| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0196/э |
| Дугаар | 207 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
Улсын яллагч Б.Соёлмаа,
Шүүгдэгч Г.Э,
Нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 1810002340233 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мичид зочид буудалд Б.П-тай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж улмаар түүнийг зодож, цохин эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулд хаван хавдар цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн байцаалтын шатанд миний бие холбогдсон хэргийн талаар үнэн зөвөөр тодорхой мэдүүлэг өгсөн байгаа. Тухайн хэрэг болсон өдөр хохирогч П бид хоёр буудалд архи ууж байхдаа хоорондоо маргаж, би түүнийг цохисноор шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг хохирогчид учруулсан. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 500.000 төгрөгийг 2018 оны 03 сард төлж байрагдуулсан. Гэхдээ энэ талаар хэрэгт баримт өгөөгүй байна. Бид хоёр хоёулаа Өмнөговь аймгийн Цагаан хадны боомтод том тэрэгний жолоочоор ажиллаж, нүүрс тээвэрлэдэг, сардаа 1.500.000 төгрөгийн орлоготой ажилладаг юм. Хохирогч бид хоёр найз нөхдийн харилцаа холбоотой. Хохирогчоос уучлалт гуйсан, П нь гомдол саналгүй талаар хэрэгт хүсэлтээ гаргасан байгаа. Би өөр гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргах зүйл байхгүй. Прокуророос сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Дахин хэрэг төвөгт орохгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1810002340233 дугаартай хэргээс:
1. Хохирогч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр манай найз Э /Г.Э/ намайг дуудаад “Мичид” буудалд би, найз Д, Л нарын хамт очсон. Буудалд очиход Э /Г.Э/ ганцаараа байсан. Тэгээд бид тэндээ Нийслэл нэртэй том пиво 2 савыг, Сархад нэртэй архи 750 граммтай нэг шил архи хувааж уусан. Тухайн үед Э /Г.Э/ надад “мөнгө зээлээч” гэхэд нь би “үгүй, мөнгө зээлэхгүй” гэж хэлсэн. Тэр үед Л гаднаас дахин нэг шил архи авч орж ирээд, Л, Д хоёр гарсан. Э /Г.Э/ надад архи хундаглаж өгөхөөр нь би архи уухгүй гэж хэлсэн. Тэгээд хийж өгсөн архийг нь цонхоор асгаснаас маргаан болоод зодолдсон. Миний биед учирсан хөнгөн гэмтлийг Э надад учруулсан. Э намайг хэдэн удаа, хаана цохисоныг одоо санахгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр өөр хоорондоо учраа ололцсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хааж өгнө үү. Би Хятадад ажилладаг учир дахин ирж хэргийн материалтай танилцах боломжгүй. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,
2. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1482 тоот дүгнэлтэд:
1. Б.П-ын биед зүүн нүдний дээд зовхи, дээд уруулд хаван хавдар цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
5. Гарын сарвууны хяналтын зураг авах шаардлагатай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 23х/,
3. Шүүгдэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн:
“...Би Хятад улсад тээврийн компанид жолоочоор ажилладаг юм. 2018 оны 01 сарын 08-нд Хятад улсад ажил хаялт болоод тодорхойгүй хугацаагаар ажил зогссон. Тэгээд 2018 оны 01 сарын 12-ны өдөр хотод орж ирээд Хан-Уул дүүргийн 2-р хороонд байх Мичид буудалд орж найзтайгаа хоноод маргааш нь цуг тээвэрт явдаг найзууд ирээд архи ууж байгаад, Э, Л нар гараад явчихсан байсан. Тэгээд П бид хоёр буудалдаа үлдээд хамт ууж байгаад маргалдаад би түүнийг ганц хоёр удаа алгадсан.
...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, өөрийн буруугаа ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8х, 41-43х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарлаж, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч шүүгдэгчи Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мичид” зочид буудалд архидан согтуурсан үедээ хохирогч Б.П-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, улмаар түүнийг цохиж зодон биед нь “зүүн нүдний дээд зовхи, дээд уруулд хаван хавдар цус хуралт” бүхий хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учруулсан болох нь:
- “Б.П-ын биед зүүн нүдний дээд зовхи, дээд уруулд хаван хавдар цус хуралттай гэмтэл тогтоогдлоо, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно, гарын сарвууны хяналтын зураг авах шаардлагатай байна.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1482 тоот дүгнэлт,
- хохирогч Б.П-ын: “...2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр манай найз Э /Г.Э/ намайг дуудаад “Мичид” буудалд би, найз Д, Л нарын хамт очсон. Буудалд очиход Э /Г.Э/ ганцаараа байсан. Тэгээд бид тэндээ Нийслэл нэртэй том пиво 2 савыг, Сархад нэртэй архи 750 граммтай нэг шил архийг хувааж уусан. Тухайн үед Э /Г.Э/ надад “мөнгө зээлээч” гэхэд нь би “үгүй, мөнгө зээлэхгүй” гэж хэлсэн. Тэр үед Л гаднаас дахин нэг шил архи авч орж ирээд, Л, Д хоёр гарсан. Э /Г.Э/ надад архи хундаглаж өгөхөөр нь би архи уухгүй гэж хэлсэн. Тэгээд хийж өгсөн архийг нь цонхоор асгаснаас маргаан болоод зодолдсон. Миний биед учирсан хөнгөн гэмтлийг Э надад учруулсан. Э намайг хэдэн удаа, хаана цохисоныг одоо санахгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр өөр хоорондоо учраа ололцсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хааж өгнө үү. Би Хятадад ажилладаг учир дахин ирж хэргийн материалтай танилцах боломжгүй. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 8х, 41-43х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.П-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Э нь түүнийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.
Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч, хохирогч нар нь шалтаг шалтгаангүйгээр архидан согтуурсан байдал тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Э нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн хохирогч Б.П нь эмчилгээний зардалд тооцож 550.000 төгрөгийг Г.Э-оос нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд илэрхийлсэн баримттай байна.
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Г.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Г.Э-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч Г.Э-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.П-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон Б.П-ын эмчилгээний зардалд 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлсөн нь:
- хохирогч Б.П-ын хэрэгт бичгээр гаргасан “миний бие Г.Э-оос эмчилгээний зардалд 550.000 төгрөг авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Шүүх хуралд суух боломжгүй байна.” гэсэн хүсэлт /хэргийн 65х/ баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Г.Э-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад /хэргийн 37х/ “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн нь түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэснийг баримтлан шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон хохирогчийн эмчилгээний төлбөрийг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, хохирогч Б.П нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.П нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ыг 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Г.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.П нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД