Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/51

 

 

 

 

 

 

 

 

2024      09         11                                            2024/ДШМ/51

 

 

 

Э.Пд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г. Анх-Ирээдүй

Шүүгдэгч                                                       Э.П

Нарийн бичгийн дарга                               Б.Солонго нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр Э.П-д холбогдох 2425000000296 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.П нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр “Гэзэг” гэх газраас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр 1.888 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэж, байгаль экологид 707.603 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ч.А-ийн эзэмшлийн 00-00 ОРХ дугаартай Мазда Бонго тээврийн хэрэгслээр Булган аймгийн Бугат сумаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.П-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-д шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь 7.2.3-д тус тус зааснаар шүүгдэгч Э.П-гээс 707.603 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн төрийн сан дахь дансанд олгож,

         

            Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,053,000 /хоёр сая тавин гурван мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 75 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр хураан авсан 00-00 ОРХ улсын дугаартай Мазда Бонго маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэрт байх тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 1.42-1.50см урттай 40-54см голчтой 7 ширхэг нойтон шинэс мод, цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг улсын орлого болгуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Ц.Батбямба шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“ ... Анхан шатны шүүх шүүгдэгч Э.П-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн арилгуулах, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үндэслэл нь: 

1. "Байгаль орчинд учруулсан хохирол" гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг,

"Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг тус тус ойлгодог ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нөхөн төлүүлэхээр тогтоож өгсөн хохирол нь Байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй байгаль орчны тэнцлийг хангах, нөхөн сэргээх зорилгоор тогтоож буй мөнгөн төлбөр юм. 

Гэтэл шүүх шүүгдэгч Э.П-гээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэхээр хуульчилсан байхад хохирлыг шууд үнэлгээ болох 707,603 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. 

2. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Э.П-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 ОРХ улсын дугаартай Мазда-Бонго загварын тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах, уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байхын зэрэгцээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 ОРХ улсын дугаартай Мазда-Бонго загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.П нь 2023 оны 10 дугаар сард Ч.А-ээс 1,500,000 төгрөг худалдан авч үлдэгдэл 300,000 төгрөгийн төлбөрийг төлсний үндсэн дээр тээврийн хэрэгслийн нэр буюу эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсон талаар гэрчээр Ч.А мэдүүлжээ. 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж заасан бөгөөд Ч.А нь Э.П-тэй аман хэлбэрээр тохиролцож, 00-00 ОРХ улсын дугаартай Мазда-Бонго загварын тээврийн хэрэгслийг худалдсан, тээврийн хэрэгслийн үнийн үлдсэн 300,000 төгрөгийн төлбөр төлсний дараа эзэмших эрхийг Авто тээврийн байгууллагын бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийж авахыг Ч.А хүлээн зөвшөөрч тээврийн хэрэгслийг Э.П-д шилжүүлснээр 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Э.П нь эзэмшиж, ашиглаж байсан тул уг тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзнэ. Иймд 00-00 ОРХ улсын дугаартай Мазда Бонго загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Э.П-гийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгож, улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх нь хууль хэрэглээний хувьд зөв гэж дүгнэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.П тайлбартаа: Тайлбаргүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Анх-Ирээдүй дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дүгнэлт гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурор Ц.Батбямбын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос Э.П-г 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр Гэзэг гэх газраас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр 1,888 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэж, байгаль экологид 707,603 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ч.А-ийн эзэмшлийн 00-00 ОРХ дугаартай Мазда Бонго тээврийн хэрэгслээр Булган аймгийн Бугат сумаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.    

 

Шүүгдэгч Э.П мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 1,888 м куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэж байгаль экологид 707.603 төгрөгийн хохирол учруулсан болох нь Орхон аймгийн сум дундын ойн ангийн дүгнэлтээр тогтоогджээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1.д заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэхээр хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ 1,888 м куб хэмжээтэй нойтон шинэс модны үнэлгээ буюу 707,603 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч Э.П-гийн ойн санд учруулсан хохирол 707.603 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.122.809 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн төрийн сан дахь дансанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Э.П-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 31-93 ОРХ улсын дугаартай “Мазда Бонго” загварын тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж, уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.П нь 2023 оны 10 дугаар сард иргэн Ч.А-ээс 1.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 1.200.000 төгрөгийг тухайн үед төлсөн байх бөгөөд үлдэгдэл 300.000 төгрөгийг төлсний дараа тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэхээр тохиролцсон талаар гэрч Ч.А мэдүүлдэг.

 

Уг тээврийн хэрэгслийг 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Э.П нь эзэмшиж ашиглаж байсан, машины үнийг  бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эзэмшлийн машин биш гэж дүгнэж тухайн автомашиныг улсын орлого болгохгүйгээр түүний үнийг нь гаргуулж буруу дүгнэлт хийсэн байна.

 

Иймд 00-00 ОРХ улсын дугаартай “Мазда Бонго” загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Э.П-гийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгож, улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх нь хууль хэрэглээний хувьд зөв гэсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3.т тус тус зааснаар шүүгдэгч Э.Пгээс ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.122.809 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн төрийн сан дахь дансанд оруулсугай” гэж,

 

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.053.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 ОРХ улсын дугаартай “Мазда Бонго” маркын тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  

2. Дээд шатны прокурор Ц.Батбямбын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

 

                                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА