| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0046/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч: Г.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сармай овогт Гүндмаагийн Мт холбогдох 1829000660037 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.М нь Өмнөговь аймгийн Манлай сумын төв Далай багийн нутагт байрлах Үйзэн 2-2 тоотод 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хамтран амьдрагч Т.Очиртуяаг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М: “Би 2018 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө хөдөөнөөс мотоциклоор ирээд гэртээ орох гэтэл дотроосоо түгжээтэй байсан. Би гэрийнхээ баруун талд очоод, би ирчихлээ халгаа онгойлго гэж хэлсэн. Хаалгыг тогшиход нээж өгөхгүй байсан. Би бүүр чанга тогшсон. Тэгээд хаалга гэнэт нээгдэхэд миний суга нь доогуур хувцасгүй шалдан хүн гарч зугтсан. Тэгээд би тэр хүний араас гүйсэн боловч бариагүй. Өвлийн зузаан хувцастай байсан учраас гүйж болоогүй. Гэрт ороход Т.Очиртуяа шалдан согтуу байсан. Тэгээд намайг суутал хөлнөөс бариад “миний хайраа уучлаарай” гэсэн. Тэгэхээр нь би уураа барьж чадаагүй 2, 3 цохиж аваад 2 хөшиглөсөн. Т.Очиртуяаг эрүүл болгоё гээд гадаа гаргаж хэвтүүлсэн. Дүү нь хөдөөнөөс ирсэн. Сумын төвөөс 7, 8 километрт байдаг. Тэгээд би хажуу айл болох Баасанхүүгийн орж унтсан. Өглөө нь босоод гэртээ орж ирэхэд эрэгтэй хүний хувцас гарч ирсэн. Ийм л зүйл болсон” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Очиртуяагийн өгсөн: “...Манлай суманд Шүлхий өвчин гарсантай холбогдуулан төрийн албан хаагч нарыг 7 хоногоор постонд ажиллуулахаар шийдвэр гараад намайг томилсон байсан. Тухайн үед постонд 2 эрэгтэй хүнтэй хамт 7 хоног постонд байх болсон болохоор би М намайг хардаад сүүлд зовоох байх гэж бодоод Мт ийм байдалтай байна, чи яв гэхэд М зөвшөөрөөд өөрөө постонд 2018 оны 02 сарын 18-ны орой явсан юм. Тухайн үед М нь 1 шил архи авч явсан. Тэгээд нилээд орой болсон хойно М согтуугаар надруу утсаар залгаад хаана байна, юу хийж байна, цаана чинь хэн дуугараад байгаа юм гэх мэтээр яриад байсан. Би тэр шөнө үеэл дүүгийн эхнэр болох Цэдэнсодномтой хамт сумаас хойш 7 км-т байдаг дүү Одонтуяагийнд очиж хоносон. Маргааш орой нь М надруу залгаад цаана чинь хэн байгаа юм, хаана байна, юу хийж байгаа юм гээд хардаад байсан. Тэгээд манай хажуу айлын эхнэр, нөхөр хоёр хөдөөнөөс ирцгээсэн. Тэднийд Буд гэдэг залуу байсан. Тэгээд тэр 3 манай гэрт орж ирж надтай золгосон. Би тэднийг дайлсан. Би зөрөөд хажуу айлдаа орж дайлуулсан. Тэгэж байхад М над руу залгаад нөгөө л хардаж асуудаг асуултаа асуугаад байсан. Би хажуу айлдаа орж 2 удаа вино уусан. Буд манайд сууж байхдаа нэг найзыгаа утсаар дуудсан, удахгүй манай сумын Батзаяа гэдэг залуу манайд орж ирсэн. Би тэд нарыг дайлаад гэртээ идэж, ууцгааж байхад хажуу айлын хүн манай дүү Одонтуяагийнд оччихоод ирье гээд машинаа Батзаяагаар бариулаад дүүгийнхрүү очиж золгоцгоосон. Тэнд бууз жигнүүлж идчихээд буцаад суман дээр гэртээ ирсэн. Тухайн үед би хөдөө явж ирсэн талаараа Мт хэлээгүй, нуусан. Буд, Батзаяа нартай гэртээ байж байгаад ширээнийхээ архинаас ууж болохгүй байна гэхэд Батзаяа гарч яваад том савлагаатай пиво авчирч хувааж уугаад арай дуусаагүй байхад Буд нэлээд их согтоод, Батзаяа ч нээх уухгүй байсан. Би унтаж амарлаа гэж нөгөө хоёрт хэлсэн, тэгэхэд манай нөхөр залгаад цаана чинь хэн яриад байгаа юм гэхээр нь би хажуу айлын хүн байна гэж хэлэхэд утсаа тасалсан. Тэгэж байтал Буд гараад явсан, эргэж ирээгүй. Би Батзаяад би унтлаа, чи явдаа гэж хэлэхэд Батзаяа за гээд явах гэж байтал гэнэт гадаа мотоцикл ирж зогсох нь сонсогдсон. Тэгээд гадаа ирж зогсоод хаалга нүдээд байхаар нь хэн бэ гэхэд М би байна гэж сонсогдохоор нь хаалгаа нээж өгсөн. Батзаяа яг хаалганы хажууд налаад зогсож байгаад Мыг орж ирэнгүүт гараад зугтаачихсан. Тэгээд М хойноос нь гарч гүйснээ эргэж орж ирээд намайг зодоод эхэлсэн. Би тухайн үед толгойгоо хамгаалаад буйдан дээр доошоо хараад хэвтсэн. Нэг мэдэхэд М намайг ганжингаар зодоод байх шиг байсан, тэгээд би ухаан алдсан байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй өглөөгүүр сэрэхэд орон дээр хэвтэж байсан, хажууд манай дүү Одонтуяа ирчихсэн байсан. Тэгэхэд Одонтуяа М чамайг зодоод алах шахсан байна. Би Мтай шөнөжин ноцолдоод арай гэж айлд оруулж унтууллаа гэж хэлсэн. ...М хоёр гараараа миний толгойруу ээлжлээд цохиод байсан. Орон дээрээс унагаад гуталтай хөлөөрөө миний нуруу, цээж, толгой руу өшиглөөд байсан, их олон удаа намайг өшиглөсөн. Миний ухаан орж, гараад байсан. Нэг сэрэхэд М надаас юм асуугаад гуяруу цохиод байсан, тухайн үед юугаар цохисныг би хараагүй, М намайг тавлаад инээгээд л хатуу зүйлээр цохиод байсныг санаж байна. Дараа нь би хажуу айлын Сумъяагаас намайг нүцгэлээд гадаа гаргаад миний дээрээс шороо асгасан гэж сонссон. ...Миний нүүрний зүүн тал, шанаа, нүд, эрүү тэр чигтээ хавдаж хөхөрсөн, толгой хуйх хэсэгтээ битүү хавдартай, баруун чихний дээд талд язарсан, хүзүүний зүүн талд хөхөрч хөндүүр болсон, нуруу зулгарч урагдсан, баруун ташаа түүний орчмоор хөхөрч няцарсан, хоёр бөгсний хэсэг тэр чигтээ хөхөрч хавдсан, зүүн гарын сарвуу хавдартай, биеийн бүхий л хэсэгт хөх няц болсон байсан. Эмнэлэгт үзүүлэхэд зүүн талд нэг хавирга хугарсан, нурууны 1-р үеийн сэртэн яс хугарсан гэж рентгенээр хараад хэлсэн. Гэмтлийн эмч толгой их гэмтэлтэй байж магадгүй, яаралтай хот руу явж шинжилгээ өг гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сумъяагийн өгсөн: “...Би 2018 оны 02 сарын 19-ний орой 20 цагийн үед Очиртуяагийн машинаар Буд, Баасанхүү, Батзаяа нартай хамт сумаас хойш 8 км-т байдаг Очиртуягийн дүү Одонтуяагийнд очсон. Тэндээсээ 22 цаг өнгөрч байхад суманд бүгдээрээ ирсэн. Баасанхүү бид 2 хажуу талын өөрийнхөө гэрт орсон. Буд, Батзаяа хоёр Очиртуяатай хамт гэрт нь орсон. Шөнө 2 цагийн үед Очиртуяагийн нөхөр М манай гэрийн хаалгыг нүдэж М байна хаалгаа нээ гэхээр нь манай нөхөр Баасанхүү гэрэл асаагаад хаалга тайлж өгөхөд М гэрт орж ирээд “яасан зэвүүн юм, алчихъя л даа” гэж хэлээд эргээд гарсан. Тэгээд Баасанхүү бид 2 араас нь Очиртуяагийн гэрт ороход Очиртуяа гэрийн зүүн талын хоолны шкафны хажууд доошоо харчихсан М дээрээс нь дэвсээд, нүүр лүү нь өшиглөсөн. Баасанхүү бид 2 Мыг гэртээ оруулж тайвшруулсан. М одоо зодохгүй гэж хэлээд бие засчхаад ирье гээд гарснаа өөрийнхөө гэр лүү гүйгээд явчхаар нь Буд, Баасанхүү бид 3 хойноос нь очход М Очиртуяаг хог хаяж байгаа юм шиг гэрээсээ гаргаад шидсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Батзаяагийн өгсөн: “...Би 2018 оны 02 сарын 19-ний орой Будтай хаана байгааг утсаар яриад асуухад хойно Сумъяагийн гэрт байна гэсэн. Тэгээд намайг очиход Буд Очиртуяа хоёр Очиртуяагийн гэрт байж байсан. Намайг очиход Буд Очиртуяа хоёр архи уугаад нэлээн халчихсан байсан. ...хөдөөнөөс ирээд Буд бид 2 Очиртуяагийн гэрт орсон. Очиртуяа уух юм байна уу гэхээр нь би авсан байсан том савтай пиво гаргаж өгсөн. Тэгээд 3-уул хамт ууж байгаад Буд нөгөө гэрлүү яваад өгсөн. Би ямар их уух биш явлаа гэхэд Очиртуяа байж бай дуусгаад яв гэхээр нь сууж байтал гэрийн гадаа мотоцикл ирээд зогсоход Очиртуяа босоод хаалгаа түгжээд, манай нөхөр ирж байна, их хардаж сэрддэг хүн байгаа юм чи дуугарахгүй гараад чигээрээ яваарай гэж хэлээд хаалгаа нээхэд нөхөр нь гэх залуу 2, 3 алхаад гэрийн баруун талд гараад ирсэн, би гэрийн зүүн урд талд зогсож байгаад гэрээс нь гараад чигээрээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Баасанхүүгийн өгсөн: “...Би 2018 оны 02 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн үед эхнэр Сумъяа, Буд нарын хамт унтаж байсан. Би М байна хаалгаа онгойлго гэж хашгираад сэрээсэн. М гэрт орж ирчхээд “тэрнийг чинь алчихъя” гэж хэлээд гэрээс гарахаар нь Буд, Сумъяа бид 3 араас нь гараад, Буд гэрийн гадаа үлдээд, Сумъяа бид 2 гэрт нь ороход Очиртуяа гэрийнхээ зүүн урд талд доошоо хараад хэвтчихсэн байхад М нуруун дээр нь дэвсээд, нүүр лүү нь өшиглөсөн. Эхнэр бид 2 салгаад Мыг гэртээ оруулж тайвшруулсан, М гарч бие засчхаад ирье гэж хэлээд гэрээс гараад өөрийнхөө гэр лүү гүйхээр нь Сумъяа бид 2 хойноос нь гараад очтол Очиртуяаг хөлнөөс нь чирээд гэрээсээ гаргаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Будын өгсөн: “...шөнө намайг унтаж байхад нэг эрэгтэй гэрт орж ирээд ална, хядна гээд хашгичаад байсан. Би сэрээд бие засах гээд гэрээс гарахад Очиртуяа нөхөртөө зодуулсан гэрийнхээ үүдэнд газар хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Гэрэлт-Одын өгсөн: “...2018 оны 02 сарын 20-ны өглөө эмнэлэгт 8:45 цагт дуудлага ирээд би Очиртуяагийнд очсон. Гэрт нь ороход Очиртуяа гэрийнхээ баруун талын орон дээр нүүр нь битүү цус болж хавдсан, хөдөлж чадахгүй ёолоод байсан. Би гадуур үзлэг хийгээд эмнэлэгрүү аваад явсан. Эмнэлэгт очоод Мыг чи яахаараа эхнэрээ ийм болтол нь зодчихдог хүн бэ гэхэд намайг ирэхэд гэрээс нүцгэн хүн гаргаж зугтаалгасан биздээ гээд Очиртуяа руу дайраад байсан. 2 ширхэг хүрэн гутал, саарал өнгийн фудволк, гарт зүүдэг эрхийг би гэрт бөөгнүүлээд тавьсан байгаа тэрний эзнийг олохдоо л олно гээд Очиртуяа руу давшаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №123 дугаартай шинжээчийн
- Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн эд зүйлд хийсэн үнэлгээ /хх-ийн 47-р хуудас/,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,
- Автомашины зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 12-13-р хуудас/,
- Эд зүйл өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 14-15-р хуудас/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 51-52-р хуудас/,
- Гэр бүлийн хүчирхийллийг нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 53-61-р хуудас/,
- Шүүгдэгч Г.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71-р хуудас/,
- шүүгдэгч Г.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/,
- Шүүгдэгч Г.Мт зөрчлийн арга хэмжээ авагдсаныг шалгах хуудас /хх-ийн 82-84-р хуудас/,
- Хохирогч Т.Очиртуяагийн хохирол төлбөр шаардсан баримтууд /хх-ийн 17-21-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.М нь Өмнөговь аймгийн Манлай сумын төв Далай багийн нутагт байрлах Үйзэн 2-2 тоотод 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хамтран амьдрагч Т.Очиртуяаг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Т.Очиртуяагийн “...Тэгээд М эргэж орж ирээд намайг зодоод эхэлсэн. Би тухайн үед толгойгоо хамгаалаад буйдан дээр доошоо хараад хэвтсэн. Нэг мэдэхэд М намайг ганжингаар зодоод байх шиг байсан, тэгээд би ухаан алдсан байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй өглөөгүүр сэрэхэд орон дээр хэвтэж байсан, хажууд манай дүү Одонтуяа ирчихсэн байсан. Тэгэхэд Одонтуяа М чамайг зодоод алах шахсан байна. Би Мтай шөнөжин ноцолдоод арай гэж айлд оруулж унтууллаа гэж хэлсэн. ...М хоёр гараараа миний толгойруу ээлжлээд цохиод байсан. Орон дээрээс унагаад гуталтай хөлөөрөө миний нуруу, цээж, толгой руу өшиглөөд байсан, их олон удаа намайг өшиглөсөн. Миний ухаан орж, гараад байсан. Нэг сэрэхэд М надаас юм асуугаад гуяруу цохиод байсан, тухайн үед юугаар цохисныг би хараагүй, М намайг тавлаад инээгээд л хатуу зүйлээр цохиод байсныг санаж байна. Дараа нь би хажуу айлын Сумъяагаас намайг нүцгэлээд гадаа гаргаад миний дээрээс шороо асгасан гэж сонссон. ...Миний нүүрний зүүн тал, шанаа, нүд, эрүү тэр чигтээ хавдаж хөхөрсөн, толгой хуйх хэсэгтээ битүү хавдартай, баруун чихний дээд талд язарсан, хүзүүний зүүн талд хөхөрч хөндүүр болсон, нуруу зулгарч урагдсан, баруун ташаа түүний орчмоор хөхөрч няцарсан, хоёр бөгсний хэсэг тэр чигтээ хөхөрч хавдсан, зүүн гарын сарвуу хавдартай, биеийн бүхий л хэсэгт хөх няц болсон байсан. Эмнэлэгт үзүүлэхэд зүүн талд нэг хавирга хугарсан, нурууны 1-р үеийн сэртэн яс хугарсан гэж рентгенээр хараад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
гэрч Б.Сумъяагийн өгсөн: “...Би 2018 оны 02 сарын 19-ний орой 20 цагийн үед Очиртуяагийн машинаар Буд, Баасанхүү, Батзаяа нартай хамт сумаас хойш 8 км-т байдаг Очиртуягийн дүү Одонтуяагийнд очсон. Тэндээсээ 22 цаг өнгөрч байхад суманд бүгдээрээ ирсэн. Баасанхүү бид 2 хажуу талын өөрийнхөө гэрт орсон. Буд, Батзаяа хоёр Очиртуяатай хамт гэрт нь орсон. Шөнө 2 цагийн үед Очиртуяагийн нөхөр М манай гэрийн хаалгыг нүдэж М байна хаалгаа нээ гэхээр нь манай нөхөр Баасанхүү гэрэл асаагаад хаалга тайлж өгөхөд М гэрт орж ирээд “яасан зэвүүн юм, алчихъя л даа” гэж хэлээд эргээд гарсан. Тэгээд Баасанхүү бид 2 араас нь Очиртуяагийн гэрт ороход Очиртуяа гэрийн зүүн талын хоолны шкафны хажууд доошоо харчихсан М дээрээс нь дэвсээд, нүүр лүү нь өшиглөсөн. Баасанхүү бид 2 Мыг гэртээ оруулж тайвшруулсан. М одоо зодохгүй гэж хэлээд бие засчхаад ирье гээд гарснаа өөрийнхөө гэр лүү гүйгээд явчхаар нь Буд, Баасанхүү бид 3 хойноос нь очход М Очиртуяаг хог хаяж байгаа юм шиг гэрээсээ гаргаад шидсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
гэрч Н.Баасанхүүгийн “...М гэрт орж ирчхээд “тэрнийг чинь алчихъя” гэж хэлээд гэрээс гарахаар нь Буд, Сумъяа бид 3 араас нь гараад, Буд гэрийн гадаа үлдээд, Сумъяа бид 2 гэрт нь ороход Очиртуяа гэрийнхээ зүүн урд талд доошоо хараад хэвтчихсэн байхад М нуруун дээр нь дэвсээд, нүүр лүү нь өшиглөсөн. Эхнэр бид 2 салгаад Мыг гэртээ оруулж тайвшруулсан, М гарч бие засчхаад ирье гэж хэлээд гэрээс гараад өөрийнхөө гэр лүү гүйхээр нь Сумъяа бид 2 хойноос нь гараад очтол Очиртуяаг хөлнөөс нь чирээд гэрээсээ гаргаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
гэрч Э.Будын “...шөнө намайг унтаж байхад нэг эрэгтэй гэрт орж ирээд ална, хядна гээд хашгичаад байсан. Би сэрээд бие засах гээд гэрээс гарахад Очиртуяа нөхөртөө зодуулсан гэрийнхээ үүдэнд газар хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
гэрч Х.Гэрэлт-Одын “...2018 оны 02 сарын 20-ны өглөө эмнэлэгт 8:45 цагт дуудлага ирээд би Очиртуяагийнд очсон. Гэрт нь ороход Очиртуяа гэрийнхээ баруун талын орон дээр нүүр нь битүү цус болж хавдсан, хөдөлж чадахгүй ёолоод байсан. Би гадуур үзлэг хийгээд эмнэлэгрүү аваад явсан. Эмнэлэгт очоод Мыг чи яахаараа эхнэрээ ийм болтол нь зодчихдог хүн бэ гэхэд намайг ирэхэд гэрээс нүцгэн хүн гаргаж зугтаалгасан биздээ гээд Очиртуяа руу дайраад байсан. 2 ширхэг хүрэн гутал, саарал өнгийн фудволк, гарт зүүдэг эрхийг би гэрт бөөгнүүлээд тавьсан байгаа тэрний эзнийг олохдоо л олно гээд Очиртуяа руу давшаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/
- Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №123 дугаартай шинжээчийн: “Т.Очиртуяагийн биед бүсэлхийн 1-р нугаламын хугарал, баруун 5-р хавирганы хугарал, тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чихний ар хэсэг, баруун, зүүн бугалга, зүүн тохой, хэвлийн баруун хажуу хэсэг, зүүн өгзөг, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Бүсэлхийн 1-р нугаламын хугарал гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр гэмтэлд, тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чихний ар хэсэг, баруун, зүүн бугалга, зүүн тохой, хэвлийн баруун хажуу хэсэг, зүүн өгзөг, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт засан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг гэмт хэргээ үйлдэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдал байна гэх боловч хэргийн нөхцөл байдал, гэрч, хохирогчийн мэдүүлгээс харахад шүүгдэгч Г.Мт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэргийн шинж болох санаа сэдэлт байхгүй, өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд үүссэн хардалт буюу хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэлээ.
Мөн түүнчлэн хохирогчид учирсан гэмтэлд хөнгөн гэмтэл байгааг харгалзан давхар зүйлчлэх байсан гэх ч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т “шинжлүүлэгч нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол гэмтэл тус бүрээр гэмтлийн зэрэг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж гэмтлийн зэрэг тогтоох” гэсний дагуу гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж тогтоосны дагуу хэргийг зүйлчилсэн нь зөв юм.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Т.Очиртуяагийн нэхэмжилсэн хохирол төлбөрийн баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичгийн шаардлага хангахгүй, хуулбар байх тул түүнийг нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгахад үнэн зөвд тооцох боломжгүй байна.
Мөн шүүгдэгч Г.Мыг гэрийн эд зүйл эвдэлсэн, машиныг зөвшөөрөлгүй авч явсан тул түүнээс эдгээр хөрөнгийн үнийг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь өмчлөлийн харилцаа буюу иргэд хоорондын маргаан байх бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг шийдвэрлэх хэрэгт хамааралгүй байна гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 516 000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Г.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдсэн зэргийг харгалзан үзээд улсын яллагчаас санал болгосон торгох ял түүнд тохирч байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Г.М урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сармай овогт Гүндмаагийн Мыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 800 /найман зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 800 /найман зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 516 000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА