Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00327

 

******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/02299 дугаартай шийдвэртэй

 Нэхэмжлэгч ******-ын нэхэмжлэлтэй

 Хариуцагч ******, ****** нарт  холбогдох

 36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: ****** нь 2019 оны 07 дугаар сарын эхээр надад мах худалдан авч хагас боловруулан худалдаанд гаргаж, олсон ашгаа хуваах саналыг тавьсан. Ингээд тэрээр мөн оны 08 дугаар сарын 02-ны өдөр над руу залган мах худалдан авах урьдчилгаанд 6,000,000 төгрөгийг ******ийн данс руу шилжүүлэхийг хүссэн тул би 6,000,000 төгрөг шилжүүлсэн.

Бид нийлж мах боловсруулах үйлдвэр түрээслэхээр болж, ****** нь танилаараа дамжуулан  нэг сарын 5,000,000 төгрөгөөр, 6 сарын хугацаатай үйлдвэр түрээслэхээр болсон. Би үйлдвэрийн түрээсийн төлбөрт ******ийн ХААН банкны 50хххххх дугаарын данс руу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 8,805,000 төгрөг,  2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1,195,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголонгийн зам, 36/14 тоотод байрлах үйлдвэрт хэд хэдэн удаа очиход “тоног төхөөрөмж дутуу, БНХАУ руу захиалсан удахгүй ирнэ” гээд үйл ажиллагаа явуулаагүй учир би ******, ****** нарт “мөнгөө буцааж авъя” гээд тэдэнд түлхүүрийг нь буцаан өгсөн.

Тухайн үед би түрээсийн гэрээг хараагүй байсан ба гэрээг үйлдвэрийн эздээс нь хуулбарлан авч, үйлдвэрийг сарын 3,500,000 төгрөгөөр, 3 сарын хугацаатайгаар түрээсэлсэн гэдгийг мэдсэн. Иймд хариуцагч ******, ****** нараас нийт 36,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.  ****** нь 2019 оны 09 дүгээр сард надад өөрөө санхүүжилтээ гарган махыг хагас боловсруулан Хятад улс руу нийлүүлэх санаачилга гаргасан ба найз Б.Бат-Эрдэнэ болон ****** нартай ярилцсан байсан. Би тэдний бизнест анхнаасаа оролцоогүй бөгөөд надад ашиг өгнө гэж тохиролцоо хийгээгүй.

Харин ****** надаас ямар ч үнээр ч хамаагүй, хурдан хугацаанд мах боловсруулах ажлын байр олохыг хүсч миний ХААН банкны данс руу 10,000,000 төгрөг, 8,805,000 төгрөг, 10,000,000 төгрөг, нийт 28,805,000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийн танилаар н.Х дамжуулан түрээсийн  байр олж, түүнд 15,000,000 төгрөг шилжүүлсэн, гэрээг түрээслүүлэгч н.У-тэй нэг сарын 3,500,000 төгрөгөөр тохирч байгуулсан. Ингээд түлхүүрийг ******т өгсөн.

Мөн 2019 оны 08 дугаар сард ******-ын гуйлтаар н.Ч гэдэг махны ченжтэй утсаар холбогдож 50,000,000 төгрөгийн махыг зээлээр түүнд авч өгсөн. ****** н.Ч өөрийн биеэр очиж жинлэж авсан гэсэн. Улмаар Ч махны тооцоо хийхийг шаардахаар нь ******-ын шилжүүлсэн мөнгөний үлдэгдлийг шилжүүлсэн. Тухайн үед нь би ******т н.Чимгээгээс авсан махны тооцоог хийсэн гэдгийг хэлж байсан.

Харин ****** махны бизнес хийнэ гэж найз н.Б өөрт нь шилжүүлсэн мөнгийг хувьдаа машин худалдан авсан байсныг өмнөх шүүх хуралдааны явцад мэдсэн. ****** надтай махны тооцоотой байсан ба 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөг, 1,195,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн мөнгөнөөс ******-ын зээлээр авсан махны мөнгийг н.Ч шилжүүлсэн. Бидний хооронд тооцоо байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч ******ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь ****** нь бидэнтэй адил махны бизнес эрхэлдэг бөгөөд махны ченжүүдээс мах авч хятад иргэдийн мах хагас боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг байсан. 2019 оны 09 дүгээр сард ****** нь санал гарган “******ээр ямар ч үнээр хамаагүй түрээсийн мах хагас боловсруулах ажлын байр олуулах, өөрөө найз Б.Б хамт санхүүгээ хариуцан өөрсдөө махыг хагас боловсруулан би мах бэлтгэх ажилд туслахаар” тохирсон.

Би ******т ажлын байрны түрээсийн урьдчилгаа 6,000,000 төгрөгийг ******ийн данс руу шилжүүл гэж хэлээгүй. Харин өөрийн махны тооцоог андуурсан байх. Надад мөнгө санхүүгийн талаар ямар нэг мэдэл байгаагүй ба захиран зарцуулах мөнгө ирээгүй. Харин ****** түүнд түрээсийн хямд ажлын байр олж өгсөн гэж сонссон. ****** нь ашиг гарвал өөрийн найз Б.Б болон надад “ашгаа хувааж аваад эргэлтийн хуримтлалтай болно” гэж байсан. ****** нь хятад иргэдийн гадагшаа нийлүүлэх махны квот дуусаж төлөвлөсөн ажил бүтэлгүй болонгуут, надаас мөнгө нэхэж байгааг  зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******ээс 18,305,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,695,000 төгрөг болон хариуцагч ******т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337, 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******ээс 249,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

            5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэрэглэсэн. Хариуцагч ******ийн шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгчтэй бид хамтарч ажиллаад ашиг гарвал хувааж авна гэж аман тохиролцоо хийсэн ба ****** нь мах бэлтгэх ажилд туслахаар тохирсон" гэх. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 752 дугаар шийдвэр, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Н.У ****** нарын хооронд байгуулагдсан ажлын байрны түрээсийн гэрээ зэргээр нэхэмжлэгч хариуцагч нар тус тусдаа үүрэг хүлээж хамтран ажиллахаар тохиролцож улмаар тус гэрээ нь хэрэгжиж эхэлсэн байхад шүүх түрээсийн төлбөрт төлсөн 14,500,000 төгрөгөөс 10,500,000 төгрөгийг ******ээс шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дах хэсэгт "хамтран ажиллах гэрээг талууд амаар болон бичгээр байгуулах бөгөөд мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт "хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна" гэж заасан байх тул түрээсийн гэрээний дагуу түрээслэгчид төлсөн 10,500,000 төгрөгийг хариуцагч ******, ****** нар хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч ******ээс 21,805,000 төгрөг, ******өөс 3,500,000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

            6.Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ******, Б.Б ****** нар мах хагас боловсруулан, БНХАУ-ын иргэдэд нийлүүлэхээр тохиролцсон боловч төрөөс олгох “квот” зогссонтой холбоотойгоор тэдний хамтын ажиллагаа дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн талын давж заалдах гомдолд дурдсанаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт заасныг баримтлан 10,500,000 төгрөгийг ******, Б.Б, ****** нар нь хамтран хариуцах ёстой. ****** нь гэрээний оролцогч тал биш тул түүнд хамааралгүй гэжээ.

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******, ****** нарт холбогдуулан 36,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

3.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хариуцагч ******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

4.******, ******, ****** нар 2019 оны 08 дугаар сард мах худалдан авч хагас боловсруулан, цааш нь худалдах үйл ажиллагааг хамтран явуулахаар амаар харилцан тохиролцож, улмаар 3 сар гаруй хугацаанд хамтран ажилласан үйл баримт тэдгээрийн тайлбар, гэрч Н.У, П.О нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-1-3,23,24,92/ Иймээс тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

5.Хэрэгт Б.Б-ийн нэхэмжлэлтэй ******, ******, ****** нарт холбогдох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00752 дугаартай шийдвэр авагдсан байна. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******, ******, ****** нар хариуцагчийн байр сууринаас оролцож, ****** нь “...хөрөнгө оруулалтыг ... ******, манай нөхөр ******ийн хамт ... мах нийлүүлэх, хагас боловсруулах үйлдвэрлэлийн ажилд хамтран оролцох, би махыг хагас боловсруулах зориулалт бүхий бүрэн тоног төхөөрөмжтэй ажлын байрыг олох, түрээслэх ажлыг хариуцсан ...” гэж, ******ийн хувьд “... хятад иргэдтэй хагас боловсруулсан махны бизнес хийхээр болж, санхүүг Б.Б, ****** нар гаргах ... ******ээр хагас боловсруулсан мах боловсруулах ажлын байр олуулах, би мах бэлтгэх ажилд туслахаар тохирсон ...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж байжээ. /хх-25-27/

6.Дээрх бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзвэл талууд хамтын ажиллагааны хураамжийг ****** нь мөнгөн хөрөнгөөр, ******, ****** нар үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дах хэсэгт нийцэж байна.

7.Гэрээний дагуу нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******ийн данс руу 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-нийн өдрийн хооронд нийт 36,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч ******, хариуцагч ****** нарын тайлбар, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогджээ./хх-4-10,74,75,77,78/   

8.Талууд цаашид хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр гэрээ дуусгавар болсон байх ба энэ талаар маргаангүй.

9.Нэхэмжлэгч ******аас шилжүүлсэн 10,500,000 төгрөгийг түрээсийн  төлбөрт, 4,000,000 төгрөгийг түрээсийн барьцаанд өгсөн болох нь хариуцагч ******, гэрч Н.У мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

10.Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 492  дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******ээс 18,305,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

11.Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь дээрх хуулийн зохицуулалтаар хамтын үйл ажиллагаанаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцана.

12.Давж заалдах шатны шүүх талуудын хураамж төлсөн хэлбэр, хамтын үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан түрээсийн төлбөрийн гуравны нэг хувь буюу нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд заасан хэмжээгээр хариуцагч ******өөс гаргуулах нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12-т заасан хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Тодруулбал, нэхэмжлэгч ****** нь хамтын ажиллагаанд 36,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө оруулж, ****** нь мах бэлтгэх ажлын гүйцэтгэж байсан, ******ийн хувьд түрээсийн байр олж өгөх үйлчилгээ үзүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна./хх-28-31/ Иймээс ******ээс төлбөрийн ногдох хэсэг болох 3,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчийн талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

13.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/02299 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******ээс 18,305,000 төгрөг, хариуцагч ******өөс 3,500,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,195,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтын “хариуцагч ******ээс 249,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “хариуцагч ******ээс 249,475 төгрөг,  хариуцагч ******өөс 70,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******т олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ

                                        ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

                                                                                            Ч.ЦЭНД