Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/903

 

 

 

 

  2024            08              13                                       2024/ДШМ/903

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/680 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 240800000242 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж.Б, 1969 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Отгон сумын ... дүгээр баг, ….. гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ……………./;

Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын “Хатгуурант” гэх газарт Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 2 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр “Тоз-8-01 загварын калибр маркийн буугаар агнасан, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Отгон сумын Хужирт ... дугаар гудамжны ..... тоотод оршин суух гэртээ хадгалсан, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 54-55 УБЛ улсын дугаартай “Huindai univers” маркийн хот хоорондын зорчигч тээврийн автобусанд тавьж Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шалган нэвтрүүлэх цэгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Б-ыг зохих зөвшөөрөлгүйгээр, амьтан ангасан, хадгалсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс бусад газар зорчихыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр бусад газар зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 112 см, гол төмөр 60,4 см урт хэмжээтэй, сангийн анги “84N18670”, сангийн ангийн дээд хэсэгт “Т ТОЗ-8-01 СДЕЛЛАНО В СССР' гэсэн үйлдвэрийн тэмдэглэгээтэй, хараа самбарын хуваарь 100м, баруун эргэлттэй 6 бянттай, 5,6x15 мм-ийн голч төмөр болон сумны байртай, бор элэгдэж цуурсан онгоц модтой, сангийн ангийн баруун хэсэгт гал хамгаалагчтай, сангийн ангийн дээд хэсэгт гар аргаар резин сүүдрэвч хийсэн, замгийн арын чавхыг гар аргаар гагнаж засварласан, овоо харааг цавуугаар тогтоосон 1 ширхэг замаггүй буу, галт зэвсгийн эд анги болох “5746”, “24752” дугаартай 2 ширхэг замгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх, Алтайн Хойлог шувууны 2 ширхэг бодгалийг Монгол Улсын Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2019 оны А/146 дугаар тушаалаар батлагдсан “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан байгалийн баялаг эд зүйлийг шийдвэрлэх” журамд заасны дагуу шийдвэрлүүлэхээр Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан байгалийн баялаг эд зүйлийг шийдвэрлэх зөвлөлд шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Эрүүгийн 2408 0000 00242 дугаар хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийн бодит байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд нмйцээгүй дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Миний үйлчлүүлэгч Ж.Б нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг, хялбаршуулсан байдлаар хэргээ шийдүүлье гэж хүсэлт гаргаж байсан. Ж.Б нь 1969 онд төрсөн, одоо 56 настай, өвдөг, хөл гарын өвчтэй, явж хөдлөхдөө муу, астам ханиалгадаг, Завхан аймгийн Отгон сумын -р багт малчин хийдэг, оршин суугаа газарт нь өндөр уул хадтай, тог цахилгаан байхгүй, сүлжээ барьдаггүй, аппаратур цэнэглэх боломжгүй, нэг үгээр хэлбэл зорчих эрх хязгаарлах ял эдлэх бугуйвч зүүх боломжгүй орчинтой. Тиймд Ж.Б-д оногдуулсан зорчих эрхийн хязгаарлах ялыг таван мянга дөрвөн зуун нэгжээр хэсэгчлэн төлөхөөр торгох ял болгож хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.           

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын “Х” гэх газарт Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 2 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр “Тоз-8-01 загварын калибр маркийн буугаар агнасан, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Отгон сумын Хужирт … дугаар гудамжны … тоот гэртээ хадгалсан, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр …. УБЛ улсын дугаартай “Huindai univers” маркийн хот хоорондын зорчигч тээврийн автобусанд тавьж Сонгинохайрхан дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шалган нэвтрүүлэх цэг хүртэл тээвэрлэсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т-ийн “... Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого,” 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус төрийн сан банкны байгаль орчин, уур амьсгалын сангийн 100……………… тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн амьны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор 868.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Алтан хойлог шувуу нь Монгол орны Алтайн нурууны өндөр уулс, Хангай, Хөвсгөлийн өндөр уулсын ар, хунх, цавчин хад асгын оройг даган нутагладаг. Өвөлдөө уулын нам хэсэг рүү бууж нутагладаг...” /хх 26-28/,

гэрч Н.Ч-ын “... 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон сумаас гарсан, гарахдаа зорчигч болон хүмүүсийн дайвар ачаа авдаг. Завхан аймгийн Отгон сумаас гарах гэсэн чинь түлш царцаад явж чадахгүй машиндаа юм хийгээд байж байсан чинь манай ээлжийн жолооч Н харанхуй байхад уг ачааг өгсөн гэж хэлсэн. Харанхуй байсан учраас ачааг шалгалгүй авсан байсан. Би машиндаа юм хийж байсан учраас бас шалгаагүй. Машинаа засаж дуусахад 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу гарсан...” /хх 30-31/,

гэрч Д.Н-ийн “...2024 оны 01 дүгээр сарын 20-ны орой ойролцоогоор 19 цагаас 21 цагийн хооронд би машиндаа явах хүний ачаа ачиж байхад цаасан хайрцагтай, дээр нь утасны дугаар бичсэн дайвар ачаа үл таних эрэгтэй хүн надад өгсөн тэр эрэгтэй хүнийг би сайн харж чадаагүй гадаа харанхуй болсон байсан надад ачаагаа өгчихөөд л яваад өгсөн. ...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Эмээлтийн товчоогоор орж ирсэн тэгээд товчооны цагдаад ачаа, бараагаа шалгуулсан цагдаа шалгаж байхад орой ачаа өгсөн үл таних хүний ачааг нээж үзэхэд цаасан хайрцаг дотор хар өнгийн уутанд хийгээд гадуур нь скочоор ороосон зүйл байсан тэрийг нь бас нээж үзэхэд дотроос нь 2 ширхэг шувуу гарч ирсэн. Тэгээд Н.Ч ахыг дуудсан тэгсэн чинь цагдаа хориотой бараа тээвэрлэж явсан байна гэж хэлсэн тэгээд эзэн холбогдогч нь тус автобусанд байна уу гэж асуусан тус ачааны эзэн нь автобусанд байхгүй тус ачаа нь дайвар ачаа байсан тул ачаа дээр байсан дугаар луу залгаж эзнийг нь дууд гэж хэлсэн...” /хх 37-38/,

гэрч Б.Н-ийн “...Манай аав Б над руу залгаад автобусаар юм явуулсан байгаа очоод аваарай гэж хэлсэн. Дотор нь юу байгаа талаар хэлээгүй, ...хүнд өгөх юм аваад байж байгаараа гэсэн. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр автобусны жолооч над руу залгаад эмээлт дэх шалган нэвтрүүлэх пост дээр ирж юмаа аваарай гэж хэлсэн...” /хх 33-34/,

шүүгдэгч Ж.Б-ын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн Хатгуурант гэх газрын уулнаас өөрийн калибр галт зэвсгийг ашиглан 2 ширхэг хойлог шувууг агнасан. Ингээд агнасан 2 ширхэг хойлог шувуугаа хар өнгийн уутанд хийгээд гэртээ хадгалж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр уутаа скочоор боож цаасан хайрцагт хийгээд Улаанбаатар хот руу явдаг нийтийн тээврийн автобусны жолоочид өгсөн. Би хайрцаг дээр өөрийн төрсөн охин Н-ийн дугаарыг бичээд жолоочид энэ дугаарын эзэн Улаанбаатар хотод тосож авна гэж хэлсэн ба дотор нь юу байгаа талаар хэлээгүй. ...Би Н-д хайрцагтай ачаа унаанд өгч явуулсан аваад байж байгаарай гэж хэлсэн. Дотор нь юу байгааг хэлээгүй. Харин авсныхаа дараа Ч ахдаа аваачиж өгөөрэй гэж хэлсэн. Манай ах Ч нь хойлог шувуу олоод явуулаач гэж надад огт хэлээгүй. Би өөрөө тус болох гээд 2 ширхэг хойлог шувуу агнаад явуулчихсан. ...миний эзэмшлийн галт зэвсэг байгаа юм, бүртгэл байхгүй ба надад галт зэвсэг эзэмших зөвшөөрөл байхгүй...” /хх 89-91/,

“...Надад угаасаа Тоз-8 бууны 2 замаг байдаг бөгөөд 57.. дугаартай замаг нь эвдэрхий ашигладаггүй замаг байсан уг замгаар би дээрх 2 хойлог шувууг агнаагүй бөгөөд цагдаагаас агнасан буугаа аваад ир гэхээр нь буудлага үйлдсэн 24752 дугаартай замгаа өөртөө авч үлдэх зорилгоор эвдэрхий замаг болох 5746 дугаартай замгийг буундаа сольж хийгээд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр авч ирж өгсөн юм. Тийм болохоор би 5746 дугаартай замгаар буудлага үйлдэж шувуу агнаагүй. Харин 24752 дугаартай замгаар буудлага үйлдэж шувуу агнасан юм. Дараа нь манай өмгөөлөгч 24752 дугаартай замгийг цагдаад авч ирж өгсөн байгаа...” /хх 149-150/ гэсэн мэдүүлгүүд, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “...Завхан аймгийн Отгон сумын Онц багийн нутаг Хатгуурант нэртэй газар нь Отгон сумаас баруун зүгт 7 км орчим зайд оршдог...” гэх албан бичиг /хх 65-66/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 522 дугаартай Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжээчийн “...Шинжилгээнд хар өнгийн бичгийн хэрэгсэл ашиглан “8839*****98, 8880***8” гэж тэмдэглэсэн 41х29см хэмжээтэй цаасан хайрцагтай зүйл ирүүлсэн байна. Уг зүйлийг задалж үзлэг хийхэд 2 ширхэг шувуу байгаа нь мөрдөгчийн тогтоолд дурдсантай тохирч байна. Шинжлэгдэж буй шувуунуудыг өөр хооронд нь ялгахын тулд 1, 2 гэж дугаарлав. 1 гэж дугаарласан шувуу 2,900 гр, 2 гэж дугаарласан шувуу 2.700 гр байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шувууг ямар төрөл зүйлийн, ямар хүйсийн болох зэргийг тогтоох зорилгоор ажиглалт, хэмжилт, харьцуулалтын аргыг ашиглан шинжилж үзэхэд (хэвлийн доод болон хөлийн арын хэсэг хар, хэвлий болон сүүлний доод хэсгийн эд цагаан, толгой, хүзүү болон цээж үнсэн саарал, хоолой болон дух цайвар, нүд дагасан тод шар судалтай) шувууны өнгө, зүс биеийн еренхий шинж, биеийн жин, биеийн урд далавчны урт, хошууны урт, сүүлний урт зэрэг хэмжилтүүдийг шувуу таних бичигтэй харьцуулахад Тахиатан-Galliformes (Gebler, 1836) баг, Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог- Tetraogallus altaicus (Gebler, 1836) зүйл байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг Алтайн хойлог Tetraogallus altaicus (Gebler, 1836) нь эр хүйсийнх байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай хүзүү хэсэгт 4 см орчим нүх үүсэж цус мэт зүйлээр бохирлогдсон, тарс нь байхгүй, 2 дугаартай нь цээж хэсэгтээ 5см орчим нүх үүсэж цус мэт зүйлээр бохирлогдсон, тарс байхгүй байна. Уг шувуунууд нь галт зэвсгээр агнагдсан байх боломжтой, хэзээ агнагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн Алтан хойлог Tetraogallus altaicus (Gebler, 1836) нь Монгол Улсын засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ховор амьтны жагсаалтад орсон зүйл юм. Уг 2 шувуунууд нь нас бие гүйцсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 260 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг толгой Алтайн хойлог Tetraogallus altaicus (Gebler, 1836)-ийн экологи эдийн засгийн үнэлгээг 217.000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын Амьтны аймагт учирсан хохирлын үнэлгээ нь 868.000 төгрөг байна.” /хх 45-50/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 638 дугаартай Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги “84N18670”, замаг “5746” дугаартай буу хуучнаар Зөвлөлт холбоот улсад ан агнуур, спорт-сургалтын зориулалтаар үйлдвэрлэсэн “ТОЗ-8-01” загварын 5,6x15мм-н бага калибрын винтов буу байна. Шинжилгээнд ирүүлсэн бууны замгийн цохигч төмөр сумны бялт дээр дутуу цохиж, бялтыг тэслэхгүй байна...” /хх 55-58/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1492 дугаартай Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 24752 дугаартай замаг нь сангийн анги 84N18670 дугаартай ТОЗ-8-01 загварын галт зэвсэгт таарна. Шинжилгээнд ирүүлсэн 24752 дугаартай замаг нь хэвийн ажиллагаатай. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 84N18670 дугаартай ЮЗ-08-01 загварын галт зэвсэг хэвийн ажиллагаатай. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” /хх 138-139/ гэсэн дүгнэлтүүд,

Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн “...Ж.Б-с гаргаж өгсөн ТОЗ-8-01” загварын 5,6x15мм бага калибрийн винтов бууг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол /хх 16/,

Эд зүйл хүлээн авсан мөрдөгчийн “...Яллагдагч Ж.Б-ын өмгөөлөгч Б.Э-аас гаргаж өгсөн галт зэвсгийн эд анги болох 24752 дугаартай замгийн хүлээн авав...” гэсэн тэмдэглэл /хх 133/,

Хэргийн газрын үзлэг хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмээлт дэх шалган нэвтрүүлэх пост байх ба Улаанбаатар хот руу явдаг чиглэлд … УБГ улсын дугаартай ногоон өнгийн Huindai Universe загварын хот хоорондын автобус байх ба автобусны доор байрлах ачааны хэсгийг нээш үзэхэд иргэдийн дайвар ачаа байх ба хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй бөгөөд эмээлт дэх шалган нэвтрүүлэх постын цагдаагийн өрөөнд хар өнгийн уутанд өнгөгүй туузаар ороосон байсныг нээсэн цаасан хайрцаг дотор хойлог гэх нэртэй 2 ширхэг шувуу байсныг эд мөрийн баримт болгож шинжээч томилохоор үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-13/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Ж.Б-ын Ховор амьтны жагсаалтад багтдаг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субьектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Б-ыг зохих зөвшөөрөлгүйгээр, амьтан ангасан, хадгалсан, тээвэрлэсэн буюу хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Б.Э-аас “...оногдуулсан зорчих эрхийн хязгаарлах ялыг таван мянга дөрвөн зуун нэгжээр торгох ял болгож, хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгон 1 жил буюу хамгийн доод хэмжээгээр оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амьтны аймагт учруулсан хохирлоо төлж барагдуулсан хэдий ч хөдөө мал маллаж амьдардаг, тогтсон тогтвортой орлогогүй, анхан шатны шүүх хуралдаанд торгох ялыг биелүүлэх боломжгүй, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж эрүүгийн хариуцлагын талаар саналаа илэрхийлсэн зэрэг хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчлөх үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг замаггүй буу, 2 ширхэг замгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/680 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/680 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 112 см, гол төмөр 60,4 см урт хэмжээтэй, сангийн анги “84N18670”, сангийн ангийн дээд хэсэгт “Т ТОЗ-8-01 СДЕЛЛАНО В СССР' гэсэн үйлдвэрийн тэмдэглэгээтэй, хараа самбарын хуваарь 100м, баруун эргэлттэй 6 бянттай, 5,6x15 мм-ийн голч төмөр болон сумны байртай, бор элэгдэж цуурсан онгоц модтой, сангийн ангийн баруун хэсэгт гал хамгаалагчтай, сангийн ангийн дээд хэсэгт гар аргаар резин сүүдрэвч хийсэн, замгийн арын чавхыг гар аргаар гагнаж засварласан, овоо харааг цавуугаар тогтоосон 1 ширхэг замаггүй буу, галт зэвсгийн эд анги болох “5746”, “24752” дугаартай 2 ширхэг замгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх, ...” гэснийг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 112 см, гол төмөр 60,4 см урт хэмжээтэй, сангийн анги “84N18670”, сангийн ангийн дээд хэсэгт “Т Тоз-8-01 Сделлано в СССР' гэсэн үйлдвэрийн тэмдэглэгээтэй, хараа самбарын хуваарь 100м, баруун эргэлттэй 6 бянттай, 5,6x15 мм-ийн голч төмөр болон сумны байртай, бор элэгдэж цуурсан онгоц модтой, сангийн ангийн баруун хэсэгт гал хамгаалагчтай, сангийн ангийн дээд хэсэгт гар аргаар резин сүүдрэвч хийсэн, замгийн арын чавхыг гар аргаар гагнаж засварласан, овоо харааг цавуугаар тогтоосон 1 ширхэг замаггүй буу, галт зэвсгийн эд анги болох “5746”, “24752” дугаартай 2 ширхэг замаг болон Алтайн Хойлог шувууны 2 ширхэг бодгалийг устгахыг, ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

 

                   ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ