| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/03688/И |
| Дугаар | 192/ШШ2025/05421 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/05421
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, шүүгч Б.Ганцэцэг, А.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** дүүрэг, ***** дугаар хороо, ******* гудамж, **** тоотод байрлах, С ХХК /рд: ************/
Хариуцагч: ********* дүүрэг, *** дугаар хороо, ******** гудамж, ******* байр, ******* тоотод байрлах, М ХХК /рд: *************/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 70,860,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,
иргэдийн төлөөлөгч Л.Ц,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч М ХХК-иас гэм хорын хохиролд 70,860,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
С ХХК нь Өмнөговь аймаг, Цогтцэций суманд Том оврын ачааны автомашинаар нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Эрдэнэс таван толгой уурхайн 8.2 километрийн А зогсоолын хатуу хучилттай асфальтан авто замд М компанийн эзэмшлийн **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус компанийн жолооч Б.М нь жолоодож байхдаа **** ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг, мөн манай компанийн Шакман **** ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргасан. Тус ослын улмаас хүний биед гэмтэл учраагүй тул Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан магадлагаа гаргаж, 2023.10.06-ны өдөр шийтгэлийн хуудсаар М компанийн жолоочийг 100,000 төгрөгөөр торгож, хохирогчийг иргэний шүүхээр хохирлоо нэхэмжлэхийг дурдсан. Манай компани Шакман ачааны автомашиныг цоо шинээр БНХАУ-аас худалдан авч, Монгол улсад ачаа тээвэр хийх зөвшөөрлийг хэдэн сар хөөцөлдөж, тендерээр авсан байдаг. Гэвч ослын улмаас манай компанийн Шакман **** ӨМӨ тээврийн хэрэгсэл үргэлжлүүлэн тээвэрт явах боломжгүй болж өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ хийж чадалгүй хохирсоор байна. Тухайн үед засвар үйлчилгээ, сэлбэгийн хамт 70,860,000 төгрөгийн хохирол учирсныг эд хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй компани болох Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон. Хохирол учруулагч болох М ХХК-ийн захирал Xu Yong /Ку Ёонг/ хохирлыг удахгүй барагдуулна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл манай компанид учирсан шууд хохирлыг барагдуулаагүй. С ХХК-ийн Шакман **** ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан шууд хохиролд 70,860,000 төгрөгийг М ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ХХК-ийг тухайн хохирлыг шаардах эрхтэй юу, үгүй юу гэдэг дээр маргаж байгаа. Зам тээврийн осол болсон цаг хугацаанд **** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн эзэмшлийн арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэл эзэмшиж байсан дугаар мөн эсэх нь тодорхойгүй тогтоогдохгүй байна. Үндэслэл нь нэхэмжлэгчийн зүгээс тухайн техник хэрэгслийн гэрчилгээг авто тээврийн үндэсний төвөөс авч өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрчилгээ байдаг. Хэдийгээр дээр нөхөв гээд биччихсэн байгаа боловч Автотээврийн үндэсний төвийн эрх бүхий этгээд тэмдэглэгээ хийсэн юм уу эсвэл Автотээврийн эрх бүхий этгээдээс гар бичгийн байдлаар тэмдэглэгээ хийгддэг юм уу, хийсэн нь үндэслэлтэй юу үгүй юу гэдэг эргэлзээтэй нөхцөл байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Автотээврийн үндэсний төвийн цахим сайт болох www.autobox.mn сайт дээр үзлэг хийсэн. Тухайн үзлэгээр **** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгэрэнгүй байдлаар харсан. Тухайн үед **** ӨМЕ улсын дугаар нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өөр компанийн нэр дээр гэрчилгээ байсан гэдэг ийм үйл явдал харагддаг. Хэрэгт авагдсан баримтаар эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгслийг зам тээврийн осол гарах үед осолд орсон гээд байгаа тээврийн хэрэгсэл нь **** ӨМЕ дугаарыг эзэмшиж байсан гэдэг нь баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч өөрөө энийг нотолж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хохирол гаргуулахаар нэхэмжлэхдээ хохирлын үнэлгээний тайлан буюу 70,860,000 төгрөгийн энэ хэмжээнд хохирлоо шаарддаг. Уг тайлангийн 7 дугаарт үнэлгээ хийхэд тулгуурласан материал гэсэн хэсэгт зах зээлийн дундаж үнэ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гуравдугаар зэрэглэлийн засварын ажлын дундаж үнийн тарифыг баримтлав гэсэн. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хөрөнгийн үнэлгээний тайланд холбогдох баримтууд нь байдаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн нэхэмжлэгч компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хэрвээ хохирол учирсан бол тухайн хохирол төлбөрийг бодитой гарсан зардлын хэмжээг нь хариуцагчийн зүгээс төлж барагдуулах үүргийг хуульд зааснаар хүлээнэ. Гэтэл өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг засварлуулаад бусдад худалдсан гэх боловч ямар хэмжээний зардал гаргасан нь баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч компанийн тээврийн хэрэгсэл өөрөө тухайн зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгсэл мөн эсэх нь эргэлзээтэй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Осолд өртсөн **** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ зах зээлийн ханштай дүйцэж байгаа эсэхийг тодруулах. Нэхэмжилж буй хохирлын мөнгөн дүнг нягтлах шаардлагатай гэж үзэж байна. Хариуцагч ХХК нь шаардлагатай төлбөрийг барагдуулах үүрэгтэй гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 6/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7/, Мастер үнэлгээ ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралт /хх 8-9/, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх 10-11/, Шийтгэлийн хуудас /хх 12/, Нотлох баримт гаргаж өгөх тухай /хх 114-115/,
5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэлд тайлбар гаргах нь /хх 19/, итгэмжлэл /хх 20/, тайлбар гаргах тухай /хх 41/, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 44/,
6. Шүүхээс дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс 530 тоот албан бичиг, хавсралт /хх 37-38/,
Хариуцагчийн хүсэлтээр С ХХК-иас **** ӨМЕ улсын дугаартай, Shaanxi /Шаанкси/ маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 65 /, Мастер үнэлгээ ХХК-иас №24-3/48 тоот албан бичиг, хавсралт /хх 67-71, 74-77/, Автотээврийн үндэсний төвөөс 14 тоот албан бичиг, хавсралт /хх 89/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн 44д/197 тоот албан бичиг, хавсралт /хх 97-105/, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх 125-129/, Автотээврийн үндэсний төвөөс 06/17 тоот албан бичиг, хавсралт /хх 140-141/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч М ХХК-ийн эзэмшлийн **** УНД улсын дугаартай, Howo /Хово/ маркийн тээврийн хэрэгслийг жолооч Б.М жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн **** ӨМЕ улсын дугаартай Shaanxi Shacman /Шаанкси Шакман/ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан. Тээврийн хэрэгслийн шууд учирсан хохиролд 70,860,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч компанийн тээврийн хэрэгсэл тухайн зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгсэл мөн эсэх нь эргэлзээтэй.
3.2. Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг засварлуулсан гэх боловч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
3.3. Автотээврийн үндэсний төвийн цахим сайт болох www.autobox.mn сайт дээр **** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өөр компанийн нэр дээр байсан гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч М ХХК-ийн ажилтан Б.М нь 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст 1 дүгээр баг Эрдэнэс таван толгой уурхайн 8.2 километрийн А зогсоолын хатуу хучилттай асфальтан авто замд Howo /Хово/ маркийн, **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д Жолооч гарцаараа замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, 10.6-д Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оворын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө, уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө, жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас С ХХК-ийн эзэмшлийн Shaanxi Shacman /Шаанкси Шакман/ маркийн, **** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, эвдрэл, гэмтэл учруулсан болох нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Мастер үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан баримтаар болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон, гэм буруугийн асуудлаар хариуцагч маргаагүй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах гэдгийг хохирогчийн эд хөрөнгийг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг ойлгоно.
4.2. Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн тээврийн хэрэгсэл нь тухайн зам тээврийн осолд өртсөн **** ӨМЕ улсын дугаартай Shaanxi Shacman /Шаанкси Шакман/ маркийн тээврийн хэрэгсэл мөн эсэх нь эргэлзээтэй гэх тайлбарыг гаргасан.
Хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №06/17 тоот албан бичгээс үзвэл, **** ӨМЕ /одоо улсын дугаар солигдоод **** УКН болсон/ улсын дугаартай, LZGJL5V47PX024150 аралтай, Shaanxi Shacman /Шаанкси Шакман/ маркийн тээврийн хэрэгсэл нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд С ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байна.
Шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн www.autobox.mn сайт дээр үзлэг хийсэн. Үзлэгийн тэмдэглэлд хавсаргагдсан цахим сайтын эзэмшигч хэсэгт Цэн****ХХК 2025.01.25 идэвхтэй гэсэн тэмдэглэгээтэй байхаас гадна энэхүү үзлэгээр илэрсэн нөхцөл байдал нь тодорхой бус байна.
Иймд Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №06/17 тоот албан бичгээр нэхэмжлэгч буюу С ХХК нь **** ӨМЕ улсын дугаартай, LZGJL5V47PX024150 аралтай, Shaanxi Shacman /Шаанкси Шакман/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар учирсан хохирлоо тээврийн хэрэгсэл эзэмшигч М ХХК-иар арилгуулахаар шаардах эрхтэй.
4.3. Хавтаст хэрэгт “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №12733/ДД№27675345 тоот “Автомашин техникийн үнэлгээний тайлан” авагдсан бөгөөд үнэлгээний тайлангаар Shaanxi Shacman /Шаанкси Шакман/ маркийн, **** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг 70,860,000 төгрөгөөр тогтоожээ.
5. Иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруутай гэсэн дүгнэлт хийсэн.
6. Иймд үнэлгээний тайлангаар автомашинд учирсан хохирол гэж тогтоогдсон 70,860,000 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 70,860,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 512,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.