2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/03996

 

 

 

 

 

 

 

 

    2025             05             12                                          192/ШШ2025/03996

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******)-нд холбогдох,

 

Дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 53,734,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал,

Хариуцагч Б.Урангоо,

Хариуцагчийн өмгөөлөгч*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

Шүүх хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 53,734,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлсон. Үүнд:

 

1.1.Б.Урангоотой 2018 онд танилцаж, 2019 оноос Б.Урангоогийн эцэг, эхийнд хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2019 оны 07 дугаар сард охин П.Мишээл төрсөн.

1.2.Хамтран амьдрах хугацаанд 2 талын эцэг эхийн дэмжлэгээр *******,*******,*******, 9 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авч, Б.Урангоогийн нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг орон сууцыг авахад миний эцэг М.Гансэлэм нь 40,000,000 төгрөг өгч, үлдэх 20,000,000 төгрөгийг Б.Урангоогийн эцэг, эх төлсөн.

1.3.Мөн 2,899,000 төгрөгийн буйданг зээлээр авсан. Өөрийн өмчлөлийн Prius маркийн автомашиныг 10,835,000 төгрөгөөр худалдаж, улмаар Toyota Sai маркийн автомашин худалдаж авсан. Иймд орон сууц худалдаж авахад төлсөн 40,000,000 төгрөг, автомашин авахад төлсөн 10,835,000 төгрөг, буйдангийн үнэ 2,899,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тодорхойлжээ.

 

2.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Prius маркийн автомашиныг “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-аас зээл авч, Г.Пүрэвдоржийн нэр дээр авсан ба уг зээлээс 4,093,400 төгрөгийг, “Транс капитал ББСБ” ХХК-аас 2,899,000 төгрөгийн зээлээр буйдан авч, уг зээлд 3,716,200 төгрөгийг би төлсөн.

2.2.Г.Пүрэвдоржийн эцэг Н.Гансэлэм нь биднийг гэр бүл болж, байр авахад зориулж охин бид гуравт 40,000,000 төгрөгийг бэлэглэсэн. Энэ мөнгийг бид адил тэгш хүртэх эрхтэй гэж үзэж  байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.Гансэлэм нь 40,000,000 төгрөг бэлэглэсэн тухай баталгаа гэх баримт, плитка худалдаж авсан төлбөрийн баримт, итгэмжлэл, автомашины зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, фидуцийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, зээл төлөлтийн дэлгэрэнгүй, Хаан банк дахь Г.Пүрэвдоржийн эзэмшлийн 5956059542 дугаар дансны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, Н.Гансэлэм, Д.Энхтуул нар гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Пүрэвдоржийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хэрэглээний зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь Н.Гансэлэмийн эзэмшлийн 5954512746 дугаар дансны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, Хаан банк дахь Н.Гансэлэмийн эзэмшлийн 5935245137 дугаар дансны 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Н.Гансэлэмээс С.Борын данс руу 40,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Хаан банк дахь Н.Гансэлэмийн эзэмшлийн 5935245137 дугаар дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, “Транскапитал ББСБ” болон Г.Пүрэвдорж, Б.Урангоо нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь Д.Энхтуулын эзэмшлийн дугаар дансны 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, Д.Энхтуулаас Б.Урангоо руу 2,300,000 төгрөг шилжүүлсэн баримт, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 101/ШШ2023/04319 дугаар шийдвэр, 101/ТМ2023/04519 дугаар тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь Б.Урангоогийн эзэмшлийн 5031870030 дугаар дансны 2020 оны 12 дугаар сарын 30, 2021 оны 01 дүгээр сарын 31, 2021 оны 02 дугаар сарын 27, 2021 оны 04 дүгээр сарын 01, 14, 30, 2021 оны 05 дугаар сарын 28, 2021 оны 07 дугаар сарын 24, 30, 2021 оны 08 дугаар сарын 28, 2022 оны 01 дүгээр сарын 06, 2022 оны 02 дугаар сарын 05, 2022 оны 03 дугаар сарын 05, 2022 оны 04 дүгээр сарын 05, 2022 оны 05 дугаар сарын 06, 2022 оны 06 дугаар сарын 16, 2022 оны 07 дугаар сарын 06, 2022 оны 08 дугаар сарын 07, 2022 оны 09 дүгээр сарын 09, 2022 оны 10 дугаар сарын 06, 2022 оны 11 дүгээр сарын 05, 17-ны өдрийн хуулга, орон сууцны ашиглалтын зардал төлсөн төлбөрийн баримт, итгэмжлэлийг тус тус нолтох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газраас *******,*******,*******, 19 тоот хаягт байрлах орон сууцны лавлагааг гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 53,734,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагчтай 2018 онд танилцаж, 2019 оноос эхлэн хамтран амьдарч байгаад цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир орон сууц худалдаж авахад 40,000,000 төгрөг, буйдан худалдаж авахад 2,899,000 төгрөг, автомашин худалдаж авахад 10,835,000 төгрөгийг тус тус зарцуулсан тул үүнийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ буйданг зээлээр худалдаж авсан ба би өөрөө зээлийг төлсөн, нэхэмжлэгч нь надтай үерхэж байхдаа Prius маркийн автомашиныг зээлээр худалдаж авч байсан ба тус зээлээс 4,093,400 төгрөгийг би төлсөн, биднийг хүүхэдтэй болсны дараа охин бид гуравт орон сууц худалдаж авахад зориулж 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн аав бэлэглэсэн учир уг 40,000,000 төгрөгөөс бид гурав адил хэмжээгээр хувь авах эрхтэй тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Зохигч талууд 2018 онд танилцаж, 2019 оноос 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан, тэдний дундаас 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр охин төрсөн (хавтаст хэргийн 83-89 дэх тал)

4.2.Нэхэмжлэгчийн эцэг Н.Гансэлэм нь Г.Пүрэвдорж, Б.Урангоо, нарт 40,000,000 төгрөг бэлэглэсэн. (хавтаст хэргийн 5-6 дахь тал)

4.3.Г.Пүрэвдорж нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Жи Эс Би капитал” ББСБ-аас 11,500,000 төгрөгийн автомашины зээл авсан. (хавтаст хэргийн 9-10 дахь тал)

4.4.Хариуцагч Б.Урангоо нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд “Жи Эс Би капитал” ББСБ-нд буюу 5070465253 дугаар данс руу “Гансэлэм Пүрэвдорж 86961042”, “Гансэлэм Пүрэвдорж СО96051615 86961042” гэх утгаар нийт 4,093,400 төгрөг шилжүүлсэн. (хавтаст хэргийн 15-20, 90-99 дэх тал)

4.5.Г.Пүрэвдорж, Б.Урангоо нар нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Транскапитал” ББСБ-аас 2,899,000 төгрөгийн зээл авсан. (хавтаст хэргийн 50-52 дахь тал)

4.6.Хариуцагч Б.Урангоо нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 5020358669 дугаар данс руу “СО96051615” гэх утгаар нийт 3,716,200 төгрөг шилжүүлсэн. (хавтаст хэргийн 100-111 дэх тал)

4.7.Зохигч талууд *******,*******, 15 дугаар хороолол, 38б дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр хамтран худалдан авч, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б.Урангоо уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн. (хавтаст хэргийн 180 дахь тал)

4.8.Б.Урангоо нь *******,*******, 15 дугаар хороолол, 38б дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр бусдад худалдсан гэж тайлбарласныг хариуцагч няцаагаагүй.

4.9.Б.Урангоог өөр загварын автомашин авахад нь зориулж Г.Пүрэвдорж нь 10,835,000 төгрөг түүнд өгсөн. (хавтаст хэргийн 21 дэх тал)

 

5.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж зааж, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид ямар хөрөнгө хамаарахыг тодорхойлжээ.

 

5.1.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “...гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг”, 3.1.2-т “...гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг” гэж заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлээгүй байна.

 

5.2.Иймд *******,*******, 15 дугаар хороолол, 38б дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, буйдан, автомашиныг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан “Гэрлэснээс хойш… бий болсон…” хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.

 

5.3.Харин зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээр дурдсан *******,*******, 15 дугаар хороолол, 38б дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.4.Нэгэнт шүүх *******,*******, 15 дугаар хороолол, 38б дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Пүрэвдорж, Б.Урангоо, нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзсэн учраас өмчлөгч нар нь тухай эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж үзнэ.

 

5.5.Буйдангийн хувьд хариуцагч Б.Урангоо нь төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэхгүй.

 

5.6.Шинээр автомашин худалдаж авахад нь зориулж Г.Пүрэвдорж нь өөрийн өмчлөлийн Prius маркийн автомашиныг худалдсаны орлогоос 10,835,000 төгрөгийг хариуцагчид өгсөн, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг ашиглаж Toyota Sai маркийн автомашин худалдаж авч байсан гэж тайлбарлаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Prius маркийн автомашины зээлд 4,093,400 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар автомашины худалдан борлуулсны орлого 10,835,000 төгрөгийг дундаа хэсгээр хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэх нь зүйтэй.

 

Тодруулбал, хариуцагч нь дээрх 10,835,000 төгрөгийн 4,093,400 төгрөгийн хэсгийн өмчлөгч гэж үзнэ.

 

6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох *******,*******, 15 дугаар хороолол, 38б дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэгчид ногдох хэсэг болох 20,000,000 (60,000,000/3=20,000,000) төгрөг, дундаа хэсгээр хамтран өмчлөх 10,835,000 төгрөгийн нэхэмжлэгчид ногдох 6,741,600 (10,835,000-4,093,400=6,741,600) төгрөг, нийт 26,741,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 26,992,400 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 291,658 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Урангоогоос 26,741,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Пүрэвдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 26,992,400 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Урангоогоос 291,658 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Пүрэвдоржид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ТӨРБОЛД