| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 184/2022/02314/И |
| Дугаар | 192/ШШ2025/02791 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/02791
2025 04 10 192/ШШ2025/02791
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******,*******,*******, 01 тоот хаягт байрлах “СИЗУ” ХХК (РД:5306647),
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******) нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,
Хариуцагч: ,,)-т тус тус холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “СИЗУ ХХК-нд баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, түүний өмнөөс нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 13,228,396 төгрөг болон компаниас шилжүүлэн авсан 77,532,533 төгрөг, нийт 90,760,929 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн,
18,884,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Гантулгын үндсэн,
2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “СИЗУ” ХХК-нд талбайн инженерээр ажилласан болохыг тогтоолгох, ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Хажидын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч С.Хажид,
Хариуцагч С.Хажидын өмгөөлөгч ,,
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК нь хариуцагч С.Хажидад холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “СИЗУ ХХК-нд баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, түүний өмнөөс нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 13,228,396 төгрөг болон компаниас шилжүүлэн авсан 77,532,533 төгрөг, нийт 90,760,929 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.С.Хажид нь өндөр насны тэтгэвэрт гарахад 3 жил дутуу байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг компаниас төлж өгөхийг хүсэж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “СИЗУ” ХХК-д баталгаа гаргах нь гэх бичгийг өөрөө үйлдэж өгсөн. Энэхүү баталгаа нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
1.2.Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн учир 13,228,396 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй.
1.3.Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК нь хариуцагч Х.Хажидад төлөх ямар нэг өр төлбөр байхгүй. С.Хажид нь инженер мэргэжлээ ашиглан компаниас барилгын дотор засвар, заслын ажил авч бусадтай гэрээ байгуулан тухайн ажлынхаа төсөв зардлыг компаниас гаргуулан авч бие даан ажилладаг бөгөөд тухайн үед барилгын засвар, заслын ажил гүйцэтгэж байх үедээ ажлын шаардлага гарлаа гэж дансаар болон бэлнээр мөнгө авдаг байсан боловч санхүүгийн баримтыг гаргаж өгдөггүй, тооцоо нийлэхийг шаардахад тооцоо нийлдэггүй хувьдаа ашиглаж компанид хохирол учруулсан гэжээ.
2.Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК нь хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК болон хариуцагч С.Хажид нарын хооронд байгуулагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх тухай хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн С.Хажидад өндөр насны тэтгэвэр тогтоосон учир уг тэтгэвэр тогтоосныг хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ.
3.Нэхэмжлэгч Н.Гантулга нь хариуцагч С.Хажидад холбогдуулан 18,884,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.1.Иргэний хувьд хариуцагч С.Хажидаас авах авлагын асуудлыг тусад нь нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт зааснаар хамтран нэхэмжлэгчээр оролцож байна. Хариуцагч С.Хажидад Хас банк дахь өөрийн эзэмшлийн 5000028226 дугаар данснаас 11,000,000 төгрөг, бэлнээр 1,800,000 төгрөг, компаниас Хаан банк дахь С.Хажидын эзэмшлийн 5749448558 дугаар данс руу 4,584,000 төгрөг, нийт 17,384,000 төгрөг шилжүүлж, С.Хажидын өмнөөс Д.Ариунтуяад 1,500,000 төгрөг төлсөн. Миний бие С.Хажидад ямар нэгэн өр төлбөр байхгүй ба надаас авсан мөнгөө өгөхгүй, компаниас эрх олгоогүй байхад гэрээ байгуулан компанийг болон намайг хохироосон. Иймд 18,884,000 төгрөг буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.
4.Хариуцагч С.Хажид, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
4.1.2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “СИЗУ” ХХК-ийн захирлын 24/2015 дугаар тушаалаар талбайн инженерээр ажилд орж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43/2018 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Хэрвээ гуйж байгаад 3 жилийн нийгмийн даатгал төлүүлсэн бол нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 07 дугаар сард Голомт банканд манай компанид С.Хажид гэх хүн талбайн инженерээр ажилладаг гэсэн тодорхойлолт гаргаж өгөхгүй байх байсан. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ажлын газрын тодорхойлолт, 3 удаа цалин авч байсан баримтууд хэрэгт авагдсан.
Түүнчлэн, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “СИЗУ” ХХК-нд баталгаа гаргах нь гэх бичгийг хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй. 2018 онд хариуцагчийг дарамталж байгаад тухайн баталгааг бичүүлсэн. С.Хажид нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тэтгэврийн насанд хүрсэн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажлаас гарсан тушаал, ажилд орсон тушаал зэрэг тэтгэвэрт гаргахад зайлшгүй шаардлагатай баримтууд байхгүй, тухайн баримтуудыг “СИЗУ” ХХК-аас нэхэхэд гаргаж өгөөгүй. Ингээд тэтгэвэрт гарч чадахгүй байсаар байгаад 2018 оны 12 дугаар сард чи баримтуудаа авмаар байгаа бол баталгаа хийж өг гэхээр нь бичиг баримтуудаа авахын тулд аргагүйн эрхэнд бас уурандаа тухайн баталгааг бичиж өгсөн.
4.2.“СИЗУ” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих барилгын ажил, Дорноговь аймгийн төв Сайншанд суманд Иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг хийхээр болоход хариуцагч нь эдгээр 2 барилгын ажлын талбайн инженерээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Энэ 2 ажлын хөлсийг төлөөгүйгээс улбаалан Ш.Цагаанхүүгийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл “СИЗУ” ХХК нь Ш.Цагаанхүүд төлөх мөнгөө С.Хажид манай компани ийм хэмжээний хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. “СИЗУ” ХХК-ийн зүгээс нэхэмжилсэн мөнгө нь дээрх 2 барилгын ажлыг хийхэд зарцуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоно. Тухайлбал 34,433,880 төгрөгийг 2 барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн 30 гаруй хүмүүсийн ажлын хөлсөнд өгсөн. 34,546,653 төгрөгийг бараа материал болон тээврийн бусад зардлуудад зарцуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа 18,884,000 төгрөг болон 77,532,533 төгрөгийг С.Хажид аваагүй. Хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс үүссэн эдийн болон эдийн бус хохирол буюу сөрөг үр дагаврыг ойлгодог. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанид хохирол учруулаагүй, хохирол учруулсан гэдгийг нэхэмжлэгч тал нотлоогүй байж Ш.Цагаанхүүд төлөх мөнгөө С.Хажидаас нэхэмжилсэн байна. Энэ үйл баримттай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш.Цагаанхүү гэх хүн нь “СИЗУ” ХХК болон С.Хажид нарыг хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
5.1.Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу хамгийн эхэнд тухайн тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл өгсөн хүн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эсэх, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдал зэргийг шалгаж үздэг. С.Хажидын хувьд анх 2018 оны 12 дугаар сард тэтгэвэр тогтоолгох өргөдлөө өгсөн. С.Хажидын материалыг шалгаж үзэхэд 55 нас хүрсэн ба нийт 16 жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байсан учраас хувь тэнцүүлснээр өндөр насны тэтгэвэр тогтоож өгсөн. “СИЗУ” ХХК нь 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал 3 жилийн хугацаанд 1,200,000 төгрөг буюу үндсэн ажилтнаар тооцон С.Хажидын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө байгууллагаас М178 гэх тайлан өгдөг ба энэ нь тухайн байгууллагын ажилтан нэг бүрээр тооцон гаргаж өгсөн тайланг хэлдэг ба төлсөн шимтгэлийг нь хардаг. Ингээд С.Хажидын тэтгэврийг тогтоолгох үндэслэлийг шалгаж үзэхэд нийгмийн даатгалын хуульд заасан шаардлага хангаж байсан учраас тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн. Тэтгэвэр тогтоолгосон тал нь ажил олгогч талтай маргаан үүсгэсэн. Үүнээс харахад манай нийгмийн даатгалын байгууллага С.Хажидын тэтгэврийг тогтоож өгсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна. Хэрэв С.Хажид нь тухайн байгууллагад ажиллаагүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол нийгмийн даатгалын шимтгэлд 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал төлсөн төлөлтийг 0 болгож, С.Хажидын тухайн үед авч байсан тэтгэврийг одоо авч байгаа тэтгэврээсээ буцаан төлөх эсхүл шинээр тэтгэвэр тогтоох асуудал үүснэ. Тиймээс хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байгаагүй гэдэг нь шүүхээр тогтоогдоогүй учраас манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
6.Хариуцагч С.Хажид нь нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “СИЗУ” ХХК-нд талбайн инженерээр ажилласан болохыг тогтоолгох, ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
6.1.“СИЗУ” ХХК-нд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд талбайн инженерээр ажиллаж байсан. Хэрэгт ажилд томилсон тушаал авагдсан. Ажиллаж байх хугацаандаа Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих барилгын ажил, Дорноговь аймгийн төв Сайншанд суманд Иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг хийгээд улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. С.Хажид нь талбайн инженерээр ажиллаж байх хугацаандаа ямар ч цалин аваагүй. Цалингаа авах гэхээр нэхэмжлэгч талын зүгээс чи бид 2 хоорондоо тохирно, чамд автомашин өгнө, хашаа байшин авч өгнө гэх мэтээр хууран мэхэлж өнөөдрийг хүрсэн. Хариуцагчийг ажиллаж байх хугацаанд 3-4 удаа цалин өгсөн, ээлжийн амралтын мөнгө нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно гэв.
7.Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
7.1.С.Хажид нь манай компанид ажиллаж байгаагүй. Тийм учраас цалин хөлс олгоогүй. Түүнчлэн, цалин хөлстэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэв.
8.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “СИЗУ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “СИЗУ” ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016-2018 онд С.Хажидад өгсөн мөнгөн хөрөнгийн тооцоо, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жагсаалт, “СИЗУ” ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны тайлан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хамтран нэхэмжлэгч оролцуулах хүсэлт, нэхэмжлэлийн шаардлагын тодруулга, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон “СИЗУ” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорноговь аймгийн Сайншанд Иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлын дансаар болон бэлнээр авсан мөнгөний тооцоо гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай Арвайхээр сум 150 хүүхдийн 10-р цэцэрлэг гэх тооцооны баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ЦЭСБ-АУДИТ ХХК-ийн 2023.08.01-ний өдрийн “СИЗУ” ХХК-ийн удирдлагад хүргүүлсэн аудиторын дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар, Хаан банк дахь Г.Бархасжавын эзэмшлийн 5064710147 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, “СИЗУ” ХХК-нд Г.Бархасжав нь нярав ажилтай тухай тус компанийн тодорхойлолт, нэхэмжлэлийн шаардлагын тодруулга,
Хариуцагч С.Хажидын зүгээс хариу тайлбар, “СИЗУ” ХХК болон Ш.Цагаанхүү нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 08, 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Тооцоо нийлэх гэрээ”-ний Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, С.Хажидын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “СИЗУ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дугаартай “Ажлын газрын тодорхойлолт”-ын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “СИЗУ” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43/2018 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” гэх захирлын гарын үсэг зурагдаагүй, компанийн тамга дарагдсан баримт бичгийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Өвөрхангай, Дорноговь аймагт баригдсан барилгын фото зургийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “СИЗУ” ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээний Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Иргэдийн хөгжлийн төв” барилгын ажлын зургийн нүүр хуудасны Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 340,000 төгрөгийн зарлагын баримтын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 80,000 төгрөгийн үнэ бүхий “Үйлчилгээний тасалбар” гэх баримтын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 200,000 төгрөгийг “Эм эйч Эм констракшн” ХХК руу шилжүүлсэн баримтын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 42,000 төгрөгийг “ЭБЦТС” ТӨХК-нд шилжүүлсэн баримтын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 4,620 төгрөгийг “Онги ус суваг” ОНӨУҮГ-т шилжүүлсэн баримтын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Б.Өлзийбаярт 500,000 төгрөг шилжүүлсэн баримтын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 60,000 төгрөгийн үнэ бүхий “Үйлчилгээний тасалбар”-ын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Д.Алтансувдад 60,000 төгрөг шилжүүлсэн баримтын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 95,000 төгрөг шаардсан нэхэмжлэхийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Г.Цэрэндуламд 30,000 төгрөг шилжүүлсэн баримтын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Тоноглолын газардуулгын эсэргүүцэл гэх баримтын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 140,000, 207,500, 197408, 478,600, 302,600, 1,368,100, 190,200, 110,900, 33,700, 85,900, 207,000, 193,000, 60,000, 107,000, 5,500, 3,500, 620,508, 8,000, 3,600, 5,500, 6,000, 9,000, 13,0000, 76,000, 104,900, 8,000, 21,000, 6,000, 13,800, 20,000, 42,000, 66,000, 97,000, 12,500, 11,500, 12,500, 18,000, 126,000, 96,000, 22,000, 314,800, 5,000, 20,000, 7,600, 20,000, 757,000, 96,000, 37,000, 88,000 төгрөгийн санхүүгийн баримтын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутагт зорчсон зорчих эрхийн тасалбар, С.Хажидын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1704 дүгээр магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01773 дугаар шийдвэрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “СИЗУ” ХХК-нд ажиллах хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлбар, Хот байгуулалт, хөгжлийн газрын акт, барилгын талбайд орон, гарсан баримт, “СИЗУ” ХХК-ийн 27/2017 дугаар С.Хажид тус компанид талбайн инженерээр 2015 оноос хойш ажиллаж байгаа, сарын цалин 1,200,000 төгрөг болохыг тодорхойлсон албан бичгийн Голомт банкны 152 дугаар тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Голомт банк дахь С.Хажидын эзэмшлийн 1605121390 дугаар дансны хуулга, кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 101/ШШ2020/02145 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023 оны 4/44 дугаар хариу мэдэгдэх хуудас,
хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас хавтаст хэрэгт хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
9.Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022.07.05-ны өдрийн 01/1279 дугаар албан бичиг, түүний хавсралт, Хаан банкнаас нотлох баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тамгын газраас С.Хажид, “СИЗУ” ХХК нарт холбогдох хэргийн баримтыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, гэрч Ш.Цагаанхүүгээс мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдсэн, Шүүхийн тусгай архиваас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01773 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1704 дугаар магадлалын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “СИЗУ” ХХК-ийн 2015-2018 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тайланг тус тус гаргуулан авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хариуцагч С.Хажидад холбогдох нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн нэхэмжлэлийн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, түүний өмнөөс нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 13,228,396 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож,
хариуцагч С.Хажидад холбогдох компаниас шилжүүлэн авсан 77,532,533 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг,
хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг,
хариуцагч С.Хажидад холбогдох 18,884,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Гантулгын нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,
нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд холбогдох 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “СИЗУ” ХХК-нд талбайн инженерээр ажилласан болохыг тогтоолгох, ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Хажидын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК нь хариуцагч С.Хажидад холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр түүний нэрээр төлж байсан нийгмийн даатгалын шимтгэл 13,228,396 төгрөгийг буцаан гаргуулах, компаниас шилжүүлэн авч хувьдаа ашигласан 77,532,533 төгрөгийг буцаан гаргуулах, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэж тогтоосон тэтгэврийг хүчингүй болгуулахаар шаардаж үндэслэлээ хариуцагч С.Хажидыг тэтгэвэр тогтоолгох насанд хүртэл нийгмийн даатгал төлж өгөөч гэж гуйсны дагуу түүнийг ажиллуулахгүйгээр шимтгэл төлсөн, мөн С.Хажид нь зөвшөөрөлгүйгээр тус компанийн нэрээр бусадтай гэрээ байгуулж, компаниас мөнгө авч эргэж тооцоо нийлдэггүй, хувьдаа ашигласан гэж тодорхойлж байна.
3.Нэхэмжлэгч Н.Гантулга нь хариуцагч С.Хажидад холбогдуулан 18,884,000 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардлагын үндэслэлээ С.Хажидад ямар нэг өр төлбөргүй бөгөөд түүнд хувийн болон компанийн дансаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, түүний нэрийн өмнөөс бусдад өгсөн төлбөрийг одоо хүртэл эргүүлж өгөөгүй гэж тодорхойлж байна.
4.Хариуцагч С.Хажид нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ 2015 оны 12 дугаар сард нэхэмжлэгч компанид талбайн инженерээр ажилд орсон, нэхэмжлэгч компанийн захирал Н.Гантулга нь цалин хөлс өгөхгүй, цалин хөлсөнд орон сууц өгнө, автомашин өгнө гэж хойшлуулдаг байсан, компаниас болон Н.Гантулгаас өгсөн мөнгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд төлсөн гэж тайлбарлаж байна.
5.Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ С.Хажидын материалыг шалгаж үзэхэд 55 нас хүрсэн, нийт 16 жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байсан буюу нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан шаардлага хангаж байсан учраас хувь тэнцүүлснээр өндөр насны тэтгэвэр тогтоосон. “СИЗУ” ХХК нь 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал 3 жилийн хугацаанд 1,200,000 төгрөг буюу үндсэн ажилтнаар тооцон С.Хажидын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Иймд нийгмийн даатгалын байгууллага С.Хажидын тэтгэврийг тогтоож өгсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй. Хэрэв С.Хажид нь тухайн байгууллагад ажиллаагүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол нийгмийн даатгалын шимтгэлд 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал төлсөн төлөлтийг 0 болгож, С.Хажидын тухайн үед авч байсан тэтгэврийг одоо авч байгаа тэтгэврээсээ буцаан төлөх эсхүл шинээр тэтгэвэр тогтоох асуудал үүснэ гэж тайлбарлаж байна.
6.Хариуцагч С.Хажид нь нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд холбогдуулан 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд тус компанид талбайн инженерээр ажиллаж байсан болохыг тогтоолгож, уг хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардлагын үндэслэлээ хавтаст хэрэгт авагдсан ажилд томилсон тушаал, ажиллаж байх хугацаанд 3-4 удаа цалин олгосон, ээлжийн амралтын цалин олгосон, ажиллаж байх хугацаандаа Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих барилгын ажил, Дорноговь аймгийн төв Сайншанд суманд Иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг хийгээд улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь тогтоогддог бөгөөд цалингаа авах гэхээр чамд автомашин өгнө, хашаа байшин авч өгнө гэх мэтээр хууран мэхэлж өнөөдрийг хүрсэн гэж тодорхойлжээ.
7.Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, С.Хажидыг компанид ажиллуулж байгаагүй буюу манай компаниас төсөв хөрөнгийг нь гаргуулан барилгын гадна, дотно шавардлага, заслын ажлыг хувиараа хийхээр авч, цаашаа хэн нэгэн хувь хүнтэй өртөг зардлыг нэмж ажиллуулан дундаас нь ашиг гарган авч ажилладаг байсан бөгөөд түүний гуйснаар нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан гэж тайлбарлаж байна.
8.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1.Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК нь 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хариуцагч С.Хажидын нэрээр нийт 10,031,262 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн. (1 дэх хавтаст хэргийн 10-46, 3 дахь хавтаст хэргийн 214-218 дахь тал)
8.2.Хариуцагч С.Хажид нь нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд 13,228,396 төгрөгийг төлөх нь үнэн болно гэх агуулга бүхий баримт бичиг үйлдсэн. (2 дахь хавтаст хэргийн 28 дахь тал)
8.3.Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 24/2015 дугаар тушаалд тус компанийн захирал Н.Гантулгын гарын үсэг зурагдаагүй. (2 дахь хавтаст хэргийн 168 дахь тал)
8.4.Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК болон хариуцагч С.Хажид нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. (3 дахь хавтаст хэргийн 121 дэх тал)
8.5.Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн зүгээс тус компанид С.Хажид нь талбайн инженерээр ажилладаг тухай 2 удаа тодорхойлолт гаргаж байсан. (2 дахь хавтаст хэргийн 71, 3 дахь хавтаст хэргийн 189 дэх тал)
8.6.Голомт банк дахь хариуцагч С.Хажидын эзэмшлийн 1605121390 дугаар дансанд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “TSALIN SIZU SIZU” гэх утгаар 979,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “TSALIN SIZU SIZҮ” гэх утгаар 979,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “EELJIIN AMRALT OLGOVOR SIZU SIZU” гэх утгаар 958,608 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. (3 дахь хавтаст хэргийн 190-191 дэх тал)
8.7.Хариуцагч С.Хажид нь 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны олгогдоогүй цалин хөлстэй холбоотой “СИЗУ” ХХК-нд холбогдуулан эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байгаагүй.
8.8.Хариуцагч С.Хажидын хувьд “СИЗУ” ХХК-аас болон Н.Гантулгаас түүнд шилжүүлсэн гэх мөнгөн дүнгийн талаар маргаагүй.(1 дэх хавтаст хэргийн 57-59, 2 дахь хавтаст хэргийн 147-157 дахь тал)
8.9.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Ш.Цагаанхүүгийн нэхэмжлэлтэй хариуцагч “СИЗУ” ХХК болон С.Хажид нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 119,810,355 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Хариуцагч С.Хажидад холбогдох нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн нэхэмжлэлийн талаар:
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ.
9.1.Хавтаст хэрэгт авагдсан “СИЗУ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дугаар албан бичигт “…Хажид нь тус компанид 2015 оны 10 дугаар сараас хойш… талбайн инженерээр ажилладаг нь үнэн болно” гэж (2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал), “СИЗУ” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43/2018 дугаар тушаалаар С.Хажидыг үүрэгт ажлаас чөлөөлсөн (2 дахь хавтаст хэргийн 188 дахь тал), хариуцагч С.Хажидын нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт “…2015.12.01-нд 24/2015 тушаалаар…” гэж (2 дахь хавтаст хэргийн 189 дэх тал), “СИЗУ” ХХК-ийн 27/2017 дугаар албан бичигт “…Талбайн инженерээр 2015 оноос хойш ажиллаж байгаа…” гэж (3 дахь хавтаст хэргийн 189 дэх тал) тус тус дурдсан байх боловч мөн хавтаст хэрэгт авагдсан “ЦЭСБ-АУДИТ” ХХК-ийн “Аудиторын дүгнэлт” гэх баримтад “…Хажид нь 2015 оны 12-р сараас 2018 оны 12-р сарын хооронд “СИЗУ” ХХК-иар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж байсан боловч тухайн компанийн үндсэн ажилтны нэгэн адил хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин, хөлс авч байгаагүй болно…” гэж (3 дахь хавтаст хэргийн 121 дэх тал), “СИЗУ” ХХК-ийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 24/2015 дугаар тушаалд захирал Н.Гантулгын гарын үсэг зурагдаагүй (2 дахь хавтаст хэргийн 168 дахь тал), хариуцагч С.Хажид нь 2019 оноос хойш цалин хөлстэй холбоотойгоор нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд холбогдуулан эрх бүхий байгууллагад гомдол, шаардлага гаргаж байгаагүй, “...13,228,396 төгрөгийг төлөх нь үнэн болно…” гэх агуулга бүхий баталгаа гэх баримт бичиг үйлдсэн (2 дахь хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг үйл баримттай харьцуулан үзвэл хариуцагч С.Хажидыг нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд “талбайн инженер” албан тушаалд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн “...өндөр насны тэтгэвэрт гарахад 3 жил дутуу байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг компаниас төлж өгөхийг гуйсны дагуу төлсөн… С.Хажид нь манай компаниас барилгын гадна болон дотор шавардлага, заслын ажил авч ажиллаж байсан…” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
Хэдийгээр хариуцагч нь “СИЗУ ХХК-нд баталгаа гаргах нь” гэх баримтыг нэхэмжлэгч талын шахалтаар тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримт бичгийг гаргуулж авахын тулд үйлдсэн гэж тайлбарлаж байх боловч баримтаар тогтоогдоогүй болно.
Түүнчлэн, хариуцагч С.Хажид нь “СИЗУ” ХХК-ийн гүйцэтгэсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сум болон Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдсан барилгын талбайн инженерээр ажиллаж, уг барилгуудыг улсын комисст хүлээлгэж өгсөн, 2021 оны 02 болон 03 дугаар сард 2 удаа 979,000 төгрөгийг “TSALIN SIZU SIZU”, “TSALIN SIZU SIZҮ” гэх утгаар, 958,608 төгрөгийг “EELJIIN AMRALT OLGOVOR SIZU SIZU” гэх утгаар шилжүүлж байсан үйл баримт нь “СИЗУ” ХХК болон С.Хажид нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
9.2.Иймд ажилтан бус этгээдийн нэрээр 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөх нөхцөл бүхий Иргэний хуулийн 39 дүгээр 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасан хэлцэл “СИЗУ” ХХК болон С.Хажид нарын хооронд байгуулагдсан гэж үзлээ.
Уг хэлцэл нь Нийгмийн даатгалын тухай хууль(1994 он)-ийн 21 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ““нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг”, 7 дахь хэсэгт ““шимтгэл төлөгч” гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг” гэж заасанд нийцэхгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч “СИЗУ” ХХК нь хариуцагч С.Хажидын нэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хууль тогтоомжийн дагуу хүлээгээгүй байна.
Харин хариуцагч С.Хажидын үйлдсэн “СИЗУ ХХК-нд баталгаа гаргах нь” гэх баримт нь нэхэмжлэгч “СИЗУ” ХХК болон хариуцагч С.Хажид нарын хооронд хэлцэл байгуулагдсан болохыг нотлох баримт учир уг баталгааг хэлцэл гэж үзэхгүй. Энэ тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
9.3.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж зааснаар С.Хажидыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, “СИЗУ” ХХК-аас түүний нэрээр нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 10,031,262 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Тодруулбал, хавтаст хэрэгт хариуцагч С.Хажидын үйлдсэн “…13,228,396 төгрөгийг эргүүлэн төлөх нь үнэн болно” гэх агуулга бүхий баримт (2 дахь хавтаст хэргийн 27 дахь тал) авагдсан боловч нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-аас гаргаж өгсөн “СИЗУ” ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт (1 дэх хавтаст хэргийн 10-46 дахь тал) гэх баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь С.Хажидын нэрээр нийт 10,031,262 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. Иймд 10,031,262 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
10.Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-аас хариуцагч С.Хажидад нийт 77,532,533 төгрөг шилжүүлэн өгсөн талаар зохигч талууд маргаагүй, харин уг мөнгөн дүнг хувьдаа зарцуулсан эсхүл “СИЗУ” ХХК-ийн нэрийн өмнөөс иргэн Ш.Цагаанхүүд төлөх төлбөрт төлсөн эсэх үйл баримтын хувьд талууд маргаантай байна.
Тодруулбал, нэхэмжлэгч “СИЗУ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж, хариуцагч С.Хажидад шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийн тооцоо бүхий жагсаалтыг хавсаргаж өгсөн бөгөөд тус жагсаалтад “…гүйцэтгэсэн ажил: өвөрхангай, дорноговь…, гүйлгээний утга: ажлын хөлс, Баточирт, цементийн үнэ, материалын үнэ, пасад урьдчилгаа, техникийн дүгнэлт, хүнсний материалд, дэвсгэр, тог, шохой, будаг, хасаас, хаалга үнэ…” гэж дурдсанаас (2 дахь хавтаст хэргийн 241-242 дахь тал) үзэхэд хариуцагч С.Хажидаас нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн шаардаж буй 77,532,533 төгрөг нь тус компанийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сум болон Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдсан барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардал мөн эсэх талаар зохигч талууд маргаантай байна.
Зохигч талуудын тайлбараар Өвөрхангай аймгийн Арвайхээр сум болон Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдсан барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой “СИЗУ” ХХК болон С.Хажид нарт холбогдох иргэн Ш.Цагаанхүүгийн нэхэмжлэлтэй ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 119,810,355 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэж заасан үндэслэл бүрдсэн гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн… 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно…” гэж зааснаар нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Хажидад холбогдох 77,532,533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн нэхэмжлэлийн талаар:
11.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заажээ.
11.1.Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он)-ийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж заасны дагуу С.Хажидад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоожээ. (1 дэх хавтаст хэргийн 189 дэх тал)
11.2.Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он)-ийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргах” гэж зааснаар нэхэмжлэгч “СИЗУ” ХХК нь өндөр насны тэтгэвэр тогтоосныг хүчингүй болгох талаар эрх бүхий дээд шатны албан тушаалтан буюу байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай.
11.3.Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” гэж зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн талаар тодруулж хэлбэл, нийгмийн даатгалын байгууллага өндөр насны тэтгэвэр тогтоосон нь хуульд нийцсэн эсэх талаар иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх үнэлэлт дүгнэлт өгөх эрх хэмжээгүй болно.
12.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн… 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно…” гэж зааснаар нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох өндөр насны тэтгэвэр тогтоосныг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна
Хариуцагч С.Хажидад холбогдох нэхэмжлэгч Н.Гантулгын нэхэмжлэлийн талаар:
13.Нэхэмжлэгч Н.Гантулга нь хариуцагч С.Хажидаас нийт 18,884,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба үүнд Д.Ариунтуяа гэх иргэнд төлсөн 1,500,000 төгрөг багтжээ.
13.1.Хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02145 дугаар шийдвэрээр “…2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “СИЗУ” ХХК-ийг төлөөлж С.Хажид, нөгөө талаас Ш.Цагаанхүү нар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан…” гэж, гэрч Ш.Цагаанхүүгийн мэдүүлсэн “…Би Улаанбаатараас 20 гаруй ажилтантай Өвөрхангай аймагт ирж СИЗУ ХХК-ийн захирал Гантулгатай тохиролцон цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн… гэж мэдүүлснийг үнэн зөв гэж үзэх…” гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “СИЗУ” ХХК нь Д.Ариунтуяад 1,500,000 төгрөг төлсөн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (3 дахь хавтаст хэргийн 195-197 дахь тал)
13.2.Хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02145 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт “…Өвөрхангай аймагт 150 хүүхдийн багтаамжтай… цэцэрлэгийн барилгын ажилд Д.Ариунтуяа би… туслан гүйцэтгэгчээр амаар гэрээ байгуулж ажилласан…” гэж дурдсанаас үзэхэд уг төлбөр нь Ш.Цагаанхүүгийн нэхэмжлэлтэй “СИЗУ” ХХК болон С.Хажид нарт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний маргаантай хамааралтай гэж үзэхээр байна.
13.3.Мөн нэхэмжлэгч Н.Гантулга нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж шүүхэд гаргаж өгсөн “2016-2018 оны захирал Хажидад өгсөн мөнгөний тооцоо” гэх баримтад “…гүйцэтгэсэн ажил: өвөрхангай, дорноговь…, гүйлгээний утга: Гантулга, ажлын хөлс, Гантулгаас…” гэж дурдсанаас үзэхэд уг мөнгөн хөрөнгийг барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардалд төлсөн төлбөр мөн эсэх талаарх өөр маргаан буюу “СИЗУ” ХХК болон С.Хажид нарт холбогдох иргэн Ш.Цагаанхүүгийн нэхэмжлэлтэй ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 119,810,355 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
13.4.Нэхэмжлэгч Н.Гантулга нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч С.Хажидад холбогдуулж 17,384,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа талаар тодруулсан (2 дахь хавтаст хэргийн 243 дахь тал), 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 1,500,000 төгрөгөөр ихэсгэж, нийт 18,884,000 төгрөг гаргуулахаар шаардсан (3 дахь хавтаст хэргийн 227 дахь тал) , 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 2,000,000 төгрөгөөр ихэсгэж нийт 19,884,000 төгрөг гаргуулахаар шаардсан (3 дахь хавтаст хэргийн 243 дахь тал) бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “...нийт 18 884 000 төгрөг нэхэмжилж байна...” гэж дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгасан гэж үзэх үндэслэлтэй байна. (4 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн… 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно…” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Гантулгын нэхэмжлэлтэй хариуцагч С.Хажидад холбогдох 18,884,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд холбогдох хариуцагч С.Хажидын сөрөг нэхэмжлэлийн талаар:
14.Хариуцагч С.Хажид нь нэхэмжлэгч компанид 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал талбайн инженерээр ажиллаж байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ нотолж, “СИЗУ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дугаар албан бичигт “…Хажид нь тус компанид 2015 оны 10 дугаар сараас хойш… талбайн инженерээр ажилладаг нь үнэн болно” гэж (2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал), “СИЗУ” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43/2018 дугаар тушаалаар С.Хажидыг үүрэгт ажлаас чөлөөлсөн (2 дахь хавтаст хэргийн 188 дахь тал), хариуцагч С.Хажидын нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт “…2015.12.01-нд 24/2015 тушаалаар…” гэж (2 дахь хавтаст хэргийн 189 дэх тал), “СИЗУ” ХХК-ийн 27/2017 дугаар албан бичигт “…Талбайн инженерээр 2015 оноос хойш ажиллаж байгаа…” гэж (3 дахь хавтаст хэргийн 189 дэх тал) дурдсан гэж тайлбарлаж байх боловч зөвхөн уг баримтуудыг үнэлж нэхэмжлэгч компанид ажиллаж байсан гэж үзэх боломжгүй талаар урьд нь дүгнэсэн.
Иймд Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг”, 3.1.3-т “ “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тохирно”, 21.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “СИЗУ” ХХК болон хариуцагч С.Хажид нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй буюу 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал талбайн инженерээр ажиллаж байсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Нэгэнт шүүх ажиллаж байсан гэх байдал тогтоогдохгүй гэж дүгнэсэн тул Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ажилтан нь… цалин хөлс авах… эрхтэй”, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” гэж заасны дагуу цалин хөлс шаардах эрхгүй юм.
15.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Хажидаас 10,031,262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд олгож, 3,197,134 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд холбогдох 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “СИЗУ” ХХК-нд талбайн инженерээр ажилласан болохыг тогтоолгох, ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Хажидын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Хажидад холбогдох компаниас шилжүүлэн авсан 77,532,533 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг,
нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг,
нэхэмжлэгч Н.Гантулгын нэхэмжлэлтэй хариуцагч С.Хажидад холбогдох 18,884,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “…нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх”, 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн урьдчилан төлсөн 942,204 төгрөгийн 224,091.98 төгрөгийг, хариуцагч С.Хажидын урьдчилан төлсөн 450,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн төлсөн 718,112.02 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж “СИЗУ” ХХК-нд, нэхэмжлэгч Н.Гантулгын урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Н.Гантулгад, хариуцагч С.Хажидаас 175,450.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Хажидаас 10,031,262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,197,134 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд холбогдох 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “СИЗУ” ХХК-нд талбайн инженерээр ажилласан болохыг тогтоолгох, ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Хажидын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Хажидад холбогдох компаниас шилжүүлэн авсан 77,532,533 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг, нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг, нэхэмжлэгч Н.Гантулгын нэхэмжлэлтэй хариуцагч С.Хажидад холбогдох 18,884,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн урьдчилан төлсөн 942,204 төгрөгийн 224,091.98 төгрөгийг, хариуцагч С.Хажидын урьдчилан төлсөн 450,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-ийн төлсөн 718,112.02 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж “СИЗУ” ХХК-нд, нэхэмжлэгч Н.Гантулгын урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Н.Гантулгад, хариуцагч С.Хажидаас 175,450.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “СИЗУ” ХХК-нд тус тус олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД