| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/08095/И |
| Дугаар | 192/ШШ2025/05348 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/05348
2025 06 19 192/ШШ2025/05348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, 8-305в тоот хаягт байрлах “Хөх ган өгөөж” ХХК (РД:5947383)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, 503 тоот хаягт байрлах “СЭД дэвжих” ХХК (РД:6185076)-нд холбогдох
2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1 С/Д, 2 С/Д дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 457,679,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1 С/Д, 2 С/Д дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 457,679,410 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.“СЭД дэвжих” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1С/Д, 2С/Д дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, манай компани *******, 16 дугаар хороо, “Смарт-2” төслийн а болон б блок орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон.
1.2.Гэрээний дагуу А блокийн ажил 7 дугаар давхар, Б блокийн ажил 4 дүгээр давхар хүртэл хийгдэж, санхүүжилтгүйн улмаас зогссон. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, хариуцагч компани нь нийт 457,679,410 төгрөгийг манай компани төлөхөөр болсон боловч одоог хүртэл төлөөгүй гэж тодорхойлж байна.
2.Хариуцагч компани нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч компанитай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1 С/Д, 2 С/Д дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг тооцож үзэхэд нэхэмжлэгч компанид 3 өрөө орон сууц шилжүүлэх гэрээ байгуулсан, урьдчилгаа 20,000,000 төгрөг шилжүүлсэн, Б блокийн 5 давхрын ажлын хөлсийг шилжүүлсэн, бетон аваагүйн улмаас арматур зэвэрч ашиглах боломжгүй болсны улмаас 111,000,000 төгрөгөөр хохирсон зэргийг нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж тооцох учир нэхэмжлэгч талтай дахин тооцоо нийлэх хүсэлтэй байна гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, 1С/Д, 2С/Д дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Хөх ган өгөөж” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч талаас итгэмжлэл, “СЭД дэвжих” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1 С/Д, 2 С/Д дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 457,679,410 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч компанитай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1С/Д, 2С/Д дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, манай компани *******, 16 дугаар хороо, “Смарт-2” төслийн А блокийн ажил 7 дугаар давхар, Б блокийн ажил 4 дүгээр давхар хүртэл хийгдэж, санхүүжилтгүйн улмаас ажил зогсож, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, хариуцагч компаниас нийт 457,679,410 төгрөгийг авахаар болсон боловч уг төлбөрийг одоог хүртэл төлөөгүй гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжилсэн үнийн дүнгээс урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг, ажлын хөлсөнд төлсөн төлбөр, бартераар шилжүүлсэн орон сууц, бетон аваагүйн хохирол 111,000,000 төгрөг хасагдана гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Зохигч талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр *******, 16 дугаар хороо, “Смарт-2” төслийн А болон Б блокийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, үүний хөлсөнд тус бүр 2,788,923,000 төгрөгийн хөлс төлөх гол нөхцөл бүхий “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 5-8 дахь тал)
4.2.Зохигч талууд дээрх гэрээг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дүгнэж, “СЭД дэвжих” ХХК нь 457,679,000 төгрөгийг өртэй болохыг баталсан. (хавтаст хэргийн 3 дахь тал)
5.Зохигч талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний гол нөхцөлөөс харахад тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
6.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.
6.1.Нэхэмжлэгч компанийн хувьд хариуцагч компанийг санхүүжилт олгоогүйн улмаас барилгын ажил зогссон үндэслэлээр гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа тохиолдолд хариуцагч компанийн хувьд хавтаст хэрэгт авагдсан 1С/Д, 2С/д дугаартай гэрээнүүдийн 3.2.1-т заасан санхүүжилт олгох үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлох үүрэгтэй.
Гэвч хариуцагч компанийн зүгээс санхүүжилт зогссон талаар маргаагүй учир хариуцагч компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зохих ёсоор гүйцэтгээгүй буюу үүргээ зөрчсөн гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.
7.Нэхэмжлэгч компанийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтыг шүүхэд гаргаж өгснийг хариуцагч компанийн зүгээс эс зөвшөөрч, уг тооцооны үлдэгдлийн баталгааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгээс урьдчилгаа төлбөр, ажлын хөлсөнд төлж байсан төлбөр, бартерын гэрээний зүйл, компанид учирсан хохирлын хэмжээ хасагдана гэж гэж тайлбарлаж байх боловч өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй буюу энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Энэ тохиолдолд хариуцагчийн татгалзлыг хүлээж авах боломжгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 457,679,410 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,446,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,446,347 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “СЭД дэвжих” ХХК-аас 457,679,410 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хөх ган өгөөж” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хөх ган өгөөж” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,446,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СЭД дэвжих” ХХК-аас 2,446,347 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хөх ган өгөөж” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД