2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/05349

 

 

 

 

 

 

 

 

2025               06                   19                          192/ШШ2025/05349

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 308 тоот хаягт оршин суух Сартуул овогт Дамбадаржаагийн Сүхбаатар (РД:ЧЛ49021039)

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******) нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,

 

Эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ахлах дэслэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нар нь хариуцагч байгууллагад холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.Доржханд нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрт ирж миний болон бусдын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч, миний өмчлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. *******,*******,*******, 308 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь Н.Санжаачүлтэм, С.Бадамханд, Б.Зундуй, Д.Баярманлай болон миний өмчлөлийн эд хөрөнгө юм. Д.Баярманлайгаас төлбөр гаргуулах шийдвэрийг биелүүлж байгаа гэх боловч Д.Баярманлайн нэр нь л гэрчилгээнд байдаг болохоос түүний өмч биш. Иймд уг эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн2024 оны 102/ШШ2024/00469 дугаар захирамжаар Д.Баярманлай нараас 264,405,514 төгрөг гаргуулж, “Дэнкицүүшин” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж, итгэмжлэл, *******,*******,*******, 308 тоот хаягт байрлах орон сууцыг өмчлүүлсэн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,

Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 102/ГХ2024/00402 дугаар гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 102/ШШ2024/00469 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрх түдгэлзүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04-142/6559 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эрх түдгэлзүүлсэн тухай 2024 оны 240 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан Д.Баярманлайн үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эд хөрөнгө хураах тухай тогтоол хүчингүйд тооцсон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.Доржханд нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрт ирж миний болон бусдын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч, миний өмчлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. *******,*******,*******, 308 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь Н.Санжаачүлтэм, С.Бадамханд, Б.Зундуй, Д.Баярманлай болон миний өмчлөлийн эд хөрөнгө юм. Д.Баярманлайгаас төлбөр гаргуулах шийдвэрийг биелүүлж байгаа гэх боловч Д.Баярманлайн нэр нь л гэрчилгээнд байдаг болохоос түүний өмч биш гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт заасны дагуу явагдсан, эд хөрөнгө хураах тухай тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгосон гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 102/ГХ2024/00402 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. (хавтаст хэргийн 27 дахь тал)

4.2.Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн бүртгэлийн Ү-2205008098 дугаартай *******,*******,*******, 308 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр битүүмжилж, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хураасан. (хавтаст хэргийн 31, 37 дахь тал)

4.3.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205008098 дугаартай *******,*******,*******, 308 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Баярманлай бүртгэгдсэн. (хавтаст хэргийн 5 дахь тал)

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт “Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна”, 86.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна”, 86.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна”, 86.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 86.5-д заасан төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу битүүмжилнэ” гэж заажээ.

 

6.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрчилгээнд Д.Баярманлайн нэр нь л бичээстэй болохоос өмчлөгч биш...” гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар Д.Баярманлай нь *******,*******,*******, 308 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.6 дахь хэсэгт заасны дагуу *******,*******,*******, 308 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн нь үндэслэлтэй.

 

7.*******,*******,*******, 308 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/99 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон байх тул энэ тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр” гэж зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч , Н.Санжаачүлтэм нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч , Н.Санжаачүлтэм нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД