Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00328

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00328

 

 

******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/03133 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ******-ын нэхэмжлэлтэй

Гэм хорын хохиролд 122,700100 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзориг, гуравдагч этгээд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор Н.Мөнгөнсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

1.Нэхэмжлэгч ******-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: ****** намайг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *****-ын амь насыг хохироосон гэх үндэслэлээр эрүүгийн ***** дугаартай хэрэгт холбогдуулан шалгасан. Улмаар сэжигтэн, яллагдагчаар татагдаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхийн 2009 оны 05 сарын 08-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоол 12 жилийн хорих ял оногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн танхимын мөн оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 623 дугаартай магадлалаар тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан.

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаартай тогтоолоор 10 жил 1 сарын хорих ял шийтгэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн танхимын 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 582 дугаар магадлалаар тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, дахин нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан.

Ингээд уг эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 918 дугаартай тогтоолоор ****** нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдсан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 121 дугаартай тогтоолоор эрүүгийн ***** дугаартай хэргийн яллагдагчаар татсан тогтоол, байцаалтуудыг хүчингүй болгон, прокурорын 81 дугаартай тогтоолоор нэмэлт хэрэг бүртгэлийн ажиллагааг хийлгэхээр цагдаагийн хэлтэст буцаасан.

Энэ хүртэлх цаг хугацаанд миний бие хүртэл онц хүнд гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж бие эрүүл мэнд болоод сэтгэл санааны хохирол учирсан.

Иймээс 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сар хүртэл олох ёстой байсан орлого 17,168,400 төгрөг, өмгөөллийн хөлс 7,500,000 төгрөг, цагдан хоригдож байх хугацаанд хүйтэй чийгтэй өрөөнд хоригдож байснаас шалтгаалан бие муудсан тул эмчилгээ хийлгэсэн. Бие болоод сэтгэл санааны хохирлыг 1 хоногийн 100,000 төгрөгөөр тооцож 90,600,000 төгрөг, нийт 122,700,000 төгрөгийг Засгийн газраас нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Гуравдагч этгээд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор Н.Мөнгөнсүхийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

2.а. Олох ёстой орлогын тухайд: Нэхэмжлэгч 2008 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хойшлуулшгүйгээр баривчлагдсан байдаг ба түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас харахад 1995-2004 онуудын хооронд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгал төлсөн байдаг. Үүнээс хойш ажил, хөдөлмөр эрхлээгүй явсаар 2008 онд баривчлагдаж, 2019 онд шинэ ажилд орсон. Өөрөөр хэлбэл ******-ын хувьд 2004-2008, 2010-2019 оны хооронд ажил эрхлээгүй. Нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэргийг анх мөн сарын 30-ны өдөр үүсч, 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Олох ёстой байсан орлогыг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй.

2.б.Өмгөөллийн хөлсний тухайд: 2009 оны 10 дугаар сарын 10-ны өдөр н.Мөмгөөлөгчтэй 2,500,000 төгрөг, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр н.Г өмгөөлөгчтэй 2,000,0000 төгрөг, 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдөр н.О өмгөөлөгчтэй 3,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, нийт 7,500,000 төгрөг болсон байна. Гэхдээ хавтаст хэрэгт цугларсан баримтаас харвал н.Г гэх өмгөөлөгч тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан гэх баримт хэрэгт байхгүй.

2.в. Сэтгэл, санааны хохиролд 90,600,000 төгрөг нэхэмжилэхдээ хохирлыг хэрхэн тооцсон талаар баримт байхгүй бөгөөд холбогдох ямар эмчилгээ хийлгэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Мөн нэхэмжлэгч ****** нь ямар оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн нь тодорхойгүй. Мэргэжлийн эмчийн гаргасан тайлбар байхгүй, юу нь өвдсөн талаар тодорхойгүй.

2.г.Гэм хорын хохирлыг мөрдөгч, прокурор, шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг шаардана гэсэн байдаг. Хэрэгт мөрдөгч, прокурор, шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэсэн нотлох баримт байхгүй. Тухайн үед ******ыг сэжигтнээр татаж ажиллагаа явуулах шаардлага байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутай байна гэж үзээд ялласан. Харин Дээд шатны шүүхээс нотлох баримт эргэлзээтэй байна гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Иргэдийн төлөөлөгч З.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэгч ****** 906 хоногийн турш цагдан хоригдсоноор сэтгэл болон эрүүл мэнд, цаг хугацааны хувьд хохирол амссан учир хохирлын мөнгийг гаргаж өгөх нь зүйтэй гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан төрөөс /Хууль зүйн сайдын багцаас/ гэм хорын хохиролд 52,843,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 69,856,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.

 

5.Гуравдагч этгээд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор Н.Мөнгөнсүхийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

5.а.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ яг ямар нотлох баримтуудад тулгуурлан шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй. Тодруулбал сэтгэл санааны хохиролыг хэрхэн яаж, ямар баримтанд тулгуурлан тооцсон болох тодорхойгүй. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар ****** нь тухайн хэрэгт холбогдох үедээ ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэггүй байсан болох нь тогтоодсон байхад ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан гэж хийсвэр дүгнэлт хийсэн. Цагдан хорих байрнаас суллагдсан буюу 2010 оноос хойш 2019 оны хооронд 9 жил огт хөдөлмөр эрхлэж байгаагүй байхад түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар тооцон 45,300,000 төгрөг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.б.Нэхэмжлэгчийг 2008-2011 оны хооронд 906 хоног хоригдож, 9 жил сэтгэл санааны хямралтай амьдарч байсан гэж шүүх дүгнэсэн атлаа яг ямар нотлох баримтад тулгуурлан сэтгэл санааны хямралтай гэж үзсэн талаараа шийдвэрт тусгаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй.

5.в. "биеийн эрүүл мэнд сульдаж ядран хохирсон нь 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байна" гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн магадлагаа нь хуульд заасан нотлох баримтыг шаардлага хангаагүй. Тус эмнэлгийн магадлагаа нь ******ыг цагдан хорьсонтой шалтгаант холбоотой эсэх нь тодорхойгүй байхад уг эмнэлгийн магадлагаагаар ******ыг цагдан хоригдсоноос үүдэн эрүүл мэндэд хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндслэлгүй.

5.г.Мөн хэрэгт ******ыг мөрдөгч, прокурор, шүүгч хууль зөрчин мөрдөн шалгах ажиллагаа явуулж, цагдан хорьсон гэх үйл баримтыг нотолсон баримтгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх прокурорын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч ****** нь шүүхэд хандаж, хууль бусаар яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсны улмаас учирсан гэм хорын хохиролд 122,700,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах хүсэлт гаргаж, ... 906 хоног цагдан хоригдсон, прокурорын 2021 оны 918 дугаар тогтоолоор гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, хөдөлмөрлөх боломжийг хязгаарласан ... учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон олох ёстой орлого 17,1678,400 төгрөг, өмгөөллийн хөлс 7,500,000 төгрөг, эмчилгээний зардал 7,388,400 төгрөг, сэтгэл санааны хохирол 90,600,000 төгрөг, нотариатын зардал 43,300 төгрөг гаргуулна гэж үндэслэлээ тодорхойлжээ.

3.****** нь Эрүүгийн хуулийн /хуучин/ тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж, 2 жил 6 сар, 21 хоног цагдан хоригдсон Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 918 дугаар тогтоолоор ****** нь хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан ******т холбогдох эрүүгийн хэргээс хуулбарласан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна. /1хх-107-250, 2хх-1-10/

Иймээс нэхэмжлэгч ****** нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

4.Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулан үзээд, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь зөв боловч цагдан хоригдсон хугацаанд олох байсан орлого гэж тооцон 17,168400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол 90,600,000 төгрөгөөс 45,300,000 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад үндэслэгдээгүйгээс гадна эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх залруулан дүгнэж, шийдвэр өөрчлөлт оруулах боломжтой байна.

4а.Нэхэмжлэгч ****** нь 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдож, эрүүгийн хэрэгт мөрдөгдөн шалгагдсан үйл баримт тогтоогдсон учир хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсантай холбоотой дээрх хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж орлого олох боломжгүй байснаас хохирол учирсан гэж үзнэ.

Иймд ******-ын цагдан хоригдсон 2 жил, 6 сар, 21 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108,000 төгрөг /Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолын дагуу баталсан 1 цагт 642 төгрөг 85 мөнгө буюу сард 108,000 төгрөг/-өөр тооцож 3,301,714 төгрөг олгож, уг шаардлагаас 13,866,686 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-д нийцнэ. Энэ талаар гаргасан прокурорын гомдол үндэслэлгүй.

4б.Анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувиар тооцон цагдан хоригдсон хоногийн сэтгэл санааны хохиролд 45,300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн үед гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт гагцхүү хуульд заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус зохицуулжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид учирсан эдийг бус гэм хорын хохирлыг нэхэмжлэгчид хууль бусаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацаа, гэрлэлтээ цуцлуулсан байдал зэргээс түүний нэр төр гутаагдсан гэж үзэн нөхөн төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийн заасанд харшлахгүй гэж үзлээ.

4в.Анхан шатны шүүх өмгөөллийн хөлс 7,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ****** нь өмгөөлөгч Л.М, Р.О нараас хууль зүйн туслалцаа авч, хөлс төлсөн үйл баримт нь хэрэгт авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөр төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 582 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2011 оны 08 дугаартай тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хууль зүйн туслалцаа авахад төлсөн 5,500,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д нийцнэ. /1хх-13-20, 32, 34, 2хх-20/

Харин ******, өмгөөлөгч Б.Г нарын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт байгаа боловч уг баримт нь Б.Г өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хууль зүйн туслалцаа үзүүлсэн, түүнд ажлын хөлсийг төлсөн гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. Иймд энэ талаар гаргасан прокурорын давж заалдах гомдлыг хангаж, уг нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгийг хангаж, үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4г.Анхан шатны шүүх хэргийн 41 дэх талд авагдсан нотариатын хөлс төлсөн баримтыг үндэслэн нотариатын хөлс 43,30 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д нийцсэн байна.

4д.Нэхэмжлэгч ****** эмчилгээний зардал 7,388,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх, уг шаардлагаа баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

5.Дээр дурдсан үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хангаж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагаас нийт 18,845,014 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг оруулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/03133 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.3, 1.6, 45.5 дугаар зүйлийн 1, 45.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 18,845,014 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 103,855,086 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээд нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ч.ЦЭНД