| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2025/00187/И |
| Дугаар | 192/ШШ2025/05587 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/05587
2025 06 30 192/ШШ2025/05587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК (РД:6829147)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, 278 тоот хаягт байрлах “Смарт-Өргөө” ХХК (РД:5287324)-нд холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 101,902,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 101,902,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Засгийн газрын 2023 оны 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сан татан буугдаж, хөрөнгө, өр, авлагыг “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь эрх залгамжлан авсан. Хариуцагч компани нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ч-5/7сх-1,5 дугаартай “Трактор, хөдөө аж, ахуйн техник дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Үр-хэ/2021/01 дугаар “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Б/үр-Хэ/2021-01 дугаар “Барьцааны гэрээ”, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Үр/22-105-04 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Үр/22-105-04 дугаартай “Барьцааны гэрээ”, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Овъёос/22/105-06 дугаар “Овъёосны үр худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Овъёос 22/105-06 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулсан.
1.2.Хариуцагч компани нь Үр-хэ/2021/01 дугаар “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт 13,650,000 төгрөг, Үр/22-105-04 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт 41,790,000 төгрөг, Овъёос22/105-06 дугаар “Овьёосны үр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт 8,372,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй ба уг төлбөрийг төлөөгүй байдалтай байна. Иймд уг төлбөрийг гэрээнд зааснаар алдангийн хамт гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагаа 6,184,500 төгрөгийн хэмжээгээр багасгаж 95,718,000 төгрөг гаргуулахаар байгаа гэжээ.
2.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Хөдөө аж, ахуйг дэмжих сантай 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эцсийн байдлаар тооцоо нийлэхэд 50,162,000 төгрөгийн төлбөр тооцоо байгааг гарын үсэг, тамгаар баталгаажуулсан. Үүнээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасантай холбоотойгоор 45,556,000 төгрөг гэх тооцоолол гарч байгаа ба уг тооцоогоо барьж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргавал манайхаас маргаан байхгүй. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдэлд хариуцагч компани гарын үсэг зураагүй, тамга дараагүй учир тооцоо нийлсэн акт гэж үзэхгүй. Иймд үндэслэлгүй төлбөрөөс алданги тооцсоныг мөн зөвшөөрөхгүй.
2.2.Зохигч талууд хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Иргэний хуулийг дордуулсан, хуульд нийцээгүй, гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөнөөс гадна, хөдөө аж, ахуйн салбарыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийгдсэн ажил нь үндэсний тариалан эрхлэгч нарт дэмжлэг болоогүй, дарамт учруулсан ажиллагаа болсон. Үндсэн зорилгын хүрээнд өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага нь нийцэхгүй байна гэж үзэж байна. Төслийн жилд ган ихтэй, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр алдагдалтай ажиллаж сангийн төлбөр төлж чадахгүй байдалд хүрсэн. Иймд алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээгээ тохирохдоо давагдашгүй хүчин зүйл, тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүйгээр үүсэж байгаа нөхцөл байдлуудыг тохирсон. Гэрээний стандарт нөхцөлөөр тодорхой оруулж өгсөн байх ёстой. Гэтэл хөдөө аж ахуйн салбарын ажиллагаа гэдэг нь өөрөө маш их төвөгтэй, байгалийн хүчин зүйлээс хамаарч хамтын ажиллагааны үр шим, гэрээний зүйлүүд хэрэгжих үндэслэлтэй. Гэрээний үндсэн нөхцөл дээр тодорхой тусгаж өгсөн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт худалдан авагч давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон, холбогдох байгууллагын тодорхойлолт, гэрчилгээгээр нотлогдсон бол төлбөр төлөх хугацааг 60 хүртэлх хоногоор хойшлуулж болно гэж гэсэн байгаа. Олон улсад гэрээний давагдашгүй хүчин зүйлийг хэд хэд ангилсан байгаа. Өнөөдөр олон улсад хэрэглэгдэж байгаа нэр томьёогоор давагдашгүй хүчин зүйл биш, тус байгууллагад давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэж байгаа хатуу нөхцөл байдал буюу эргээд нөхөн сэргээлт, эдийн засаг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тогтвортой болгох ажиллагаа орж байгаа. Гэрээний хариуцлага гэдэг нэгхэн заалтаар дордуулсан байдлаар оруулж өгч байгаа нь уг гэрээ нь өөрөө стандарт нөхцөлийг зөрчсөн.
2.3.Хөдөө аж ахуйн сангаас гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт мөнгөөр эсвэл хүнсний үрийн улаан буудайгаар төлнө гэж заасан. Гэрээнээс харахад юу харж байна гэхээр үнийн дүнд тохируулж үр тариа авсан байгаа. Мөнгө аваагүй. Ямар нөхцөлтэй байсан бэ гэхээр энэ сан нь өөрөө хүнсний нөөц олон улсад, Монгол Улсын хүнсний нөөцийг бүрдүүлэх зорилгоор хийгдсэн төсөл байгаа. Ямар агуулга явж байна вэ гэхээр улаан буудай худалдах, худалдан авах гэрээгээр үрээ аваад, үрээр буцаагаад төлөх нөхцөл харагдаж байгаа. Гэрээний стандарт нөхцөл байдал, ашиг сонирхлын илэрхийллүүд байгаа. Улаан буудайгаар төлж чадахгүй нөхцөл байдал үүсвэл магадгүй мөнгөөр төлнө гэж байгаа. Үүнийг тодорхойлолт заах ёстой байсан. Ашиггүй ажиллаад улаан буудайгаа, ургацаа хурааж авч чадахгүй нөхцөл байдал үүсвэл яг мөнгөөр төлөх юм уу, эс үгүй бол компаниуд улсад өгч байснаас хувийн аж ахуй нэгжид өгвөл арай илүү мөнгөөр үнэлэгдвэл мөнгийг нь төлж болох юм уу гэдгийг гэрээндээ тодорхойлон тусгаж өгөх ёстой байсан. Энэ ерөнхий ойлголтоос юуг харж байна гэхээр манай зүгээс улаан буудайгаар бид нар төлөх ашиг сонирхолтой байсан. Мөнгөөр төлөх сонирхол анхнаасаа байгаагүй.
2.4.“Смарт-Өргөө” ХХК нь балансын өндөр алдагдалтай ажиллаж байгаа. Санхүүгийн хувьд маш хүнд нөхцөл байдал үүссэн. Дампуурлын хэмжээнд хүрсэн. Өр ширэнд орсон. Энэ төсөл рүү орохдоо аж ахуйн нэгж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа. Ашигтай байх үндсэн нөхцөлийг гол зорилгоо болгож ажилласан боловч энэ төслөөс алдагдалтай ажилласан. Тиймээс гэрээний хариуцлагаас чөлөөлж өгнө үү.
2.5.Газрыг нь барьцаанд хураагаад авчих юм бол энэ байгууллага яаж ашиг олж, яаж та нарын өрийг дарах вэ гэдэг асуудал яригдана. Эрх зүйн үр дагавар талаасаа яригдана. Хөдөө аж ахуйг дэмжих сан, хөдөө аж ахуй руу ямар ч шугамаар ороход аягүй алдагдалтай байдаг. Уул уурхай биш. Үр тариа гэдэг байгууллагын байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй маш их уялдаа холбоотойгоор үйл ажиллагаа нь явагдаж байдаг учраас орох аж ахуйн нэгжүүд байхаа больсон, ховордсон. Улсаас энэ санг дэмжээд санхүүжүүлээд, тодорхой одоо аж ахуйн нэгжүүдэд үр тариаг нь нөөцөөсөө олгоод, энэ сангийн үйл ажиллагааг дэмжиж оролцож байгаа компанийн нөхцөл байдлыг их дордуулсан гэв.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Эн Ди Жи партнер” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 16 дугаар тогтоолын хуулбар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-134 дугаар тушаалын хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай” тогтоолын хуулбар, “Үрийн улаанбуудай” олгох зөвшөөрлийн хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөө аж ахуйг дэмжих сан болон “Смарт өргөө” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Үр-Хэ/2021/01 дугаар “Улаан буудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/Үр-Хэ/2021-01 дугаар “Барьцааны гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Смарт өргөө” ХХК-аас “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-нд 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 5,850,000 төгрөг шилжүүлсэн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Смарт өргөө” ХХК-аас Хөдөө аж ахуйг дэмжих санд хаяглан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн газар тариаланг дэмжих сангаас үзүүлж буй үр болон шатахуун, техник тоног төхөөрөмжийн дэмжлэгт хамрагдах тухай хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Смарт өргөө” ХХК-ийг улаанбуудайн үр, шатахууны хөнгөлөлтөд хамруулж өгнө үү гэх агуулга бүхий 77 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үрийн улаан буудай хүссэн харилцагчийн мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Смарт-Өргөө” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, газар эзэмших эрхийн 000002440 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Смарт-Өргөө” ХХК-аас Б.Мөнхгэрэлд олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Трактор, хөдөө аж ахуйн техник” олгох зөвшөөрлийн хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Смарт-Өргөө” ХХК болон “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Ч-5/7сх-1,5 дугаартай “Трактор, хөдөө аж ахуйн техник дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Смарт-Өргөө” ХХК-аас “Хөдөө, аж ахуйг дэмжих сан”-нд 592,200 төгрөгийг “...чиргүүнийн үнэнд” гэх утгаар шилжүүлсэн баримтын хуулбар, “Смарт-Өргөө” ХХК-аас “Хөдөө, аж ахуйг дэмжих сан”-нд хаягласан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 66 тн улаанбуудайн үрийн дэмжлэг хүссэн 7 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Смарт-Өргөө” ХХК нь 1,000 га-д тариалалт хийж байгаа, үүнээс 500 га уринштай байгаа тухай 59 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Смарт-Өргөө” ХХК нь 1,000 га талбайд улаан буудай, рапс, малын тэжээл тариалах төлөвлөгөө гаргасан тухай 1/103 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Смарт-Өргөө” ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улаан буудайн үр олгох зөвшөөрлийн хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Смарт-Өргөө” ХХК болон “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Үр/22-105-04 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Үр/22-105-04 дугаартай “Барьцааны гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэгж талбарын 2311035131 дугаартай газрын кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Овьёосны үр олгох зөвшөөрлийн хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Смарт-Өргөө” ХХК болон “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Овъёос22/105-06 дугаар “Овьёосны үр худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Овъёос22/105-06 дугаар “Барьцааны гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Смарт-Өргөө” ХХК-аас “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-нд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 21,498,000 төгрөг шилжүүлсэн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбар, татварын тайлан, санхүүгийн тайлан, “Смарт-Өргөө” ХХК-ийн бодит байдлын мэдэгдэл гэх баримт, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн актын эх хувь, “Смарт-Өргөө” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 101,902,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч компани нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ч-5/7сх-1,5 дугаартай “Трактор, хөдөө аж, ахуйн техник дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Үр-хэ/2021/01 дугаар “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Үр/22-105-04 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Овъёос/22/105-06 дугаар “Овъёосны үр худалдах, худалдан авах гэрээ” тус тус байгуулсан ба Үр-хэ/2021/01 дугаар “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт 13,650,000 төгрөг, Үр/22-105-04 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт 41,790,000 төгрөг, Овъёос22/105-06 дугаар “Овьёосны үр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт 8,372,000 төгрөг, нийт 63,812,000 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг алдангийн хамт гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн актад хариуцагч компани гарын үсэг зураагүй, тамга дараагүй тул “Хөдөө аж, ахуйг дэмжих сан”-тай 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эцсийн байдлаар тооцоо нийлж, баталгаажуулсан 50,162,000 төгрөгөөс 6,184,500 төгрөгийг хасаж 40 сая төгрөгийн төлбөрийг төлөхөд маргахгүй, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, үндэслэлгүй төлбөрөөс алданги тооцсон, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас алдагдалтай ажилласан зэргийг харгалзан алданги шаардаж байгааг мөн зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгийн хувьд хариуцагч компани нь тухайн газарт тариалан эрхэлж байж нэхэмжлэгчийн төлбөрийг төлж барагдуулах боломжтой учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Хариуцагч “Смарт-Өргөө” ХХК болон “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн хооронд 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ч-5/7сх-1,5 дугаартай “Трактор, хөдөө аж, ахуйн техник дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Үр-хэ/2021/01 дугаар “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Б/үр-Хэ/2021-01 дугаар “Барьцааны гэрээ”, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Үр/22-105-04 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Үр/22-105-04 дугаартай “Барьцааны гэрээ”, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Овъёос/22/105-06 дугаар “Овъёосны үр худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Овъёос 22/105-06 дугаар “Барьцааны гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 23-28, 36-38, 42-50, 54-57 дахь тал)
4.2.Хариуцагч компани нь 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Үр-хэ/2021/01 дугаар “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт 5,850,000 төгрөг, Үр/22-105-04 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт 17,910,000 төгрөг, Овъёос22/105-06 дугаар “Овьёосны үр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт 3,588,000 төгрөг төлсөн. (хавтаст хэргийн 28 дахь талын ар тал, 57 дах талын ар тал)
4.3.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгаж, тус сангийн хөрөнгө, өр төлбөр, авлагыг “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-нд шилжүүлсэн[1].
5.Хариуцагч “Смарт-Өргөө” ХХК болон “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн хооронд
-2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэг талаас алтайская-93 /элит/ сортын улаан буудайн үрийг 1 тонныг 975,000 төгрөгөөр тооцож 20 тонныг нийлүүлэх, нөгөө төлөөс үнийг 2 хуваан төлөх гол нөхцөл бүхий “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”,
-2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэг талаас алтайский-93-Д сортын улаан буудайн үрийг 1 тонныг 995,000 төгрөгөөр тооцож 60 тонныг нийлүүлэх, нөгөө талаас үнийг 2 хуваан төлөх гол нөхцөл бүхий “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”,
-2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэг талаас 1 тонныг 920,000 төгрөгөөр тооцож, нийт 13 тонн овьёосны үр нийлүүлэх, нөгөө талаас үнийг 2 хуваан төлөх гол нөхцөл бүхий “Овьёосны үр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
6.Дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуульд нийцээгүй, гэрээний стандарт нөхцөл зөрчсөн гэж хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
6.1.Иймд хариуцагч “Смарт-Өргөө” ХХК болон “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн хооронд байгуулагдсан Үр-хэ/2021/01 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, Үр/22-105-04 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, Овъёос22/105-06 дугаар “Овьёосны үр худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр гэж үзнэ.
7.Иймд нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 269 дүгээр тогтоолоор “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн өр төлбөр, авлагыг шилжүүлэн авсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Смарт-Өргөө” ХХК-аас дээр дурдсан байгуулагдсан Үр-хэ/2021/01 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, Үр/22-105-04 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, Овъёос22/105-06 дугаар “Овьёосны үр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг шаардах эрхтэй.
7.1.Хариуцагч компанийн хувьд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлж 50,162,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгааг талууд баталгаажуулсан учир уг үнийн дүнгээс илүү дүнгээр шаардсаныг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчийн зүгээс “...гэрээний төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар биш 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тооцсон...” гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 5,850,000 төгрөг, 21,498,000 төгрөгийн гүйлгээний баримтыг үндэслэсэн нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэлтэй гэж үзлээ.
8.Дээр дурдсан Үр-хэ/2021/01 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”-ний 5.2-т “Төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Сан төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож авна”, Үр/22-105-04 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”-ний 5.2-т “Төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Сан төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож авна”, Овъёос22/105-06 дугаар “Овьёосны үр худалдах, худалдан авах гэрээ”-ний 5.2-т “Төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Сан төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож авна” гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд нийцжээ.
8.1.Иймд нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй бөгөөд Үр-хэ/2021/01 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 13,650,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 1,127 хоног хэтрүүлсний алданги нь 15,383,550 (13,650,000*0.1%*1,127хоног=15,383,550) төгрөг,
Үр/22-105-04 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 41,790,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 1,127 хоног хэтрүүлсний алданги нь 47,097,330 (41,790,000*0.1%*1,127хоног=47,097,330) төгрөг,
Овъёос22/105-06 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 8,372,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 1,127 хоног хэтрүүлсний алданги нь 9,435,244 (8,372,000*0.1%*1,127хоног=9,435,244) төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байна.
9.Хариуцагч “Смарт-Өргөө” ХХК болон “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/үр-Хэ/2021-01 дугаар “Барьцааны гэрээ”, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Үр/22-105-04 дугаартай “Барьцааны гэрээ”,
2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Овъёос22/105-06 дугаар “Барьцааны гэрээ”-г бичгээр байгуулж, хариуцагч компани нь “үр тариа, үр тарианы усалгаатай тариалан”-ийн зориулалттай Хэнтий аймаг, Хэрлэн сум, 05 дугаар баг, Дулааны энгэр гэх газарт байршилтай, 457.2 га талбайтай, эзэмших эрхийн 000002440 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Э-1817000270 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 2311035131 дугаартай газрыг барьцаалсан.
9.1.Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компани нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
9.2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар барьцаа хөрөнгийг албадан худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 95,718,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч компанийн эзэмшлийн Хэнтий аймаг, Хэрлэн сум, 05 дугаар баг, Дулааны энгэр гэх газарт байршилтай, 457.2 га талбайтай, эзэмших эрхийн 000002440 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Э-1817000270 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 2311035131 дугаартай эзэмшил газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэлээ.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх”, 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж тус тус зааснаар хариуцагч компаниас 706,740 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100200100941 дугаар дансанд нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэг заасныг тус тус баримтлан хариуцагч “Смарт-Өргөө” ХХК-аас 95,718,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Смарт-Өргөө” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хэнтий аймаг, Хэрлэн сум, 05 дугаар баг, Дулааны энгэр гэх газарт байршилтай, 457.2 га талбайтай, эзэмших эрхийн 000002440 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Э-1817000270 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 2311035131 дугаартай эзэмшил газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Смарт-Өргөө” ХХК-аас 706,740 төгрөгийг гаргуулан Төрийн сан банк дахь 100200100941 дугаар дансанд нөхөн төлүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД
[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759966459551