Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/904

 

 

 

 

    2024           08             13                                       2024/ДШМ/904

 

Ц.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

хохирогч М.Э-ийн өмгөөлөгч Ч.Д,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ж.Э,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 709 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Д-н өмгөөлөгч Ж.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Д-д холбогдох эрүүгийн 2408000000525 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц.Д, 1970 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Алтан Овоогийн ... дүгээр гудамжны … тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 409 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-н өдрийн 571 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: …………………./;

Шүүгдэгч Ц.Д нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан Овоогийн ….. дүгээр гудамжны ... тоот гэртээ хохирогч М.Э-тай маргалдан толгойн хэсэгт нь заазуураар цохиж, биеийн бусад хэсэгт цохиж зодон биед нь “дагзны хуйх, хүзүүний ар дээд хэсэгт шарх, дагзны хуйх, зүүн, баруун чамархайн хуйх, зүүн дал, мөр, зүүн бугалга, шуу, баруун өвдөгт зулгаралт, баруун, зүүн, дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимны салст, зүүн хацар, хамрын нуруу, зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, нуруу, зүүн мөр, зүүн бугалаг, шуунд цус хуралт, баруун, зүүн зовхи, баруун зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, хүзүүн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Д-д сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Д-ээс 8,579,650 /найман сая таван зуун далан есөн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж, хохирогч М.Э-т олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ногоон өнгийн иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 2 ширхэг компакт дискийг хохирогч М.Э-т буцаан олгож, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхгийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаан хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч М.Э нь цаашид гаргах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 709 дүгээр шийтгэх тогтоолтой танилцаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал Ц.Д би гэрээс гараад ороод ирэхэд манайд байсан эмэгтэйг жижиг өрөөнд орон дээр өмд, цамцыг нь тайлчихсан Э өөрөө өмдөө тайлаад хэвтэж байхаар нь чи яаж байна гээд түүнийг босгоод өөдөөс ирэхээр нь заазуур барьсан гараараа нэг удаа түүний толгойн тус газарт цохиод заазуураа алдаад барьцалдаж хоёулаа дээр доороо орж ноцолдоод ор шалан дээр бие биенээ хөлөөрөө өшиглөж унасан. Энэ үед бид хоёрт олон тооны гэмтэл үүссэн би олон удаа цохиж гэмтэл учруулаагүй миний биед мөн олон тооны гэмтэл учирсан гэжээ. Энэ нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 5043 тоот шинжээчийн дүгнэлтээр батлагдсан /Ц.Д олон удаагийн үйлчлэлээр гэж/ онц харгис хэрцгийгээр гэсэн хүндрүүлэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийж”, согтуурсан мансуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй... байгааг далимдуулан ...бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол 1-5 жил хүртэл хорих ял шийтгэнэ гэжээ. Энэ үйлдлийг М.Э өөрийн үйлдлээр хийж байсныг Ц.Д нь өөрийн идэвхитэй үйлдлээр таслан зогсоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлэхгүй.” гэж заасан. Энэ нь Ц.Д-гийн мэдүүлэг, хохирогч эмэгтэйн өмсөж явсан Ц.Д-гийн гэрт нь үлдсэн өмд, цамц, гэрч Г.Н-ийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Гэтэл шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй, мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажилгааг бүрэн дүүрэн тал бүрээс нь шалгаагүй нь хэргийг буруу зүйлчилж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж бид үзэж байгаа тул хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.     

            Шүүгдэгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Нэмэлт тайлбаргүй. ...” гэв.

            Хохирогч М.Э-гийн өмгөөлөгч Ч.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс эмэгтэйг хүчиндсэн гэх асуудлын талаар мөрдөн байцаалтын шатанд гомдол гаргаж байгаагүй бөгөөд тухайн эмэгтэйгээс мөн гомдол гаргаагүй тул энэ асуудлыг одоо ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ц.Д хутгыг өөрөө очиж авч, хохирогчид 32 буюу олон тооны шарх, гэмтэл учруулж, онц хэрцгийгээр тарчлаан зовоосон. Шүүгдэгч Ц.Д анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, төлбөр төлөхөө илэрхийлж байсан боловч сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон баримтаар тогтоогдсон 488.000 төгрөгийн хохирлоос дутуу төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчээс бусдыг хүчиндүүлсэн гэх асуудлын талаар ярьдаг бөгөөд энэ асуудлыг тусад нь гомдлоор шалгуулахаар явуулсан. Хүчиндүүлсэн гэх хэргийн хохирогчийг хэн болох талаар хэлээгүй. Цагдаагийн байгууллагад хохирогчгүй хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ц.Д нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан Овоогийн … дүгээр гудамжны … тоот гэртээ хохирогч М.Э-тай маргалдан толгойн хэсэгт нь заазуураар цохиж, биеийн бусад хэсэгт цохиж зодон биед нь “дагзны хуйх, хүзүүний ар дээд хэсэгт шарх, дагзны хуйх, зүүн, баруун чамархайн хуйх, зүүн дал, мөр, зүүн бугалга, шуу, баруун өвдөгт зулгаралт, баруун, зүүн, дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимны салст, зүүн хацар, хамрын нуруу, зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, нуруу, зүүн мөр, зүүн бугалаг, шуунд цус хуралт, баруун, зүүн зовхи, баруун зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, хүзүүн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Э-гийн “...2024 оны 03 дугаар сарын 15-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Алтан Овоо … тоот гэртээ байж байгаад хажуу хашааны Нямдоржийн гэрт ороод 0,33 литрийн Хараа архи нэгийг уугаад дэлгүүр орж дахин 0,33 литрийн Хараа нэртэй архи аваад гэр лүүгээ явж байсан чинь Ц.Д тааралдаад өчигдөр архи уучихсан дотор муу байна гэхээр нь дагуулж яваад Н-ийн гэрт ороод нөгөө архиа хамт уусан. Тэгсэн Ц.Д “гарья, манайд оръё” гээд Н, Ц.Д бид гурав Ц.Д-гийн гэрт орсон ба Ц.Д гэрт орохоосоо өмнө “танайд эхнэр хүүхэд чинь байгаа бол ороод яах юм” гэсэн чинь Ц.Д манайд эхнэр хүүхэд байхгүй, манай эмэгтэй дүү хөдөөгөөс ирчихсэн байгаа гэж хэлсэн. Гэрт нь орсон чинь нэг эмэгтэй байсан. Тэгээд Ц.Д 0,75 литрийн Хараа нэртэй тал архи гаргаж ирээд Н, Ц.Д бид 3 хувааж уусан. Ц.Д архи дуусахаас өмнө дэлгүүр яваад ирье гээд 0,5 литрийн Хараа нэртэй архи нэгийг авчраад бид 3 ууж байгаад Н, Ц.Д 2 маргалдаад байсан. Би архиндаа нилээн согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд тэр 2 гадаа гарч ярилцъя гээд гадаа гараад эвлэрээд ороод ирсэн. Тэрнээс хойш би юм санахгүй байна. Нэг мэдсэн чинь би газар шкафных нь хажууд хэвтэж байсан бөгөөд Даваа нь миний зүүн гарын булчин хэсэг рүү цохиж намайг сэрээсэн. Би босоод ирсэн чинь миний толгойны ар хэсгээс цус гарчихсан байхаар нь би Ц.Д-г яаж байгаа юм бэ гэсэн чинь миний нүүр хэсэг рүү өшиглөөд авсан ба намайг ална гээд байхаар нь би явъя гээд Ц.Д-гийн пүүзийг өмсөөд гэрээс гараад харьсан. Манай хүүхдүүд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Ц.Д юунаас болоод маргалдсан, миний хаана, юугаар цохисон талаар санахгүй байна. Ц.Д нь миний зүүн гарын булчин хэсэг рүү цохиж намайг сэрээсэн, тэр үед би ухаан алдаад сэрж байсан уу, унтаж байсан уу гэдгээ мэдэхгүй байна. Босоод ирсэн чинь миний толгойн ар хэсгээс цус гарчихсан байхаар нь би Ц.Д-г ааг яаж байгаа юм бэ гэсэн чинь миний нүүр хэсэг рүү 1-2 удаа өшиглөөд би гэрээс нь гарсан юм. Миний булчин хэсэг рүү цохиж намайг сэрээх үед Ц.Д бид хоёр байсан ба Н, Ц.Д-ийнгэрт байсан эмэгтэй 2 байхгүй байсан. Тэр хоёрыг хэзээ Даваагийн гэрээс гарч явсан талаар мэдэхгүй байна. Миний биед гарсан гэмтлийг Ц.Д учруулсан. Би Ц.Д-ийн гэрт байсан эмэгтэйг өмнө нь харж байгаагүй бөгөөд одоо харвал танихгүй. Мөн би тухайн эмэгтэй рүү чиглэсэн бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийгээгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байна. Би “Баяр” нэртэй хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэх бөгөөд дахин эмнэлгээс бичиж өгсөн эм тарианы мөнгийг нэхэмжилнэ. Одоогоор эм тариагаа аваагүй байгаа болохоор хэдэн төгрөг болох талаар мэдэхгүй байгаа тул дараа нь нэгдсэн байдлаар нэхэмжлэх мөнгөн дүнгээ хэлж баримтыг нь хавсаргуулна...” /хх 11/,

гэрч Г.Н “...Би 2024 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад манай хашаанд байдаг Э-ийн гэрт гар утсаар нь ярих гэж орсон чинь Э өмнөх орой нь архи уучихсан шартаад байна, өдөр ажилтай гэхээр нь надад архи байгаа нэг татчих гээд гэр лүүгээ дагуулж ороод 0,33 литрийн Хараа нэртэй архи байсныг бид хоёр хувааж уусан. Э надад архи авч өгөхөөр болоод бид 2 дэлгүүр явсан. ...Э ахын найз гэх Ц.Д бид хоёр гадаа нь үлдсэн ба Э дэлгүүрээс 0,33 литрийн Хараа нэртэй архи нэгийг авсан. Бид 3 нөгөө архиа яаж гудамжинд уухав гээд манай гэрт орж архиа уусан. Буцаад бид 3 гарсан чинь Э ах “манай найз архи аваад гэрт орж хамт ууя” гэж байна гэхээр нь би эхнэр хүүхэд нь байхад айлд орох дэмий юм биш үү гэж хэлсэн. Э ах манай найз зүгээр эхнэр хүүхэд нь байхгүй байгаа гэж хэлсэн. Удалгүй Ц.Д гэх хүн дэлгүүрээс Хараа нэртэй нэг шил архи авчирсан... Тэгээд Ц.Д-н гэрт 14 цагийн үед орсон чинь гэрт нь нэг дугуй бордуу царайтай, саравчтай хар малгайтай эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Ц.Д нь уг эмэгтэйг ачаа ачуулах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд нөгөө архиа Ц.Д, Э ах, нөгөө эмэгтэй бид 4 нэг нэг татчихаад байж байсан чинь ширээн дээр нь байсан усыг санамсаргүй асгачихсан чинь Ц.Д нь хараал хэлээд байхаар нь би Ц.Д гээд хүнийг гадаа гарч ярилцъя гээд дагуулаад гарсан. Гадаа гараад би уучлалт гуйгаад буцаад гэрт нь ороод нөгөө архинаас нь 3 татчихаад гэр лүүгээ явсан. Би Ц.Д буюу Ц.Д-ийн гэрт байхдаа санамсаргүй ширээн дээр байсан савтай усыг асгаад Ц.Д нь над руу хараал хэлсэн ба тэрнээс өөрөөр маргалдаж ноцолдсон зүйл байхгүй...” /хх 15/,

Ц.Д-н яллагдагчаар өгсөн “...Тухайн үед Н, Э, нэрийг нь мэдэхгүй танихгүй эмэгтэй бид хэд манайд архи ууж байгаад Н нь хүүхдийн бие өвдөөд байгаа гээд түрүүлээд манай гэрээс гараад явсны дараагаар би гадаа гарч бие засаад тамхи татчихаад буцаад гэртээ орсон чинь Эг нөгөө эмэгтэйн гадуур өмссөн байсан цамцыг нь өмдтэй нь тайлчихсан өөрийнхөө өмдний тэлээг тайлаад хагас доошлуулсан байсан бөгөөд намайг гэрт ороход Э өмдөө татаад над руу ирэхээр нь би гал тогооны ширээн дээр байсан заазуурыг аваад Э-гийн толгойн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд бид 2 барьцалдаж аваад газар унасан ба газраар бид 2 нэлээн удаан ноцолдсон юм. Тэр үед энэ гэмтлүүд учирсан байх. Мөн миний биед гэмтлүүд учирсан бөгөөд би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, гэмтлүүд нь одоог хүртэл байгаа юм. М.Э бид хоёрыг ноцолдох үед нөгөө эмэгтэй гэрээс гараад зугтаасан. Би тухайн үед мэдээгүйн улмаас шүүх эмнэлэгт үзүүлээгүй, харин одоо өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан болохоор одоо шүүх эмнэлэгт үзүүлэхээр болж байна. Тухайн үед бид 2 харилцан нэгнээ цохисон учир миний биед гэмтэл учирсан. Мөн нөгөө эмэгтэй манай гэрт цамц болон өмдөө үлдээгээд явчихсан байсан бөгөөд уг цамц өмдийг нь эд мөрийн баримтаар тооцуулмаар байна...” /хх 50/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3821 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...М.Э-гийн биед дагзны хуйх, хүзүүний ар дээд хэсэгт шарх, дагзны хуйх, зүүн, баруун чамархайн хуйх, зүүн дал, мөр, зүүн бугалга, шуу, баруун өвдөгт зулгаралт, баруун, зүүн, дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимны салст, зүүн хацар, хамрын нуруу, зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, нуруу, зүүн мөр, зүүн бугалаг, шуунд цус хуралт, баруун, зүүн зовхи, баруун зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, хүзүүн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй...” /хх 22-23/ гэсэн дүгнэлт,

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан Овоогийн 36-31 тоот гэх ба ...хашааны хойд талд саарал өнгийн байшин байна. ...Дотогш ороход том өрөө харагдах ба ерөнхий байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, уг өрөөний хойд талд саарал өнгийн гурван хаалгатай хувцасны шүүгээ байх ба уг шүүгээний баруун доод булан, урд талд байх хивс цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон. ...Гал тогооны өрөөний урд талд байх цагаан өнгийн тавилгын тавцан дээр байх ...заазуурыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч ...хэргийн газрын үзлэгээр хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-4/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Ц.Д олон тооны шарх гэмтэл үүсгэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

  Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Ж.Э-аас “... Ц.Д-гийн үйлдлийг онц харгис хэрцгийгээр хүнд хөнгөн хохирол учруулсан гэсэн хүндрүүлэн зүйлчилж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахын өмнө болон учруулах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж үйлдсэнийг ойлгодог.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Ц.Д нь хохирогч М.Э-ийн толгойг заазуураар цохиж, биеийн бусад хэсэгт цохиж зодон биед нь “дагзны хуйх, хүзүүний ар дээд хэсэгт шарх, дагзны хуйх, зүүн, баруун чамархайн хуйх, зүүн дал, мөр, зүүн бугалга, шуу, баруун өвдөгт зулгаралт, баруун, зүүн, дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимны салст, зүүн хацар, хамрын нуруу, зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, нуруу, зүүн мөр, зүүн бугалаг, шуунд цус хуралт, баруун, зүүн зовхи, баруун зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс буруутгах, өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 709 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Ж.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 709 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Ж.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ШИНЭБАЯР

 

                    ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ