас нийт 136,869,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,991,029 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Хариуцагчийн Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн **** УБМ улсын дугаартай, Hyundai Porter2 /хьюндай портер/ маркийн ачааны автомашины үнэд 13,500,000 төгрөг гаргуула тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Учир нь нэхэмжлэгчээс Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний үүрэгт **** УБМ улсын дугаартай, Hyundai Porter2 /хьюндай портер/ маркийн ачааны автомашиныг хүлээн авсан, мөн гэрээний үүргийн 15,000,000 төгрөгт тооцон шилжүүлэхыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул хариуцагчаас тухайн автомашины үнийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардах эрхгүй, харин автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 967,252 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 842,296 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У-аас 136,869,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,991,029 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Б.У-ын 13,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 967,252 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 842,296 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.